Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 43

 

Ц.О-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                             Я.Туул

Шүүгчид                                          Б.Манлайбаатар

Ц.Амаржаргал

Прокурор                                        О.Доржмаа

Ялтан                                              Ц.О-

Ялтны өмгөөлөгч                           Г.Баттогтох

                                                        Ц.Алтанзаяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Баттулга даргалж, шүүгч Т.Энхжаргал, шүүгч Т.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 109 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Ц.О-, түүний өмгөөлөгч Ц.Гэнэндулам, Г.Баттогтох, Ц.Алтанзаяа нарын бичсэн давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлмйн 150.3 дахь хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэрэндуламын О-д холбогдох эрүүгийн 201609000176 тоот 5 хавтас хэргийг 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1987 онд Дархан-Уул аймгийн Орхон суманд төрсөн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, исгэлтийн технологич мэргэжилтэй, хэрэгт татагдах үедээ Дархан-Уул аймгийн Орхон сумын “НИК” ХХК-ийн шатахуун түгээх станцад түгээгч ажилтай байсан, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт багийн Тосгоны 5 дугаар гудамж 10 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ц-ын О-, /РД:********/ нь “НИК” ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь нефть хангамжийн салбарын харьяа Орхон сумын шатахуун түгээх станцад түгээгчээр ажиллаж байхдаа 2015 оны 04 дүгээр сарын 01-нээс 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 29.610.810 төгрөгийг завшиж үрэгдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэж Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Ц.О-д холбогдох хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар түүний хувьд оногдох хөрөнгөнөөс 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 5 жил 1 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх, Иргэний хуулийн 497 дугар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар түүнээс 29.610.810 төгрөг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгчид олгохоор тус тус шийдвэрлэжээ.

Ялтан Ц.О- шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо: “...Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд бичигдсэн 29.610.810 төгрөгийг завшиж, үрэгдүүлээгүй бөгөөд би тайлан, тооцоог гаргаж байгаагүй. Тайланг эрхлэгч н.Алтантуяа болон Ш.Алтланчимэг нар гаргаж байсан. Шинжээч нарын гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Давж заалдах шатны шүүх үнэн зөвийг олж, хэргийг шударгаар шийдвэрлэж өгнө гэдэгт би итгэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын шатанд буцааж өгнө үү .” гэжээ.

Ялтны өмгөөлөгч Ц.Гэнэндулам шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо: “...Гэмт хэрэг үйлдэгдэхэд “НИК” ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь нефть хангамжийн газрын зүгээс тухайн ажил хариуцсан буюу ня-бо нарын ажлын хариуцлагагүй, хяналт шалгалт хийхгүй тайлан тооцоог нь цаг тухайд нь банкинд орсон банкны баримт, данс болон өөрсдийн гар дээр картаар бичигдсэн тооцоог сар болгон нарийвчлан шалгаж үзээгүй байдлаас болж удаан үргэлжилж хохирол нь онц их хэмжээний хохирол учирсан нь байгууллагын буруутай үйл ажиллагаа гэмт хэрэг үйлдэгдэж гарахад нөлөөлсөн байна. Дөрвөн удаа шинжээчийн дүгнэлтээр уг хохирол тогтоогдсон. Ц.О-  мөнгө ашигласан ч 29.000.000 төгрөгийн хохирол миний идэж уусан хохирол биш миний тооцоогоор 6.000.000-7.000.000 төгрөг идэж ашигласан гэж удаа дараа мэдүүлэг гаргасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй. Ц.О- нь бага насны 6 сартай хүүхэдтэй мөн түүний асрамжинд 11 настай охин  байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлд зааснаар “шүүгдэгч жирэмсэн эсхүл 3 хүртэл насны хүүхэдтэй эх буюу ганц бие эцэг болох нь цагдаагийн байгууллагын шалгалтаар тогтоосон зэрэг хэд хэдэн нөхцлийг харгалзан хэрэглэнэ” гэж заасан. Ц.О- нь 2017 оны 02 дугаар сард хүү өргөж авсан бөгөөд энэ хүүхэд асрамжинд нь байдаг.  Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйл заалтыг хэрэглэж болохоор хуулинд заасан учраас шүүх боломжийг олгон Ц.О-ыг гэм буруутай үйлдэлд дээрх зүйлийг баримтлан хэргийг шийдвэрлэж өгнө үү. Хохирол төлбөрийг төлж барагдуулахаа удаа дараа хэлж байсан. Төлбөр төлөхөө хүлээн зөвшөөрч байгаа болно.” гэжээ.

Ялтны өмгөөлөгч Г.Баттогтох, Ц.Алтанзаяа нар шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо: “... Дархан-Уул аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ц.О-ы эрх зүйн байдлыг дордуулан шийдвэрлэжээ. Шүүхээс хэрэгт хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр ял оногдуулж байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 294, 295, 296, 297 дугаар зүйлд заасан заалтыг зөрчсөн байна. Шүүхийн шийтгэх тогтоолд хуулийн нэр томьёог буруу хэрэглэж тогтоосон ноцтой зөрчил гаргасан, хуулийг буруу хэрэглэсэн хавтаст хэргийн аль хэсэгт ямар баримтыг үндэслэн хүндрүүлж, хөнгөрүүлж байгаа нь тодорхойгүй, завсар хийсэн баримтуудаас харахад яг хэний гарын үсэг, бичгийн хэв байсан тухайн өдөр ямар хүн банкинд орлогын гүйлгээ хийсэн зэргийг тухайн орон нутгийн “ХААН” банкны камерийн бичлэгт үзлэг хийх, мөн засвар хийгдсэн баримтууд дээрх бичгийн хэвийг шинжээчийн дүгнэлтээр нарийвчлан тогтоох байсан. Гэвч мөрдөн байцаалтын шатанд тогтоогоогүй. Шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны болон үндэслэлтэй гараагүй. Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэг нэг талыг барьж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх ямар ч хууль зүйн дүгнэлт хийгээгүй, хэрэгт чухал ач холбогдол бүхий байдлыг тогтоогоогүй, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий баримтаас аль нэгийг нь авч бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг зааж өгөөгүй, дээрх байдлыг тогтоогоогүй хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг бүрэн бодитой явуулсан эсэх, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлийг тодруулж чадсан эсэх зэргийг хяналтын прокурор бүрэн гүйцэд хянаж шалгаагүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон ялтны өмгөөлөгч Г.Баттогтох: Шүүхэд гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй Ц.О-ы эрх зүйн байдлыг илт дордуулсан, түүний үйлдсэн гэх хэрэгт хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг жагсааж бичиж байгаад хэрэг нь нотлогдсон байна гээд ял шийтгэл оногдуулсан. Ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-д зааснаар “100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, хорих ял оногдуулах нь зүйтэй” гэж үзсэн нь ойлгомжгүй, хуулийн нэр томьёог буруу хэрэглэсэн ноцтой зөрчил гаргасан. Шийтгэх тогтоолд ял шийтгэл оногдуулах хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг зааж өгөөгүй атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт хөнгөрүүлсэн заалтаар дэглэмийг шийдвэрлэсэн. Хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Түүнчлэн шүүхийн шийтгэх тогтоолд хохирол нь 29.610.810 төгрөг гэсэн байхад шинжээчийн дүгнэлтээр 26.603.360 гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Мөн Ц.О-ыг ажиллаж байхад ажиллаж байсан шатахуун түгээх станцын эрхлэгч Ш.Ариунчимэгийн үйлдэлд анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй, энэ талаар шүүх дүгнэлт хийх ёстой байсан гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын шатанд шинжээч томилж завсартай баримтуудын гарын үсэг, бичилтэнд дүгнэлт гаргуулах, тухайн орон нутгийн “ХААН” банкны салбарын камерийн бичлэгт үзлэг хийх шаардлагатай байсан боловч ийм ажиллагаануудыг дутуу хийсэн, шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын ажиллагаа хэтэрхий нэг талыг баримталсан, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг шалгаж тогтоогоогүй байгаа учраас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын шатанд буцаалгахаар бичсэн давж заалдах гомдлоо дэмжиж бусад зүйлийг өмгөөлөгч Ц.Алтанзаяа ярина гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон ялтны өмгөөлөгч Ц.Алтанзаяа: Шүүх хуралдаанд Ц.О-ы хууль ёсны эрх ашгийг хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар Ц.О-ы үйлдсэн хэргийн хохирол нь зөрүүтэй байна. Тухайлбал: хавтаст хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээчийн мэдүүлэгт Ц.О-ы учруулсан хохирол нь 26.603.360 төгрөг гэсэн байхад шүүхийн шийтгэх тогтоолд 29.610.810 төгрөг гэсэн байна. Энэ хохирол төлбөр нь нэг мөр болоогүй яагаад нэмэгдсэн, шинжээчийн дүгнэлтээс шүүхийн шийтгэх тогтоолын хохирлын хэмжээ яагаад зөрүүтэй байгаа нь ойлгомжгүй байна. Мөн түүнчлэн шүүхийн шийтгэх тогтоолд Ц.О-ыг 29.610.810 төгрөгийг  завшиж үрэгдүүлсэн гэж дүгнэсэн гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлд завших гээд таслал үрэгдүүлэх гэсэн байна. Онолын хувьд энэ хоёр ойлголт 2 өөр ойлголт юм. Дээд шүүхийн тайлбар дээр ч энэ тухай заасан байна. Тийм учраас Ц.О- нь дээрх хохирлыг учруулахдаа завшсан юм уу, үрэгдүүлсэн юм уу гэдэгт шүүх дүгнэлт хийх ёстой байсан гэж үзэж байна. Түүнчлэн Ц.О- нь энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан мөрдөн байцаагч нь хохирогч байгуулагатай хувийн харилцаа тогтоож, мөрдөн байцаалтын явцад хохирогчийн авчирч өгсөн тортой зүйлийг авсан гэдэг. Энэ байдлаас үзвэл мөрдөн байцаалтын ажиллагаа нэг талыг баримталсан гэж үзэхээр байна. Тийм учраас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын шатанд буцааж дээрх нөхцөл байдлуудыг тогтоох шаардлагатай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон ялтан Ц.О- мэдүүлэхдээ: Би өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг дэижиж байна. Би өөрийгөө идэж ашиглаагүй гэж хэлэхгүй ээ. Гэхдээ арай ч 29.000.000 төгрөг авч ашиглаагүй миний тооцоогоор 6.000.000-7.000.000 төгрөг авч хувьдаа хэрэглэсэн гэж бодож байна. Надад мөнгө авч ашигласан гэх тооцоо байхгүй барагцаагаар л тэгж тооцож байна. “Пос” машины орлогын баримтыг зассан зарим баримт нь миний бичиг биш гэж бодож байна. н.Алтантуяа эрхлэгчийн үед бичигдсэн зарим баримтуудыг н.Алтантуяа эрхлэгч миний бичсэн баримт байна гэж хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгсөн байна. Ээлж хүлээлцэхдээ орлогын баримтуудыг станцын эрхлэгч тооцоог нь хийж, тайлан тооцоогоо өөрөө гаргаж санхүүд хүргүүлдэг байсан. “Пос” машины сителментийн баримт нь заримдаа бүдэг гаргасныг нь гараар засаж бичдэг байсан. Мөрдөн байцаалтын үед намайг дарамталж мэдүүлэг авсан, эрүү шүүлт тулгасан учраас би хэргээ хүлээсэн мэдүүлэг өгсөн. Хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцааж хэрэгт авагдсан баримтуудыг шинжээч томилж дахин шалгаж өгнө үү гэв.

Давж заалдар шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон прокурор О.Доржмаа гаргасан тайлбар, дүгнэлтэндээ: Өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдол болон шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоо дэмжиж гаргасан тайлбаруудыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Өмгөөлөгч нар хэргийн материалыг бүрэн уншиж танилцаагүй юм уу эсвэл хэргээ ойлгоогүй юм уу гэдгийг би мэдэхгүй, гэхдээ ярьж байгаа зүйл нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй байна. Энэ хэрэгт бүтэн нэг жилийн турш мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдсэн, хэрэгт эхнээс нь хяналт тавьсан. Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад 4 удаа шинжээч томилж дүгнэлт гаргуулсан. Эхний удаа Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт шалгалтын эрх бүхий байгуулагаар дүгнэлт гаргуулсан бөгөөд хэргийн оролцогч нарын хүсэлтээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нараар 2 удаа дүгнэлт гаргуулсан дээрх дүгнэлтүүд бүгд хоорондоо зөрүүгүй, нэг нэгнийгээ баталсан байгаа. Сая өмгөөлөгч Г.Баттогтох шинжээч нарын дүгнэлтүүд нь шүүхийн шийтгэх тогтоолд заасан хохиролын хэмжээтэй зөрж байна гэлээ. Шинжээчийн эхний дүгнэлт нь 2015 оны 04 дүгээр сарын 01-ээс 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл гаргасан дутагдал дээр дүгнэлт гаргасан энэ нь 26.603.360 төгрөг болсон. Харин 2 дахь дүгнэлт нь 2016 оны 01 дүгээр сард Ц.О-, Ш.Ариунчимэг нарын дутагдуулсан 5,2 сая төгрөгийн дутагдал дээр гаргасан дүгнэлт бөгөөд энэ дутагдлаас Ц.О-ы дутагдуулсан мөнгөн дүнг нэмээд нийт хохиролыг тооцоход 29.610.810 төгрөг болж байгаа юм. Эхний дүгнэлтийг танилцаад сүүлийн 2016 оны 01 дүгээр сард гаргасан дутагдлын талаар гаргасан дүгнэлтэй танилцаагүй юм болов уу гэж бодож байна. Өмгөөлөгч Г.Баттогтох орон нутгийн “ХААН” банкны камерийн бичлэгийг шалгаагүй, шинжээч томилж гарын үсгийг шинжилгээ хийлгээгүй гэж ярьж байна. Энэ хэрэг гарах үеийн “ХААН” банкны “ПОС” машины дансны бүх гүйлгээний баримтууд бэлэн мөнгөний орлого тушаасан бүх баримуудыг болон засвартай засваргүй “ПОС” машины сителмэнт баримт зэрэг бүхий л санхүүгийн баримтыг шинжилгээний обьект болгон шүүхийн шинжилгээний хүрээлэн болон санхүүгийн хяналт шалгалтын байгуулагад хүргүүлсэн бөгөөд нэгэнт санхүүгийн бүхий л баримтуудыг үндэслэн дүгнэлт гаргасан учраас камерийн бичлэг шалгах шаардлагагүй байсан бөгөөд засвартай сителмент баримтууд дээр гарын үсэг байхгүй зөвхөн тоо л бичсэн байсан учраас гарын үсгийн шинжилгээ хийх шаардлагагүй гэж үзсэн бөгөөд шинжилгээний обьект болгосон санхүүгийн баримтууд одоо бүгд хэрэг дотор хавсаргасан байгаа. Хэрэгт цугларсан нотлох баримтаар Ц.