Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 804

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Буянхишиг хөтлөн,

Улсын яллагч: Н.Энхболд,

Шүүгдэгч: Б.А-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч Т  овогт Б-гийн А-т холбогдох эрүүгийн 190501280000 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1996 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 22 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Талх чихэр ХК-нд нарийн боовны ачигч ажилтай, ам бүл 5 аав, ээж 2 дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчидийн 0000 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Т  овгийн Б-гийн А- /                  /

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч Б.А-нь 2019 оны 3 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Москва их дэлгүүрийн урд иргэн Ц.Б-ын биед халдаж зүүн доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хуйханд шарх, цээжинд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Б.А-нь 2019 оны 3 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Москва их дэлгүүрийн урд иргэн Ц.Б-ын биед халдаж зүүн доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хуйханд шарх, цээжинд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Хохирогч Ц.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Хүнсний дөрвөөс гараад гэртээ харих гээд ганцаараа алхаад Баянгол дүүргийн 14 дүгээр хороо Ачлал их дэлгүүрийн хажууд явж байхад урдаас ирж байсан бараан хувцастай нэг залуутай зөрөхдөө мөрөөрөө шүргэлцэхэд уг залуу эргэж хараад яаж байна гээд надруу дайрсан. Би яаж байна гээд барилцаад авахад цаанаас нь гурван залуу гүйгээд ирсэн. Би зууралдаж байсан залуу миний нүүр рүү цохисон. Би зууралдаад уг залуу миний хөл рүү өшиглөсөн. Тэгээд зууралдаад хамт шатны довжооруу унасан. Дээрээс дэвсээд зугтаад явчихсан. Намайг босоход миний толгой дүүрээд байсан. Би малгайгаа авахад миний толгойноос цус гарсан байсан. Би цагдаа дууд гээд тэгээд такси зогсоогоод такситайгаа намайг зодсон залуугийн араас дагасан. Модны хоёрын автобусны буудлын хойд талд гудамжны үзүүрт байхад цагдаа нар ирсэн. Уг залуу бараан өнгийн нимгэн курткатай байсан. Сайн анзаарч харж чадаагүй. Би хоёр лааз пиво уусан, бараг эрүүл байсан. Гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. ...Намайг өшиглөсөн залууг харж чадаагүй. Би газар унахдаа баруун талаараа унасан. Ер нь бол яг хэн нь мэдэхгүй зууралдсан байсан бөгөөд тэр үед миний энгэр хүзүү зэргээс зуурсан байж магадгүй. Миний биед учирсан гэмтлийн улмаас гарсан зардлаа тооцож үзээгүй. Надад гарсан зардлын талаарх баримт байхгүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Харин гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-17 тал/,

 

         Гэрч З.Б-ний мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2019 оны 3 дугаар сарын 13-ны орой 22:00 цагийн үед найз Б.А-ын гар утас руу залгаад юу хийж байгаа талаар асуутал Б.А-модны хоёрын автобусны буудлын ойролцоо нэг айлд найзуудтайгаа юм уугаад байж байна, намайг хүрээд ирэх үү гэсэн. Тэр үед би ажлаа дуусч байсан болохоор Б.А-ын байгаа газар очохоор болсон. ...Тэгээд би А-, Ж- нартай уулзаад ууж байсан архинаас нь 2 хундага буюу 20 орчим грамм уугаад бааранд орж бүжиглэхээр болж Б.А-, Ж нарын хамтаар гарсан. Тэгээд бид 3 танихгүй айлаас гараад хорооллын “Э ” нэртэй бааранд орон хүний нэг шил пиво уунгаа жоохон бүжиглэж байгаад 2019 оны 3 дугаар сарын 13-наас 14-нд шөнө 03:00 цаг болж байхад гарсан. Би баарнаас гараад Б.А-ыг модны хоёрын орчим нэг буудалд оруулж унтуулах санаатай хамгийн урд Б.А-, араас нь би, харин миний араас Ж алхаад явж байтал Б.А-ын урдаас алхаад явж байсан хоёр согтуу ахын нэгтэй нь Б.А-мөрөөрөө мөргөлдөөд бие биенийгээ заамдаад авсан. Тэр үед би танихгүй ах болон Б.А-хоёр дээр очин нилээн зууралдаж байгаад салгасан. Тэгээд би эргэн найз Ж авах гээд эргээд харах үед нөгөө танихгүй ах, Б.А-хоёр дахин зууралдах үедээ хойноо байсан довжоон дээр унчихсан. Тэр үед би маш их айгаад танихгүй ах, Б.А-нарын унасан газар очоод хартал тэр хоёр довжоон дээрээс унасан мөртлөө зүгээр босож ирээд дахин зууралдаад байсан. Тэр үед би дээрээс буун тэр хоёрыг дахин салгасан. Тэр үед  манай найз Ж- танихгүй ахыг өшиглөх гэхээр нь би дундуур нь ортол миний баруун гуя орчим Ж- нэг удаа өшиглөсөн. Тэр үед би Ж-г хойш нь түлхээд нөгөө ахад та одоо больчих тэгэх үү гэж хэлээд Б.А-ыг салгаад хойш нь болгосон. Тэр үед нөгөө ах ”та нарыг цагдаад барьж өгнө” гэхээр нь би тэгээ  ахаа цагдаа дуудчих гээд зогсож байтал нөгөө ах зүгээр зогсож байснаа анх хамт явсан найзтайгаа уулзаад яваад өгсөн. ...Тэр үед найз Ж- бид хоёр тэр ахад гар хүрээгүй. Би хохирогч гээд байгаа ах, Б.А-хоёрыг салгах гэж л оролдсон. Харин сүүлд тэр ах, Б.А-ын хамтаар өндөр довжоон дээрээс унаад босч ирэхэд Ж- нэг өшиглөх гэхээр нь би урдуур нь өшиглүүлсэн. Анхнаасаа тэр ахтай Б.А-ганцаараа заамдалцан, зууралдсан. А-н тэр ах хамт явсан найзтайгаа яг зэрэгцэн яваагүй. Бие биенээсээ 2-3 алхамын зайтай явж байсан. Хохирогч ахтай Б.А-заамдалцан зууралдах үед нөгөө ах нь хажууд нь зүгээр хараад л зогсож байсан. Би тэр ахыг найз Б.А-тай зууралдаад салахгүй, дийлдэхгүй байхаар нь “ахаа та найзыгаа салгаад өгөөч” гэсэн чинь тэр ах хөдлөхгүй зүгээр хараад зогсоод байсан. Довжооноос унасан хойно хүртэл тэр ах зүгээр л зогсож байгаад хохирогч ахтай нийлээд яваад өгсөн. ...Тэр үед тэр хоёрт яг ямар гэмтэл учирсан талаар сайн харж чадаагүй. Яг тэр хоёрын унасан газар довжооны өндрөөс болоод гэрэл тусахгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 тал/

