Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2026/00204

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 197/ШШ2025/16113 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******,

 

Хариуцагч:*******д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 9,720,000 төгрөг гаргуулах тухай тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Мөнхцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, хариуцагчийн өмгөөлөгч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******д холбогдуулан 9,720,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ашгаа авсан тул төлөхгүй гэж бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

3.1.Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн үндэслэлээ анх ...*******тэй 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн гадаад улсаас гутал, пүүз Монгол Улсад оруулж ирэн худалдан борлуулж, ашгаа хуваах байдлаар хамтран ажиллаж байгаад тодорхой шалтгааны улмаас бид цаашид хамтран ажиллахаа болихоор шийдэж, 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс хамтран ажиллах гэрээгээ цуцалж, үлдэгдэл барааны 2/3-ыг*******, үлдэх 1/3-ийг миний бие авахаар болж, мөн өмнөх хугацаанд гарсан ашиг орлогоос хэрэглээ болон бусад зардалд******* нь 9,720,000 төгрөгийг өөртөө илүү авч хэрэглэсэн байсан... гэж тодорхойлсон боловч 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд ...бараа захиалуулахаар 9,720,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн боловч бараа ирээгүй учраас уг мөнгийг буцаан шаардаж байгаа, энэ мөнгө нь тусдаа бөгөөд миний бие өөртөө бараа захиалж өгөөч гэж хэлээд шилжүүлсэн мөнгө... гэх агуулгаар тайлбарласан байна.

 

Хариуцагч******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзахдаа 82 ширхэг гутал худалдан борлуулсантай холбоотойгоор ямар нэгэн ашиг өгөөгүй учраас 9,720,000 төгрөгийг ашиг гэж бодож байгаа тул төлөхийг зөвшөөрөхгүй гэх агуулгаар тайлбар гаргаж, талууд мэтгэлцсэн байна.

 

3.2.Хэргийн баримтаас үзэхэд 9,720,000 төгрөгийг хэдийнээс хэдий хүртэл хугацаанд шилжүүлсэн болох нь тодорхой биш, маргааны зүйлтэй холбогдуулан анхан шатны шүүх талуудыг мэтгэлцүүлээгүй буюу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл өөрчлөгдсөн эсэх талаар талуудаас асууж тодруулах шаардлагатай байжээ.

 

Уг ажиллагааг хийгээгүйгээс талуудын хоорондох маргааны зүйлтэй холбоотой үйл баримт бүрэн тогтоогдоогүй байна.

 

3.3.Маргааны үйл баримтыг бүрэн тогтоосны үндсэн дээр хамтран ажиллах гэрээний хүрээнд талуудын тооцоо дууссан эсэх, нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 9,720,000 төгрөг нь талуудын хамтын ажиллагааны зардалд зарцуулагдсан эсэх, эсхүл нэхэмжлэгчээс хариуцагчид бараа захиалуулахаар шилжүүлсэн төлбөрт хамаарах эсэх асуудлыг шүүх дүгнэж шийдвэрлэх боломжтой байна.

 

3.4.Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх, залруулах, хэрэгт авагдсан баримтын хүрээнд зөвтгөн дүгнэж хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байна.

 

4.Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 197/ШШ2025/16113 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 170,470 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Т.ГАНДИЙМАА

                      ШҮҮГЧИД                     Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                         Ч.МӨНХЦЭЦЭГ