Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2025/02122

 

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 191/ШШ2025/08969 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******-д холбогдох,

Даатгалын гэрээний үүрэгт 104,164,640 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Миний бие 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн өмчлөлийн *******-JK ******* улсын дугаартай машинаар Дундговь аймгийн Луус сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Даланзадгадаас Улаанбаатар чиглэлд зорчиж яваад осолд орсон. Осол болсон даруйд даатгалын гэрээнд заагдсан үүргийнхээ дагуу Цагдаагийн байгууллага болон *******-д мэдэгдсэн. *******-ийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дугаар 23/1156 шийдвэрээр тээврийн хэрэгслийн даатгалын №0136420151727342 тоот гэрээний 5 дугаар заалт 10d-т тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангасны үндсэн дээр замын хөдөлгөөнд оролцох, 16-д гадны хүчин зүйлийн нөлөөгүй буюу даатгалын зүйлийн өөрийн үйлдвэрийн эвдрэл, гэмтэл, доголдол, ердийн элэгдэлтэй холбоотой хохирол гэсэн үндэслэлээр нөхөн төлбөр олгохгүй байх шийдвэр гаргасныг үндэслэлгүй гэж үзэн тухайн осол нь тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаас болж үүсээгүй асфальтан зам дээр явж байхдаа үүссэн ослоос болж буюу ослын газар ирсэн Дундговь аймгийн Луус сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч *******ын гаргасан тодорхойлолтын дагуу Осол гарах үед тээврийн хэрэгслийн жолооч нь зогсоох арга хэмжээ авсан ба /Тооромз шарвалтын мөр нь 21,90 м/ автомат тэнхлэг тохируулагч эвдэрч замын хажуу руу орж онхолдсон гэж тодорхойлсон бөгөөд ердийн элэгдэл хорогдолтой огт холбоотой биш гэж үзэн Санхүүгийн зохицуулах хороонд 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гомдол гаргасан.

Гомдлыг Санхүүгийн зохицуулах хороо хянан үзээд 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 3/4180 тоот шийдвэрээр нөхөн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл ******* нь иргэний шүүхийн журмаар асуудлыг шийдвэрлүүлнэ гэсэн хариу өгсөн. Иймд, хариуцагчаас миний машинд учирсан бодит хохирол болох 104,164,640 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Даатгуулагч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Дундговь аймаг, Луус сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, Даланзадгадаас Улаанбаатар орох чиглэлийн замд ******* улсын дугаартай ******* маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үед нь тээврийн хэрэгслийн хянах самбар дээр тэнцвэржүүлэгч ажиллахгүй байгааг илтгэх шар гэрэл ассан ба цааш 2 км орчим яваад тээврийн хэрэгсэл замын хажуу руу унаж осолдсон тухай дуудлага өгч, үүний дагуу 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 18:00 цагийн орчим манай шуурхай дуудлагын ажилтан очиж үзлэг баримтжуулалт хийсэн.

Дээрх тохиолдолд холбогдох баримтуудыг судалж үзэхэд, ослын газар үзлэг хийсэн Дундговь аймгийн Замын цагдаагийн тасгийн 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн №11 дугаар тодорхойлолтод ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалтыг зөрчиж, автомат тэнхлэг тохируулагч нь эвдэрсэн гэх шар гэрэл ассан, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг үргэлжлүүлэн унаж хөдөлгөөнд оролцож яваад замын хажуу руу унаж осолдсон нь үнэн болно гэж тодорхойлсон байх тул даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр олгох боломжгүй юм.

Иймд, *******-аас тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөрт 104,164,640 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т заасныг баримтлан хариуцагч *******-д холбогдох даатгалын нөхөн төлбөрт 104,164,640 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 679,633 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Тухайн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн үргэлжлэх явцад хянах самбар дээр шар гэрэл ассан тохиолдол бүрийг аюул саад гэж үзэх, эсэх, тухайн тохиолдолд тээврийн хэрэгслийг зайлшгүй зогсоох арга хэмжээ авах, эсэх талаар зохицуулсан хууль, журам, дүрэм, стандарт байхгүй байхад гэрээний зөвхөн нэг тал даатгалын компанийн дуудлагын ажилтны үзлэгийн тэмдэглэл дэх асуумж, хариултад үндэслэн шүүхээс нэхэмжлэгч талд бурууг тохон дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хуулийн үндэслэлгүй.

Аюул саад гэдгийг хянах самбар дээр шар гэрэл ассан тохиолдол бүрийг үзэж огт болохгүй бөгөөд энэ нь тухайн тохиолдолд тээврийн хэрэгсэл замын нөхцлөөс шарваж эхэлсэн үе юм. Гэтэл энэ үед жолооч тухайн тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авч тормоз дарсан /асуумжид тогтоох гэж оролдсон гэдэг, тормоз шарвалтын мөр гарсан/ нь Дундговь аймгийн Луус сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч *******ын гаргасан тодорхойлолтод: осол гарах үед тээврийн хэрэгслийн жолооч нь зогсоох арга хэмжээ авсан ба /Тормоз шарвалтын мөр нь 21.90 м/ автомат тэнхлэг тохируулагч эвдэрч замын хажуу руу онхолдсон, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан гэж авагдсанаар нотлогддог.

4.2. Тус даатгалын компанийн дуудлагын ажилтны үзлэгийн тэмдэглэлийн асуумж хэсэг Хэр хэмжээний зайнаас та аюулыг харсан бэ ? гэхэд гэхэд 1 км-ийн өмнөөс гэж хариулсан бөгөөд ослын шалтгаан бичих гэсэн хэсэг: шарваад жолоодлого алдаад жалга руу орсон, тогтоох гэж үзсэн, том чулуу байсан гэж хариулт өгснийг баталгаажуулж гарын үсэг зуруулсан атлаа түүний арын дүгнэлт хэсэг тухайн гэрэл ассанаас хойш 2-3 км яваад хойд хоёр дугуй нь шарваж эхэлсэн... гэв гэх түүний өмнөх хариултаас зөрүүтэй өгүүлбэрийг даатгалын төлөөлөгч нэмж оруулсныг даатгуулагч огт зөвшөөрдөггүй, энэ хэсгийг түүнд огт танилцуулаагүй. Ийнхүү дүгнэлт хэсэг нь асуумж, хариултаас зөрүүтэй авагдсан, зөвхөн даатгагч компанийн нэг талын санаачилгаар хийгдсэн зөрчилтэй баримт бичгийг шүүхээс маргаан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий цорын ганц нотлох баримт болгон авч дүгнэсэн нь хуулийн үндэслэлгүй.

Нөгөөтэйгүүр, даатгалын төлөвлөгчийн тэмдэглэл дэх асуумжид даатгуулагч жолооч хариулт өгөх үедээ осолд орсноос айдас цочролд автаж санаа сэтгэл нь тогтворжоогүй байхад авсан асуумж, зөрчилтэй дүгнэлт учраас шүүх түүнийг нотлох баримтаар үнэлж шийдвэрийн үндэслэл болгосон нь шударга ёсны зарчимд огт нийцээгүй гэж үзнэ.

4.3. Даатгалын гэрээний 5 дугаар зүйлийн 5.10.d тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангасны үндсэн дээр замын хөдөлгөөнд оролцох гэсэн шаардлагыг хангаагүй болон гэрээний , 5.16-д гадны хүчин зүйлийн нөлөөгүй буюу даатгалын зүйлийн өөрийн үйлдвэрийн эвдрэл, гэмтэл, доголдол, ердийн элэгдэлтэй холбоотой хохирлын улмаас үүссэн хохирол гэх хариуцагчийн хариу тайлбарыг батлах үндэслэл бүхий нотлох баримт хавтаст хэрэгт oгт авагдаагүй бөгөөд харин тухайн хариу тайлбар нь хавтаст хэргийн 10 дугаар хуудсанд авагдсан тухайн тээврийн хэрэгсэлд засвар хийсэн *******-ийн 11 дүгээр сарын 13-ны өдрийн засварын нэхэмжлэх баримт /засварласан эд ангийг нэр төрөл, үнийн дүнгээр нь жагсааж бичсэн/, мөн хавтаст хэргийн 13 дугаар хуудсанд авагдсан Цагдаагийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч *******ын гаргасан тодорхойлолт, *******-ны 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн засвар үйлчилгээний нэхэмжлэх /моторын тос, маслын болон салоны шүүр солиулсан нь тодорхой байдаг/, хавтаст хэргийн 109 дүгээр хуудсанд авагдсан *******-ийн гүйцэтгэх захирал *******гийн гаргасан тодорхойлолт, Луус сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч гэрч *******аас авсан гэрчийн мэдүүлэг, тухайн тээврийн хэрэгслийн жолооч, нэхэмжлэгч *******ийн шүүх хуралдаанд өгсөн тайлбараар тус тус няцаагддаг.

Түүнчлэн, Даатгалын нөхөн төлбөрийн тухай Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 9/4180 дугаар албан бичигт: ... тээврийн хэрэгслийг жолоодон явж байх үедээ... зам тээврийн осолд орж даатгалын зүйлд хохирол учирсан байх бөгөөд... талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээний 5.3-т Даатгуулагч, эсвэл жолооч даатгалын тохиолдолд бий болох нөхцөл орчныг бүрдүүлсэн, даатгалын зүйлд санаатайгаар учруулсан хохирол, 5.10.6 Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн байдлыг хангасны үндсэн дээр замын хөдөлгөөнд оролцох, 5.10.16-д гадны хүчин зүйлийн нөлөөгүй буюу даатгалын зүйлийн өөрийн үйлдвэрийн эвдрэл, гэмтэл, доголдол, ердийн элэгдэлтэй холбоотой хохирол гэж үзэн нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэхээр байна.

Даатгуулагч нь тухайн тээврийн хэрэгслийг 230,000,000 төгрөгөөр үнэлэн 2023 оны 02 дугаар сараас эхлэн жил бүр даатгалын төлбөрт 2,230,000 төгрөгийг жил бүр төлж, *******-ийн дансанд нийт 6,690,000 төгрөгийг төвлөрүүлж, гэрээнд заасан даатгуулагчийн үүргийг хангалттай биелүүлж ирсэн. Гэтэл даатгагч гэрээнд заасан даатгалын нөхөн төлбөр төлөх үүргээ биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан.

Түүнчлэн, хариуцагч Дундговь аймгийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлагч ын 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 11 дугаартай тодорхойлолтыг үндэслэн маргаж даатгалын төлбөр төлөхөөс татгалздаг боловч тэрээр ослын газар биечлэн очоогүй, ослын газарт очсон хэсгийн төлөөлөгч *******аас ослын талаар тодруулаагүй атлаа таамаглалаар үндэслэлгүй тодорхойлолт гаргасан нь Дундговь аймгийн Луус сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч *******ын шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр тогтоогддог тул түүнийг нотлох баримаар үнэлэх боломжгүй гэж үзнэ. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Даатгалын компани осолтой холбоотой үзлэг болон баримт үйлдэх, шинжээч томилуулах арга хэмжээ аваагүй, нөхцөл байдлыг тодруулаагүй гэж ярьдаг. Тухайн ослын үед нэхэмжлэгч цагдаагийн байгууллагаар шалтгаан нөхцөлийг тогтоолгохгүй, даатгалын байгууллагад зориулсан тодорхойлолт авна гэх гар өргөдөл бичиж өгсөн байдаг. Үүнтэй холбоотойгоор шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч хэрэгт осолтой холбоотой ямар нэгэн баримт байхгүй учраас шинжээч дүгнэлт гаргах боломжгүй гэх хариу өгсөн. Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр тодорхой төрлийн эрсдэлийг хамгаалсан боловч нөхөн төлбөр олгохгүй нөхцөл байдал буюу ямар тохиолдолд нөхөн төлбөр олгох боломжгүй вэ гэдэг нөхцөл байдлыг тусгаж өгсөн. Үүнтэй холбоотойгоор даатгагчийн хувьд даатгалын гэрээний 5.10, 5.16, 5.23 буюу даатгуулагч нөхөн төлбөрийн баримт материалыг бүрдүүлж өгсөн боловч ослын шалтгаан тодорхойгүй, цагдаагийн байгууллагаас тухайн ослын шалтгаан нөхцөлийг тогтоогоогүй тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй нөхцөлд хамаарна гэж заасан учраас даатгагчийн хувьд нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан даатгалын гэрээний үүрэгт 104,164,640 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

2. Анхан шатны шүүх, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад, мөн нэхэмжлэгч нь чухам хэн болохыг тодруулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

3. ******* нь *******-тай байгуулсан 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 0136420151727342 дугаартай Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-гээр ******* улсын дугаартай *******-JK маркийн автомашиныг 223,000,000 төгрөгөөр үнэлж, даатгалын хураамжид 2,230,000 төгрөг төлөхөөр, 2031 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаагаар даатгуулахаар талууд харилцан тохиролцсон.

 

3.1. Мөн тэрээр *******-аас 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр авто тээврийн хэрэгсэл худалдан авах зориулалттай зээлийн гэрээгээр 168,000,000 төгрөгийг авч, улмаар энэ өдөр барьцааны гэрээ байгуулж, ******* улсын дугаартай *******-JK маркийн автомашиныг тус банкны нэр дээр бүртгүүлжээ.

 

4. Хэдийгээр даатгалын гэрээний зүйл болох ******* улсын дугаартай *******-JK маркийн автомашины эзэмшигчээр ******* нь бүртгэлтэй байх боловч ******* нь иргэн *******тэй дээрх тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулсан байна.

 

4.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд тухайн тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг ******* байгуулсан, түүний банкнаас авсан зээлийн барьцааны гэрээний зүйл болох тээврийн хэрэгсэл нь өөрийнх нь өмчлөлийн зүйл бөгөөд гэрээний зүйлийг банк бодитойгоор гаргуулан авсан эсэх нөхцөл байдлыг тодруулаагүй байна.

 

Өөрөөр хэлбэл, үүргийн гүйцэтгэлийг хангах аргын төрлөөс хамаарч даатгалын гэрээний зүйл болох тус тээврийн хэрэгслийг ******* нь бодитоор гаргуулан авсан, аль эсхүл төлбөртөө тооцож авахаар тохирч тийнхүү хүлээн авсан бол өмчлөгч гэж үзэж болно.

 

4.2. Энэ тохиолдолд *******-ийн эрх ашиг зөрчигдсөн гэх нөхцөл байдал тодруулаагүй байх ба анхан шатны шүүх нэхэмжлэгч солих эсэх асуудлыг тодруулах ажиллагааг хийгээгүй байна. Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч уг нэхэмжлэлийг гаргах эрхгүй, эсхүл хариуцагч уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрснөөр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийг жинхэнэ нэхэмжлэгчээр, хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар тус тус сольж болно гэж заасныг шүүхээс хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

5. Түүнчлэн, хэргийн 35-40 дүгээр талд автомашины засвар үйлчилгээний үнийн санал гэх гадаад хэл дээрх баримт авагдсан байхад шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулж, төрийн албан хэрэг хөтлөх бичгээр бичиж баримтжуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.4 дэх хэсэгт нийцээгүй байна.

 

6. Нөгөөтэйгүүр, даатгалын тохиолдлын улмаас гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийн ямар, ямар эд ангиуд хэрхэн эвдэрч, гэмтсэн болохыг тогтоогдоогүй байна.

 

7. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцээх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 191/ШШ2025/08969 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 678,774 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