Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 1746

 

ХХХХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Г.Даваадорж, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2016/00483 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХХХ-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ХХХХ” ХХК-д холбогдох,

 

28 271 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “Хэлцэл”-ийг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

 

Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: ХХХХ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: ХХХХ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ХХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч ХХХХ, түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:  “ХХХХ” ХХК-ийн “Пийс Тауэр” худалдаа үйлчилгээний төвийн 413 тоот талбайг худалдаж авсан бөгөөд талбайн зөрүүд 16 630 ам.доллар буюу тохиролцсон ханш 1 700 төгрөгөөр тооцож 28 271 000 төгрөгийг буцаан авахаар 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр “ХХХХ” ХХК-тай харилцан тохиролцож хэлцэл хийсэн. Гэтэл “ХХХХ” ХХК уг хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул тус компаниас 28 271 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Талуудын хооронд байгуулсан дээрх хэлцэл нь хүчин төгөлдөр учир нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй. Уг хэлцлийг “ХХХХ” ХХК-ийн санхүү эрхэлсэн захирал ХХХХ хийсэн бөгөөд төөрөгдсөн байх үндэслэл байхгүй гэжээ.

 

Хариуцагч “ХХХХ” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: Худалдах, худалдан авах гэрээний дагуу тохиролцсон талбайг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн. Гэтэл нэхэмжлэгч өөрөө хэмжилтийн компаниар хэмжилт хийлгэж 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр бидэнд өргөдөл гаргасан. Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал MNS 6058:2009 стандарт нь зөвхөн орон сууцны доторх талбайг хэмжих аргачлал учир уг аргачлалын дагуу үйлдвэр, үйлчилгээний зориулалттай талбайд хэмжилт хийсэн нь буруу юм. Уг стандарттай холбоотойгоор захиргааны хэргийн шүүхэд “ХХХХ” ХХК-ийн нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэн хянан хэлэлцэж байгаа. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Түүнчлэн 28 271 000 төгрөгийг буцаан олгох тухай хэлцлийг тус компанийн санхүү эрхэлсэн захирал ХХХХ хийсэн нь “ХХХХ” ХХК-д илт хохиролтой хэлцэл бөгөөд Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.3-т зааснаар хэлцэл хийх гол үндэслэл болсон эрхийн талаар төөрөгдсөн байна. Иймд ноцтой төөрөгдсөний улмаас хийсэн дээрх хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ХХХХ” ХХК-иас 28 271 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХХХд олгож, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.3-д зааснаар 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сөрөг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 299 350 төгрөг, хариуцагчаас төлсөн 299 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ХХХХ” ХХК-иас 299 350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХХХХд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч ХХХХ нь 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр “ХХХХ” ХХК-д өргөдөл гаргаж, хэмжилт хийсэн талаар нэг хуудас зурган материал үзүүлсэн байдаг. Үүний дагуу 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр “ХХХХ” ХХК-ийн санхүү эрхэлсэн захиралтай хэлцэл хийсэн. Өөрөөр хэлбэл, санхүү эрхэлсэн захирал нэхэмжлэгчийн үзүүлсэн зурган материалын дагуу талбай зөрүүтэй мэтээр төөрөгдсөн. Хэмжилт хийдэг байгууллага нь хуульд заасны дагуу хэмжилт хийж, дүгнэлт гаргах ёстой байтал үүнийг анхан шатны шүүх анхаараагүй. Мөн “ХХХХ” ХХК-ийн санхүү эрхэлсэн захирал нь тус компанийг төлөөлөх эрхгүй. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт зааснаар тус компанийн санхүү эрхэлсэн захирал нь компанийг төлөөлөн хэлцэл хийх тохиолдолд түүнд итгэмжлэл олгогдсон байх ёстой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх зохигчдын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагч “ХХХХ” ХХК-д холбогдуулан үйлчилгээний хэсгийн дутуу талбайн үнэ 28 271 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал MNS 6058:2009” стандартын дагуу үйлдвэр, үйлчилгээний зориулалттай талбайд хэмжилт хийсэн нь буруу бөгөөд нэхэмжлэгч ХХХХ болон “ХХХХ” ХХК-ийн санхүү эрхэлсэн захирал ХХХХ нарын хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус гэж маргажээ.

 

Талууд “Peace tower” оффис, үйлчилгээний зориулалттай барилгын 4 давхрын 413 тоот, 173.15 м.кв талбайг 367 334 ам.доллараар худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан, гэрээний дагуу худалдагч буюу “ХХХХ” ХХК-иас үйлчилгээний талбайг худалдан авагч буюу ХХХХ-ийн өмчлөлд шилжүүлж, худалдан авагчаас 367 334 ам.долларыг бүрэн төлсөн үйл баримтын талаар зохигчид маргаангүй. Харин худалдагч талын шилжүүлсэн талбай нь талуудын тохиролцсон хэмжээнээс бага байгаа эсэх талаар маргаантай байна.

 

Нэхэмжлэгч ХХХХ өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргаж өгсөн хариуцагч “ХХХХ” ХХК-ийн санхүү эрхэлсэн захирал ХХХХ тай байгуулсан хэлцэл /хх.3/ гэх баримтад “... тус талбайд дахин хэмжилт хийснээр 7 559 м.кв-аар багассаны зөрүү болох 16 630 ам.доллар /ханш-1700/ 28 271 000 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцов” гэж заан талууд гарын үсэг зурсан байгаа нь тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасны дагуу хүсэл зоригоо илэрхийлэн хэлцэл хийгдсэн, уг хэлцэл нь мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр болсон гэж үзэх үндэслэлтэй юм.

 

Харин хариуцагч компанийн зүгээс дээрх хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргахдаа шаардлагын үндэслэлээ “тус компанийн санхүү эрхэлсэн захирал ХХХХ нь “Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал MNS 6058:2009” стандартын дагуу хийсэн хэмжилтийг үндэслэн хэлцэл хийсэн. Гэтэл уг стандартын дагуу үйлдвэр, үйлчилгээний зориулалттай талбайд хэмжил хийх үндэслэлгүй тул хариуцагч нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.3-т зааснаар хэлцэл хийх гол үндэслэл болсон эрхийн талаар ноцтой төөрөгдсөн” /хх.69/ гэж тайлбарлах боловч хариуцагч байгууллагын хувьд уг хэлцлийг байгуулах үндэслэл, эрхийн талаар төөрөгдсөн, энэ талаар мэдсэн даруйдаа гэрээний нөгөө талд Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.6 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Иймд хариуцагчийн гаргасан хэлцлийг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хангах хууль үндэслэлгүй юм.

 

Нэхэмжлэгч ХХХХ нь “Peace tower” оффис, үйлчилгээний зориулалттай барилгын 4 давхрын 413 тоот талбайд хэмжилт хийлгэж талбайн зөрүүтэй холбоотойгоор 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр “ХХХХ” ХХК-ийн гүйцэтгэх захирал ХХХХ-д өргөдөл гаргасан, 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хариуцагч компанийн санхүү хариуцсан захиралтай хэлцэл хийж, гарын үсэг зурсан үйл баримтыг хариуцагчийн зүгээс баримтаар няцаагаагүй.

 

Түүнчлэн хэргийн 55-60 дахь талд авагдсан архитектор ХХХ-ийн хийсэн “Үйлчилгээний талбайн хэмжилтийн тайлан” гэх баримтад зааснаар нэхэмжлэгч ХХХХ-ийн “ХХХХ” ХХК-иас худалдан авсан “Peace tower” оффис, үйлчилгээний зориулалттай барилгын 4 давхрын 413 тоотын талбайг 151.65 м.кв гэж тогтоосон байгааг хариуцагч компани талбайн зөрүүг буцаан төлөх талаар хэлцэл хийсэн үйл баримттай харьцуулан үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

 

Хариуцагч компанийн санхүү эрхэлсэн захирал ХХХХ нь компанийг төлөөлөн хэлцэл хийх эрхтэй гэж үзсэн, нэхэмжлэгчийн компанид гаргасан хүсэлтэд хариу өгч хэлцэл хийхдээ тус компанийн санхүүгийн тэмдэг хэрэглэсэн зэргээс үзэхэд хариуцагч компанийг төлөөлөх эрхгүй этгээд хэлцэл хийсэн гэх тайлбар, татгалзал нь Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт нийцэхгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2016/00483 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 299 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ЭНХТӨР

                                                                    ШҮҮГЧ                                      Г.ДАВААДОРЖ

                                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