Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 803

 

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Буянхишиг хөтлөн,

Улсын яллагч: А.Дүүрэнбилэг /томилолтоор/,

Хохирогч Г.М-,

Хохирогч Л.Б-, түүний өмгөөлөгч М.Идэрхангай ҮД:/0487/

Шүүгдэгч: Б.Б-, О.М- тэдгээрийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл ҮД: /0463/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Гал овогт О-ны М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар, Ц  овогт Б-ын Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж яллах дүгнэлт ирүүлсэн эрүүгийн 1705010920000 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1999 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 19 настай, бүрэн дунд боловсролтой, Сити их сургуулийн 2 дугаар курсийн оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 00000 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /           / Ш  овогт О-ны М-.

 

Монгол улсын иргэн, 1996 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 22 настай, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэлийн мэргэжилтэй, E mart ХХК-д худалдааны зөвлөх ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхэд, эх, ах нарын хамт Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 0000 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /           / Ц  овогт Б-ын Б-.

 

Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч О.М- нь 2017 оны 10 дугаар сарын 10-ны оройн 23 цагийн үед Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Заан тэр” хүнсний дэлгүүрийн гадна Г.М-ийг хажуугаар зөрж өнгөрөхдөө мөрлөлөө гэсэн шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

Яллагдагч Б.Б- нь 2017 оны 10 дугаар сарын 10-ны оройн 23 цагийн үед Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Заан тэр” хүнсний дэлгүүрийн гадна Л.Б-ийг хажуугаар зөрж өнгөрөхдөө мөрлөлөө гэсэн шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч О.М-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон үндэслэлийн талаар: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараахь нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзээд дүгнэвэл:

 

Хэрэгт авагдсан хохирогч Г.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би нэг залууг санаандгүй мөрөлчихсөн чинь хойноос гарч ирээд үглээд намайг зуураад тавихгүй байсан. Би тэгэхээр нь ахыгаа уучлаарай санаандгүй мөрөлчихлөө гээд гар барьсан тэгсэн тэр залуу чи бид хоёр хэзээ ах дүү болчихсон юм гээд байсан. Тэр хүмүүсийг хэдүүлээ байсныг би мэдэхгүй байна. Найз Б-тэй хамт дэлгүүрт ороод гарахад Б- түрүүлээд гарсан. Би ариун цэврийн өрөөнд цаас авах гээд эргэж ороод гарсан. Тэгтэл үүдэнд нэг хүнтэй таарсан. Тэр хүнийг би мөрлөөд уучлалт гуйхад тэр хүн намайг барьчихаад тавихгүй байхад манай найз Б- цаанаас гүйж ирээд юу болоод байна гэхэд намайг цохиод би ухаан алдаад юу болсныг санахгүй байгаа. Гомдолтой байна. ...Хагалгаанд орсон баруун талын нүд солир хардаг болчихсон байна. Баруун нүдээ нээхээр толгой эргээд байгаа сүүлд үзүүлэхэд толгойн дахь цус шимэгдэж дуусаагүй байна гэж байсан. Бас баруун шанаандаа төмөр хадуулсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 13-14, 65, 244 тал/

 

Хохирогч Г.М- шүүхийн хэлэлцүүлэгт: “...Надад өмнөх мэдүүлгээс өөр ярих зүйл байхгүй. Гомдол саналын хувьд иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Л.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Заан тэр хүнсний дэлгүүрээс нэг шил архи ундаа авсан. Гараад М-ийн гэр рүү явж байсан. Тэгсэн дэлгүүрийн үүдэнд 4 залуу тамхи татаад зогсож байсан. Бид 2 явж байгаад М- дэлгүүр рүү ариун цэврийн цаас авахаа мартчихсан гээд буцаад явсан. Дэлгүүрийн үүдэнд 4 залуу манай найзыг бариад явуулахгүй байсан. Би гүйж очсон чинь өөдөөс зүс таних нэг залуу ирээд намайг 2 хөл рүү давхар хамаад шидэх гэсэн. Би куртканаас нь зуураад чи намайг таниж байна уу гэж хэлсэн чинь таниж байна пиздаа минь, тэгээд яах юм гэж хэлээд намайг унагаах гэсэн. Би унаагүй зогсож байсан. ...Тэр зүс танидаг Б- гээд залуу намайг өвдгөөрөө нүүр рүү өвдөглөсөн, тэгээд нүүр рүү мөргөсөн юм. ...Миний хамрын гэмтлийг Б- учруулсан. Би шүүх хуралд М- учруулсан гэж хэлсэн. Би М- зодоон эхлүүлсэн учраас М-г гэж бодож байсан. Тэгээд дараа нь Б-тэй ярилцахад тухайн үеийн зодооны талаар хэлэхдээ ахаа би таньтай зодолдоод таны нүүр рүү цохисон гэж хэлсэн. Би зодооны үед хэн нь намайг цохиж байгааг анзаараагүй. ...Би энэ хоёр хүүхдийг огт танихгүй, энэ хэргээс болж Б-, М- нарыг таньж мэдсэн. Надад учирсан гэмтлийг Б- учруулсан. Хамарны хагалгааны зардлаа гаргуулж авмаар байна. Өөр гомдол саналгүй…” гэх мэдүүлэг /1 хх-ийн 18 тал, 2 хх-ийн 86 тал/

 

Хохирогч Л.Б- шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд сүүлд мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын талаар ярьсан. Сүүлд мэдүүлэг өгөхөд Б-, М- нар хоёулаа байсан ба Б- надад “...зодооны үеэр би таны хамрыг цохисон...” гэж хэлсэн. Тиймээс Б- надад гэмтэл учруулсан гэдэгтэй маргах зүйлгүй. ...Би хохиролд 500.000 төгрөг бэлнээр, 200.000 төгрөг зураг авахуулахад тус тус авсан. Одоо хамрын хагалгаанд ороход 3.200.000 төгрөг болно гэсэн эмнэлгийн баримт хэрэгт байгаа. Түүнийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

 

Гэрч Н.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 10-ны орой Идэрийн гол хүнсний дэлгүүр дээрээ сууж байсан. Орой 22 цаг өнгөрч байхад 2 залуу орж ирээд юу авсныг санахгүй байна юм аваад гараад явсан. Удалгүй нэг залуу нь буцаж орж ирээд 00 цаас аваад гарсан юм. Тэгсэн зөрөөд 2 залуу орж ирээд нэг нь амандаа намайг мөрөлчихлөө гээд үглээд байсан. Удалгүй манай хүүхэд гадаа зодоон болоод байна гэж хэлсэн. Би гараад харсан чинь нөгөө 00 цаас авсан залуу газар хэвтэж байсан. Найз нь намайг зодчихлоо гээд орилоод байсан, тэр орилоод байсан залуу нэг залууг цохиод унагасан. Би тэгээд дэлгүүрээ хаагаад хүүхдээ аваад яваад өгсөн. ...Миний мэдэж байгаагаар дэлгүүрт маргаан болоогүй. Гадаа 5 залуу байснаас 2-3 хүн нь хараад зогсож байх шиг надад санагдсан. Харин 2 хүн зодолдоод нэг нь салгаж байсан юм болов уу хамт зодолдсон уу мэдэхгүй байна. Би сая хэллээ 3 хүн зодоон хийж байсан байх нэг нь салгасан байж магадгүй. Цаана нь 2 хүн хараад зогсож байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 22-23, 133, 242-243 тал/,

 

Гэрч Ц.О-г мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б- гээд кузов засварт ажилладаг залуу над руу залгаад О- ахаа дүү Б- чинь энд зодоон хийгээд байна гэж хэлсэн. Би хаана байгаа юм гэсэн чинь цагаан худгийн хажууд гэж хэлсэн. Би яваад очсон чинь М- худгийн хаалганы довжоо дэрлээд хэвтэж байсан. Б- болохоор довжоон дээр зогсож байсан. Очоод юу болсон талар асуусан чинь Б- энэ залуучууд Мижээ бид хоёрыг зодоод байна гэж хэлсэн. Цагдаа дуудчих Мижээ босож чадахгүй хэвтээд байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 20 тал/,

 

Гэрч Д.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би гэртээ ороод хувцасаа солиод хоол идээд байж байсан чинь гадаа хүн орилоод байхаар нь гараад хашаан дээгүүрээ харсан чинь М-, Төгсөө гээд нөгөө дэлгүүрт мөрөлдөг 2 залуу байсан. Нэг нь цаана уначихсан хэвтэж байсан. Нэг залуу нь орилоод байсан. Би очоод салгах гэсэн чинь нөгөө орилоод байсан залуу Төгсөөг мөргөөд байсан. Тэр залуу хамар руу нь өвдөглөсөн. Төгсөө босож харилцан зодолдсон. Би салгах гээд байж байсан тэгсэн удалгүй нэг ах ирээд салгасан юм. Төгсөө нөгөө ирсэн ах, нөгөө 2 залуу тэд нар худаг дээр үлдээд би гэр рүүгээ орсон. Түвшээ цаашаагаа яваад өгсөн юм. ...Би цохиж зодсон зүйлгүй, гадаа хүмүүс орилоод байхаар нь гараад харахад таньдаг 2 хүн зодолдож байхаар нь салгах гэж л очсон юм...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 24-25 тал/

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 0000 дугаартай “...Г.М-ийн биед баруун чамархай, суурь ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх том хэмжээний цусан хураа, баруун нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, баруун хацар, шанаа, баруун сарвуу, баруун, зүүн гарын хуруунуудын зулгаралт, дух баруун хөмсөгний шарх, зүүн бугалганы цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх баруун чамархай, суурь ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх том хэмжээний цусан хураа гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 ба 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна....” гэх дүгнэлт /1 хх-ийн 34-35 тал/,

 

 Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 0000 дугаартай “...Л.Б-ийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруу, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /1 хх-ийн 36 тал/, 

 

Шинжээч Т.Чимэд-Очирын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Л.Б-ийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруу, хоёр нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогджээ. Дээрх гэмтэл нь нэг талын учраас салгах боломжгүй юм. Хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Өөрөөр хэлбэл хамар тус газарт нэг удаа цохих үед үүснэ...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 132 тал/,

 

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 67-70 тал/,

 

Хохирогчийн өвчний түүх /1 хх-ийн 72-80 тал/ зэрэг нотлох баримтууд,

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтайгаар холбоотойгоор шүүгдэгч О.М-, Б.Б- нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, боловсролын талаарх баримтууд, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1 хх-ийн 43-46, 51-52, 81-90, 159, 203 тал/,

 

        Шүүгдэгч О.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Заан тэр нэртэй хүнсний дэлгүүрт ортол манай ах Б- байсан. Тэндээс юм аваад байж байтал хохирогч М- орж ирээд намайг мөрлөсөн. Удалгүй би М-той зодолдсон. Тэр үед Б- ах, М-ийн найзтай зууралдаад байсан. Гэтэл А- гарч ирээд бид нарыг салгасан. А-ийн гэр нь Заан тэр хүнсний дэлгүүрийн хажууд байдаг. А- бол зодоонд оролцоогүй. ...Б- ах бид хоёр байсан. Би Б-эд гар хүрээгүй, Б- Б- хоёрыг би салгасан. ...Би М-той зодолдсон. М- миний бэлхүүсээр тэврээд өргөхөд нь би доошоо суугаад өөрийг нь бэлхүүсээр нь тэвэрч аваад хажуу тийшээ шидсэн. Тэгсэн чинь надаас зуураагүй байсан болж таараад газар унахдаа хажуу талаараа шороон дээр унасан. ...Надад сонсгож байгаа ялыг би хүлээн зөвшөөрч байна. эрх үүргээс асуух зүйл байхгүй. ...Би эхлээд М-ид томографикийн зураг авахуулахад 120.000 төгрөг өгсөн. Дараа нь эмчилгээний зардал гэж 2.600.000 төгрөг өгсөн. Хохирлын мөнгө нийт 2.720.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 59-60, 135, 230, 250, 2 хх-ийн 89-90 тал/,

 

Шүүгдэгч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...М- гараад дэлгүүрийн гадаа зогсож байсан. А- харин дэлгүүр дотор үлдсэн. М- удалгүй гарсан. Би араас нь гарахад М-, М-ид ахаа та намайг мөрлөчихлөө шүү дээ гэхэд М- за за уучлаарай ах нь ингээд явлаа гэсэн. ...Б- гүйж ирсэнээ М-гийн толгой руу цохисон. Би Б-ийг салгах гээд цаашаа холдуулахдаа тэвэрч аваад унагаачихсан. Би хамт унасан. М-, М-г бэлхүүсээр нь тэврээд өргөж шидэх гэж байгаад дийлээгүй. М- харин тэгтэл М-ийг зөрүүлж тэвэрч аваад дээшээ өргөөд толгойныхоо араар давуулаад шидсэн. М- унахдаа толгойгоороо саваад унасан. Уначихаад босч ирэхгүй болиоч ээ гээд орилоод байсан. Гэтэл Б- босч ирээд М- бид хоёртой зууралдаж байхдаа намайг Б- мөргөхөөр нь би жоохон толгой эргээд буцаж гайгүй болоод хамар руу нь нэг удаа цохисон. ...Хэрүүл маргаан, зодоон болох үед А- нь гэр рүүгээ орчихсон байсан. Гадаа хэрүүл маргаан болоод шуугиж байхад А- гэрээсээ гарч ирээд зодооныг салгасан. Тухайн үед зодоон болж байхад БГД 21 дүгээр хороонд байрлах 000 номерын худгийн хажуу талд хаанаас гарч ирсэнг нь хараагүй, гэнэт хажуу талд үл таних хоёр залуу гараад ирчихсэн хараад зогсож байсан. Уг үл таних 2 эрэгтэй зодоонд ямар нэг байдлаар оролцох, салгах үйлдэл ерөөсөө хийгээгүй. Хажуу талаас зүгээр хараад зогсож байсан. ...Би Б- гэдэг хүний нүүр рүү гараараа цохисон. Б-эд учирсан гэмтлийг би учруулсанаа хүлээн зөвшөөрч байгаа. Б- намайг мөргөөд унагаасан. Тэгээд Б- бид хоёр барилцаж аваад би Б-ийг цохисон. Тухайн үед зодоон болоход Б- бид хоёр нэг нэгнийгээ барилцаж аваад намайг Б- мөргөөд тэрнээс болж би Б-ийг цохисон. М- Б-тэй барилцаж аваагүй, би Б-тэй зодолдсон. М- Б-эд гар хүрээгүй. Бид хоёр нийлж зодоогүй, намайг Б-ээс М- салгасан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 57 тал, 2 хх-ийн 87-88 тал/ нотлох баримтуудаар 2017 оны 10 дугаар сарын 10-ны орой 23 цагийн үед Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Заан тэр” хүнсний дэлгүүрийн гадна хажуугаар зөрж өнгөрөхдөө мөрлөлөө гэсэн шалтгаанаар хохирогч Г.М-ийг шүүгдэгч О.М- зодож эрүүл мэндэд нь хүнд гэмтэл, хохирогч Л.Б-ийг шүүгдэгч Б.Б- зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл тус тус учруулсан үйл баримт нотлогдож тогтоогдсон байна.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч О.М- нь 2017 оны 10 дугаар сарын 10-ны оройн 23 цагийн үед Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Заан тэр” хүнсний дэлгүүрийн гадна хохирогч Г.М-той  хажуугаар зөрж өнгөрөхдөө мөрлөлөө гэсэн шалтгаанаар маргалдан, улмаар энэ асуудлаас хохирогч Г.М-ийг бэлхүүсээр нь тэвэрч аваад хажуу тийшээ шидсэн үйлдэл тогтоогдсон ба уг үйлдэл хохирогчийн Үндсэн хуулиар хамгаалагдсан халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан шууд санаатай үйлдэл юм.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдлийн улмаас хохирогчийн биед баруун чамархай, суурь ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх том хэмжээний цусан хураа, баруун нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, баруун хацар, шанаа, баруун сарвуу, баруун, зүүн гарын хуруунуудын зулгаралт, дух баруун хөмсөгний шарх, зүүн бугалганы цус хуралт бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан байна.

 

Энэ нь хэрэгт авагдсан шинжээч эмчийн 00000 дугаартай дүгнэлт, хохирогчийн өвчний түүх баримтаар нотлогдож байх ба Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 00000 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.2-т “гавлын хүнхрээ ба суурь ясны хугарал буюу 3.1.3-т “тархи түүний бүрхүүл хальсны гэмтэл” нь амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэлд хамаарахаар заасан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинж хангагдсан гэж үзнэ.

 

Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-д ял сонгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч О.М-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Мөн хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар тухайн өдөр хохирогч Л.Б-ийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруу, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан болох нь нотлогдож тогтоогдсон байна.

 

Хохирогчийн биед учирсан дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах нь шинжээч эмчийн 00000 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх ба гэрч, шинжээч, хохирогч, шүүгдэгч нарын хэргийн үйл баримтын талаар агуулгын хувьд зөрүүгүй мэдүүлсэн мэдүүлгүүдээр шүүгдэгч Б.Б-ийн гэмт үйлдэлтэй буюу хохирогч Л.Б-ийн нүүрэн тус газар цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогджээ. 

 

Шүүгдэгч Б.Б-ийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны оройн 23 цагийн үед Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Л.Б-ийг цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Тэрээр гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандсан, өөрөөр хэлбэл, хохирогчийг цохисоны улмаас түүний эрүүл мэндийн хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдсээр байж хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй.

 

Иймд шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.  

 

Шүүгдэгч Б.Б-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар дууссан буюу гэмт хэрэг гарсан 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Б-өд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.М-, Б.Б- нар “хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлж оролцсон болно.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.М-ийн эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч Л.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгч О.М- хохирогч Г.М-ийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигт тооцож 4.800.000 төгрөг, шүүгдэгч Л.Б- хохирогч Л.Б-ийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигт тооцож 700.000 төгрөг тус тус төлсөн болох нь тогтоогдсон тул шүүгдэгч нараас энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, төлбөргүй гэж дүгнэв.

 

        Харин хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг бүрэн арилаагүй, цаашид хагалгаа эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж мэдүүлж байх тул тэдгээрийн цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж байна.  

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч О.М-гийн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр нь хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

            Шүүгдэгч О.М- нь 19 настай, урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй, аав, ээж, дүү нарын хамт Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 18-507 тоотод амьдардаг, одоо Сити их сургуулийн 2 дугаар курсийн оюутан болох нь түүний хувийн байдлыг тогтоосон нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд түүнд ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэсэн хөнгөрүүлж үзэх нөхцөл тогтоогдсон болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул түүний хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан шүүгдэгч О.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялаар шийтгэх нь зохистой гэж дүгнэж, 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

 Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 хэсгийн “шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасны дагуу шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч О.М- нь шүүхийн тогтоосон дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулах нь зүйтэй.

           

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч О.М-, Б.Б- нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэнтэй холбогдуулан тэдгээрт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1, 1.2, 34.19 дүгээр зүйлийн 1.2, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Гал овогт О-ны М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн, Ц  овогт Б-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.Б-өд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-д 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-д шүүхээс оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.М-, Б.Б- нар цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Л.Б-эд 700.000 төгрөг, хохирогч Г.М-ид 4.800.000 төгрөг хохиролд нөхөн төлөгдсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Хохирогч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.М-, Б.Б- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.БОЛОРТУЯА