Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2017/01471

 

Г.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2017/00948 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 1544 дүгээр магадлалтай,

Г.Г-ын нэхэмжлэлтэй,

Ж.М-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 104.700.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Ж.Мөнхсоёмбын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун, хариуцагчийн өмгөөлөгч К.Жархынбек, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Ж.М-той 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 60.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гэрээний дүнг хэлэлцээд хүү хугацаандаа төлөгдөж байсан тул хугацааг мөн өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүртэл сунгасан. Ж.М- нь 2016 оны 05 дугаар сарыг дуустал хүү төлсөн бөгөөд 6 дугаар сард 1.000.000 төгрөг төлсөн. 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээг дахин 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл үндсэн гэрээний нөхцлөөр сунгасан ба үүнээс хойш гэрээг сунгаагүй. Энэ хугацаанаас хойш Ж.М- үндсэн зээл, хүүгээ төлөөгүй тул үндсэн зээл 60.000.000 төгрөг, хүү 9.800.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацаа буюу 40 хоногийн алдангид 12.000.000 төгрөг, нийт 81.800.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл нийт 120 хоногийн алдангийг тооцоход 45.000.000 төгрөг болж байна.  Нийт алданги нь 69.800.000 төгрөгийн 50 хувиас хэтэрч байгаа тул алдангид 22.900.000 төгрөгийг нэмж,  нийт 104.700.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.М- шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад буюу 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр осолд орсон бөгөөд түүнийг хөдөлмөрийн чадваргүй болсон үед нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Зээлийн төлөлтийг ямар графикаар төлөх талаар талууд тохиролцоогүй байна. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй тул 10, 11 сарын хүү 3.600.000 төгрөг, алданги 22.900.000 төгрөгийг төлөх боломжгүй. Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар зээлийн хүүг багасгаж өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2017/00948 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.4, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.М-ос зээлийн үүргийн гүйцэтгэлд 104.700.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Г-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 839.400 төгрөг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.М-ос 616.450 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Г-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 1544 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2017/00948 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.4, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.М-ос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 87.200.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Г-д олгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...616.450...” гэснийг “...593.950...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагч Ж.Мөнхсоёмбын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 449.450 төгрөгийг буцаан олгож  шийдвэрлэжээ.

Хариуцагч Ж.М- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2017/00948 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 1544 дүгээр магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасныг алдангийн хэмжээг 50 хувиар хязгаарлаж, буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Түүнчлэн давж заалдах шатны шүүх миний гомдлын Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсгийг үндэслэлгүйгээр хэрэглээгүй талаарх хэсэгт огт няцаалт, дүгнэлт хийгээгүй орхисон байна. Зээлийн гэрээнд хүүгийн төлбөрийг сар бүрийн 08-ны өдөр төлөх үүрэг хариуцагч надад огт байхгүй бөгөөд уг гэрээний 3-т Зээлдэгч зээлсэн мөнгөө зээлдэгчид гэрээнд заасан хугацаанаас өмнө бүхлээр /хэсгээр/ төлж болно. Гэхдээ ямар ч тохиолдолд мөнгийг гэрээгээр тохиролцсон хугацаанд төлж дуусгасан байна гэж заасан. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний дуусах эцсийн өдөр зээлийг хүүгийн хамт бүрэн төлөх үүрэгтэй. 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн осол болоход нэхэмжлэгч Г.Г- шууд буруутай бөгөөд түүний хүсэлтээр Хэнтий аймаг Дэлгэрхаан сум яваад буцах замдаа төрсөн хүү Г.Өлзийнэмэх нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, хурд хэтрүүлсний улмаас Төв аймгийн Эрдэнэ суманд осолд орж, хүнд гэмтэл авч, хөдөлмөрийн чадваргүй, амьдралгүй болж хохирч сууж байхад үүнийг шүүх огт анхаарч үзээгүй.

Иймд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2017/00948 дугаар шийдвэр болон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 1544 дүгээр магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчаас 87.200.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг 69.800.000 төгрөг болгож багасгаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.            

Нэхэмжлэгч Г.Г- нь хариуцагч Ж.М-ос 104.700.000 төгрөг шаардахдаа нэхэмжлэлийн үндэслэлд 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээг дурджээ. Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгээс татгалзахдаа “...хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй тул 10, 11 сарын хүү 3.600.000 төгрөг, алдангийг зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчээс 60.000.000 төгрөгийг 6 сарын хугацаагаар, сарын 3 хувийн хүүтэй зээлсэн ба хугацаа хэтрүүлсэн хоног тутам төлөөгүй үлдсэн мөнгөний дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тохирчээ. Талууд дээрх гэрээний хугацааг 2016 оны 11 дүгээр сарын 8-ний өдөр хүртэл 2 удаа гэрээнд заасан нөхцлөөр сунгасан нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Талууд хүү, анз тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулж, хэн аль нь гарын үсэг зурж, улмаар нотариатаар гэрчлүүлсэн ба гэрээ хүчин төгөлдөр байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх тул нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэл, үр дагаврыг шаардах эрхтэй. 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан, давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг харгалзан алдангийн хэмжээг 50 хувиар бууруулж энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-г зөрчөөгүй байна.  

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул “...шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, төлбөрийг 69.800.000 төгрөг болгон багасгах” талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 1544 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Ж.Мөнхсоёмбын гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 244.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