Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнджавын Байгалмаа |
Хэргийн индекс | 159/2017/0016/З |
Дугаар | 159/ШШ2017/0021 |
Огноо | 2017-08-04 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 159/ШШ2017/0021
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Байгалмаа би нэхэмжлэгч “*******” ХХК-ний нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдох “Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн захиргааны акт гаргахаас татгалзсан 1/575 тоот захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэрийн хүчингүй болгож захиргааны акт гаргахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь барилгын материалын үйлдвэрлэл явуулах зорилгоор Сэлэнгэ аймгийн Баянгол, Орхонтуул сумдын нутагт дараах солбилцол болох 4 байршилд Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх зөвшөөрөл авахаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь заалтын дагуу Сэлэнгэ аймгийн Засаг даргад хүсэлт гаргасан юм…
Сэлэнгэ аймгийн Засаг дарга манай компаний хүсэлтэнд 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1/575 тоот албан тоотоор Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх зөвшөөрөл хүссэн өргөдлийг хянаж дүгнэлт гаргахгүй болсон талаар мэдэгдэж захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр өгсөн.
2014 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр батлагдан мөрдөгдөж буй Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг хүчингүй болоогүй, үйлчлэлийг түр зогсоох шийдвэрийг Улсын Их хурлын нэгдсэн чуулганаар гараагүй үед түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, эрх зүйн орчин боловсронгуй болох хүртэл хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй гэсэн үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хянаж дүгнэлт гаргахаас татгалзсан шийдвэрийг манай компаний зүгээс хууль бус гэж үзэж байна.
Одоогийн мөрдөгдөж буй хуулиар хайгуулын тусгай зөвшөөрлийг хэзээ олгох, хэзээ өргөдөл, хүсэлт авах, хянах талаар хугацаа заасан зохицуулалт байхгүй бөгөөд иргэн, хуулийн этгээд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө аймаг, нийслэлийн засаг даргад чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Энэ ч үүднээс манай компани хуулиар олгогдсон эрхийн дагуу түгээмэл тархацтай ашигт малтмал хайх тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу хүссэн. Засаг даргын энэхүү хууль бус шийдвэр нь компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, цаашид хийгдэх хөрөнгө оруулалт гацах, үйл ажиллагаа тодорхой бус хугацаагаар зогсох, үүнээс шалтгаалан бизнес төсөл нурах, үр ашиггүй болох эрсдэл, хохирол үүсч байна.
Иймд Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1/575 албан тоотоор манай компанид ирүүлсэн хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, захиргааны акт гаргахыг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“*******” ХХК-ний “Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1/575 тоот шийдвэрийг хүчингүй болгож, захиргааны акт гаргахыг даалгах” гэсэн нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж дараах 3 үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй тухай хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:
1. Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн Байнгын Хорооны 2017 оны 02 сарын 01-ний өдрийн “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” 02 дугаар тогтоолоор“Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай" хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хүртэл хугацаанд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл шинээр хүлээн авахгүй байх мөн тусгай зөвшөөрөл олгохгүй байх”-аар шийдвэрлэсэн.
2. Монгол Улсын Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 02 сарын 21-ний өдрийн 01/443 албан тоотоор “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хүртэл хугацаанд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл шинээр хүлээн авахгүй байх, мөн тусгай зөвшөөрөл олгохгүй байх үүрэг чиглэлийг аймгийн Засаг даргад өгсөн.
3. Ашигт малтмал, газрын тосны газраас 2017 оны 02 сарын 21-нээс хойш аж ахуйн нэгжийн өргөдөл хүсэлтийг хүлээн авч программд шивэлт хийхгүй болохыг анхааруулж үүрэг өгсөн.
4.Ийнхүү Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны тогтоол болон Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Ашигт малтмал, газрын тосны газраас өгсөн үүрэг чиглэлүүдийг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалтын дагуу хэрэгжүүлж, тус компаний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй болсон бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
5.Аймгийн Засаг даргад ирүүлсэн Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 02 сарын 21-ний өдрийн 01/443 албан тоот Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн Байнгын Хорооны 2017 оны 02 сарын 01-ний өдрийн Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай 02 дугаар тогтоолын хуулбар нийт 2 хуудас аймгийн Засаг даргын 2017 оны 1/575 тоотын хуулбар 1 хуудас нийт 3 хуудас материалыг нотлох баримт болгон хавсаргав гэжээ.
Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: “*******” ХХК-ийн зүгээс Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдуулан нэхэмжлэл гаргасан билээ. Нэхэмжлэгч манай компани нь нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн хэмжээгээр татгалзаж энэ тухайгаа бичгээр илэрхийлсэн нь хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, “*******” ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагаар үүсгэсэн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан “*******” ХХК-ний нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан ““Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн захиргааны акт гаргахаас татгалзсан 1/575 тоот захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэрийн хүчингүй болгож захиргааны акт гаргахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд захирамжинд гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Ц.БАЙГАЛМАА