| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Туяа |
| Хэргийн индекс | 319/2025/00522/и |
| Дугаар | 31 |
| Огноо | 2025-12-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 31
2025 12 16 206/МА2025/000031
Дубан ******* *******-ний нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Ж.Отгонхишиг, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 319/ШШ2025/00682 дугаар шийдвэртэй,
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Эрх төвийн 8 давхар, 802 тоотод байрлах, “Дубан *******” *******-ийн нэхэмжлэлтэй,
Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 03 тоотод байрлах, “Ховдын тулга” *******-д холбогдох,
“Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 12,600,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золжаргал /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наранчимэг, түүний өмгөөлөгч Б.Ганзориг /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавхлантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн үндэслэл:
1.1 Дубан *******” ******* нь хариуцагч “Ховдын тулга” *******-нд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээгээр худалдаж авсан миксер машины төлбөрийн үлдэгдэл 8,400,000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцсон алданги 4,200,000 төгрөг, нийт 12,600,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:
2.1 Хариуцагч “Ховдын тулга” *******-ийн гүйцэтгэх захирал Ц.Мягмардорж нь “Хорол цамхаг” ******* нь манай компанид төлөх 11,600,000 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг төлж чадахгүй байсан тул тус компани нь өөрийн эзэмшлийн 3500 ******* улсын дугаартай, миксер авто машиныг 20,000,000 төгрөгт тооцон худалдах саналын дагуу худалдан авч зөрүү 8,400,000 төгрөгийг төлөхөөр болсон. “Дубан *******” ******* нь шаардлага хангахгүй машин техник нийлүүлж, машины элэгдэл, эвдрэл болон бодит байдлыг нуун дарагдуулж манай компанид хохирол учруулсан учраас гарсан зардалд нийт 4,400,000 төгрөгийг гаргуулах хүсэлттэй. Худалдах, худалдан авах гэрээг нөхөж байгуулсан, гэрээний эхний хуудсыг засаж, хуурамчаар үйлдэж, гаргаж өгсөн. Анх байгуулсан гэрээнд хугацаа болон алданги тооцох заалт байгаагүй.”гэжээ.
3.Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 319/ШШ2025/00682 дугаар шийдвэрээр:
3.1 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ховдын тулга” *******-иас гэрээний үүрэгт 12,600,000 /арван хоёр сая зургаан зуун мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Дубан *******” *******-д олгож,
3.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Дубан *******” *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 216,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ховдын тулга” *******-иас 216,550 /хоёр зуун арван зургаан мянга таван зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож,
3.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл мөн хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дахь хэсэгт заасны дагуу гардуулсан, хүргүүлснээс хойш 7 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн давж заалдсан гомдлын агуулга болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн 319/ШШ2025/00682 дугаартай шийдвэрийн 6 дахь заалтад "Хариуцагч Ц.Мягмардорж нь "дээрх гэрээг нөхөн хийсэн байна, манай компанийн нягтланд цахим шуудангаар ирсэн гэрээнд гэрээний хугацааг 1 сар байхаар заагаагүй, алданги тооцох заалт байгаагүй, би гэрээнд гарын үсэг зураад хувилж явуулсан" гэж тайлбарлаж манай компанийн санхүүд анх байгуулсан гэрээ байгаа гэх" 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн худалдах худалдан авах гэрээний хуулбарыг гаргаж өгсөн. 7 дахь заалтад хариуцагч нь нэхэмжлэгчээс ирүүлсэн худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрсөн, мөн нэхэмжлэгч нь гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг шүүхэд ирүүлсэн учраас уг гэрээг хуульд заасан нотлох баримтын шаардлагыг бүрэн хангасан гэж үзэж, нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох нь зүйтэй гэж дүгнэсэн байх бөгөөд энэ шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Учир нь хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн гаргаж өгсөн гэрээний эхний хуудас нь солигдсон, анх цахим шуудангаар ирүүлсэн гэрээнд байсан 3.1 дэх заалтыг бүтнээр нь устгасан, 4.1 заалт мөн 5.1.1 дэх заалтыг өөрчлөн найруулж "гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцно" сольж нөхөж бичсэн болох талаар тайлбар өгсөн байдаг.
Мөн нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн худалдах худалдан авах гэрээний эхний хуудсанд 3 дахь заалтыг шууд алгасаж бичсэн нь эргэлзээтэй бөгөөд хариуцагчийн тайлбар үндэслэлтэй болохыг нотолж байна.
2. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн гэрээний 2 хуудасны 10.1 дүгээр заалтад Талууд гэрээнд гарын үсэг зурж, тамга тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болно" гэж заажээ.
Гэтэл уг гэрээний баталгаажуулах хэсэгт Ховдын Тулга *******-ны захирал Ц.Мягмардоржийн гэх гарын үсэг зурагдсан хэдий боловч тамга, тэмдэг нь дарагдаагүй байна. Ийм учраас уг гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй юм.
Мөн хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн гэрээний эхний хуудас нь солигдсон нөхөж найруулж бичсэн болох түүн дээр зурагдсан гарын үсэг нь өөрийнх нь гарын үсэг мөн эсэхэд эргэлзэж байгаагаа тайлбарласан байхад уг гэрээ нь цахим шуудангаар ирүүлсэн гэрээтэй тохирч байгаа эсэхийг тогтоох зорилгоор цахим хаяганд үзлэг, гарын үсэг мөн эсэхийг тогтоох шинжилгээ хийж хийж бодит байдлыг тогтоолгүйгээр шууд нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон хууль ёсны бус гэж үзэхээр байна.
Хариуцагчийн хариу тайлбарт "2024 оны 08 сарын 01-ний орой Увсын Завхан суманд очиж шөнө гэрэлд машиныг хүлээж авсан. Хол замд явж очсон, шөнө ч байсан, машинаа асаагаад үзүүлэхэд тойрч хараад актан дээр зур гэхээр нь гарын үсгээ зураад өгсөн. Хунд утсаар сайхан ярьчихаад эрхийн доголдолтой машин өгөөд явуулчихна гэж ёстой бодоогүй. Би жолоочоо орхиод өөрөө суудлын авто машинаар явсан. Би компанийн захирал хүн тийм миксэр машиныг унаж үзээгүй, юуг нь үзэх ёстой яах ёстой гэдэг тал дээр мэдлэг дутмаг, итгэж найдаад аваад явсан. Хөдлөөд 80 орчим км яваад усгүй болоод /ус нь халаад/ унтарсан. Тосоол нь байнга гоожоод явах боломжгүй болоод хээр хонож маргааш нь аймгийн төвөөс сэлбэг хүнээр авчруулж патрубоны шланкыг сольж арай хийж Завхан мандал суманд аваачсан. 2024 оны 08 дугаар сарын 01-ний орой гарсан машин 2024 оны 08 дугаар сарын 04-ний шөнө Завхан мандалд суманд орж ирсэн. Увсын Завханаас Завханы Завхан мандал сум хүртэл 200 гаруй км байдаг. Тухайн үеийн энэ байдлаа ******* гэх ФБ хаягаар чатаар хэлж харьцаж байсан. Одоо ч гэсэн зурагнууд нь миний утсанд байгаа эдгээр чат болон зурагнууд гар утсанд үзлэг хийж өгнө үү. Тэр 4 хоногийн хугацаанд машинаар сэлбэг тосоол авч нааш цааш явсан зардал бид нэхэмжлээгүй байгаа.,...... 8 сарын 19 нд астатер ажиллахгүй байгаа талаар чаталсан, зуурмагийн машины хойд эргэдэг торхыг брезентээр өнгөлсөн байсныг сөхөж үзэхэд ролик шарик эвдэрсэн байсан ба торхон доторх хатсан зуурмагийг молдокоор салгах гээд сэлүүрүүдийг эвдсэн байсан. Мөн торх нь молдокоор нүдүүлсээр байгаад нимгэрч 35-40 орчим жижиг нүх гарсан байсныг брезентээр далдалсан байсан. Зөвхөн энэ машиныг засаж сэлбэх зардал 4.4 сая төгрөг болсон.
