Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 1719

 

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2016/01719

 

Б.Адъяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2016/00529 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Адъяагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Хан-Уул дүүргийн Ерөнхий  боловсролын 18 дугаар сургуульд /захирал Х.Чинбат/ холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ээлжийн амралтын 12 хоногийн цалин олговор, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж 167 069 төгрөгийн хамт гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гал-Очирын давж заалдах журмаар  гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.Адъяа

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Батцэнгэл

Хариуцагчийн төлөөлөгч: Х.Чинбат

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Очирваань

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Адъяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: Миний бие 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 18 дугаар сургуульд ажилд орж, 2016 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс ээлжийн амралтаа авч, 48 хоногийн амралтын мөнгө бодогдсон байсныг нягтлан бодогч Болормаагаас харсан. Гэтэл захирал Х.Чинбат 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр дуудаж, хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, цаашид сунгахгүй, амралтын хоногийг 36 хоногоор тооцож олгоно гээд 2016 оны 06 дугаар сарын 21-нд ажлаас чөлөөлсөн. Миний ажлын байр нь байнгын ажлын байр, шинээр нээгдсэн 1-д ангийг даан авч ажиллаж байсан.

Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаанд ээлжийн амралт таарч, амралтын мөнгөө 36 хоногоор тооцон авсан тул өөр цалин бодогдохгүй, харин 12 хоногийн амралтын мөнгийг дутуу олгосныг листний мөнгөний хамт гаргуулж өгнө үү. Листний мөнгө 167 069 төгрөг гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Х.Чинбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Адъяатай 18 дугаар сургуулийн бага ангийн багшаар 2015 оны 08 сарын 31-ний өдөр хүртэл ажиллах хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Гэрээний хугацааг хичээлийн нэг жил буюу 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр буюу сургууль амрах хүртэл нэг хичээлийн жилээр тохиролцсон. Хөдөлмөрийн гэрээний энэ хугацаа дууссан тул хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Бор-Ухнайн Адъяаг 18 дугаар сургуулийн бага ангийн багшийн ажилд ажилд эгүүлэн тогтоож, ээлжийн амралтын олгогдвол зохих олговорын дутуу 268 548 төгрөг, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж 167 069 төгрөг, нийт 435 617 төгрөгийг холбогдох татвар хураамжийг суутган, хариуцагч Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулиас гаргуулан нэхэмжлэгч Б.Адъяад олгож, нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул урьдчилан төлөөгүйг дурьдаж, хариуцагчаас 13 718 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гал-Очир давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Боловсролын салбарт багш ажилтануудын ажиллах цаг нь өөрийн онцлогтой тул уг онцлогийг харгалзаж хөдөлмөрийн гэрээг Б.Адъяатай хичээлийн шинэ жил дуустал буюу 2016 оны 6 cap буюу сургууль амрах хүртэлх хугацаатай байгуулсан. Шүүх Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2-т заасан хугацааг буруу ойлгон хэрэглэж   нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлгүй. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 18 зүйлд заасны дагуу хөдөлмөрийн чадвар түр алдасны тэтгэмжийг ажил олгогчоос ямар үндэслэлээр гаргуулж буй нь ойлгомжгүй. Мөн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хуульд заасны дагуу хариуцагчид гардуулж, бичгээр тайлбар аваагүй, хуулиар тогтоосон хугацаа буюу 14 хоногийн хугацааг хариуцагчид өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэж хууль  зөрсөн.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх нотлох баримтыг зохих журмаар үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй  алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

 

Нэхэмжлэгч Б.Адьяа нь хариуцагч  Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн захиргаанд /захирал Х.Чинбат/ холбогдуулан тус сургуулийн бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, 12 хоногийн ээлжийн амралтын мөнгө, хөдөлмөрийн чадвар түр хугацаагаар алдсаны тэтгэмж 167 069 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон тул гэрээг  цуцласан гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Б.Адьяа нь хариуцагч байгууллагатай 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс нэг жилийн /хичээлийн нэг жил/ хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан бага ангийн багшаар ажиллаж байгаад 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр сургуулийн захирлын Б/41 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөгджээ.

 

Хариуцагч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон үндэслэлээ “гэрээ хичээлийн нэг жилийн хугацаатай байсан. Боловсролын байгуулагын хувьд хичээлийн нэг жил нь 9 дүгээр сарын 01-нд эхэлж, дараа оны 6 дугаар сарын 21-нд дуусгавар болдог” гэж тайлбарласан бөгөөд хөдөлмөрийн гэрээнд хугацааг “хичээлийн нэг жил“ гэж заасан байна. /х.х-ийн 15 дугаар тал/

 

Бага, дунд боловсролын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жил нь 9 дүгээр сарын 01-ний өдөр эхлэнэ гэж заасан боловч энэ нь Иргэний хуулийн 73.1 дэх хэсэгт заасан хугацаа тоолох журмаас өөрөөр буюу богиносгосон байдлаар тооцох хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Гэрээний хугацааг талууд “хичээлийн нэг жил” гэж тохиролцсон ба “нэг жил” гэдэг ойлголт нь дотроо 12 сарыг багтаана. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т зааснаар ажилтны ээлжийн амралтын хугацаанд ажил албан тушаал нь хэвээр хадгалагдах ёстой атал ээжлийн амралт олгон ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болно.

 

Бага, дунд боловсролын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жил нь 9 дүгээр сарын 1-ний өдөр эхэлнэ” гэж заасан нь хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах болон суралцагчдын амралтын хугацааг хэн нэгэн дур мэдэн өөрчлөх, түр хугацаагаар хаахыг хориглох зорилгоор тогтоосон хугацаа болохоос багш, ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээний хугацааг зохицуулсан заалт биш юм. Тухайн тохиолдолд ажилтны хөдөлмөрийн гэрээний хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн нарийвчилсан зохицуулалт, Иргэний хуулийн 72 дугаар зүйлд заасан хугацаа тоолох журмыг хэрэглэн тайлбарласан анхан шатны шүүхийн тайлбар зөв байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэг жилийн хугацаа дуусаагүй байхад гэрээг цуцласнаас гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь хуульд нийцээгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. Учир нь ажилтан буюу нэхэмжлэгчийн гүйцэтгэж байсан бага ангийн багшийн ажил нь байнгын ажлын байр биш гэх нотлох баримтыг хариуцагч гаргаж чадаагүй байна.

 

Харин нэхэмжлэгч нь амралтын дутуу олгогдсон олговор, хөдөлмөрийн чадвар түр хугацаагаар алдсан үед ажил олгогчоос олгогдвол зохих тэтгэмжтэй холбоотой шаардлагыг шийдвэрлэхдээ анхан шатны шүүхээс холбогдох хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй нь буруу юм. 

 

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн чадвар түр хугацаагаар алдсан ажлын эхний 5 өдрийн тэтгэмжийг ажил олгогчоос, 6 дахь өдрөөс эхлэн чадвар нь сэргээгдэх хүртэл тэтгэмжийг нийгмийн даатгалын сангаас олгох журамтай. Хэргийн 29 дүгээр хуудасны баримтаар нийт 167 069 төгрөгийн тэтгэмжийн 119 335 төгрөгийг ажил олгогчоос олгохоор эмнэлгийн хуудаст бичигдсэн байхад 100 хувь ажил олгогчоос гаргасан нь дээрх хуулийн заалтад нийцэхгүй байх тул шүүхийн шийдвэрт энэ талаар  өөрчлөлт оруулав. Мөн ажилтанд ээлжийн амралтын дутуу олговрыг гаргуулан олгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлаагүйг залруулах нь зүйтэй. 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2016/00529 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 55 дугаар зүйлийн 55.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт тус тус зааснаар Бор-Ухнайн Адьяаг Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, ээлжийн амралтын олговрын дутууд 268 548 төгрөг, хөдөлмөрийн чадвар түр хугацаагаар алдсаны тэтгэмжид 119 335 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 47 734 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дах заалтын “13 718” гэснийг “12 286” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                             ШҮҮГЧИД                                   С.ЭНХТӨР

 

                                                                Ш.ОЮУНХАНД