Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 783

 

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал хөтлөн,

Улсын яллагч: Б.Мөнгөншагай,

Шүүгдэгч: Д.Э-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1903009800000 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1983 оны 12 дугаар сарын 04-нд Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, сантехникийн инженер мэргэжилтэй, Бүрд констракшн ХХК-д  сантехникийн инженер ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 0000 тоотод суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б  овогт Д- ийн Э- , регистрийн дугаар /                               /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б  овгийн Д- ийн Э-  нь 2019 оны 8 дугаар сарын 21-ний 18 цаг 32 минутын орчимд Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Сод монгол ШТС-ын хойд замд Тоёота приус маркийн 0000 УБЯ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч Д.Э- ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч Д.Э-2019 оны 8 дугаар сарын 21-ний 18 цаг 32 минутын орчимд Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Сод монгол ШТС-ын хойд замд Тоёота приус маркийн 0000  УБЯ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч М.Э- ийг мөргөж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. Үүнд:

 

Мөрдөгчөөөс 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-8 тал/,

 

Хохирогч М.Э- ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 21-ний 18 цагийн үед ажлаасаа гараад Андуудын “Сод монгол" ШТС-ын хойд замд явган хүний гарцаар урдаасаа хойшоо чиглэлд эхний урсгалыг өнгөрөөд хойд талын урсгал руу зүүн тийш хартал 2-3 машин жоохон зайтай өнгөрч байгаа харагдсан, миний явж байгаа талаас эхний машин зогсоод өгөхөөр нь дараагийн машин зогсож зам тавьж өгөх байх гэж бодоод явтал машин ирээд мөргөсөн. Урд буфер хэсгээрээ миний хөл рүү мөргөж, би хамар хэсэг дээр нь гараад машины баруун тал руу унасан. ...Баруун хөлний дунд чөмөг хугарсан, 2 тохой шалбарсан, хамар хавдсан байсан тос түрхээд гайгүй болж байна. Толгойд дарахаар хэсэг газар өвчтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/,

 

Гэрч О.С-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "... Би ажлаа тараад зүг нэг байдаг учир ажлын залуу Д.Э- ы Т.Приус маркийн 0000 УБЯ дугаарын автомашинд дайгдан ажлаасаа гэрлүүгээ Орхон худалдааны төвийн урд замд буух зорилгоор явж байсан. Гранд плазагийн уулзварт урдаас зүүн гар тийш эргээд баруун тийш явж байгаад машины хажуугаар өнгөрч байгаа харагдах үед огцом замын урдаас автомашины зүүн гар талаас хүн гэнэт гүйгээд гараад ирсэн. Явган хүн тэр чигээрээ гүйгээгүй. Гүйж гарч ирээд зогсоод буцаад хойшоо алхах шиг болсон тэгээд машины баруун урд талаар мөргүүлээд газарт унасан. Бид 3 буугаад би түргэн дуудаж жолооч цагдаад дуудлага өгсөн. Түргэн ирэх хооронд би гараас нь бариад хоорондоо юм ярилцаж байсан. Тэр охин чихэвч зүүчихсэн гүйж байсан. Чихэвч нь байсан. Ажлын залуу хамт явна гэж байхад нь би түрүүлээд явчихсан гэж байсан. Тэр хүн яаруу явж байсан байхаа. Тэр хүн 2, 3 дугаар эгнээний машин зогсож байсан тул би гүйсэн гэж хэлж байсан. Тэгээд түргэн ирээд хүнийг аваад явсан. Цагдаа нар ирж хэмжилт хийсэн. Тэгээд машиныг ачаад явсан. Жолооч маань гэмтэл орно гээд үлдсэн би гэртээ харьсан. 30 км/цагаас хэтрээгүй гэж бодож байна. Баруун урд буфер хэсгээрээ мөргөсөн. Гуя орчим нь мөргөсөн байх. Урд копут дээр гарч ирээд хажуу тийш ойчсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 36 тал/,

 

