Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 820

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Буянхишиг        хөтлөн,

Улсын яллагч: Д.Пүрэвдагва,

Шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Д.Гомбо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б  овогт Б-ны Б-д холбогдох эрүүгийн 18050138000000 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1983 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Төв аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Төв аймаг, Баянчандмань 2 дугаар баг, 000 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 4 дүгээр байр  00 тоотод түр оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 000 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан 1 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолооор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2, 124 дүгээр зүйлийн 2, 125 дугаар зүйлийн 2-т зааснаар 4 жилийн хорих ял оногдуулж, уг ял дээр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 000 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн, Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 ноы 9 дүгээр сарын 17-ны өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан эдлээгүй үлдсэн 3 жил 11 сар 10 хоногийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 7 жил 10 хоногийн хорих ялаар, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 0000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж байсан, /              /, Б  овогт Б-ны Б-.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.Б- нь 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Tse” пабын гадна хамтран амьдрагч Б.А-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:    

 

Шүүгдэгч Б.Б- нь 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Tse” пабын гадна хамтран амьдрагч Б.А-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Хохирогч Б.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 2 дугаар сарын 21-ний орой 21 цагийн орчим би өөрийн найз Х-тай 21-р хороололд өөрийн нагац ахындаа байсан. Урьд нь хамтран амьдарч байсан Б- гэх залуу над руу залгаад уулзах хэрэгтэй байна гэж ярьсан. Би хорооллын эцэст найзындаа очно гээд хорооллын эцэс хавьд уулзахаар болсон. Хаш чулуун сауны урд уулзаад замын урагшаа тойроод Тse паб руу орж хоол идсэн. Тэгэхэд Х-, Б-, Б ах Б- нартай хамт байсан. Тооцоо 21000 гарсан байсан тэр гурвын аль нь ч мөнгөгүй байсан учраас өөрт байсан 16000 төгрөгөө өгсөн. Үлдэгдэл 5000 төгрөгний барьцаанд нь гар утсаа өг гэсэн. Тэгээд өөрийн гар утсаа үлдээсэн. Гараад үүдэнд Б-д “би жирэмсэн чамаас өөрөө юм гуйлгүй явж байгаа гэтэл чи согтуу янз бүрийн юм захиалаад миний утсыг үлдээлээ” гэж уурласан. Эхлээд над руу нулимсан, би яаж байгаан бэ гэж хэлтэл миний баруун талын нүд рүү цохисон. Нүдээ дараад ёоёо гэж хэлтэл дахиад толгой руу 2, 3 удаа цохисон. Манай найз болиоч гэж хэлээд болиулсан. Тэгээд явах гэхээр нь чи арай ч дээ гэж хэлтэл тоолгүй цааш явсан. Нүднээс нулимс, цус гоожиж байхыг толинд хараад нүдээ хавдсаныг мэдсэн. Замын хойд талд цагдаагийн хэлтэст очиж хэлэх гэтэл хаалттай байсан. Тэгээд буцаад найз дээрээ очоод мөнгө аваад ядаж утсаа авъя гээд очтол хамт явсан залуу чинь ирээд авсан гэж хэлсэн. ...Урьд нь намайг удаа дараа зодож хамар хугалж, уруул сэтэлж, зүүн талын гар бугуйгаар хоёр удаа хугалж мөн гурван хавирга хугалж танхайрч байсан. Тэр болгонд нь цагдаад мэдэгдэхгүй өнгөрч байсан. Цагдаад 2 ч удаа хандахдаа нэгэн дээр нь би өөрөө шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гээд өргөдлөө авч нэгэн дээр нь хөнгөн гэмтэл гарсан боловч би өргөдөлөө татаж авч хаалгаж байсан. Өмнө нь би өөрөө ч гэмт хэрэгт холбогдож байсан болохоор Б- нь энэ хувийн байдал дээр аягүй их дарамталдаг. Салаад явах гэхээр мөрдөж мөшгөөд олоод ирдэг, гэр бүлээр чинь сүйтгэнэ гэж дарамталдаг. Урьд нь чи намайг цагдаа дуудаж эрүүлжүүлэхэд өгч байсан цагдаагаа дууд чи намайг яаж ч чадахгүй гээд зоддог. ...2018 оны 2 сард бид хоёр хамт амьдарч байсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10, 25, 135 тал/,

 

Шүүгдэгч Б.Б- мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Би өөрийн наиз Б-тэй явж байтал А- надтай уулзъя гэхээр нь би Б-ийг дагуулаад хорооллын эцсийн ТSЕ пабад очсон. Бид хоёрыг очиход А- найз Х-тай хамт байсан. ТSЕ пабад ороод Б- ундаа уугаад би 100 гр архи авч уусан. А- найзтайгаа хамт хоол идэж суусан. Тооцоо төлөх болтол 5000 төгрөг дутсан чинь А- өөрийн гар утсаа тооцоонд үлдээгээд бид 4 ТSЕ пабаас гарсан. Пабаас гараад би Б-ийн машинаас 5000 төгрөг аваад эргэж паб руу орж А-гийн гар утсыг авч өгсөн. Тэгээд би явах гэтэл А- чи муу архичин, надаар архи авахуулах гэж ирсэн юм уу гээд минии толгой руу алгадсан. Би алгадуулаад замын хажуу талын хашлаганд тээгэлдэж унасан, би унахдаа А-г татаад унасан юм. Унаж байх үед миний аль баруун гарын тохойнд А- нүүрээ цохисон юм. ...Энэ гэмтлийг А-гийн биед учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” /хх-ийн 132 тал/ гэх мэдүүлэг, 

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 0000 дугаартай “...А-гийн биед баруун зовхинд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 4 1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдлөмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх шинжээч эмчийн дүгнэлт /хх-ийн 20 тал/,

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 00000 дугаартай “...А-гийн биед дээд уруулын совхи шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хуучин гэмтэл байна, цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдлөмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. Б.А- нь 2018 оны 10 дугаар сард бусдад зодуулж зүүн гарын шуугаа хугалуулж байсан, 2018 оны 8 сард бусдад зодуулж хавиргаа хугалуулсан гэх эмнэлгийн бичиг баримт, рентген зураг үгүй тул тухайн гэмтэл үүссэн эсэхийг тогтоох боломжгүй болно...” гэх шинжээч эмчийн дүгнэлт /хх-ийн 139 тал/,

 

Аюулын зэргийн үнэлгээ, зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол, өргөдөл, зөрчлийн шатанд хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 39-43 тал/,

 

Шүүхийн шийдвэрийн хуулбарууд /хх-ийн 56-63 тал/,

 

Хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай прокурорын тогтоол /хх-ийн 128 тал/,

 

Мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх, сэргээх тухай прокурорын тогтоолууд /хх-ийн 101, 116 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн үйл баримт нотлогдон тогтоогджээ.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                     

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Б.Б- нь 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Tse” пабын гадна хамтран амьдрагч Б.А-г зодож, түүний бие махбодод “зовхинд цус хуралт, зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогджээ.

 

Хохирогч Б.А-гийн биед учирсан хөнгөн гэмтэл нь хэргийн 20 дахь талд авагдсан шинжээч эмчийн 0000 дугаартай дүгнэлтээр нотлогдсон байх ба шүүгдэгч Б.Б-ийн гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

 Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, төрүүлсэн хүүхэд зэргийг хамааруулан ойлгох ба, хамтран амьдрагч гэж “гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг” ойлгох юм.

       

 Мөн дээрх хуульд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж гэр бүлийн хамаарал бүхий хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлэхээр, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбодь, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг хэлнэ гэж хуульчилсан байна.

 

Шүүгдэгч Б.Б-, хохирогч Б.А- нар нь Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэлтээ батлуулаагүй ч, хамт амьдарч байсан хамтран амьдрагч болох нь хохирогч Б.А-гийн мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдсон тул хуульд заасны дагуу тэд гэр бүлийн хамаарал бүхий этгээд байна.

 

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Б.Б- нь хамтран амьдрагч Б.А-г удаа дараа зодож байсан нөхцөл байдал тогтоогдсон ба түүний 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн үйлдлийн улмаас хохирогчийн биед нь хөнгөн гэмтэл учирсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

 

 Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Б.Б- болон түүний өмгөөлөгч нараас хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрч оролцсон болно.

 

Иймд улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Б- гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.А-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлгийг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг арилсан, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Гэмт хэрэг 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр үйлдэгдсэн байх ба 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тухай прокурорын тогтоол, 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтыг сэргээх тухай прокурорын тогтоол тус тус үйлдэгдэж, 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн байна.  

 

Шүүгдэгч Б.Б-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь гэмт хэргийн ангилалаар мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хөнгөн” гэмт хэргийн ангилалд багтана.

 

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” бол гэж зааснаар шүүгдэгч Б.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр дуусгавар болжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаж болохгүй тохиолдлыг хуульчилсан бөгөөд уг зүйлийн 1.2-т “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж заасан.

 

         Иймд прокуророос шүүгдэгч Б.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгч Б.Б- энэ хэрэгт нийт 32 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэх ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Б-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэнтэй холбогдуулан өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол авахаар тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б  овогт Б-ны Б-нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэлээр шүүгдэгч Б.Б-д холбогдуулан прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Шүүгдэгч Б.Б- энэ хэрэгт 32 /гучин хоёр/ хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА