Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2026/00283

 

 

 

******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 197/ШШ2025/18618 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* холбогдох,

эд хөрөнгөд учирсан гэм хорын төлбөр 5,995,000 төгрөг гаргуулах тухай тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золжаргал нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ****** нь хариуцагч ******* холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын төлбөр 5,995,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч төлбөрийн хэмжээ бодитой биш гэж эс зөвшөөрч маргасан.

 

3. Хариуцагч нь 2025 оны 08 дугаар сарын 09-ний өдөр өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа нэхэмжлэгч байгууллагын ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргажээ.

Уг осол хариуцагчийн Замын хөдөлгөөний дүрмийн 8.9, 1.3 дахь заалтыг зөрчсөн үйлдлийн улмаас болж гарсан, ослын улмаас нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд 5,995,000 төгрөгийн хохирол учирсан болохыг анхан шатны шүүх Тээврийн Прокурорын газрын 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 917 дугаар тогтоол, 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн зам тээврийн осол дээр гаргасан акт, мөрдөгчийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 0001214 дүгээр магадлагаа, *******-ийн 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн үнэлгээг үндэслээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөв тогтоосон байна.

 

3.1. Иймээс хариуцагч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.

 

3.2. Хариуцагчийн гаргасан хохирлын үнэлгээ зах зээлийн бодит үнэтэй нийцэж байгаа эсэх, автомашины ашиглалтын элэгдэл, засварлах боломжит байдлыг тогтоогоогүй гэх гомдлыг хангахгүй.

Учир нь зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ****** нь *******-ийн гаргасан үнэлгээг эс зөвшөөрөн маргаагүй бөгөөд уг үнэлгээнд үндэслэн нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын хэмжээг тодорхойлж, эрүүгийн хэрэг үүсгэхэд шаардагдах хохирлын хэмжээ хүрээгүй гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан байна.

Өөрөөр хэлбэл, уг ажиллагааны явцад хариуцагч нь дээрх *******-ийн гаргасан үнэлгээг зөвшөөрч байжээ.

 

3.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс үнэлгээг эс зөвшөөрсөн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй.

Хариу тайлбар гаргахдаа үнэлгээ хийлгэх талаар дурдсан боловч хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд аливаа хүсэлт гаргаагүй болно.

Мөн нэхэмжлэгч нь тээврийн хэрэгсэлд учирсан буюу эд хөрөнгөдөө учирсан хохирлыг шаардсан учир хариуцагчийн эрүүл мэндийн хохиролд төлсөн гэх 1,200,000 төгрөгийг нэхэмжлэлээс хасч тооцохгүй.

 

3.4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөх болохыг заасан.

Энэ үүргийн хүрээнд хариуцагч нь түүний буруугаас зам тээврийн осол гараагүй болохыг нотлоогүй тул гэм хорыг хариуцан арилгах үүргээс чөлөөлөгдөхгүй.

 

3.5. Иймд анхан шатны шүүх хариуцагчийн гэм буруу, хохирлын хэмжээг зөв тогтоож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт нийцжээ.

 

4. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 197/ШШ2025/18618 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110,870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2-т зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Ч.МӨНХЦЭЦЭГ

 

Т.БАДРАХ