Шүүгдэгч Д.Э- ы мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 18 цаг 32 минутын үед өөрийн эзэмшлийн Т.Приус маркийн 0000 УБЯ дугаарын автомашинтай баруун 4 замаас 25 дугаар эмийн сангийн чиглэлд Содмонгол ШТС-ийн хойд замд явж байх үед явган хүний гарц дөхөж байх үед би явган хүн байна уу гэж харахад хүн байгаагүй.  Би 3 дугаар эгнээнд явж байгаад 2 дугаар эгнээ рүү ороод явган хүний гарц дээр иртэл урд гэнэт хүн гараад ирсэн тул би явган зорчигчийн хөдөлгөөний эсрэг тал руу дарж тойрох үйлдэл хийтэл нөгөө хүн намайг хараад буцаад хойшоо алхсан. Тэгээд баруун урд талын буфер дээр хөл нь таараад хамар налаад мөргүүлээд газарт унасан. Тэгээд машинаа зогсоогоод буугаад очтол газарт хэвтэж байсан. Хөдөлгөх гэтэл надтай хамт явж байсан хүн хөдөлгөж болохгүй  гэхээр нь хөдөлгөөгүй. Яав ийв гэж асуугаад зүгээр үү гэж асуугаад хөдөлж болохгүй шүү гээд би цагдаа руу өөрөө залгаж хамт явсан хүн маань түргэн лүү дуудлага өгсөн. Түргэн бараг 20 орчим минутын дараа ирсэн бөгөөд би ухаан алдуулахгүй байх, тайван байлгах, хөдөлгөхгүй байх зэрэг арга хэмжээ авч байсан. Түргэн ирээд хүнийг үзээд хөлд нь чиг тавьж боогоод аваад явсан. Цагдаа нар ирж хэмжилт хийсэн. Анхны өдөр 619.000 төгрөгөөр эм тариа болон эмнэлгийн төлбөр төлсөн. Дараагийн эмчилгээний төлбөрт 6.000.000 төгрөг өгч, санал гомдолгүй болгосон. Өмнө нь осолд холбогдож байгаагүй. Би гаргасан алдаагаа ухамсарлаж байна. Зам тээврийн осол хэрэг анхаарал болгоомж алдах ганц хоромд л гардаг юм байна. Хохирогчийг санал гомдолгүй болгосон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” /хх-ийн 82 тал/ гэх мэдүүлэг,

 

Хохирол төлбөр төлсөн баримтууд /хх-ийн 18-21, 76 тал/,

 

Хохирогч М.Э- ийн өвчний түүх /хх-ийн 23-33 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 00000  дугаартай "...М.Э- ийн биед баруун хөлийн дунд чөмөгт ясны хэлтэрхий бүхий зөрөөтэй, далд хугарал, баруун зүүн тохой, баруун өвдөгт зулгаралт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохойнд цус хуралт, баруун гуя, доод уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 42 тал/,

 

Мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 45 тал/,

 

Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 00000 дугаартай “...Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, урд ба хойд тоормос тэдгээрийн зөрүү, гэрлийн тусгалын эрчим, зүүн ба баруун талын их гэрэл хол, ойр дээр бүрэн шилжиж асдаг, шил арчигч ажилдаг, тольнууд бүтэн, урд ба хойд дохионууд, оврын гэрлүүд, хойд дугаарын гэрэл бүгд асдаг. Дуут дохио, цан үлээгүүр, хурд хэмжигч ажилладаг. Тоормосны шингэн дамжуулах хоолойнуудын /труп/ битүүмж сайн, тоормосны шингэний төвшин хэвийн. Хойд салхины болон хаалганы шилнүүд бүтэн, кузов ямар нэг эвдрэл гэмтэлгүй байгаа нь тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангаж байна. Тоормосны систем хэвийн ажиллаж байна. Харин урд салхины шил баруун буландаа цацарч хагарсан нь тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлага хангахгүй байна. Тоормосны систем хэвийн ажиллаж хэрэгсэлд тавигдах техникийн стандартын шаардлага хангахгүй байна. Тоног төхөөрөмжүүдийн хэмжилтийн нэгдсэн дүн, автомашинд хийсэн шил баруун буландаа цацарч хагарсан эвдрэл гэмтэлтэй байлаа. Урд салхины шил баруун буландаа цацарч хагарсан эвдрэл гэмтэл нь ослын үед тээврийн хэрэгслийн баруун урд хэсэгт ямар нэг биетээр цохиулснаас үүссэн байх боломжтой. Хэрэв ослоос өмнө ийм эвдрэл гэмтэлтэй байсан бол жолоочийн нүдийг гялбуулах, үзэгдэх орчинг хязгаарлах байдлаар осолд нөлөөлж болно. Уг автомашин нь шингэн дамжуулгат ABS тоормосны системтэй. Тоног төхөөрөмжүүдийн хэмжилтийн нэгдсэн дүн, автомашинд хийсэн үзлэгээс үзэхэд тоормосны системд ямар нэг эвдрэлтэй эд ангиуд илрээгүй тоормосны системийн ажиллагаа хэвийн, бүрэн ажиллаж байсан...” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 50-57 тал/,

 

Тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолт, Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх-ийн 58-59 тал/ зэрэг нотлох баримтууд хамаарна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтоож шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн шинж нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг шаарддаг.

 

Хэргийн үйл баримтаар 2019 оны 8 дугаар сарын 21-ний 18 цаг 32 минутын орчимд Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Сод монгол ШТС-ын хойд замд зам тээврийн осол гарсан байх ба уг осолд өртөсний улмаас хохирогч М.Э- ийн биед “баруун хөлийн дунд чөмөгт ясны ясны хэлтэрхий бүхий зөрөөтэй, далд хугарал, баруун зүүн тохой, баруун өвдөгт зулгаралт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохойнд цус хуралт, баруун гуя, доод уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт” бүхий гэмтэл учирсан, энэ нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасан эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэрт зэрэгт хамаарах нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх Эмнэлгийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 00000 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт /хх-ийн 42 тал/-ээр нотлогдсон байна.

 

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь жолооч буюу шүүгдэгч Д.Э-нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д заасан “Замын хөдөлгөөний дүрмийг сахих” үүргээ биелүүлээгүй буюу Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх тул түүнийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж үзнэ.

 

Шүүгдэгчийн Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл, явган зорчигч М.Э- ийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтэл хоёр шууд шалтгаанд холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдоно.

 

Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв байх тул шүүгдэгч Д.Э- ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд  хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцож шүүгдэгч Д.Э-нь хохирогч М.Э- эд нийт 6.619.000 /зургаан сая зургаан зуун арван есөн мянга/-н төгрөгийг төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан хохирол төлсөн баримт, хохирогчийн гомдол саналгүй талаар гаргасан өргөдлөөр тогтоогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн болно.

 

2. Шүүгдэгч Д.Э- д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 58 тал/, жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 64 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 65 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 62 тал/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 66 тал/, эд хөрөнгийн лавлагаа /хх-ийн 67 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 69 тал/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63 тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Э-нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон байна.

 

Мөн шүүгдэгч Д.Э-гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

            Шүүхээс шүүгдэгч Д.Э- д ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлэгийн бусад туслалцаа үзүүлсэн, учирсан хохирлыг төлсөн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон байна.

 

            Иймд шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн байдал, гэмт хэргийн шинж, хуулинд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, хяналтын прокурорын ялын төрөл хэмжээний талаарх санал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

 

             Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан тул дээрх хугацаанд шүүгдэгч оногдуулсан торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний баримт бичг болон жолооны үнэмлэх шүүхэд ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохиролд 6.619.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулсантай холбогдуулан түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтлоо.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б  овогт Д- ийн Э- ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Д.Э- д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Д.Э-цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчид хохирол төлбөрт 6.619.000 төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э- д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА