| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Мишигийн Батсуурь |
| Хэргийн индекс | 128/2026/0213/З |
| Дугаар | 001/ХТ2026/0101 |
| Огноо | 2026-10-13 |
| Маргааны төрөл | Төрийн алба, Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2026 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 001/ХТ2026/0101
С.Ц***-ын нэхэмжлэлтэй,
Сүхбаатар дүүргийн Засаг даргад
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: П.Соёл-Эрдэнэ
Шүүгчид: Танхимын тэргүүн Д.Мөнхтуяа
Г.Банзрагч
Д.Батбаатар
Илтгэгч шүүгч: М.Батсуурь
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2026/0425 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2026/0439 дүгээр магадлал,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 001/ШХТ2026/0331 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгч С.Ц***, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Л*** (цахимаар) нарыг оролцуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэлийн шаардлага:
1.С.Ц***-аас Сүхбаатар дүүргийн Засаг даргад (цаашид “Засаг дарга” гэх) холбогдуулан “... Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/***, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/***, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/*** дугаар тушаалуудыг хүчингүй болгон, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
2.Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/*** дугаар тушаалаар “... Сүхбаатар дүүргийн *** дугаар хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгч С.Ц***д 2025 оны эхний хагас жилийн ирцийн бүртгэлийн тайлангаар ажлын *** цагийн бүртгэлээ бүртгүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүй, удирдах албан тушаалтанд мэдэгдээгүй ажил тасалсан, нийт *** минутын хоцролттой, ажлын цаг ашиглалт хангалтгүй ажилласан, мөн 2025 оны 1 дүгээр ээлжийн цэрэг татах ажлыг зохион байгуулахад 2025 оны 04 дүгээр сарын 28, 05 дугаар сарын 01-ний өдрийн хорооны Засаг дарга, ЭМТ-ийн эмч нарын сургалт, үүрэг чиглэл өгөх хуралд оролцоогүй, Цэрэг татлагын байранд ирж үүргээ биелүүлээгүй, цэргийн зарлан дуудах мэдэгдэл авсан иргэдэд Батлан хамгаалах төрийн үйлчилгээг үзүүлээгүй зэрэг зөрчил гаргасан нь холбогдох баримтаар нотлогдож байх тул “нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан;
2.1.Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/** дүгээр тушаалаар “... тус дүүргийн *** дугаар хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгч С.Ц***-д нийслэл, дүүргээс 2025 оны 8 дугаар сард өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлж ажиллаагүй тул үндсэн цалинг “20 хувиар нэг сарын хугацаагаар хасах”” сахилгын шийтгэл ногдуулсан;
2.2.Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/*** дугаар тушаалаар “... тус дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгч С.Ц***-ыг улсын хэмжээнд зохион байгуулагдсан “Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг”-ийн дүнгээр *** оноо авч, хангалтгүй ажилласан нь Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг дүүргийн хэмжээнд зохион байгуулах салбар комиссын 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2 дугаар хурлын тэмдэглэлээр, 2025 оны 3 дугаар сарын улирлын ажлын цаг бүртгэлийн тайлангаар *** ажил тасалсан, *** хоцорсон, *** бүртгэл дутуу, гадуур ажлын бүртгэл хөтлөөгүй, цаг ашиглалт хангалтгүй ажилласан нь цаг бүртгэлийн тус тус нотлогдож, сахилгын зөрчил удаа даа давтан гаргасан тул 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөр тасалбар болгон “төрийн албанаас халах” сахилгын шийтгэл ногдуулжээ.
3.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4, 48.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Ц***-ын нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/***, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/**, 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/*** дугаар тушаалуудыг хүчингүй болгон, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2026/0439 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 425 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/*** тоот” гэснийг “... 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/*** тоот ...” гэж өөрчилж, бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.
5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Улсын дээд шүүх хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 001/ШХТ2026/0331 дүгээр тогтоолоор “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” эсэх гэсэн үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:
6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н***-ээс шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын гомдлыг (агуулгаар нь тусгав) гаргажээ. Үүнд:
6.1.Захиргааны байгууллага *** дугаар хорооны Засаг дарга С.Ц***-ыг төрийн албанаас халсан Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамж нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.5, 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь заалтыг зөрчсөн. 2024, 2025 онуудад үр дүнгийн шалгалтаар хангалттай сайн үнэлгээ авсан байсныг олж тогтоолгүй дээрхи заалтыг зөрчөөгүй байхад иргэдээс 2 удаа улиран сонгогдон томилогдсон улс төрийн албан тушаалтныг Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх заалтыг хэрэглэж халсан нь хууль хэрэглээний алдаа гэж үзэж байна. Үүнээс дүгнэлт хийхэд, анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 9, давж заалдах шатны шүүхийн магадлалын Хянавал хэсгийн 4.9, 4.15, 4.16, 4.17, 4.18 дахь заалтуудтай эсрэг утга бүхий хууль хэрэглээний зөрчилтэй байхад залруулга хийсэнгүй.
6.2.Захиргааны хэргийн анхан шатны шүүх С.Ц***-д сахилгын шийтгэл ногдуулах тухай дүүргийн Засаг даргын 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/***, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/** дүгээр захирамжуудыг тухай үед мэдсэн ч хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг зөрчсөн гэж буруу тайлбарласныг давж заалдах шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгож болно” гэсэн заалтаар нэхэмжлэгч дээд шатны захиргааны байгууллагад гомдол гаргаж захиргааны хэргийн анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлээд хууль буруу тайлбарлан хэрэглэснээс болж нэхэмжлэгчид 3 удаа сахилгын шийтгэл ногдуулахдаа дүүргийн Засаг дарга Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.1, 27.3.2, 27.3.3 дахь заалтыг мөрдөөгүй.
6.3.Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 425 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 439 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
7.Хариуцагчаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж бичгээр тайлбар гаргаагүй.
ХЯНАВАЛ:
8.Анхан болон давж заалдах шатны шүүхүүд маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тодорхойлон хэрэглээгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзан, үлдэх шаардлагыг хангаж шийдвэрлэв.
9.Хэрэгт авагдсан баримтаар, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/*** дугаар тушаалаар нэхэмжлэгч С.Ц***-д “нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах”, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/** дүгээр тушаалаар “үндсэн цалинг 20 хувиар нэг сарын хугацаагаар хасах” сахилгын шийтгэл тус тус ногдуулсан; мөн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/*** дугаар тушаалаар “... архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийн дүн, ажлын цаг ашиглалт, сахилгын зөрчил давтан гаргасан” гэх үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4-т заасныг үндэслэн нэхэмжлэгчид төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.
10.Нэг.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө”, 6 дугаар зүйлийн 6.1-д “Төрийн албыг доор дурдсанаар ангилна:” гээд 6.1.1-д “төрийн улс төрийн алба”, 11 дүгээр зүйлийн 11.1-д “Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараахь албан тушаал хамаарна:”, 11.1.9-д “бүх шатны Засаг дарга болон аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын орлогч, Улаанбаатар хотын Ерөнхий менежер”, 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна” гэж тус тус зааснаар хорооны Засаг дарга нь төрийн улс төрийн албан тушаалтанд хамаарах бөгөөд хорооны Засаг даргыг чөлөөлөх, огцруулах харилцааг тусгайлсан хуульд илүү нарийвчлан зохицуулсан бол уг хуулийг, харин тухайлсан хуульд уг асуудлыг зохицуулаагүй бол Төрийн албаны тухай хуулийг баримтлах учиртай.
11.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлд Засаг даргыг чөлөөлөх, огцруулах үндэслэл, журмыг, 65 дугаар зүйлд түүнд хариуцлага тооцох үндэслэл, хэлбэрийг тусгайлан зохицуулсан; хорооны Засаг дарга нь улс төрийн албан тушаал эрхэлдэг учир түүнийг “чөлөөлөх” харилцаанд Төрийн албаны тухай хуулийг бус, тусгайлсан зохицуулалттай Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дээрх заалтыг хэрэглэхээр байна.
12.Өөрөөр хэлбэл, энэ хуульд өөрөөр зохицуулсан тул Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол ...” гэж заасны дагуу Засаг даргыг албан тушаалаас чөлөөлөх, огцруулах харилцаанд төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасан зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй.
13.Гэтэл хариуцагчаас хорооны Засаг даргын улс төрийн албан тушаалын эрх зүйн байдал, түүнд хариуцлага тооцох тусгай зохицуулалтыг үл харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах зохицуулалтыг адилтган хэрэглэж, маргаан бүхий 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/*** дугаар тушаалаар нэхэмжлэгч С.Ц***д “төрийн албанаас халах” шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн дээр дурдсан заалтыг зөрчсөн байна.
14.Энэ талаарх хууль зүйн агуулгыг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 001/ХТ2020/0301[1] дүгээр тогтоолоор тайлбарласан бөгөөд уг тогтоолын 9, 10 дахь хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийн сахилгын шийтгэлийн харилцааг зохицуулсан хуулийн үйлчлэлд багийн Засаг дарга хамаарахгүй, бүх шатны Засаг даргын эрх зүйн байдлыг тусгайлан зохицуулсан хуульд зааснаар хариуцлага хүлээлгэх бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах Төрийн албаны тухай хуулийн зохицуулалтыг адилтган хэрэглэхгүй талаар дүгнэсэн.
15.Мөн хариуцагч Засаг дарга нь доод шатны буюу энэ тохиолдлын хувьд хорооны Засаг дарга “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удирдах албан тушаалтанд мэдэгдэлгүйгээр ажил тасалсан, үүрэг даалгаврыг биелүүлж ажиллаагүй, цаг ашиглалт хангалтгүй” гэх зөрчлөөр түүнд “төрийн албанаас халах сахилгын шийтгэл” ногдуулах эрх хэмжээгүй гэж дурдсан.
16.Дээрх Улсын дээд шүүхийн тогтоолоор багийн Засаг даргад холбогдох маргааныг шийдвэрлэсэн бөгөөд баг, хорооны Засаг дарга нь төрийн улс төрийн албан тушаалтан болох, тэдгээрийг чөлөөлөх, огцруулах харилцааг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар зохицуулах талаарх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтоосон байна.
17.Гэтэл анхан шатны шүүх хорооны Засаг дарга нь төрийн улс төрийн албан тушаалтан болохыг дүгнэсэн атлаа “... дүүргийн Засаг дарга нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар сахилгын шийтгэл ногдуулах, огцруулах бүрэн эрхтэй ...” гэж үзэн, хариуцагчийн Б/*** дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчид төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсныг хуульд нийцсэн гэж дүгнэсэн нь буруу байна.
18.Тодруулбал, анхан шатны шүүх дээд шатны Засаг даргаас доод шатны Засаг даргад хариуцлага тооцох бүрэн эрхийг тусгай хуулиар тогтоосон гэж үзсэн боловч уг бүрэн эрхийн хүрээнд ногдуулах хариуцлагын хэлбэр, түүнийг хэрэгжүүлэх журмыг тусгай хуулиар хэрхэн зохицуулсныг харгалзан үзээгүй. Тусгай хуулиар олгосон хариуцлага тооцох бүрэн эрхийг Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4-т заасан төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах эрхтэй адилтгасан нь хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
19.Мөн давж заалдах шатны шүүх хорооны Засаг даргын албан тушаалын эрх зүйн байдал, түүнийг чөлөөлөх, огцруулах, түүнд хариуцлага тооцох харилцааг тусгай хуулиар зохицуулсан эсэхэд дүгнэлт хийлгүйгээр “... нэхэмжлэгч С.Ц***-д төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 48.1, 48.1.4, 48.4-т заасанд нийцсэн ...” гэж дүгнэсэн нь мөн үндэслэлгүй.
20.Мөн шүүхүүд тухайн маргаанд холбогдох хуулийг тайлбарлан хэрэглэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, ... заалтыг хэрэглэнэ” гэж заасныг анхаараагүй байна.
21.Дээрх үндэслэлээр хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргаас хорооны Засаг дарга С.Ц***-д Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4-т заасныг баримтлан төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/*** дугаар тушаал нь хуульд нийцээгүй байх тул уг тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Ц***-ыг урьд эрхэлж байсан Хорооны Засаг даргын албан тушаалд нь эгүүлэн томилж, нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хуульд заасан журмын дагуу нөхөн олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
22.Хоёр.Нэхэмжлэгчийн “... Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/***, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/** дүгээр тушаалуудыг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд, нэхэмжлэгчээс эдгээр тушаалыг тухайн үед мэдсэн боловч 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр дээд шатны захиргааны байгууллагад гомдол гаргаж, 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
23.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана:”, 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана:” гээд 54.1.8-д “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” тохиолдолд, мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл ... шүүх хуралдааны үед тогтоогдвол ... шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэсэн зохицуулалттай.
24.Энэ тохиолдолд, нэхэмжлэгч маргаан бүхий 2025 оны Б/***, Б/** дүгээр тушаалуудыг мэдсэнээс хойш хуульд заасан хугацаанд гомдол, нэхэмжлэл гаргаагүй, хугацаа хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй байх тул эдгээр тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-т тус тус зааснаар хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
25.Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б/***, Б/** дүгээр тушаалуудыг мэдсэн боловч хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүйг тогтоосон атлаа уг шаардлагуудыг нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн талаар дүгнэж, хүлээн авахаас татгалзаагүй нь буруу, энэ талаар давж заалдах шатны шүүхээс зөвтгөөгүй байна.
26.Иймд дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2026/0425 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2026/0439 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Ц***-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/*** дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хуульд заасан журмын дагуу нөхөн олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох бичилт хийхийг хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/***, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/** дүгээр тушаалуудыг хүчингүй болгуулах” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Д.БАТБААТАР
М.БАТСУУРЬ
[1] М.К*** ба Ховд аймгийн Буянт сумын Засаг дарга, 125/2019/0029/з, УДШ, (Захиргааны хэргийн танхим), 001/ХТ2020/0301