Гэрээний 5.1.2 т заасан заалт хангагдаагүй тул машины бичиг баримтыг шилжүүлж аваагүйгээр барахгүй энэ машин одоо ч "Дубан *******” *******-ны нэр дээр байгаа манайд бичиг баримт шилжиж ирээгүй” гэжээ. Энэ нь уг гэрээний 5.1.2 дахь заалт буюу "Худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчид шилжүүлнэ" гэсэн заалтыг зөрчсөн, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 243.1- т заасан "Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй", 253.1-т заасан "худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, хэрэв эд хөрөнгө нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө бол тухайн төрлийн ижил эд хөрөнгөөр эсвэл тухайн цаг үед худалдан авагчид шаардлагатай өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй", 253.2-т “..... доголдлыг арилгах зардлыг худалдагч тал хариуцна" гэж заасныг тус тус зөрчсөн байна.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 256.1-т "Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч худалдан авагч аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол зардлыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж, 257.1-т "Ямар нэгэн доголдолтой эд хөрөнгийг худалдсан тохиолдолд хариуцлага хүлээхгүй байх, эсхүл хүлээх худалдагч эд хөрөнгийн доголдлыг зориуд нуун дарагдуулсан бол уул тохиролцоо хариуцлагыг хязгаарлахаар талууд тохиролцон гэрээнд зааж болох боловч хүчин төгөлдөр бус байна" гэж тус тус заажээ. Иймд Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 сарын 19-ний өдрийн 319/ШШ2025/00682 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 319/ШШ2025/00682 дугаартай шүүхийн шийдвэрийг хуулийн хүрээнд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Хариуцагчийн төлөөлөгч нь анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй байдаг. Иймд хэрэг хянан шийдвэрлэсэн талаар зарим зүйлийг илт гуйвуулж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талууд өөрсдийн эрх ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор шүүхэд хандан нотлох баримт гаргаж өгөх бөгөөд шаардлагатай тохиолдолд шүүхэд хүсэлт гаргаж нотлох баримт гаргуулах боломжтой байдаг. Хариуцагчийн хувьд гаргаж өгөөгүй нотлох баримтаа шүүх цуглуулаагүй мэтээр ярьж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Дубан ******* ******* нь худалдах, худалдан авах гэрээгээр худалдаж авсан миксер машины төлбөрийн үлдэгдэл 8,400,000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцсон алданги 4.200.000 төгрөг, нийт 12,600,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хариуцагч “Ховдын тулга” *******-нд холбогдуулан гаргажээ.
3. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор нэхэмжлэгч Дубан ******* *******-ний хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, татварын албаны төлбөрийн даалгавар, хуулийн этгээдийн нэр, хэлбэр өөрчлөгдсөн талаар лавлагаа, Ховдын тулга *******-ний хайрга, тээвэрлэлт, шилжүүлсэн мөнгөний тооцооны хүснэгт, Ц.Мягмардоржийн дансанд мөнгө шилжүүлсэн баримтууд, худалдах худалдан авах гэрээ, техник хүлээлцсэн акт, Ховдын тулга *******-д албан мэдэгдэл хүргүүлсэн албан бичиг зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргаж талууд хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээг нотариатаар гэрчлүүлж хэрэгт хавсаргасан байна.
4. Хариуцагч “Ховдын тулга” *******-ийн захирал Ц.Мягмардорж нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ “Хорол цамхаг” ******* нь манай компанид төлөх 11,600,000 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг төлж чадахгүй байсан тул тус компани нь өөрийн эзэмшлийн ******* ******* улсын дугаартай, миксер авто машиныг 20,000,000 төгрөгт тооцон худалдах саналын дагуу худалдан авч, зөрүү 8.400.000 төгрөгийг төлөхөөр болсон. “Дубан *******” ******* нь шаардлага хангахгүй машин техник нийлүүлж, машины элэгдэл, эвдрэл болон бодит байдлыг нуун дарагдуулж манай компанид хохирол учруулсан учраас гарсан зардалд нийт 4,400,000 төгрөгийг гаргуулах хүсэлттэй байна. Худалдах, худалдан авах гэрээг нөхөж байгуулсан, гэрээний эхний хуудсыг засаж, хуурамчаар үйлдэж, гаргаж өгсөн. Анх байгуулсан гэрээнд хугацаа заасан болон алданги тооцох заалт байгаагүй.” гэж тайлбарлажээ.
Хариуцагч нь татгалзалаа нотлох зорилгоор “******* гэх feca-ын чат руу явуулсан зураг, машины ролик, шарик зэрэг эвдэрсэн гэх эд ангийн болон миксер машины гэрэл зураг, , нарын тодорхойлолт, худалдах худалдан авах гэрээ зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн байна.
5. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ховдын тулга” *******-иас гэрээний үүрэгт 12,600,000 /арван хоёр сая зургаан зуун мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Дубан *******” *******- д олгож шийдвэрлэжээ.
6. Хариуцагч Ц.Мягмардорж болон түүний өмгөөлөгч Б.Ганзориг нар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “...нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн гэрээний эхний хуудас нь солигдсон, анх цахим шуудангаар ирүүлсэн гэрээнд байсан 3.1 дэх заалтыг бүтнээр нь устгасан, 4.1. заалт мөн 5.1.1 дэх заалтыг өөрчлөн найруулж “гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцно” гэж сольж нөхөж бичсэн, ... гэрээний эхний хуудсанд 3 дахь заалтыг шууд алгасаж бичсэн нь эргэлзээтэй, бөгөөд хариуцагчийн тайлбар үндэслэлтэй болохыг нотолж байна. Гэрээний 5.1.2 дахь заалт буюу “Худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчид шилжүүлнэ” гэсэн заалтыг зөрчсөн, гэрээнд гарын үсэг зурж, тамга тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болохоор заасан, гэтэл “Ховдын тулга” *******-ийн захирал гарын үсэг зурсан хэдий боловч тамга нь дарагдаагүй учир уг гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
6.1 Талуудын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн, хэлцэл хүчин төгөлдөр эсэх талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 243 дугаар зүйлийн 243.1-т заасантай нийцсэн байна.
Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, ...худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг бөгөөд үүргийн хэлцлийн хувьд уг гэрээг амаар болон бичгээр байгуулж болно. Өөрөөр хэлбэл гэрээг заавал нотариатаар гэрчлүүлэхийг шаардахгүй бөгөөд худалдах худалдан авах гэрээг бичгээр хийж харилцан гарын үсгээ зурсан байх тул хэлцэл хийсэн гэж үзнэ.
6.2. Хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар талууд худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, нэхэмжлэгч “Дубан *******” ******* нь “Хорол цамхаг" ******* нэрээр үйл ажиллагаа явуулж байхдаа 2024 оны 06 сард “Ховдын тулга” *******-иас хайрга худалдан авахаар амаар хэлцэл хийж 18,800,000 төгрөгийн үнийн дүнтэй хайрга худалдан авсан, хариуцагч “Ховдын тулга” *******-ний худалдсан хайрганы үнэ 7,200,000 төгрөгийг нэхэмжлэгч тал “Ховдын тулга” *******-ний захирал Ц.Мягмардоржийн дансанд шилжүүлж, үлдэгдэл 11,600,000 төгрөгт ******* ******* улсын дугаартай, “Нуundai FV415JML” загварын миксер машиныг 20,000,000 төгрөгөөр худалдахаар талууд харилцан тохиролцож, 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр машиныг хариуцагч Ц.Мягмардоржид хүлээлгэж өгч гэрээнд талууд гарын үсэг зурсан үйл баримт тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл талууд гэрээний гол нөхцлийн хувьд өөрсдийн хүсэл зоригоо бодитоор илэрхийлсэн байх тул энэхүү гэрээний дагуу миксер машины үнийн зөрүү 8.400.000 төгрөгийг худалдан авагч нь худалдагчид төлөх үүрэгтэй.
Анхан шатны шүүх хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв талаас нь үнэлж, дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуульд нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
6.3 Хэргийн 114 дүгээр талд авагдсан талуудын хооронд 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан “худалдах худалдан авах гэрээ”-ний 4.1, 4.2, 5.1.1-т худалдан авагч төлбөрийг 1 сарын хугацаанд /2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл/ төлж дуусгах бөгөөд төлбөр төлөх хугацаа хэтрүүлбэл хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор, мөн гэрээний 6.1.3-т худалдан авагч нь гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу хөрөнгийн үнэ төлөх, 6.1.2-т худалдагчаас тээврийн хэрэгслийг хүлээн авахдаа эвдрэл гэмтлийг нэг бүрчлэн шалган хүлээн авах, ийнхүү шилжүүлэн авснаас хойш хөрөнгийн эвдрэл гэмтэлтэй холбоотой эрсдлийг өөрийн зардлаар хариуцахаар тохиролцсон байна.
Худалдан авагч нь худалдагчаас миксер машинаа хүлээн авсан үйл баримт тогтоогдсон. Иймд хууль болон гэрээнд зааснаар хариуцагч буюу худалдан авагч худалдан авсан машины үнэ төлөх үүргээ биелүүлээгүйгээс үүссэн үр дагаврыг арилгах, худалдан авагч эд хөрөнгийг шилжүүлэн авснаас хойш гарах эвдрэл гэмтэлтэй холбоотой эрсдлийг өөрийн зардлаар хариуцах үүргийг хүлээсэн байна.
Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, анзын гэрээг бичгээр хийнэ, анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна, хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3, 232.4, 232.6-т тус тус зохицуулсан байна.
Талуудын гэрээний 10.1-д “гэрээнд талууд гарын үсэг зурж, тамга тэмдэг дарагдсанаар хүчин төгөлдөр болох талаар тусгасан боловч хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан гэрээнд хариуцагч Ц.Мягмардорж нь гарын үсэг зурсан байх тул уг хэлцэл Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасан “энгийн бичгийн хэлбэртэй хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэх заалтад нийцсэн байна. Иймд худалдан авагч хэдийгээр гарын үсэг зурсан ч тамга тэмдэг дарагдаагүй учир гэрээ хүчин төгөлдөр бус гэх хариуцагч талын гомдол үндэслэлгүй байна.
6.4 Шүүх хуралдааны явцад хариуцагчийн үзлэг хийлгэх тухай хүсэлтийг шүүх хүлээн авч, түүний гар утсан дахь гэрээг харуулсан гэх бичлэгт үзлэг хийж “зөвхөн компьютерт файл хэлбэрээр /word file/ хадгалагдсан худалдах, худалдан авах гэрээг харуулсан бичлэг байсан бөгөөд тухайн үзлэгээр хариуцагчийн гаргаж өгсөн гэрээ талуудын хооронд байгуулсан гэрээний эх хувь гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч “G mail” хаягт үзлэг хийлгээгүй “word file”-д үзлэг хийлгэсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.
6.5 Түүнчлэн худалдан авагч Ховдын тулга *******-ний захирал Ц.Мягмардорж нь гэрээний дагуу миксер машины үнэ 8.400.000 төгрөгийг худалдагчид төлөх үүргээ биелүүлээгүй ба нэхэмжлэлийн шаардлага түүнийг үгүйсгэх, татгалзаж байгаа үндэслэлээ “нэхэмжлэгч Дубан ******* ******* нь бодит байдлыг нуун дарагдуулж, эвдэрхий машин худалдсан, түүнчлэн худалдах, худалдан авах гэрээний эхний хуудсыг засварлаж, солихдоо гэрээний 3 дахь заалтыг шууд алгасаж, алданги тооцох болон гэрээний хугацааг 1 сар гэсэн заалт нэмж оруулан, хуурамч гэрээ гаргаж өгсөн учраас алданги төлөхгүй” гэж маргажээ.
Гэвч хариуцагч нь татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй түүний татгалзлын үндэслэл болох Дубан ******* ******* нь бодит байдлыг нуун дарагдуулсан, машин эвдэрхий байсан, худалдах, худалдан авах гэрээний эхний хуудсыг засварлаж, сольсон гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй байна.
Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хуурамч гэрээг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн, худалдагч тал бодит байдлыг нуун дарагдуулж, эвдэрхий машин худалдсан гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.
6.6 Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт “худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, хэрэв эд хөрөнгө нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал тухайн төрлийн ижил эд хөрөнгөөр буюу тухайн цаг үед худалдан авагчид шаардлагатай өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй” гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 755 дугаар зүйлийн 755.2 дахь хэсэгт “хариуцагч нэхэмжлэлийг гардаж авснаас хойш 7 хоногийн дотор сөрөг нэхэмжлэл гаргаж болно” гэж тус тус хуульчилжээ.
Нэхэмжлэгчийн худалдсан миксер машин нь биет байдлын доголдолтой, эвдрэлтэй байсан гэж хариуцагч тайлбарлаж байгаа боловч энэ талаар дээрх хуульд заасан хугацаанд сөрөг нэхэмжлэл гаргаагүй байх бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Иймд дээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Хуульд зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 216,550 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 319/ШШ2025/00682 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 216,550 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА