Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
Хэргийн индекс | 101/2015/10881/И |
Дугаар | 001/ХТ2017/01448 |
Огноо | 2017-11-17 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 001/ХТ2017/01448
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/01321 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 1481 дүгээр магадлалтай,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын нэхэмжлэлтэй,
Б.Н-д холбогдох,
25.188.031 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхзаяагийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантулга, Б.Бадамхатан, хариуцагч түүний өмгөөлөгч Б.Н-, Б.Энхзаяа, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргын 2015 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн Албаны шалгалт явуулах тухай удирдамжаар баривчлах, хорих ангиудын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт явуулахаар шийдвэрлэсэн. Хорих 421 дүгээр ангийн 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацааны санхүүгийн үйл ажиллагаанд 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 15-ны хооронд хяналт, шалгалт явуулсан. Дотоод аудитын шалгалтаар Б.Н- нь хувь хүнээс бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу 530.492 төгрөгийн суутгал хийгээгүй, ангийн хүнсний материалд 6.649.079 төгрөгийг илүү зарцуулсан, шатахуунд 2.212.800 төгрөгийг илүү зарлагдсан, өдрийн албан хаагчдад эрх мэдлээ хэтрүүлж 15.589.660 төгрөгийн хүнсний материал илүү зарлагдаж нийт 25.188.031 төгрөгийн хохирлыг байгууллагад учруулсан зөрчил илэрч энэ нь баримтаар тогтоогдсон. Хорих 421 дүгээр анги нь ялтан ажиллуулахдаа 57.000.000 төгрөгийн гэрээг санхүүгийн бүртгэлд тусгалгүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2013 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн А/33 дугаар тушаалаар батлагдсан Ялтан гэрээгээр ажиллуулахад мөрдөх заавар-ын 4 дүгээр зүйлийн 4.2, Аж ахуйн нэгж байгууллагын дарга удирдлагатай ялтан ажиллуулах гэрээг хорих анги, шийдвэр гүйцэтгэх албаны дарга нар харилцан тохиролцож байгуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Санхүү аж ахуйн газрын даргаар батлуулна гэсэн заалтыг зөрчиж ангийн даргаар гэрээ батлуулж үүнээс 31.535.000 төгрөгийн гэрээг ахлан нягтлан бодогч Б.Н- байгуулж гарын үсгээр баталгаажуулсан байна.
Хорих 421 дүгээр ангийн 2014-2015 оны санхүүгийн үйл ажиллагаанд явуулсан шалгалтын зөрчил, баримтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр танилцуулж 2015 оны 6 дугаар сарын 3-ны өдөр тус асуудлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанаар Хорих 421 дүгээр ангид хийсэн шалгалтаар илэрсэн зөрчлийг 14 хоногийн хугацаанд арилгаж, хариуцсан албан хаагчдад төлбөр барагдуулах үүрэг өгч, дээрх хугацаанд зөрчил арилгаагүй тохиолдолд хууль, хяналтын байгууллагад шилжүүлэх, шат дараалсан арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн. Стратеги, төлөвлөлт, мэдээлэл, дүн шинжилгээний төвөөс 2015 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Хорих 421 дүгээр ангид ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Н-д 25.188.031 төгрөгийн төлбөрийн акт тавигдаж актыг хүлээн зөвшөөрсөн. Хувь хүнээс бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу 530.492 төгрөгийн суутгал хийгээгүй, ангийн хүнсний материалд 6.649.079 төгрөгийг илүү зарцуулсан, шатахуунд 2.212.800 төгрөгийг илүү зарлагдсан, өдрийн албан хаагчдад эрх мэдлээ хэтрүүлэн 15.589.660 төгрөгийн хүнсний материал илүү зарлагдсан, нийт 25.188.031 төгрөгийн хохирлыг Б.Н-ээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Н шүүхэд гаргасан тайлбартаа: Хорих 421 дүгээр ангийн 2014 оны 1 дүгээр сараас 2015 оны 4 дүгээр сарыг дуустал хугацааны санхүүгийн үйл ажиллагааг 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрүүдэд шалгасан. Энэ шалгалтаар намайг дуудаж тайлбар авах байх гэж бодож байсан бөгөөд шалгуулж байгаа хүний хувьд намайг огт дуудаагүй. Миний хувьд өмнө нь Хорих 431 дүгээр ангид ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан ба 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн тушаалын дагуу тус Хорих 421 дүгээр ангид ахлах нягтлан бодогчоор ажиллах болсон. Би тус ангийн дарга н.Тэрбиштэй байгууллагын хөрөнгөний асуудлаас болоод маргалдан ангийн даргын байдалд нийцэж ажиллах боломжгүй болсон тул би өөрөө 2014 оны 10 дугаар сард шилжих өргөдлөө гаргасан. Кассаас бэлэн мөнгө баримтгүй гаргах, ангийн даргын хувийн мал нь албаны малтай холилдох зэргээр ангийн даргатай хамтран ажиллах хэцүү болсон тул гарах өргөдлөө өгсөн. Шалгалтын бүрэлдэхүүн ямар баримтаар дутагдал гаргаад байгаа талаарх баримтаа танилцуулаагүй. Хорих ангийн ахлах нягтлан бодогч худалдан авалт хийх эрхгүй. Ангийн хүнсний материалыг илүү зарлагдсан гэсэн нь тодорхой бус. Тооцооны нягтлан бодогч нь өдрийн хоолны тооцоо бодохдоо ялтны тоо авч гаргадаг ба үүнийг үндэслэн зарлагдах хүнсний материалын баримт дээр тоо бүртгэлийн байцаагч, тооцооны нягтлан бодогч, хоол хүлээн авсан ээлжийн дарга, хянагч, тогооч, материал олгосон нярав, хянасан ахлах нягтлан бодогч, баталсан ангийн дарга гээд нийт 7 хүн гарын үсэг зурж байж ахлах нягтлан бодогч зарлагддаг. Шатахуунд илүү зарлага гаргасан асуудлыг хэрхэн тогтоосон нь ойлгомжгүй. Эрх мэдлээ хэтрүүлж, өдрийн албан хаагчдад 15.589.660 төгрөгийн хүнсний материал илүү зарлагдсан гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Системээрээ үнэгүй хоол иддэг бөгөөд үүнийг би ангийн даргатай ярилцаад тогтсон байсан. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/01321 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй тул хариуцагч Б.Н-д холбогдох 25.188.031 төгрөг гаргуулах тухай Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газраас 2.080.000 төгрөг гаргуулан Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнд олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 1481 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/01321 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг “...Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Н-ээс ангийн хүнсний материалд илүү зарцуулсан 6.946.079 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 18.241.952 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3.000.645 төгрөгийг улсын орлогод оруулж, хариуцагч Х.Түмэнбаяраас 126.087 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай” гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт зааснаар шүүхийн зардалд нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 1.506.000 төгрөг, хариуцагч Б.Н-ээс 574.000 төгрөгийг тус тус гаргуулж “Лэндс” ХХК-д олгосугай.” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхзаяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06-р сарын 30-ны өдрийн 1481 дүгээр магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Б.Н-ийн ажил үүргийн хуваарь, зөрчил дутагдал юунаас болж гарсан эсэхэд хууль зүйн хувьд үнэлэлт өгөлгүй Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.3 дахь хэсгийг буруу тайлбарлан байгууллагын эд хөрөнгө буюу бэлэн мөнгийг дараа тайлангаар гаргахаар өөрөө шууд хүлээн авч хэрэглэх, захиран зарцуулахаар авсан эд хөрөнгөнд хохирол учруулсан үйлдэлтэй адилтган дүгнэлт хийснээрээ шүүхийн шийдвэр хууль ёсны байх үндсэн зарчмыг алдаа гэж үзэж байна.
Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1481 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангахдаа давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс гадна магадлалын тогтоох хэсэгт хариуцагч болон шинжээчийн нэрийг буруу бичсэн, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байхад төлсөн мэтээр бичсэнээс магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь хариуцагч Б.Н-ээс 25.188.031 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагын үндэслэлийг байгууллагад учруулсан хохирол гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, төлбөр төлөх үндэслэлгүй гэж маргажээ.
Хариуцагч Б.Н нь 2013 оны 9 дүгээр сарын 16-ний өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 3-ний хооронд Хорих 421 дүгээр ангид ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байжээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас Хорих 421 дүгээр ангийн 2014 оны 1 дүгээр сараас 2015 оны 4 дүгээр сарыг дуустал хугацааны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийж, 2015 оны 5 дугаар сарын 28-ний өдөр Б.Н-ээр нийт 25.188.031 төгрөгийн төлбөр хариуцуулахаар шийдвэрлэхдээ хувь хүнээс бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа орлогын албан татвар суутгаагүй, үндэслэлгүйгээр хүнсний материал олгосон, түлш шатахууныг үр ашиггүй зарцуулсан, өдрийн албан хаагчдад хүнсний материал илүү зарцуулсан гэсэн байх ба хариуцагч уг төлбөрийг төлөх эсэх нь маргааны зүйл болжээ.
Хариуцагч Б.Н нь Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.3, 8 дугаар зүйлийн 8.1.6-т заасан төрийн тусгай албан хаагч бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д "төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна" гэж заасан.
Ажил олгогч нь төрийн тусгай албан хаагчтай хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй хэдий ч хуулийн дээрх зохицуулалтаар эд хөрөнгийн бүрэн хариуцлага оногдуулах журам төрийн тусгай албан хаагчид адил үйлчилнэ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.4-т "ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй" гэж заасан хориглосон хэм хэмжээг давж заалдах шатны шүүх зөрчиж, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээгүй этгээдээс төлбөрийн зарим хэсгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж хэрэг авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч тухайн маргаанд хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглээгүй алдаа гаргажээ.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан хэлэлцэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 1481 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/01321 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй тул...” гэснийг “Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.4-т заасныг баримтлан” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 126.087 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