О- нь “ПОС” машины сителмент баримт болон “ПОС” машинаар карт уншуулсан баримтуудын тоог баллах, бүдэг гаргасан тоог засварлах аргаар мөнгө завшсан болох нь тогтоогдсон, ийм аргаар  мөнгө ашиглаж завшиж үрэгдүүлж байснаа анхан шатны шүүх хуралдаан дээр тодорхой мэдүүлсэн бөгөөд түүний үйлдэл нь “ХААН” банкнаас гаргаж өгсөн санхүүгийн баримтууд, “ПОС” машины гүйлгээний бархимтуудаар хангалттай нотлогдсон учраас өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын шатанд буцаах шаардлагагүй гэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангасан учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэж байна. Сая өмгөөлөгч Ц.Алтанзаяа мөрдөн байцаалтын явцад энэ хэргийг шалгаж байсан мөрдөн байцаагч хохирогч байгууллагын төлөөлөгчтэй хувийн харилцаа тогтоож, тортой эд зүйл авсан гэж Ц.О- надад хэлсэн гэж хэрэгт ач холбогдолгүй, тогтоогдоогүй зүйлийг ярьж байгаа нь ёс зүйн хувьд таарахгүй гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Ц.О- өмгөөлөгчтэй байцаалт өгч байсан бөгөөд түүний өмгөөлөгч болон Ц.О- нараас энэ талаар болон түүний эрхийг зөрчиж хэрэг хүлээлгэсэн тухай ямар нэгэн хүсэлт, санал гаргаж байгаагүй. Түүнийг мөнгө, эд хөрөнгөтэй харьцаж байсан учраас хувийн тооцооны дэвтэр, бичиг баримт байгаа эсэхийг лавлаж байсан боловч ямар ч тооцоо баримт байгаагүй бөгөөд шинжээчийн дүгнэлт гаргахад биечлэн оролцуулж, дүгнэлтийг танилцуулсан. Өмгөөлөгч Г.Баттогтох шүүхийн шийтгэх тогтоолд Ш.Ариунчимэгийн үйлдэлд дүгнэлт хийгээгүй гэж байна. Ш.Ариунчимэгт холбогдох хэргийг прокурорын хяналтын шатанд хэрэгсэхгүй болгосон  учраас яллах дүгнэлт үйлдээгүй, шүүх хэргийг яллах дүгнэлтийн хэмжээний дотор,  шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд дүгнэлт хийж шийдвэрлэх ёстой учраас Ш.Ариунчимэгийн үйлдэлд дүгнэлт хийх шаардлага байгаагүй өмгөөлөгчийн ярьж байгаа зүйл  хууль зүйн үндэслэлгүй байна. Ийм учраас шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгоно уу. Ялтны өмгөөлөгч Ц.Гэнэндулам давж заалдах гомдолдоо хохирогч байгууллагын хяналт шалгалт муу, санхүүгийн тайлан тооцоог цаг хугацаанд хянаж шалгаж байгаагүй буруутай үйл ажиллагааны улмаас гэмт хэрэг гарах нөхцөл шалтгаан бүрдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү гэсэн давж заалдах гомдлын үндэслэл гаргажээ. Санхүүгийн хяналт шалгалт сул, тайлан тооцоог зохих журмын хийж байгаагүйгээс гэмт хэрэг гарах нөхцөл бүрдснийг үгүйсгэхгүй. Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлийг хэрэглэх эсэх нь шүүхийн эрхийн асуудал учраас анхан шатны шүүх дээрх хуулийн заалтыг хэрэглээгүй явдлыг буруу гэж үзэхгүй байна гэв.

Тодорхойлох нь:

Ялтан Ц.О- нь “НИК” ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь нефть хангамжийн салбарын харьяа Орхон сумын шатахуун түгээх станцын түгээчээр ажиллаж байхдаа 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэл, 2016 оны 12 дугаар сарын 27-ноос 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл үргэлжилсэн үйлдлээр нийт 29.610.810 төгрөгийг завшиж үрэгдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэж Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Ялтан Ц.О-д холбогдох хэргийг анхан шатны шүүх хүлээн авч, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутад тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ нь түүний үйлдсэн хэргийн гэм бурууд тохирсон байна.

Ялтны өмгөөлөгч Ц.Гэнэндуламын шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолд ... хохирогч байгууллагын санхүүгийн хяналт шалгалт сул, шатахуун түгээх станцуудын тайлан тооцоог цаг тухай бүрт нь хийж байгаагүй, хариуцлагагүй байдлаас болж гэмт хэрэг гарсан, Ц.О- нь 2017 онд 2 дугаар сард хүүхэд үрчилж авсан бага насны хүүхэдтэй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлж, хүлээн зөвшөөрч байгаа зэрэг байдлуудыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийг хэрэглэж хойшлуулж өгөхийг  хүссэн...” үндэслэл болон  ялтны өмгөөлөгч Г.Баттогтох, Ц.Алтанзаяа нарын давж заалдах гомдолд ...мөрдөн байцаалтын ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэг нэг талыг баримталсан, мөрдөн байцаалтаар хийвэл зохих ажиллагаануудыг хийгээгүй, шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй, шүүх хууль буруу хэрэглэж ноцтой зөрчил гаргасан ... гэсэн үндэслэлүүдийн дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтны өмгөөлөгч нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар Ц.О- нь “НИК” ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь нефть хангамжийн салбарын харьяа Орхон сумын шатахуун түгээх станцад түгээгчээр ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс  2015 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 26.603.360 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 27-ноос 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл 3.007.450 төгрөг, нийт 29.610.810 төгрөгийг завшиж үрэгдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдож тогтоогдсон, хэрэгт цугларсан нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын цуглуулж, бэхжүүлэгдсэн нотлох баримтын шаардлага хангасан, анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу үнэлж, үнэн зөвд тооцож хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Ялтны өмгөөлөгч Г.Баттогтох, Ц.Алтанзаяа нар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хийгдэх ёстой ажиллагаануудыг хийгээгүй, мөрдөн байцаалтын ажиллагаа болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг нэг талыг баримталсан гэсэн давж заалдах гомдлын үндэслэл гаргаж байгаа боловч ялтан Ц.О-ы үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан “ХААН” банкны “ПОС” машинаар уншуулсан орлогын баримтууд, “ХААН” банкны түр дансанд орлого төвлөрүүлсэн баримтууд, бэлэн мөнгөний орлого тушаасан баримтууд болон шатахуун түгээх станцын сар бүрийн тайлан зэрэг санхүүгийн баримтуудаар хангалттай нотлогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаагаар хийгдвэл зохих ажиллагаанууд бүрэн хийгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгасан, хэрэгт цугларсан нотлох баримтуудын үнэн зөв эсэхэд эргэлзэх, шинжээчийн дүгнэлтүүдийг буруу ташаа гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Ялтны өмгөөлөгч Ц.Алтанзаяа нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Ц.О-ыг 29.610.810 төгрөгийг завшиж үрэгдүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, Ц.О- нь дээрх 29.6 сая төгрөгийг завшсан юм уу, үрэгдүүлсэн юм уу гэдгийг мөрдөн байцаалтын ажиллагаагаар нарийвчлан тогтоох шаардлагатай гэсэн давж заалдах гомдлын үндэслэл гарган шүүх хуралдаан дээр тайлбарлаж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын шатанд буцаах нэг үндэслэл болгож байгааг хүлээн авах үндэслэлгүй байна. 

Хэрэгт цугларсан санхүүгийн баримтуудаар ялтан Ц.О- 29.6 сая төгрөгийг завшсан уу, үрэгдүүлсэн юм уу гэдгийг зааглаж тогтоох боломжгүй байгаагийн зэрэгцээ ялтан Ц.О- 6.000.000-7.000.000 төгрөгийг хувийн хэрэгцээндээ хэрэглэсэн гэж мэдүүлж, үлдэх хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа боловч дээрх хохирол дутагдал нь зөвхөн түүнийг ээлжтэй ажиллах үед гарсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон, түүний мэдүүлэг нь хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар нотлогдохгүй байх тул 29.6 сая төгрөгийг завшиж үрэгдүүлсэн гэж дүгнэсэн нь буруу биш байна.

Ялтны өмгөөлөгч Ц.Гэнэндуламын  шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолд дурдснаар хохирогч байгуулагын санхүүгийн хяналт шалгалт сул, хариуцлагагүй байдлын улмаас гэмт хэрэг гаргах шалтгаан нөхцөл бүрдэж, хохирлын хэмжээ нэмэгдэх нөхцөл бий болоход нөлөөлсөн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байгаа боловч энэ нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүй байна. 

Ц.О- нь хэдийгээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бага насны хүүхэдтэй /үрчилж авсан/, түүний үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь хэсэгт заасан хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах зохицуулалтыг хэрэглэх, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй, хохирол арилаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.

 Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлийн удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Ц.О-, түүний өмгөөлөгч Ц.Гэнэндулам, Г.Баттогтох, Ц.Алтанзаяа нарын давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                           ДАРГАЛАГЧ                                         Я.ТУУЛ

                                           ШҮҮГЧИД                                             Б.МАНЛАЙБААТАР

                                                                                                         Ц.АМАРЖАРГАЛ