 

          Гэрч О.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэр  шөнө би нөхрийгөө явснаас хойш нэг их удалгүй шөнийн 02:00 цаг өнгөрч байхад гэртээ харьсан чинь манай нөхөр ирээгүй байсан. Тэгээд би нөхрийнхөө гар утасруу залгатал холбогдох боломжгүй байсан. Тэр шөнө манай нөхөр гэртээ ирэлгүй 2019 оны 3 дугаар сарын 14-ний өглөө 09:00 цагийн үед хүнд зодуулчихлаа. Зодсон хүмүүсээ хайж байгаад цагдаад барьж, өргөдөл өгөөд ирлээ гээд ирсэн. Тэр үед манай нөхөр гэртээ ирэхэд толгойн баруун тал орчим нь хагараад, оёдол тавиулсан байсан. Биен дээгүүр нь зулгарсан шархтай, миний санаж байгаагаар баруун нүд орчимд нь хөхрөлт үүссэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/

 

        Шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Номинцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ц.Б-ын зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хуйханд шарх гэмтэл нь дангаараа тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин цээжинд цус хуралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.  Зүүн доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийин няцрал нь уналтаас үүсэх боломжгүй. Хуйханд шарх гэмтэл нь унах үед ямар гадаргуу дээр яаж унаснаас хамаарна. Цээжинд цус хуралт нь гэмтэл нь үзүүлэгч ямар нэгэн зүйлтэй зууралдах, унах, цохиолтын улмаас үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг/хх-ийн 37-38 тал/

 

Шүүгдэгч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Миний хувьд согтуурсан үедээ үл ойлголцсон маргааны улмаас хохирогчийн биед халдаж гэмтэл учруулсандаа маш их харамсаж байна. Өөрийн боломжоор хохирогчид учирсан хохирлыг барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 72 тал/

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хохирогч, шүүгдэгч нарын бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 80, 81 тал/

 

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 37-43 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 0000 дугаартай хүний биед хийсэн шинжээчийн дүгнэлтэнд: “...Ц.Б-ын биед доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийин няцрал, хуйханд шарх, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна...” гэх дүгнэлт /хх-ийн 34 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн үйл баримт тогтоогджээ.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор гэрч Р.Б-гийн: “...Миний хүү цэрэгт яваад нэг жилийн алба хаагаад 2014 онд халагдсан. Миний хүү цэргээс халагдсанаас хойш нэг тогтсон ажил хөдөлмөр эрхлээгүй. Энэ оны 6 дугаар сард Талх Чихэр компанид орон ажиллаж байгаа. Миний хүүд ямар нэгэн муу зуршил гээд байх юм байхгүй. Архи, тамхи хэрэглэгдэггүй. Их томоотой хүү. Миний хүү хамгийн дуу цээтэй, гэртээ орж ирээд байгаа үгүй нь мэдэгдэхгүй их л томоотой хүү...” гэх мэдүүлэг, гэрч Б.-ийн: “...Миний ах ямар нэгэн илүү дутуу зангүй, төлөв даруу зантай, ямар ч байсан их л дуугүй хүн. Сагсан бөмбөг тоглох дуртай. Миний ахад ямар нэгэн муу зуршил гэх юм байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 тал/,  Б.А-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 59 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тоггоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хохирогч Ц.Б-ын биед “доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийин няцрал, хуйханд шарх, цээжинд цус хурал” гэмтэл учирсан нь хэргийн 34 дэх талд авагдсан шинжээч эмчийн 0000 дугаартай дүгнэлтээр нотлогдсон ба энэ гэмтэл нь шүүгдэгч Б.А-хохирогчийн духан тус газарт цохисон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Б.А-гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгчийн 2019 оны 3 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Москва их дэлгүүрийн урд иргэн Ц.Б-ын биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Б.А-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэпг шүүгдэгч Б.А-нь “хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна” гэж мэдүүлж оролцсон бөгөөд шүүгдэгч Б.А-хохирол төлбөрт 200.000 төгрөгийг нөхөн төлсөн. Хохирогч Ц.Б- нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Б.А-нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.   

 

Шүүгдэгч Б.А-гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Б.А-т танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Б.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.А-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т  овогт Б-гийн А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.А-цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ц.Б-од 200.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-т  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА