Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 819

 

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Боорчи хөтлөн,

Улсын яллагч: Г.Билгүүжин,

Шүүгдэгч: Б.Л-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О  овогт Б-ын Л- холбогдох эрүүгийн 190501750000 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 2000 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Монгол улсын Боловсролын их сургуулийн Сургуулийн өмнөх боловсролын 3 дугаар курсийн оюутан, цэцэрлэгийн багш, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Хан-уул дүүргийн 10 дугаар хороо, 11 гудамж 000 тоотод оршин суух хаягтай /          / О  овогт Б-ын Л-.

 

Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч Б.Л-нь 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 13 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Сургуулийн өмнөх боловсролын сургууль дотор иргэн Д.Н-ийн эзэмшлийн Хаан банкны 5059447239 дансны дугаартай картыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авч, уг картнаас тухайн өдрөө АТМ-аас 4 удаагийн гүйлгээгээр 490.000 төгрөгийг бэлнээр авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Л-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч Б.Л-нь 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 13 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Сургуулийн өмнөх боловсролын сургууль дотор иргэн Д.Н-ийн эзэмшлийн Хаан банкны 50594000000 дансны дугаартай картыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авч, уг картнаас тухайн өдрөө АТМ-аас 4 удаагийн гүйлгээгээр нийт 490.000 төгрөгийг бэлнээр авсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Хохирогч Д.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороо Монгол улсын Боловсролын Их сургуулийн Сургуулийн өмнөх боловсролын сургууль дээр ангидаа 10 цагийн үед ирээд хичээлдээ суучихаад бие даалтын 111 тоот өрөө рүү хамт хичээлд ордог Л-ын хамт 11:40 минутын үед орж хичээлээ хийж байсан юм. Бид хоёр цуг нэг ширээнд суусан ба Л- миний пиналнаас үзэг аваад буцаж тавиад хэсэг хугацааны дараа Л- эмээ рүүгээ явлаа гээд явчихсан. Тэгээд би Л-ыг явсанаас хэсэг хугацаа өнгөрөөд цайны газар руу орж бэлэн мөнгөөр ундаа авчихаад мөнгөө пинал руугаа хийчихээд байж байхад миний утсанд Хаан банкны виза картнаас 400.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн ба дараа нь 10.000 төгрөгөөр 1 удаа, 40.000 төгрөгөөр 2 удаа нийт 490.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн байна гэсэн мессэж ирсэн. Пиналандаа өөрийн Хаан банкны виза картаа үзтэл миний карт байхгүй байсан. Би өөрийн Хаан банкны виза картаа 2019 оны 4 дүгээр сарын 22-ны орой пиналандаа үзэхэд байсан. Би байнга пиналандаа картаа хийж авч явдаг юм. Би картаа өөрөө хаясан байх боломжгүй. Миний Хаан банкны нууц үгийг надаас өөр хүн мэдэхгүй. Би тухайн өдөр надтай хамт сууж хичээл хийж байсан Л-ыг сэжиглэж байна. Тухайн үед надтай хамт сууж байхдаа миний пиналыг авч дотроос нь үзэг авч байсан. Удалгүй Л- яваад миний картнаас мөнгө алдагдсан. Л- 4 дүгээр сарын 23-наас хойш хичээлдээ ирээгүй…” гэх мэдүүлэг /хх-ийн 9, 21 тал/

 

Хаан банкны АТМ-аас хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 38 тал/

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 22-34 тал/,

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх шүүгдэгч, хохирогч нарын бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 69-70 тал/,

 

Шүүгдэгч Б.Л-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Би хохирлоо бүрэн барагдуулж хохирогчтой эвлэрсэн. 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн бие даалтын өрөөнд Нарангэрэл гэх нөгөө ангийн охины пинал буюу үзэг хийх савнаас нь Хаан банкны виза картыг авсан. Драгон худалдааны төв рүү яваад АТМ-аас данснаас нь 400.000 төгрөгийг авсан. Би Нарангэрэлтэй хамт дэлгүүр орохдоо худалдагчид хэлж байхыг нь сонссон. Надад мөнгөний хэрэг байсан. Би дадлагат гарахад шинжилгээний мөнгө хэрэгтэй байсан учир хулгай хийсэн. Би хохирлоо 7 хоногийн өмнө барагдуулсан. Манай аав Нарангэрэлийн данс руу хохирлын мөнгө 490.000 төгрөгийг хийсэн... ” гэх мэдүүлэг /хх-ийн 58 тал/ хамаарна.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор гэрч Н.П-ийн: “...Л- нь 2000 оны 5 дугаар сарын 17-ны Говь-Алтай аймгийн төрөх тасагт төрсөн 2003 онд Улаанбаатар хотод нүүж ирсэн Хан-Уул дүүрэг 10 дугаар хороо Морингийн даваа 11 гудамж 000 тоотод оршин суудаг доороо нэг эрэгтэй дүүтэй 17 настай, хүнсний коллежид сурдаг. Л- нь 2004-2006 он хүртэл Хан-Уул дүүргийн 49 дүгээр цэцэрлэгт явж байгаад 2006 онд Хан-Уул дүүргийн 10-р хороо Буянт-Ухаа цогцолбор 7-р сургуульд элсэн орж 2017 онд 12 дугаар ангиа төгсөөд Баянгол дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт байрлах МУБИС-н харьяа сургуулийн өмнөх боловсролын сургуульд элсэн орж одоо 0 дугаар курст суралцаж байгаа. Манай том охин Л- өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Гэрээсээ сураггүй алга болж байгаагүй. Манай охин Л- ямар нэгэн буруу зуршил байхгүй. Шөнө оройн цагаар гэрээсээ гардаггүй гайгүй хүмүүжилтэй хүүхэд...” гэх мэдүүлэг /хх-ийн 46 тал/, Б.Л-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 61 тал/, Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Сургуулийн Өмнөх Боловсролын сургуулийн тодорхойлолт /хх-ийн 64 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                    

 

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Б.Л-нь 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 13 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Сургуулийн өмнөх боловсролын сургууль дотор иргэн Д.Н-ийн эзэмшлийн Хаан банкны 5059440000 дансны дугаартай картыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авч, уг картнаас тухайн өдрөө АТМ-аас 4 удаагийн гүйлгээгээр 490.000 төгрөгийг бэлнээр авсан нөхцөл байдал тогтоогджээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

 Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Л-ын дээрх үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

 

Шүүгдэгч Б.Л-ын бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар хууль бусаар авсан дээрх үйлдлийн улмаас хохирогчид 490.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан “бага хэмжээний хохирол”-оос дээш хохирол учирсан гэж үзнэ. 

 

Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч Б.Л-ыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Л-гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Л-“хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлж оролцсон болно.

 

Шүүгдэгч Б.Л-нь хохирогчид хохирол төлбөрт 500.000 төгрөг төлж барагдуулсан нь хохирогч Д.Н-ийн мэдүүлгээр нотлогдож байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг арилсан, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Б.Л-хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.Л-гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Б.Л- талуудын тохиролцсон ялын саналын хүрээнд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч Б.Л-шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг СД-г хэрэгт хавсаргах нь зүйтэй.

 

   Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Л- өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О  овогт Б-ын Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

         2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л- 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Л- мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Л-нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг СД-г хэрэгт хавсаргахаар тогтсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Л- авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.БОЛОРТУЯА