Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 793

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал хөтлөн,

Улсын яллагч: Г.Хатанцэцэг,

Шүүгдэгч З.Б-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч Б  овогт З-ын Б-д холбогдох эрүүгийн 1905033690000 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1997 оны 5 дугаар  сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Оросын  холбооны улсад эрх зүйч мэргэжлээр суралдаг, 4 дүгээр курсын оюутан, ам бүл 3, эмээ, өвөөгийн хамт Баянгол дүүргийн 14 дүгээр хороо 3 дугаар хороолол 17 дугаар байр 00 оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /        / Б  овогт З-ын Б-.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч З.Б-нь 2019 оны 8 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Royal house” /Рояал хаус/ зочид буудлын үүд хэсэгт хаалгач ажилтай Д.Э-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч З.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч З.Б-нь 2019 оны 8 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Royal house” /Рояал хаус/ зочид буудлын үүд хэсэгт хаалгач ажилтай Д.Э-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Хохирогч Д.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 8 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рояал Хаус” зочид буудалд хаалгачийн ажлаа хийгээд байж байхад шөнө 05:00 цагийн үед манай ресепшин Солонгын найз залуу гээд нэг залуу ирсэн. Тэгээд Солонго найз залуутайгаа гарч уулзахаар болоод гарсан. Би дотор үлдэн ажлаа хийж байтал ресепшин Солонго гаднаас миний нэрийг дуудсан. Тэгээд би гараад хартал Солонго найз залуутайгаа маргалдаад байх шиг байхаар нь салгаад Солонгыг дотогш оруулаад нөгөө залууг нь явчих гэсэн боловч явахгүй надтай маргаад байсан. Тэр үед би буудалруу ороод хаалгаа хаагаад нөгөө залууг зүгээр явчих гээд оруулахгүй гэж зууралдсан боловч тэр залуу явахгүй жоохон маргаж байгаад надад тайван дуугаар зүгээр орж найз охинтойгоо уулзчихаад явлаа гэхээр нь би дотогш оруулсан. Тэгээд нөгөө залуу дотогшоо ороод Солонготой зүгээр ярьж байснаа текний араар орж зодох гээд байхаар нь би салгаад гаргах гэсэн боловч тэр залуу намайг газар хавсарч унагаад надтай зууралдаад байсан. Тэгээд би тэр залууг гаргах гэж нилээн үзсэн боловч дийлдэхгүй байсан бөгөөд тэр залуу миний нүүрэнд цохиод, тэр цохилтонд нь би хойшоо болохдоо текний булан мөргөөд толгой хагарсан. Тэгээд би толгой хагарсан даруй жоохон манараад нэг хэсэг өөрийгөө хамгаалах болон хөдөлгөөн хийх боломжгүй болсон байхад тэр залуу намайг хөлөөрөө болон гараараа маш их цохиж зодсон. Тэр үед харин цагдаа нар ирээд тэр залууг салгаад аваад явсан. ...Миний биед учирсан гэмтлийг манай ресепшн Т.С-ын найз залуу гэх залуу учруулсан. Миний биед учирсан гэмтэлд одоогоор 53.300 төгрөгийн зардал гарсан. Мөн манай ажлаас сарын хугацаатай ажлаас чөлөөлсөн. Миний сарын үндсэн цалин 800.000 төгрөг байдаг. Миний хувьд одоо гараад байгаа зардал болон нэг сар цалингүй гэртээ байсан 800.000 төгрөгийг гаргуулан авмаар байна...”  гэх мэдүүлэг /хх-ийн 13-14, 15 тал/,

Гэрч Т.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 8 дугаар сарын 17-ны өглөө 10:00 цагт шинээр орсон Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутагт байрлах “Рояал Хаус” зочид буудалд ажиллахаар явахдаа найз залуу байсан З.Б-тэй дахин уулзахгүй байх талаар болон үерхэх асуудлаа зогсоох талаар ярилцаад явсан. Тэгээд ажил дээрээ ирээд байж байтал З.Б-надруу уучлаарай гэх зэргээр маш их мессэж бичсэн байгаа. Тэгээд тэр өдөр тэгж өнгөрөөд орой болсон чинь З.Б-манай ажил дээр 20:00 цаг өнгөрч байхад ажлаа тараад ирсэн. Би З.Б-тэй ажлынхаа дундуур хальт уулзаад дахиж уулзахгүй талаар ярилцаад явуулсан. З.Б-явсанаасаа хойш 23:00 цаг өнгөрч байхад надруу дахиад л мессэж бичээд байсан. Тэгж байгаад 2019 оны 8 дугаар сарын 18-ны шөнө 04:30 цагаас хойш З.Б-нилээн согтуу манай ажил дээр хүрээд ирсэн. Тэгээд би ажлаа бага зэрэг зохицуулаад З.Б-тэй гадаа гарч уулзах гээд зочид буудлаас гартал З.Б-намайг зодох гэж байгаа юм шиг эргэж харсан. Тэгэхээр нь би зодох нь гэж айгаад буудлын хаалгач Д.Э-а ахыг дуудсан. Тэр үед Д.Э-а ах гарч ирээд намайг З.Б-гээс салгаад дотогш оруулсан. Тэр хоёр орно, оруулахгүй гээд нилээн зууралдаж байгаад буудалруу ороод ирсэн. Д.Э-а ах З.Б-г явуулах гэж маш их зууралдсан боловч З.Б-явахгүй, нилээн зууралдаж байгаад сүүлдээ Д.Э-а ахыг аймар зодсон байсан. Тухайн үед тэр хоёр яг маргалдаад байхад би цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 000000 дугаартай “Д.Э-ын биед зүүн 6-7-р хавирганы цуурал, духанд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 19 тал/,

Эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий сд-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 26-29 тал/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хохирогч, шүүгдэгч нарын бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 59, 60 тал/

 

Шүүгдэгч З.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хүний биед халдсан асуудалдаа маш их гэмшиж байна. Би өөрийн үйлдлээ бүрэн ухамсарлаж хохирогч Д.Э-ад учирсан хохирлыг бүрэн барагдуулсан. Надад өөр үйлдсэн гэмт хэрэг байхгүй. Би өөрийн үйлдсэн хэргээ бүрэн ухамсарлаж хохирогч Д.Э-атай сайн дураараа эвлэрч, бид хоёрын хооронд ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зйл байхгүй тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 47 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн үйл баримт тогтоогджээ.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор З.Б-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 34 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 36 тал/, гадаад паспортын хуулбар /хх-ийн 37 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                    

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хохирогч Д.Э-ын биед “зүүн 6-7-р хавирганы цуурал, духанд шарх” бүхий гэмтэл учирсан нь хэргийн 19 дэх талд авагдсан шинжээч эмчийн 00000 дугаартай дүгнэлтээр нотлогдсон ба энэ гэмтэл нь шүүгдэгч З.Б-гийн хохирогчийг цохисон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч З.Б-гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч З.Б-2019 оны 8 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Royal house” /Рояал хаус/ зочид буудлын үүд хэсэгт хаалгач ажилтай Д.Э-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч З.Б-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Б-нь “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн, нэмж хэлэх зүйлгүй...” гэж мэдүүлж оролцсон бөгөөд хохирогч Д.Э-а нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч З.Б-нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч З.Б-гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг З.Б-д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч З.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хавтаст хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч З.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б  овогт З-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б-шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

5. Шүүгдэгч З.Б-нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА