Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 32

 

Нэхэмжлэгч хариуцагч нарын
 эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай


          Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Э.Золбадрах би  тус аймгийн Дэлгэр сумын иргэн *******ын нэхэмжлэлтэй, аймгийн Засаг дарга *******д холбогдох Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/29 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин,нийгмийн даатгалын шимтгэл нөхөн гаргуулах шаардлага бүхий захиргааны хэргийг 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр шүүгч Б.Саранчимэгээс  хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад       


ТОДОРХОЙЛОХ нь: 


        Нэхэмжлэгч *******  нь шүүхэд ирүүлсэн эвлэрэх хүсэлтдээ:  Дэлгэр сумын сургуулийн захирал *******ээс дараах шаардлагыг хүсэж байна.   
       Үүнд: Мэргэжлийн үндсэн цаг 20 цагаар ажилд орж, ур чадвар 15 хувиар тооцуулан бүтэн жил олгуулах, мөн зэргийн нэмэгдэл олгуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал 7, 8 сарыг нөхөн төлүүлж, ажилд томилуулсан түр хугацааны тушаал дуусахад жинхлүүлэхээр эвлэрч байна  гэжээ. 
       Гуравдагч этгээд ******* /Дэлгэр сумын сургуулийн захирал/ нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч *******ын гаргасан мэргэжлийн үндсэн цаг 20 цагаар ажилд орж, ур чадвар 15 хувиар тооцуулан бүтэн жил олгуулах, мөн зэргийн нэмэгдэл олгуулах ( өөрөө хөөцөлдөж авсан зэргийн дагуу урамшуулна), ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал 7, 8 сарыг нөхөн төлүүлж, ажилд томилуулсан түр хугацааны тушаал дуусахад жинхлүүлэх зэрэг дээрх шаардлагуудыг бүрэн хүлээн зөвшөөрч байна гэжээ. 
        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгч *******ыг  гуравдагч этгээд *******д ажилд оруулах талаар үүрэг чиглэл өгч даалгасны дагуу *******ыг ажилд авч ажилгүй байсан хугацааны 7,8 сарын нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, ур чадварыг 15 хувиар бодож бүтэн жил олгуулах, түр тушаалын хугацаа дуусмагц жинхлүүлэх, болон мэргэжлийн үндсэн цагийг 20 цагаар тооцохоор нэхэмжлэгч *******, гуравдагч этгээд ******* нарын  харилцан тохиролцсоныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрч эвлэрч байна гэжээ. 


ҮНДЭСЛЭХ нь:


       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд эвлэрэх  эрхтэй. 


       Иймд нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гуравдагч этгээд ******* нар нь харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлохоор хоорондоо тохиролцож дээрх хүсэлтүүдийг шүүхэд ирүүлэн маргаанаа дуусгавар болгож байгаа нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй,  хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байх тул хуулийн 68.4 дэх хэсэгт заасны дагуу шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 
   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна. Хариуцагч аймгийн Засаг дарга ******* нь Хууль зүйн хэлтсийн дарга *******д олгосон итгэмжлэлдээ хуульд заасан хариуцагчийн эдэлдэг бүхий эрхийг олгож байна гэснийг дурдах нь зүйтэй байна.  
  
        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  111 дүгээр зүйлийн 111.1  дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ  нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын иргэн *******ын нэхэмжлэлтэй, аймгийн Засаг дарга *******д холбогдох хэргийг нэхэмжлэгч хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй  болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д  зааснаар нэхэмжлэгч *******аас  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд  хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 66, 67, 68 дугаар зүйлийн дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн тохиолдолд хэргийн ороолцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.   

 

 
ШҮҮГЧ                           Э.ЗОЛБАДРАХ