Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 802

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Энхтуул                 хөтлөн,

Улсын яллагч: С.Эрдэнэбаяр,

Хохирогч Б.Н-,                 

Шүүгдэгч Ж.Ц-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Х  овогт Ж-ийн Ц-д холбогдох эрүүгийн 1905031560000 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1961 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эмэгтэй, дээд боловсролтой, зоо инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хүүгийн хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 15 байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /             / Х  овогт Ж-ийн Ц-.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Ж.Ц-нь 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза” худалдааны төвийн 0000 дугаар лангуун дээр иргэн Б.Н-ын зүүн шилбийг цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ж.Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар

 

Шүүгдэгч Ж.Ц-нь 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза” худалдааны төвийн 000 дугаар лангуун дээр иргэн Б.Н-ын зүүн шилбийг цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Хохирогч Б.Н-ын шүүх хуралдаанд өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Энхзаяа гээд найзынхаа лангуун дээр сууж байсан. Ц- эгчээс би хувцас зээлсэн. Дараа мөнгийг нь бага багаар өгч барагдуулсан. Дараа нь Ц- эгч гоё малгай өмссөн явж байхаар нь надад малгайгаа зарчих гээд 25.000 төгрөгөөр дараа нь мөнгийг нь өгөхөөр авсан. Гэтэл надаас 35.000 төгрөг зээлээч гэсэн. Тэгэхээр нь түрийвчиндээ байсан 10000 төгрөгийг гаргаад өгсөн чинь намайг чи хүн доромжиллоо энэ хуучин мөнгөөр чинь би яах юм бэ гэж над руу уурлаж муу муухай үгээр хэлээд гэнэт намайг хоол хийж ирдэг байсан төмөр халуун саваараа хөл рүү цохьчихсон. Би эмнэлэгт үзүүлээд таягтай явдаг байсан. Намайг Гранд плаза дотор худлаа таягтай явдаг гээд байхаар нь би таягаа хаясан. Ц- эгчид хандаж хэлэхэд миний хохирол төлбөрийг барагдуулчих гэж хэлмээр байна. Дараа нь би Ц- эгч дээр очоод тохиролцох уу гэж хэлээд та надад 3.000.000 төгрөг өгчих гэж хэлсэн. Тэгэхэд надад чамд өгөх тийм их мөнгө байхгүй ээ би өөрөө түрээсийн лангуутай өөрөө түрээсээ төлж чадахгүй явж байхад гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр би ажлаа хийж байгаад орой 19 цагийн үед Ц- эгч намайг дуудсан. Би очиход авсан барааныхаа 25.000 төгрөгнөөс 10.000 төгрөг өгөөч гэхээр нь би өөрт байсан 10.000 төгрөг авч өгсөн. Тэгсэн чинь Ц- эгч чи ямар арчаагүй юм бэ, багш хүн байж чи, хүнд ийм мөнгө өгөхөөс ичээч гэхээр нь хажуу талд сууж байсан Ч гэх танил эмэгтэйгээс скоч аваад 10.000 төгрөгийг наагаад буцаагаад аваачаад Ц- эгчид өгсөн чинь би ийм мөнгө авахгүй маргааш 25.000 төгрөгөө авна шүү гэхээр нь за гээд өөрийнхөө лангуун дээр очоод сууж байсан. Намайг дахиад дуусан тэгэхээр нь яасан бэ гэсэн чинь чи нөгөө 10.000 төгрөгөө яасан бэ гэхээр нь би маргааш авна гэсэн биз дээ гэсэн чинь ямар арчаагүй юм бэ гээд намайг хэл амаар доромжилж эхэлсэн. Тэгээд би яахаараа намайг доромжилдог юм бэ гээд та өөрийнхөө зардаг хувцасыг өмсчихөөд буцаагаад индүүдээд зардаг биз дээ гэсэн чинь миний хажууд ирээд мөнгөний шургуулгыг татах гээд байхаар нь би яагаад байгаан бэ би таньд маргааш өгнө гэсэн чинь гарт барьсан байсан тостой төмөр халуун саваараа минии зүүн хөлний өвдөг орчим цохисон. Би та яагаад байгаан намайг гэмтээчихлээ шүү дээ гэсэн чинь над руу дайраад байхаар нь би Ц- эгчииг түлхсэн. Тэгээд та ямар балай юм бэ хүний хөл гэмтээчихлээ гэсэн чинь хохь чинь хохь чинь гээд тоохгүй яваад өгсөн. Зүүн хөлний өвдөг хэсэг рүү хоолны төмөр халуун саваар 1 удаа цохисон. Өвдөг хавдчихсан байгаа одоогоор өрхийн эмнэлэг дээрээ шаруулж байгаа. Өөр эмчилгээ хийлгэсэн зүйл байхгүй эмийн сангаас эм авч хэрэглэж байгаа. Хуулийн дагуу шийдэж өгнө үү. Маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/,

 

Гэрч З.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн өдөр би ажлаа хийгээд байж байсан. Ц- эгч Н-аас юм авах гэсэн. Тэгсэн чинь өгсөнгүй, барьсангүй гээд хэрүүл маргаан хийгээд байсан. Тэгээд маргалдаж хэрэлдэж байгаад нэг мэдсэн чинь ёололдоод байсан. Миний ойлгосноор Ц- эгч Н-ын хажуугаар өнгөрөхдөө халуун саваараа хөлийг нь шүргээд гарсан. Ц- бол ажилаад удаж байгаа. Н- нь ажилд ороод удаагүй сайн танихгүй. Өр зээлнээс болж маргалдсан байх. Ц- эгчээс Н- зээлээр юм аваад өгөхгүй удсан болохоор Ц- эгч бухимдсан байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 тал/

 

Гэрч Д.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би тухайн өдөр лангуу дээрээ сууж байсан. Гэнэт л хуц уль гээд хэрэлдээд унасан. Очоод хартал Ц-, Н- нар хоорондоо хэрэлдээд байсан. Хэрэлдэж байгаад Ц- гараад явсан. Гарч явсаны дараа Н- миний хөл рүү хоолны саваараа цохисон гээд ёолоод, уйлаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/

 

Шүүгдэгч Ж.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би эмчилгээний зардлыг баримтаар гаргаж өгвөл барагдуулж өгнө. Би өөрийн гаргасан үйлдэлдээ харамсаж байгаа. Надаас ямар ч нотлох баримт, үндэслэлгүй 3.000.000 төгрөг нэхээд байсан. Энэ мөнгийг өгөхгүй бол хилэээр гарч чадахгүй цаашдаа ажил хийхэд хүндрэлтэй болно, өгөхгүй бол шүүхээр орж шийдүүл гээд байгаа. Надаас мөнгө авах сонирхолтой байгаа юм шиг байна лээ...” /хх-ийн 41 тал/ гэх мэдүүлэг, 

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 0000 дугаартай “...Б.Н-ын биед зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих үйлдлээр үүсэх боломжтой. Шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл амь насанд аюулгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээч эмчийн дүгнэлт /хх-ийн 25 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.   

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                    

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Ж.Ц-, хохирогч Б.Н- нар нь 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза” худалдааны төвийн 000 дугаар лангуун дээр хоорондоо үл ялих зүйлээс буюу муухай мөнгө өглөө гэх шалтаанаар маргалдаж эхэлсэн байх ба улмаар шүүгдэгч нь хохирогчийн зүүн шилбийг хоолны төмөр халуун саваар цохиж, эрүүл мэндэд нь зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан байна.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 000000 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмчийн 0000 дугаар дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.

 

Шүүгдэгч Ж.Ц-нь хохирогч Б.Н-ыг цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан учир шүүгдэгч Ж.Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Н-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч эмчилгээтэй холбоотой нотлох баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзлээ.

 

Харин хохирогч Б.Н- нь “...гомдолтой байна, хохирол хор уршигт тооцож ажилгүй байсан хугацааны цалин 1.500.000 төгрөг нэхэмжилж байна...” гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цаашид холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлаж байна.

 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Ж.Ц-нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

 

Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Ж.Ц-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Маргад шилтгээн ГҮТББ-н тодорхойлолт, дипозит дансны хуулга /хх-ийн 42-58 тал зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байгаагүй, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон байна. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл болон шүүгдэгчийн хувийн байдалд дүгнэлт хийж, шүүгдэгч Ж.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан ялаас торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хуулинд заасан дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Ж.Ц-д мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэх ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ж.Ц-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х  овогт Ж-ийн Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ж.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ц-шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Н- нь цаашид өөрт хохирол, хор уршиг учирсан гэж үзвэл холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай..

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ж.Ц-нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Ц-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА