Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 09

 

Г.Н-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн шүүгч С.Батдэлгэр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Ж.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 89 дүгээр шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 17 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 285 дугаар тогтоолтой Г.Н-д холбогдох 1936003110254 дугаартай хэргийг Улсын ерөнхий прокурорын туслах прокурор Д.Булганцэцэгийн бичсэн дүгнэлтийг үндэслэн 2021 оны 12 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1984 онд төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, Х овогт Г-ийн Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  Г.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-ыг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 2 жилийн хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-ын гэмт хэрэг үйлдэж олсон орлого 1.500.000 төгрөгийг хурааж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, прокуророос Г.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэжээ.

Улсын дээд шүүх хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ховд аймгийн аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдын бичсэн эсэргүүцлийн дагуу хэргийг хянан хэлэлцээд магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт Г.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг өршөөн хэлтрүүлж, шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд прокурор Д.Булганцэцэг бичсэн дүгнэлтдээ  “ ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Г.Н-д холбогдох эрүүгийн 1936003110254 дугаартай хэргийн шийдвэртэй танилцаж, шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгах хэрэг үүсгэж, хянан үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдсон байна. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Г.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаанд cap бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн. Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг оролцогчийн гомдлын дагуу хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокуророос Г.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан байна. Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд “Г.Насанжаргал нь Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газрын эд хөрөнгөнд бүртгэлтэй 2.235.000 төгрөгийн үнийн дүн бүхий тээврийн хэрэгслийг бусдад худалдан борлуулж завшсан болох нь тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн байна; Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдөгдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах тул холбогдох өршөөл үзүүлсэн өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт нэмж оруулах нь зүйтэй” гэж дүгнэн, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 17 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт Г.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг өршөөн хэлтрүүлэх заалтыг нэмэлт оруулан шийдвэрлэжээ. Хяналтын шатны шүүх, давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 17 дугаар магадлалыг хүчингүй болгож, эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн  89 дүгээр шийтгэх тогтоолын 5 дахь заалтад өөрчлөлт оруулсан нь хэргийн үйл баримт, бодит байдалтай нийцэж байх боловч шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг өршөөн хэлтрүүлсэн шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй, хуулийг илтэд буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Тодруулбал, хяналтын шатны шүүх 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн үзэл баримтлал, хэрэглээг илтэд зөрүүтэй тайлбарлан хэрэглэж, хэргийг хэрэгсэхгүй болгох хуулийн зохицуулалтад хамааралгүй гэмт хэргийг өршөөн хэлтрүүлсэн байна. Өршөөл үзүүлэх тухай хуулийн үзэл баримтлалд коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, ФАТФ-ын зөвлөмжийн 3, 5, 35 болон шууд хэрэгжилтийн 7-д нийцүүлэн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, татвар төлөхөөс зайлсхийх, хулгайлах, дээрэмдэх, залилах, хөрөнгө завших, авилга, хүрээлэн байгаа орчны эсрэг зэрэг гэмт хэргийг өршөөн хэлтрүүлэхгүй байхаар тусгасан байна. Мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3 дахь хэсэгт ялаас өршөөн хасах гэмт хэрэг, 7 дугаар зүйлд хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаас дүйцүүлэн солих гэмт хэрэг, 9 дүгээр зүйлд өршөөлд хамааруулахгүй гэмт хэргийн тусгаж, эдгээрээс бусад гэмт хэрэг, оногдуулсан албадлагын арга хэмжээ, тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн” гэсэн үндэслэлд тухайн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн эрх ноцтой зөрчигдсөн асуудал төдийгүй Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрхийн суурь ухагдахууныг авч үзэх нь зүйтэй юм. Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, зарчмыг баримтлах, хэрэгжүүлэх, хамгаалах гол хуулийн нэг болох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хүний зөрчигдсөн эрхийг сэргээх заалт, зохицуулалтыг өргөн хүрээнд ойлгон хэрэгжүүлэх нь хууль дээдлэх зарчимтай нийцэхээр байна. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэгт холбогдсон хүн, хуулийн этгээдийн хэргийг хянан шийдвэрлэхдээ хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна, шударга шүүхээр шүүлгэх хүний үндсэн эрхийг хамгаалж, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг ханган хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт, зарчимд бүрэн нийцнэ. Гэтэл Өршөөл үзүүлэх тухай хуулийг үзэл баримтлал, агуулгаас зөрүүтэй тайлбарлаж, нэг төрлийн гэмт хэргийг харилцан адилгүй буюу өршөөн хэлтрүүлж, эсхүл ял оногдуулж шийдвэрлэх нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээд бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим алдагдаж, хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдөх үндэслэлд хамаарч байна. Иймд Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 285 дугаар тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг хяналтын шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.2 дахь заалтад заасныг баримтлан прокурорын дүгнэлт бичив” гэв.

Хяналтын прокурор О.Мөнхбаатар шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр бүлэгт заасан тусгай журам нь шүүхийн шийдвэрийн шударга байдлыг шинээр илэрсэн нөхцөл байдлын үүднээс шалгах онцгой нөхцөл байдал, үйл ажиллагааг тодорхойлсон онцлогтой. Шинэ нөхцөл байдлын нэг шинж болох хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн гэсэн үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгад нэмж орсон хууль зүйн шинэ ойлголт юм. Энэ нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ гэмт хэргийн нөхцөл байдал, хуулийн үзэл баримтлал, мөн чанарыг үл тоомсорлож хууль бус шийдвэр гаргахад хүргэсэн, эсхүл хуулийн үзэл баримтлалаас нь зөрүүтэй харилцан адилгүй илтэд буруу тайлбарлан хэрэглэсэн шүүхийн шийдвэрээр илэрхийлэгдэнэ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээх уг үндэслэл, ажиллагаа нь хуулийг илтэд буруу тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэрээр илрэх, тогтоогдох баримт болох бөгөөд шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй шүүхийн бусад шийдвэр, зөрүүтэй хуулийн хэрэглээ, хүний эрх зөрчигдсөн эсэхийг бүхэлд нь хянан шийдвэрлэх онцгой ажиллагаа гэж дүгнэж байна. Энэ агуулгаараа хүний суурь эрхийг хамгаалах, урьдчилан сэргийлэх гол хуулийн нэг болох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилт, гүйцэтгэлд хяналт тавих үйл ажиллагааг хэрэгжүүлдэг прокурорт шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн тохиолдолд дүгнэлт бичих эрх, үүргийг хуульчилсан. Прокурор хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрт шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлж, дүгнэлт бичиж, шүүхийн шийдвэрийг хянуулах нь хэрэгт хохирогчоор тогтоогдсон хүн, байгууллагын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, гэмт хэрэг түүнчлэн хувь хүнийг хууль бус, үндэслэлгүй буруутгах, эсхүл ялыг үндэслэлгүй өршөөн хэлтрүүлэх, хүний эрх, эрх чөлөөнд халдсан аливаа шүүхийн шийдвэрийг засч залруулах чухал ач холбогдолтой. Тодруулбал шүүх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ хүний эрх, үндсэн эрх чөлөөг, хамгаалах эрх, үүргээ биелүүлээгүй, нэг төрлийн гэмт хэрэгт ял оногдуулах, хууль хэрэглэхдээ харилцан адилгүй буюу өршөөн хэлтрүүлж, эсхүл ял оногдуулж шийдвэрлэх нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээд бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим алдагдаж, хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн гэж дүгнэхээр байна. Г.Н-д холбогдох хэргийн шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн хэрэглээ нь шүүхийн шийдвэр гарах хууль ёсны хүчин төгөлдөр болох үед шүүхэд мэдэгдэхгүй байсан, эсхүл шүүх хуулийг илтэд буруу хэрэглэсэн нөхцөл байдал илэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 285 дугаар тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг хяналтын шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын дүгнэлтийг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэсэн хууль зүйн дүгнэлтийг гаргаж байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Үндсэн хуулийн 16 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд заасны дагуу миний хувьд шүүгдэгчийн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа. Прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.4-д “хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн бол” шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах үндэслэлд хамааруулахаар заасан. Өршөөлд хамааруулснаар Г.Н-ын эрх ноцтой зөрчигдөөгүй буюу хүний эрх ноцтой зөрчигдсөн асуудал байхгүй. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлд заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгийг буюу хүндрүүлэх нөхцөл байдлуудыг өршөөлд хамааруулахгүй байхаар заасан. Мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж заасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа бөгөөд хохирол төлбөр байхгүй байгаа. Шүүхээс Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, уг хуулийг хэрэглэснээр хүний эрх ноцтой зөрчигдсөн зүйл байхгүй. Прокурорын дүгнэлтэд Өршөөл үзүүлэх тухай хуулийн үзэл баримтлал, коронавирусын халдвар, ковид-19 цар тахлын нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, мөн бусад зөвлөмжийг тусгасан байна. Өмгөөлөгчийн хувьд Өршөөл үзүүлэх тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зохицуулалтаар шийдвэрлэгдэх байх гэж бодож байна. Прокурор хүний эрх зөрчигдөөгүй байхад зөрчигдсөн мэтээр дүгнэлт бичсэн байна. Миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг бусад гэмт хэрэгтэй харьцуулахгүйгээр буюу прокурорын дүгнэлтийг хүлээн авахгүйгээр хянан шийдвэрлэж өгнө үү гэсэн тайлбарыг гаргаж байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Прокурорын бичсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 41.1 дүгээр зүйлийн   1.4-д заасан “хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн …” гэдэг үндэслэлээр дүгнэлт бичсэн. Уг хэрэг дээр хохирогч, холбогдогч байгаа. Гуравдагч этгээд буюу иргэний нэхэмжлэгч, хариуцагч байхгүй.  Харин цаана нь төр байгаа байх. Хохирогч болон яллагдагчийн эрхийг ноцтой зөрчсөн зөрчил байхгүй бөгөөд Улсын дээд шүүхийн тогтоол нь Үндсэн хуульд заасан хүний эрхийг хамгаалж гарсан гэж үзэж байгаа тул прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Улсын ерөнхий прокурорын туслах прокурор Д.Булганцэцэгийн бичсэн дүгнэлтийг үндэслэн Г.Н-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцлээ.

            2. Шүүгдэгч Г.Н-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь өршөөлд хамааруулахгүй байх үндсэн хоригт буюу Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд тодорхойлсон гэмт хэрэг биш байхаас гадна мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь гагцхүү “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял шийтгүүлэн ялаа эдэлж буй ялтан”-ы хувьд тухайн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих утга агуулгыг илэрхийлсэн, Г.Н-ын хувьд ялтан биш харин шүүгдэгч гэсэн эрх зүйн байдалтай зэргийг харгалзан түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчмын хүрээнд Улсын дээд шүүх 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 285 дугаар тогтоолоор Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялаас өршөөн хэлтрүүлсэн байна.  

Тухайн тохиолдолд Г.Н-ын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял шийтгүүлэн тус ялаа эдэлж буй ялтан биш учраас тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар “Энэ хуулийн ... 7.1, ... 9.1 ... -д зааснаас бусад гэмт хэрэг”-т хамааруулах эсэх хүрээнд Өршөөлийн үзүүлэх тухай хууль хэрэглээний зөрүүтэй байдал үүсгэжээ.

Иймд Улсын дээд шүүхийн хувьд тухайн хууль хэрэглээний зөрүүтэй байдлыг нийт шүүх, прокурорын хувьд шүүгдэгчид ашигтай хэмээн хавтгайруулан хэрэглэх нөхцөл үүсгүүлэхгүй, мөн Өршөөл үзүүлэх тухай хууль тогтоомжийн бүрдэл хэсэг болох Эрүүгийн хуулийн зорилго, зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шийдвэрлэх нь зүйтэй хэмээн дүгнэж, Улсын дээд шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 285 дугаар тогтоолын 2 дахь заалтын хэсгийг хүчингүй болгож, бусад заалт, хэсгийг хэвээр үлдээх, ингэснээр шүүгдэгч Г.Насанжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв.

3. Энэхүү хэрэгт эхнээс нь хяналт тавьсан прокурор, мөн анхан болон давж заалдах шатны шүүхэд дараах зүйлүүдийг анхааруулах нь зүйтэй байна.  

Нэгдүгээрт, Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа нь 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлэхдээ яллах дүгнэлтийн оронд “Яллагдагч Гаасүрэнгийн Насанжаргалд холбогдох эрүүгийн хэргийн талаар” прокурорын тогтоол үйлдэн явуулжээ. Яллах дүгнэлт нь яллагдагчийн гэм буруу, хэргийн нотлогдсон байдлын талаарх прокурорын дотоод итгэлийн илрэл болсон баримт бичиг бол тогтоол нь прокурор хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад өөрийн эрх хэмжээний хүрээнд тодорхой асуудлыг шийдвэрлүүлэхээр гаргаж байгаа эрх зүйн баримт юм. Энэ тухай 2017 оны Прокурорын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Прокурор чиг үүргээ хэрэгжүүлэхдээ бүрэн эрхэд хамаарах асуудлыг шийдвэрлэхээр тогтоол гаргана” гэж тодорхой заажээ.

Хоёрдугаарт, шүүгдэгч Г.Н-д холбогдох хэрэгт хяналт тавьсан прокуроруудын нэрийг сольж тавих, орхигдуулах зэрэг зөрчлүүд байна. Тодруулбал,  2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд улсын яллагч Т.Өсөхболд оролцон “... Г.Н-д холбогдох хэрэгт томилогдон оролцож байгаа тул хэргийн материалтай танилцах хугацаанд шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” (3 дугаар хавтаст хэргийн 17-18 дахь хуудас) гэсэн хүсэлт гаргасан байхад мөн өдрийн шүүгчийн “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” захирамжид “Улсын яллагч Э.Ууганзаяагаас шүүх хуралдааныг 14 хоногийн хугацаагаар хойшлуулах хүсэлтэй байна” (3 дугаар хавтаст хэргийн 19-20 дахь хуудас), түүнчлэн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд улсын яллагч Э.Ууганзаяа оролцсон (3 дугаар хавтаст хэргийн 30-31 дэх хуудас) атал мөн өдрийн “Шүүх хуралдааныг хойшлуулах” тухай шүүгчийн захирамжид улсын яллагч Т.Өсөхболд оролцсон (3 дугаар хавтаст хэргийн 32-33 дахь хуудас) гэж тус тус зөрүүтэй байдлаар тусгагдан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Улсын дээд шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 285 дугаар тогтоолын 2 дугаар заалтаас “2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч Г.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний 2.700.000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй” гэснийг хүчингүй болгож, тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсүгэй.

 

                             ДАРГАЛАГЧ                                         С.БАТДЭЛГЭР

      ШҮҮГЧИД                                               Б.АМАРБАЯСГАЛАН              

    Ч.ХОСБАЯР

                Б.ЦОГТ  

                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН