Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 790

 

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал хөтлөн,

Улсын яллагч: С.Эрдэнэбаяр,

Шүүгдэгч: Ч.Л-, түүний өмгөөлөгч Б.Лхагваням ҮД:/2706/,

Шүүгдэгч: Б.О-, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан ҮД:/2260/,

Шүүгдэгч, хохирогч: А.А-, түүний өмгөөлөгч А.Зүмбэрэл ҮД:/1660/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт ирүүлсэн эрүүгийн 1905012980000 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1992 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгын Хужирт суманд төрсөн, эмэгтэй, 27 настай, дээд боловсролтой, эм зүйч мэргэжилтэй, ам бүл 2, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгын 0000 тоотод оршин суух хаягтай,  Баянгол дүүргийн 6 хороо, Баялаг хотхон 0000 тоотод оршин суугаа, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /            /, Ө  овогтой Ч-гийн Л .

Монгол улсын иргэн, 1994 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 25 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа амралтын газар ажиллуулдаг, ам бүл 4, эхнэр 2 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 0000 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /     / Л  овогтой А-ны А-.

Монгол улсын иргэн, 1990 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 29 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, 103 дуудлагын түгээлт хийдэг, ам бүл 3, эх дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо, Хустайн 00 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, /          / Б овоггой Б-ийн О-.

 

Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч А.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ч.Л-тэй бүлэглэн 2019 оны 3 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 7-2 дугаар байрны 00 тоотод иргэн Н.Т-ийн биемахбодид халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг,

Яллагдагч Ч.Л- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ А.А-тэй бүлэглэн 2019 оны 3 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 7-2 дугаар байрны 00 тоотод иргэн Н.Т-ийн биемахбодид халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг,

Яллагдагч Б.О- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 3 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 7-2 дугаар байрны 00 тоотын орцонд иргэн А.А-гийн биемахбодид халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.А-, Ч.Л-, Б.О- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 14-23 тал/

Хураан авсан хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 112-115 тал/

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 116-118 тал/

Хохирогч Н.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 17-ны шөнө 01 цаг өнгөрч байхад А-, Л  гээд охинтой буцаад ирсэн. ...Тухайн үед би А-тэй хамт ирсэн Л тэй маргалдаж байсан бөгөөд би тухайн хүүхнийг аваад явъя гээд А-д хэлээд байж байтал нөгөө хүүхэн нь намайг 2 удаа алгадсан. ..Тэр хүүхэн миний толгой зүүн ард тал руу шилэн аягаар цохиж толгой хагалсан. Тэр үед би толгойноос гарсан цусаа дараад байж байтал А- миний ард ирчихсэн байсан бөгөөд тэр үед миний баруун хонго орчим өвдөөд доошоо сөхрөөд суусан. Тэр үед Баттулга болон хамт ирсэн найз хүүхэн нь хүүе наадах чинь хутгалчихлаа шүү дээ хутга барьчихсан явж байна гээд... О-, М , С нар А-ий гартаа барьсан хутгыг салгасан. Тэгээд миний толгой болон баруун хонгоноос маш их цус гараад байсан болохоор 103 дуудсан. ...Хэрэг болдог өдөр А- эгч Л гийн хамтаар хоёулаа над руу хэл амаар доромжлон дайрч байгаад эхлээд Л  нь миний толгойн ар хэсэгт шилэн аягаар цохих үед миний толгойноос цус гараад би толгойгоороо гараараа дараад өөрийгөө хамгаалах болон ямар нэгэн үйлдэл хийх боломжгүй байхад А- миний араас намайг хутгалсан. Тэгээд тэр хоёр миний биед халдчихаад гараад явсан байгаа. Ерөнхийдөө бол зэрэг халдсан байгаа. Надад одоо гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг. /1 хх-ийн 33-36, 2 хх-ийн 35 тал/,

 

Гэрч А.Ү-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгтэл эмэгтэй нь шууд том өрөөнд орж ирээд хаанаас авсаныг нь мэдэхгүй нэг шилэн аяга барьж аваад хохирогчийг чиглүүлээд шидсэн. Тэр үед хохирогч буруу хараад сууж байсан учраас шидсэн аяга толгойн хэсгийг нь оносон. Удаа ч үгүй 1-2 секундын дараа нөгөө эрэгтэй нь орж ирээд хохирогч сууж байсан газраасаа босох үед нь араас нь зөрөх байдалтайгаар хутга бариад дайрч хутгаа дээш далайсан байдалтай орж ирээд гараа буулган хэвлийн хэсэгт хутгатай гараа байрлуулж байгаад хутгалсан. Ингээд хохирогч яг миний зүүн талд сууж байсан бөгөөд хохирогч намайг налаад унасан. Би хохирогчийг тэвэрч авсан бөгөөд толгойноос нь цус гарч эхлэх үед нь би маш их сандарч дээш харуулан хэвтүүлэх үед нуруунаас нь цус гарч байсан. Энэ үед хохирогчийг хутгалсан залуу болон нөгөө эмэгтэй нь зугтаагаад гэрээс гараад явсан. Тэр хоёрын араас гэрт байсан хүмүүс гарч очиж барьж авсан бөгөөд хутгыг О-, С- нар хутгалсан эрэгтэйгээс булааж авч байсан. Ингээд Б- эмнэлгийн байгууллага болон цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 8-9 тал/,

 

Гэрч Ж.Сайнбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгэхэд нөгөө эмэгтэй ширээн дээрээс юм шидээд Төмөрхуяг руу шидэхэд толгойг нь оноод шил хагарах чимээ гарсан. Тэгэхэд би гал тогооны өрөө коридор хавьцаа байсан. ...Тухайн үед хамаатны эгч нь Төмөрхуягийг очиж алгадаж цохиод агсраад байсан. Төмөрхуяг уг эмэгтэйгийн өөдөөс огт хариу үйлдэл үзүүлээгүй сууж байхад А- очоод Төмөрхуягийн нуруу хэсэг рүү нь хутгаар 1 удаа хатгаж гэмтээсэн...” /1 хх-ийн 69 тал/,

 

Гэрч О.Б-гын “...А- галын өрөөнөөс хутга аваад коридорын хажуу талын хаалгыг хутгаараа цохиж чи намайг яахыг хармаар байна уу гээд байсан. Би бодохдоо эмэгтэйгээ айлгах гэж байна гэж бодсон. Тэгтэл А- Т  руу чи яах гээд байгаа юм бэ гээд дайрч байх үед А-гийн эгч нь гэх эмэгтэй хажуугаар нь орж ирээд ширээн дээр байсан аягыг шүүрч аваад Т-ийн зүүн талын толгойн хэсэгт нь нэг удаа цохисон. Тэгэхэд аяга хагарч бутарсан. Энэ үед Т эмэгтэйг түлхээд доош тонгойх үед А- хохирогчийн ард талаас баруун гартаа барьсан хутгаар далайх үйлдэл хийсэн. Тэгтэл Т газар унах үед Ү Т-аас цус гараад байна гээд орилоод эхэлсэн. ...Л  миний хажуугаар гүйж зочны өрөөнд орж ирэн ширээн дээр байсан шилэн аягыг аван гартаа атгаж байгаад Т-ийн толгойн зүүн хэсэг рүү нэг удаа цохисон. Энэ үед шилэн аяга хагарсан. Т тонгойгоод А- газар сөхрөөд уначихсан толгой хэсгээс нь их хэмжээний цус гарч байсан. ...Л  гэх эмэгтэй ямар нэгэн шалтгаангүй согтууруулах ундаа хэрэглэчихээд агсам согтуу тавьсны улмаас энэ гэмт хэрэг гарсан. А- үеэл гэх Л г өмөөрснөөс болон Т-ийг хутгалсан байх. Түүнээс биш А- Т 2 хоорондоо маргалдан зодолдсон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг / 1хх-ийн 4, 62 тал/,

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 0000 дугаартай “...Н.Т-ийн биед дагзны хуйх, нурууны зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь тус тусдаа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1 хх-ийн 80 тал/,

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 0000 дугаартай “...А.А-гийн биед хамрын ясны зөрөөгүй далд хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи дО-т, зүүн чамархай хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун ташаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Тухайн цаг хуагцаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1хх-ийн 100 тал/, 

 

Шүүгдэгч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр мэдүүлсэн: “...Эгч нь гэрт орж ирээд том өрөөний ширээн дээр байсан тунгалаг өнгийн шилэн аягыг Төмөрхуягийг сууж байхад нь араас нь толгойн хойд хэсэгт шидэж оносон. Тэр үед Төмөрхуяг толгойгоо дараад тонгойсон байдалтай сууж байхад А- орж ирээд шууд галын өрөөнд орсон бөгөөд эргэж гарч ирэхдээ ...гарт нь хутга байгаа харагдсан. ...Нурууны хэсэгт нь хутгаараа дүрчихсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 10 тал/,

 

Шүүгдэгч Б.Л гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Би тухайн үед О- гэх залуугийнд ороод байхад хохирогч Н.Т- гэх залуу манай дүү А- танилцуулаад байхад ...та хоёр эгч дүү хоёр мөн үү, явалддаг юм биш үү гээд байсан. Тухайн үед би уурлаад А-гийн хамтаар явах гэж байхад О- гэх залуу явуулахгүй байсан бөгөөд Т, О-д хандан ...наад хоёроо явуулаач, буудалд орж шаалчих гэж байхад нь битгий саад бол... гэж хэлснээс болоод би сэтгэл санаагаар давчидаад О- гэх залуугийн гэрийн үүдэнд байснаа яаж байгаад том өрөөнд орсон юм мэдэхгүй, мөн тэр шилэн аяга хаана байсныг мэдэхгүй аваад Төмөрхуяг гэх залууг цохичихсон байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 155 тал/

 

          Шүүгдэгч А.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор өгсөн: “...Миний биед учирсан гэмтлийг манай найз О- орцонд байхад гараараа цохиж учруулсан байгаа. ...Миний биед халдаж намайг зодсон. Тэр үед О- намайг Төмөрхуягийг хутгалчихлаа шүү дээ гээд зодсон. Гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 43 тал/, нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                    

 

            Дээрх хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэхэд 2019 оны 3 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 7-2 дугаар байрны 00 тоотод буюу шүүгдэгч Б.О-ын гэрт хохирогч, шүүгдэгч нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх ба улмаар өөр хоорондоо үл ойлголцсон нөхцөл байдлын улмаас маргалдан зодолдсон үйл баримт тогтоогджээ.

 

            Тодруулбал, хохирогч Н.Т- нь шүүгдэгч Ч.Л-, А.А- хоёрыг эгч дүүс биш, хоорондоо явалддаг гэж хэлсний улмаас маргаан эхлэж, шүүгдэгч Ч.Л- нь уурлан стакан аяга авч шидэхэд хохирогч Н.Т-ийн толгой хэсэгт оносон, энэ үед шүүгдэгч А.А- нь мөн хохирогч Н.Т-ийн ар нуруун тус газар хутгаар хутгалсан байна.

 

Шүүгдэгч нарын дээрх үйлдлийн улмаас хохирогч Н.Т-ийн биед “дагзны хуйх, нурууны зүсэгдсэн шарх бүхий гэмтэл” тогтоогдсон, уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан 0000 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт, шүүгдэгч, хохирогч, гэрч нарын агуулгын хувьд харилцан зөрүүгүй өгсөн мэдүүлгүүдээр нотлогдож байна.  

 

            Иймд хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгч нарын гэмт үйлдэлтэй шууд шалтгаан холбоотой бөгөөд шүүгдэгч А.А-, Ч.Л- нар үйлдлээрээ санаатай нэгдэж, нэг цаг хугацаанд нэг санаа зорилготойгоор хохирогч Н.Т-ийн эрүүл мэндэд хохирол учруулахаар халдан довтолсон байх тул прокуророос тэдгээрийг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн үйл баримттай бүрэн нийцсэн гэж шүүх дүгнэж, А.А-, Ч.Л- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

            Мөн тухайн хэрэг гардаг өдөр шүүгдэгч Б.О- нь хохирогч Н.Т-ийг хутгалчихлаа гэсэн шалтгаанаар шүүгдэгч А.А-г зодож, түүний эрүүл мэндэд “хамрын ясны зөрөөгүй далд хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи дО-т, зүүн чамархай хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун ташаанд зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь шинжээч эмчийн 3589 дугаартай дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ.

 

Шүүгдэгч Б.О- нь өөрийн найз Н.Т-ийг өмөөрч А.А-гийн биед халдсан байх боловч энэ нь А.А-ы Н.Т-ийг хутгалсан үйлдлийн дараа буюу довтолгоон бүрэн төгссөн хойно А.А-г орцноос гарч явах үед үйлдэгдсэн байх тул шүүгдэгч Б.О-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал байхгүй болно.

 

Иймд 2019 оны 3 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 7-2 дугаар байрны 00 тоотын орцонд иргэн А.А-гийн биемахбодид халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан шүүгдэгч Б.О-ын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэн, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч А.А-, Ч.Л-, Б.О- нарын хэн хэн нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байгаа учир тэдгээрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.А-, Ч.Л-, Б.О- нар “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн, хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй” гэж мэдүүлж оролцсон болно.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Т-, А.А- нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Н.Т-т 1 сая төгрөгийг шүүгдэгч Ч.Л-, А.А- нар мөрдөн шалгах ажиллагааны шатанд төлж барагдуулсан, хохирогч А.А- нь шүүгдэгч Б.О-оос нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байх тул хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч А.А-, Ч.Л-, Б.О- нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч А.А-, Ч.Л- нар бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн тул тэдгээрт хуулинд заасны дагуу Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-д нийцнэ.

 

Шүүгдэгч нар хэрэг хариуцах чадвартай насанд хүрсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх 1 жилийн хугацаа дуусаагүй байна.

 

Хэрэгт шүүгдэгч нарын хувийн байдалтайгаар холбоотойгоор шүүгдэгч А.А-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, боловсролын талаарх баримтууд, ажлын байрны тодорхойлолт /1 хх-ийн 156-262, 2 хх-ийн 6 тал/, шүүгдэгч Ч.Л-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, төрсний бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, гадаад паспорын хуулбар, боловсролын талаар баримт /1 хх-ийн 168-169, 170-172, 175-179 тал/,  шүүгдэгч Б.О-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний дэлгэрэнгүй лавлагаа, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 000 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /1 хх-ийн 180, 183, 188-189 тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд авагдсан ба дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгчид бүгд ажил хөдөлмөр эрхэлдэг, шүүгдэгч Ч.Л- сарын 750.000 төгрөгийн, шүүгдэгч А.А- сарын 2-3 сая төгрөгийн, шүүгдэгч Б.О- сарын 1.500.000 төгрөгийн цалинтай, мөн шүүгдэгч А.А-, Ч.Л- нар анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон, шүүгдэгч Б.О- урьд ял шийтгүүлж байсан, ялаа бүрэн эдлэж дуусгасан болох нь тогтоогдов.

 

Мөн шүүгдэгч нарт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэсэн хөнгөрүүлж үзэх нөхцөл тогтоогдсон болно.

 

Иймд шүүгдэгч А.А-, Ч.Л- нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан тус бүрийг тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.О-д хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар оногдуулсан торгох ялыг шүүгдэгч нар 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг бөгөөд биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч А.А-, Ч.Л-, Б.О- нарт тайлбарлаж байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 25.3 см урттай шар өнгийн бариултай 1 ширхэг хутгыг эзэмшигч буюу шүүгдэгч Б.О- шүүхийн хэлэлцүүлэгт буцаан авах санал гаргасныг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгохоор, харин ашиглагдах боломжгүй болсон 4 хэсэг хуваагдан хагарсан шилэн аяга 1 ширхэгийг устгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.А-, Ч.Л-, Б.О- нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Л  овогтой А-ны А-, Ө  овогтой Ч-гийн Л  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б овоггой Б-ийн О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Л-, А.А- нарт тус бүр 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял тус тус  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх ер хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.А-, Ч.Л-, Б.О- нарт мэдэгдсүгэй.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 хэсэг хуваагдан хагарсан шилэн аяга 1 ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар устгаж, 25.3 см урттай шар өнгийн бариултай 1 ширхэг хутгыг шүүгдэгч Б.О-д буцаан олгосугай.

 

5. Шүүгдэгч А.А-, Ч.Л-, Б.О- нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А-, Ч.Л-, Б.О- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА