Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2026/0109

 

 

“О***” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Өмнөговь аймгийн Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:                    Г.Банзрагч

Шүүгчид: Танхимын тэргүүн Д.Мөнхтуяа

                                                  Д.Батбаатар

                                                  П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                         М.Батсуурь

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 120/ШШ2026/0020 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2026/0426 дугаар магадлал,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 001/ШХТ2026/0366 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Сүхбаатар (№0675), Б.Халиун (№21***), хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М*** (цахим), түүний өмгөөлөгч Б.Оюунтунгалаг (№0991 цахим) нарыг оролцуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.    

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлага:

1.“О***” ХХК-аас Өмнөговь аймгийн Засаг даргад (цаашид “Засаг дарга” гэх) холбогдуулан “... Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 1*** дугаар тогтоолыг (3 дахь заалт) зохих ёсоор биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус тогтоолыг биелүүлэхийг Өмнөговь аймгийн Засаг даргад даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хэргийн нөхцөл байдал:

2.Монгол Улсын Засгийн газрын (цаашид “Засгийн газар” гэх) 2011 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” 1*** дугаар тогтоолын 1 дэх заалтаар: “О***” зэрэг ашигт малтмалын томоохон төслийг хэрэгжүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо, Ханхонгор, Манлай, Цогтцэций сумдын нутагт зам, гүний усны шугам хоолой, харилцаа холбооны дэд бүтцийн барилга байгууламж болон цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих *** га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, хилийн заагийг хавсралт ёсоор тогтоож;

2 дахь заалтаар: Энэ тогтоолын дагуу улсын тусгай хэрэгцээнд авсан газартай давхацсан иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж, өмчилж байгаа газрын нөхөн олговрыг зохих хууль тогтоомжийн дагуу тооцож олгох арга хэмжээ авахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт нарт даалгаж;

3 дахь заалтаар: “О***” төслийг хэрэгжүүлэхтэй холбогдсон зам, гүний усны шугам хоолой, харилцаа холбооны дэд бүтцийн барилга байгууламж болон цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих талбайн ерөнхий төлөвлөгөөг боловсруулан, тухайн орон нутгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах арга хэмжээ авч, дүнг 2011 оны III улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа нарт даалгасан байна.

3.Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 120/ШШ2026/0020 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 3, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “О***” ХХК-аас гаргасан “Өмнөговь аймгийн Засаг дарга Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 1*** дугаар тогтоолыг зохих ёсоор биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус тогтоолыг биелүүлэхийг мөн аймгийн Засаг даргад даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 120/ШШ2026/0020 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М***-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг 2026 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Улсын дээд шүүх хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 001/ШХТ2026/0366 дугаар тогтоолоор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” эсэх гэсэн үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:

6.Нэхэмжлэгч “О***” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М***-ээс Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 120/ШШ2026/0020 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2026/0426 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын гомдлыг (агуулгаар нь тусгав) гаргажээ. Үүнд:

6.1.Шүүхүүд “хариуцагч Өмнөговь аймгийн Засаг дарга эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй тухайд: Засгийн газрын 2011 оны 1*** дугаар тогтоолын 3 дахь заалтаар “О***” төслийг хэрэгжүүлэхтэй холбогдсон дэд бүтцийн байгууламжийн талбайн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, тухайн орон нутгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах арга хэмжээ авч, дүнг Засгийн газарт танилцуулахыг Өмнөговь аймгийн Засаг даргад даалгасан. Тус газрыг тусгай хэрэгцээнд авсан тогтоол өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээр үйлчилж байгаа.

6.2.Хариуцагч нь тогтоолын дээрх заалтыг хэрэгжүүлэхгүй, өөрт нь тусгайлан хүлээлгэсэн үүргээ зохих журмын дагуу биелүүлэхгүй байгаа нь захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүй юм. Тогтоолын дээрх заалтын дагуу хариуцагч нь тогтоолд дурдсан байршилд талбайн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, Өмнөговь аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэгтэй болно. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхүүд Засгийн газрын 1*** дугаар тогтоолын 3 дахь заалтаар тус тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотой авч хэрэгжүүлэх арга хэмжээг аймгийн Засаг даргад тусгайлан хүлээлгэсэн гэж үзээгүй гэсэн эрх зүйн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй.

6.3.Засгийн газрын 1*** дугаар тогтоолоор тодорхой газар нутгийг тусгай хэрэгцээнд авсантай холбоотойгоор тусгай хэрэгцээний газрыг аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулж, тухайн газарт улсын тусгай хэрэгцээний газарт баримтлах дэглэм, журмыг баримтлах үүргийг хүлээлгэсэн, тусгай хэрэгцээнд авсан зориулалтаас өөр зориулалтаар бусад этгээдэд эзэмшүүлж, ашиглуулж болохгүй болох нь тухайн үеийн болон одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомж, холбогдох журамд тодорхой заагдсан. Гэтэл хариуцагчаас Засгийн газрын тогтоолыг биелүүлж, аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд улсын тусгай хэрэгцээний газрыг тусгаагүйгээс шалтгаалан улсын тусгай хэрэгцээний газарт сумын Засаг даргаас газар эзэмших эрх олгож, улмаар Засгийн газрын тогтоолоор хэрэгжүүлэхээр заасан “О***” төслийн үйл ажиллагаанд саад учруулах улмаар хэвийн хэрэгжих боломжгүй болох нөхцөл байдлыг бий болгосон. Ийнхүү хариуцагчаас эс үйлдэхүй гаргасан болох нь илэрхий тодорхой бөгөөд үүний улмаас эрх зүйн үр дагавар үүсч, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж, Засгийн газрын тогтоол хэрэгжихгүй байх нөхцөл бий болсон.

6.4.Эдгээр нь хэрэгт цугларсан нотлох баримтууд, өөр бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа байдал зэргээр тодорхой болсон байтал анхан болон давж заалдах шатны шүүхээс Засгийн газрын 2011 оны 1*** дугаар тогтоолд заасан байршлын талбайн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах, газрыг чөлөөлөх зэрэг үүргийг тусгайлан зөвхөн аймгийн Засаг даргад хүлээлгэсэн гэж үзэхээргүй байна гэж дүгнэж байгаа нь мөн үндэслэлгүй.

6.5.Барилгын талбайн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах, газрыг чөлөөлөх нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 20.2.1, 20.2.3, 20.2.7, 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар аймгийн Засаг даргын хэн нэгэнтэй үл хуваалцах бүрэн эрхийн асуудал юм.

6.6.Шүүхүүд хэрэглэх ёстой хуулийг хэрэглэж, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй тухайд: Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран нэгдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн  60.1.1, 66 дугаар зүйлийн 66.3, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 20.2.3, 20.2.7, 57 дугаар зүйлийн 57.4, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар аймгийн Засаг дарга нь хууль тогтоомж болон Засгийн газрын шийдвэрийг биелүүлэх, хэрэгжүүлэх үүрэгтэй. Хариуцагч нь хуулиар хүлээсэн дээрх үүргээ биелүүлэхгүй эс үйлдэхүй гаргаж байгаа болно.

6.7.Гэтэл анхан шатны шүүх дээрх хууль тогтоомжийг хэрэглэж маргаантай асуудалд дүгнэлт хийгээгүй бөгөөд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн алдааг засаагүй нь захиргааны шүүх хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан гэж үзэх үндэслэлтэй.

6.8.Шүүхүүд “... тухайн маргааны бүхий л нөхцөл байдлыг бүрэн гүйцэд, буруу тайлбарлаж хэрэглэсэн” тухайд: Нэхэмжлэгчээс хариуцагч Өмнөговь аймгийн Засаг дарга нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа болон хууль тогтоомжийг үндэслэн гарсан Засгийн газрын 2011 оны 1*** дугаар тогтоолоор өөрт нь тусгайлан хүлээлгэсэн үүргээ зохих журмын дагуу биелүүлэхгүй эс үйлдэхүй гаргаж байгаатай холбогдуулан маргасан буюу нэхэмжлэгчээс Засгийн газрын 1*** дугаар тогтоолыг зохих ёсоор биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус тогтоолыг биелүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

6.9.Гэтэл анхан шатны шүүхээс “тухайн маргаан бүхий тогтоолыг хэрэгжүүлэх, биелүүлэх боломжгүй байсан” гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Шүүхүүд маргааны агуулгыг буруу тодорхойлж, Засгийн газрын 1*** дугаар тогтоол хүчин төгөлдөр байгаа эсэх асуудлыг дүгнэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэж үзэхээр байна. Бодит нөхцөлд Засгийн газрын 2011 оны 1*** дугаар тогтоолыг газар зүйн мэдээллийн нэгдсэн санд бүртгэсэн бөгөөд уг тогтоолыг биелүүлэх боломжгүй байсан гэж дүгнэсэн нь бодит байдалтай зөрүүтэй.

6.10.Иймд шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

7.Хариуцагчаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж бичгээр тайлбар гаргаагүй.

ХЯНАВАЛ:

8.Анхан болон давж заалдах шатны шүүхүүд маргааны үйл баримтад холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

9.Хэрэгт авагдсан баримтаар Засгийн газрын 2011 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 1*** дугаар тогтоолоор “О***” зэрэг ашигт малтмалын томоохон төслийг хэрэгжүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо, Ханхонгор, Манлай, Цогтцэций сумдын нутагт зам, гүний усны шугам хоолой, харилцаа холбооны дэд бүтцийн барилга байгууламж болон цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих 263730 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, хилийн заагийг хавсралт ёсоор тогтоожээ.

10.Уг тогтоолын 3 дахь заалтаар “О***” төслийг хэрэгжүүлэхтэй холбогдсон зам, гүний усны шугам хоолой, харилцаа холбооны дэд бүтцийн барилга байгууламж болон цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих талбайн ерөнхий төлөвлөгөөг боловсруулан, тухайн орон нутгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах арга хэмжээ авч, дүнг 2011 оны III улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа нарт тус тус даалгасан байна.

11.Нэхэмжлэгчээс хариуцагчийг “Засгийн газрын 2011 оны 1*** дугаар тогтоолын 3 дахь заалтаар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй” гэж маргасан, харин хариуцагчаас “... уг тогтоолыг дангаараа хэрэгжүүлэх боломжгүй, холбогдох төрийн захиргааны төв байгууллагаас ерөнхий төлөвлөгөө ирүүлээгүй, тогтоолыг хэрэгжүүлэхэд бодит нөхцөл байдлын хүндрэл үүссэн, мөн доод шатны Засаг даргад чиглэл хүргүүлж, хууль бус шийдвэрийг хүчингүй болгосон тул эс үйлдэхүй гаргаагүй” гэж тайлбарлан маргажээ.

12.Нэг.Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран нэгдүгээр зүйлийн 1-д “Засаг дарга тухайн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхийн хамт засаг төрийн төлөөлөгчийн хувьд харьяа нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газар, харьяалах дээд шатныхаа байгууллагын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг Засгийн газар, дээд шатны Засаг даргын өмнө хариуцах” гэж, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8-д “Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй”, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д “аймгийн Засаг дарга хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг хангах ажлыг хариуцан зохион байгуулж, үр дүнг хариуцах”-аар тус тус зохицуулжээ.

13.Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.7-д газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулж хангах, улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг батлах бүрэн эрхийг Засгийн газарт, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 20.2.3, 20.2.7-д нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах, газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх, газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон доод шатны Засаг даргын хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, зөрчлийг арилгах арга хэмжээ авах бүрэн эрхийг Засаг даргад тус тус олгосон байна.

14.Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд Засгийн газраас газрын талаар төрөөс баримтлах нэгдсэн бодлогын хүрээнд батлан гаргасан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний шийдвэрийг аймгийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх, уг шийдвэртэй уялдуулан орон нутгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах арга хэмжээ авч, холбогдох төслийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулж хангах үүрэгтэй байна.

15.Энэ маргааны тухайд, Засгийн газрын 2011 оны 1*** дугаар тогтоолын 3 дахь заалтаар “О***” төслийг хэрэгжүүлэхтэй холбогдсон тухайн орон нутгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах арга хэмжээ авч ажиллахыг Өмнөговь аймгийн Засаг даргад даалгасан нь дээр дурдсан Газрын тухай хуульд заасан аймгийн Засаг даргад олгосон бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх үүрэгт хамаарах юм.

16.Гэтэл хариуцагч Өмнөговь аймгийн Засаг дарга нь Засгийн газрын 2011 оны 1*** дугаар тогтоол гарснаас хойш уг тогтоолын 3 дахь заалтаар хүлээлгэсэн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах, энэ талаар иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд санал боловсруулж, өргөн мэдүүлэх арга хэмжээ авах үүргээ хэрэгжүүлээгүй байна.

17.Анхан шатны шүүх “... Засгийн газрын 2011 оны 1*** дугаар тогтоолоос үзвэл, тус тогтоолын 1, 2 дахь заалт болон уг тогтоолд заасан байршлын талбайн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах, газрыг чөлөөлөх зэрэг үүргийг тусгайлан аймгийн Засаг даргад хүлээлгэсэн гэж үзэхээргүй байна” гэж, давж заалдах шатны шүүх “... тогтоолын хавсралтад зааснаар Оюу толгой төслийг хэрэгжүүлэхтэй холбогдсон зам, гүний усны шугам хоолой, харилцаа холбооны дэд бүтцийн барилга байгууламж болон цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих талбайн ерөнхий төлөвлөгөөг боловсруулан тухайн орон нутгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах арга хэмжээг авч ажиллах албан тушаалтан нь дан ганц Өмнөговь аймгийн Засаг дарга бус Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга байх бөгөөд энэ тохиолдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... ерөнхий төлөвлөгөө ирээгүй учраас тухайн орон нутгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах саналыг хүргүүлэх боломжгүй байсан ... энэ тогтоолыг хариуцагч дангаараа биелүүлэх боломжгүй гэх тайлбарыг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж дүгнэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.

18.Учир нь, Засгийн газрын 2011 оны 1*** дугаар тогтоолын 3 дахь заалтаар дэд бүтцийн барилга, байгууламж барих талбайн ерөнхий төлөвлөгөө боловсруулах үүргийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдад, харин орон нутгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах арга хэмжээ авахыг тухайн аймгийн Засаг даргад даалгажээ. Тодруулбал, дэд бүтцийн барилга байгууламж барих талбайн ерөнхий төлөвлөгөө нь тухайн төслийн инженерийн дэд бүтцийн байгууламжийн байршил, зохион байгуулалтыг төлөвлөхөд чиглэсэн бол орон нутгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах нь улсын тусгай хэрэгцээнд авсан газрын зориулалт, ашиглалтын дэглэмийг орон нутгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах, уг газрыг өөр зориулалтаар бусад этгээдэд эзэмшүүлэх, ашиглуулахгүй байх талаар газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чиглэсэн ажиллагаа юм, энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Засгийн газрын 1*** дугаар тогтоолоор тодорхой газар нутгийг тусгай хэрэгцээнд авсантай холбоотойгоор тусгай хэрэгцээний газрыг аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулж, тухайн газарт улсын тусгай хэрэгцээний газарт баримтлах дэглэм, журмыг баримтлах үүргийг хүлээлгэсэн, тусгай хэрэгцээнд авсан зориулалтаас өөр зориулалтаар бусад этгээдэд эзэмшүүлж, ашиглуулж болохгүй болох нь тухайн үеийн болон одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомж, холбогдох журамд тодорхой заагдсан” гэх гомдол үндэслэлтэй.

19.Иймд, Засгийн газраас “О***” төслийг хэрэгжүүлэх зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авсан газрын хэмжээ, байршил, хилийн зааг, зориулалтыг нэгэнт тогтоосон байхад “дэд бүтцийн барилга байгууламж барих талбайн ерөнхий төлөвлөгөөг ирүүлээгүй” гэх нөхцөл байдал нь аймгийн Засаг даргыг дээрх чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байх үндэслэл болохгүй.

20.Түүнчлэн Засгийн газрын 2024 оны 92 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Газар зохион байгуулалт хийх журам”-ын 2.1-д “Газар зохион байгуулалтыг дараах тохиолдолд хийнэ:” гээд 2.1.3-т “олон улс, улс, бүс нутгийг хамарсан томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх газрын хэмжээ, байршлыг тогтоох”, 3.5-д “Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө нь аймаг, нийслэл, сум, дүүргийн болон тусгай хэрэгцээний газрын газар зохион байгуулалтын төлөвлөгөөний үндэслэл болох бөгөөд газар зохион байгуулалтын бүх шатны төлөвлөгөөг ерөнхийгөөс эхлэн нарийвчлах зарчмаар нутаг дэвсгэрийн нэгж бүрээр боловсруулж хэрэгжүүлнэ”, 3.18-д “Дараах тохиолдолд газар зохион байгуулалтын холбогдох төлөвлөгөөнд энэ журамд заасан шаардлагад нийцүүлэн өөрчлөлт оруулж болно” гээд 3.18.1-д “Улсын Их Хурал, Засгийн газар, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас томоохон бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх шийдвэр гаргасны дагуу тодорхой газрыг ашиглах, чөлөөлөхөөр болсон тохиолдолд”, 5.2-т “улсын тусгай хэрэгцээнд авсан газрын ашиглалт, хамгаалалт, нөхөн сэргээлтийн асуудлыг газар зохион байгуулалтын холбогдох төлөвлөгөөнд тусгах”-аар тус тус заасан.

21.Журмын дээрх зохицуулалтаас үзэхэд дэд бүтцийн барилга байгууламж барих талбайн ерөнхий төлөвлөгөө боловсруулагдсан эсэх нь улсын тусгай хэрэгцээнд авсан газрыг орон нутгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах, түүнд өөрчлөлт оруулах арга хэмжээ авах урьдчилсан нөхцөл биш юм.

22.Нөгөө талаас, Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 06 дугаар тогтоолоор Засгийн газрын 2011 оны 1*** дугаар тогтоолыг хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, эсхүл хүчингүй болгох чиглэл өгсөн нь уг тогтоолыг Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зохицуулалттай нийцүүлэх асуудал байх бөгөөд “О***” төслийг хэрэгжүүлэх зорилгоор газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан төрийн бодлого, газрын зориулалт, хэмжээ, хилийн заагийг бүхэлд нь өөрчлөх агуулга тогтоогдохгүйн зэрэгцээ Засгийн газрын тогтоол одоо хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байна.

23.Мөн Засгийн газрын 2011 оны 1*** дугаар тогтоолтой холбоотой маргааныг шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 235 дугаар тогтоолд[1] “... Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.13, 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсэгт 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдөр өөрчлөлт орж, Засгийн газар нь үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх газрыг тусгай хэрэгцээнд авах эрхтэй болсон байна” гэж дүгнэсэн, уг тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгааг дурдах нь зүйтэй.

24.Хоёр.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж тус тус заасан.

25.Захиргааны байгууллага хууль бус эс үйлдэхүй гаргасан эсэхийг тогтоохдоо тухайн байгууллагаас аливаа ажиллагаа явуулсан, өргөдөл, гомдолд хариу өгсөн зэргээр хязгаарлахгүйгээр тухайн асуудлыг шийдвэрлэх талаар хуульд заасан эрх, үүрэгтэй байсан эсэх, уг үүргээ зохих журмын дагуу хэрэгжүүлсэн эсэх, хэрэгжүүлээгүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг дүгнэх учиртай.

26.Хэрэгт авагдсан баримтаар Өмнөговь аймгийн Засаг даргаас Ханбогд сумын Засаг даргад 2023, 2024 онд улсын тусгай хэрэгцээнд авсан газартай давхцуулан газар эзэмшүүлсэн захирамжуудыг хүчингүй болгох чиглэл хүргүүлж, улмаар 2024 оны А/1210 дугаар захирамжаар Ханбогд сумын Засаг даргын 2022 оны А/391 дүгээр захирамжийг хүчингүй болгосон үйл баримт тогтоогдсон, энэ нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлсэн үйл ажиллагаа боловч Засгийн газрын 2011 оны 1*** дугаар тогтоолыг бүрэн дүүрэн хэрэгжүүлсэн гэж үзэхээргүй байна.

27.Өөрөөр хэлбэл, улсын тусгай хэрэгцээнд авсан газартай давхцуулан газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгох нь нэгэнт үүссэн зөрчлийг арилгахад чиглэсэн ажиллагаа бол газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж, тухайн газрыг өөр зориулалтаар аливаа этгээдэд цаашид эзэмшүүлж, ашиглуулахгүй байх нь дээрх Засгийн газрын тогтоолын агуулга гэж үзэхээр байна.

28.Маргаан бүхий энэ тохиолдолд, нэхэмжлэгч “О***” ХХК-аас улсын тусгай хэрэгцээнд авсан газартай давхцуулан газар эзэмших эрх олгосон асуудлыг шийдвэрлүүлэх, Засгийн газрын 1*** дугаар тогтоолыг хэрэгжүүлэх талаар хариуцагчид удаа дараа хандсан байх бөгөөд хариуцагчаас дээр дурдсан зарим арга хэмжээг авч хэрэгжүүлсэн боловч газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах асуудлыг өөрийн бүрэн эрхийн хүрээнд боловсруулсан, эрх бүхий байгууллагад өргөн мэдүүлсэн, эсхүл уг асуудлыг шийдвэрлүүлэхээр зохих арга хэмжээ авсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

29.Тиймээс хариуцагч Газрын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд зохих ёсоор хэрэгжүүлээгүйг хууль бус эс үйлдэхүй гэж үзэх бөгөөд хариуцагч Өмнөговь аймгийн Засаг дарга үүргээ биелүүлээгүй хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул уг тогтоолын биелэлтийг хангуулан холбогдох захиргааны шийдвэр гаргахыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

30.Гэтэл анхан шатны шүүх “... Өмнөговь аймгийн Засаг даргыг эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлгүй тул байршлын талбайн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, Өмнөговь аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулахгүй, тогтоолыг зохих ёсоор биелүүлэхгүй байгаа Өмнөговь аймгийн Засаг даргын эс үйлдэхүй тогтоогдохгүй байна” гэж буруу дүгнэсэн, уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулаагүй нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй; энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... тодорхой газар нутгийг тусгай хэрэгцээнд авсантай холбоотойгоор тусгай хэрэгцээний газрыг аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулж, тухайн газарт улсын тусгай хэрэгцээний газарт баримтлах дэглэм, журмыг баримтлах үүргийг хүлээлгэсэн, тусгай хэрэгцээнд авсан зориулалтаас өөр зориулалтаар бусад этгээдэд эзэмшүүлж, ашиглуулж болохгүй талаар хууль, журамд тодорхой заасан, хариуцагч нь тогтоолд дурдсан байршлын талбайн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, Өмнөговь аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэгтэй, тус тогтоолоор өөрт нь тусгайлан хүлээлгэсэн уг үүргээ зохих журмын дагуу биелүүлэхгүй байгаа нь захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүй ...” гэх агуулгатай хяналтын гомдол үндэслэлтэй.

31.Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 120/ШШ2026/0020 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2026/0426 дугаар магадлалыг хүчингүй болгож, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 20.2.3, 20.2.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “О***” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” 1*** дугаар тогтоол (3 дахь заалт)-ыг зохих ёсоор биелүүлэхгүй байгаа Өмнөговь аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус тогтоолын 3 дахь заалтаар хүлээлгэсэн үүргийг биелүүлэхийг хариуцагчид даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Г.БАНЗРАГЧ

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Д.МӨНХТУЯА

              ШҮҮГЧИД                                                                 Д.БАТБААТАР

                    П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                                            М.БАТСУУРЬ

 

[1] “Т***” ХХК ба Монгол Улсын Засгийн газар, УДШ, (Захиргааны хэргийн танхим), 001/ХТ2017/0235