| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 181/2023/01007/И |
| Дугаар | 210/МА2025/02196 |
| Огноо | 2025-12-17 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2025/02196
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 191/ШШ2025/06904 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч *******-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн баталгаажуулалт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
*******-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 22/08 тоот тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр тушаалыг шуудангаар ирүүлж танилцуулсан. *******-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 22/08 тоот тушаалын үндэслэх хэсэгт ...Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, Хөдөлмөрийн гэрээний 10.3, 10.4.3, *******-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн 12 дугаар сарын 27-ны өдрөөс хойш ирээгүй ажил тасалж хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тул 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэжээ. 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гүйцэтгэх захирал *******д миний бие жирэмсэн гэдгээ мэдэгдсэн бөгөөд ажлын цагийг богиносгох хүсэлт гаргасан. Гэтэл 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гүйцэтгэх захирал ******* нь 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ажлаас нь чөлөөлж буй талаар мэдэгдсэн тул ажлаас халах тушаалаа авах талаар 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр нягтлан бодогчид хандахад гүйцэтгэх захирал ажлаа эхлээд хүлээлгэж өг, дараа нь тушаал өгөх талаар хэлсэн.
Тухайн үед тушаал гараагүй, ажил олгогчийн дээрх хууль бус үйлдлээс болж жирэмсний хүндрэл үүсэж, сэтгэл санааны хямралд орж хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болсон. Ингээд 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс өвдөж, 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн үүрээр сэтгэл санааны хямралаас үүдэн ураг зулбасан болно. Миний бие 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл эмчийн магадлагаагаар өвчтэй байсан. Иймд ажил тасалсан гэж үзэх нь хуульд нийцэхгүй. Иймд ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж байна.
Ажлаас үндэслэлгүй халагдсан, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн баталгаажилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Ажилгүй байсан хугацааны хувьд 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 31 сар, 16 хоног байна. Хөдөлмөрийн гэрээгээр 2,000,000 төгрөгийн цалинтай хүний нийгмийн даатгалыг ажил олгогч 700,000 төгрөгөөр тооцон төлж байгаа нь хууль бус. Ажилгүй байсан хугацааны цалинг 2,000,000 төгрөгөөр буюу хөдөлмөрийн гэрээн дэх цалингаар бодсон. Иймээс ажилгүй байсан хугацааны олговорт 63,488,372 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч талын тайлбарын агуулга:
******* манай компанид анх Герман Улс руу явах хүмүүст зөвлөгөө мэдээлэл өгөх үндсэн чиг үүргийг гүйцэтгэхээр харилцан тохиролцож 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ажилд орж 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх болсон шинэ Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээг шинэчлэн хийсэн бөгөөд *******той 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ажлын бүтэн бус цагаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Мөн *******ын санал гаргасны дагуу нэмэлт урамшуулал, орлого олох үүднээс контрактын гэх гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж уг гэрээний хугацаа 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан. ******* нь 2022 оны 07, 08 дугаар сараас эхлэн хариуцсан ажилдаа хайнга хандаж үйлчлүүлэгчид буруу ташаа мэдээлэл өгөх, үйлчлүүлэгчийг хэл амаар доромжлох, хэрүүл маргаан гаргах, хамт ажиллагсадтайгаа таарамжгүй харилцаа хандлага гаргах болсон. ******* нь манай байгууллагаас 2022 оны 08 сард Герман Улс руу сургалтаар явах болсон *******, ******* гэх 2 хүүхдэд дутуу, буруу мэдээлэл зөвлөгөө өгсний улмаас дээрх 2 хүүхэд болон гэр бүлд нь их хэмжээний хохирол учирсан бөгөөд тус хохирлыг тухайн 2 хүүхдийн ар гэр манай байгууллагаас нэхэмжилсэн. Тус хохирлыг манай байгууллага тухайн 2 хүүхдийн эцэг эхтэй олон удаа уулзаж харилцсаны үр дүнд барагдуулсан. Энэ 2 хүүхдийн хохиролд байгууллага 5.9 сая гаран төгрөг өгсөн. Мөн тухайн 2 хүүхдийн баримт бичиг болон үнэн зөв мэдээлэл өгснийхөө хариуд ******* байгууллагаас 3,100,000 төгрөгийн урамшууллыг авсан. Мөн 2022 оны 12 дугаар сарын 20-нд байгууллагын ажилчдаас судалгаа авахад ******* нь харилцаа хандлага ёс зүйн хувьд зөрчил гаргасан болох нь тогтоогдсон. Мөн байгууллагын удирдлагаас 2022 оны 10 дугаар сарын 03-нд өгсөн үүрэг даалгавар болон ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй. Энэ мэтчилэн олон удаа алдаа дутагдал гаргаж байсан. Энэ талаар *******т захирал *******гийн зүгээс амаар удаа дараа сануулга өгч байсан. Ажлаас халсан тушаал хууль зүйн үндэслэлтэй. Шүүхэд гаргасан нэхэмжлэлээс харахад ******* нь 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл өвчтэй байсан гээд эмнэлгийн магадлагааг шүүхэд хавсаргаж өгсөн байна.
Гэтэл болсон бодит үйл явдал бол 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр *******той уулзаж, тухайн үед нэхэмжлэгчийг алдаа дутагдал гаргаж байна, зан харилцааны асуудал байна, үүнийгээ засахгүй бол Хөдөлмөрийн гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авна шүү гэхэд тэгвэл намайг халах тушаалаа гаргахгүй юу гэж хэлээд 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн орой өөрийн гэх бүх зүйлээ аваад явсан байсан. Тэр өдрөөс хойш ажлаа орхиж 7 хоног ажлаа тасалсан. Манайх байгууллагаараа 12 дугаар сарын 25-ны өдөр нь зул сар тэмдэглэж байтал ******* энд ажиглагчаар сууж буй залуутай хамт орж ирээд намайг сүрдүүлж, би зулбачихсан гэж орж ирээд байгууллагын тавилга эвдсэн. Жирэмсэн хүн ураг зулбах эрүүл мэндийн олон шалтгаан байхыг үгүйсгэхгүй. Тухайн эмчийн магадлагааны талаар эргэлзээтэй асуудал байгаа бөгөөд сайтар шалгуулж, үнэн зөв эсэхийг тогтоолгох хүсэлтэй байна. Нэхэмжлэгчтэй урамшуулалт хөлсийг 2,000,000 төгрөгөөр тохирч, контрактын гэрээ байгуулсан хэдий ч нэхэмжлэгчийн үндсэн цалинг 700,000 төгрөг байхаар талууд тохирч гэрээ байгуулсан. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ыг урьд эрхэлж байсан *******-ийн Боловсролын зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч *******-аас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 63,488,372 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ын ажилгүй байсан 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагч *******-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 475,391 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлого болгож шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
******* нь 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл ажил тасалсан. Энэ хугацаанд акттай байгаа гэдгээ хэлээгүй, шуудангаар явуулсан зүйл огт байхгүй. Хөдөлмөрийн гэрээний 10.4.3-т зааснаар дараалан 2 өдөр ажил тасалсан тохиолдолд ноцтой зөрчил гэж үзэж хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болдог. Хариуцагч шуудангаар акт явуулсан гэж байгаа боловч баримтаар тогтоож чадаагүй. Харин хариуцагч өөрийн хаягаар шүүх хурлын дараа Монгол шуудангаас шүүлгүүлж үзэхэд 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ******* 44 дүгээр салбарт манай хаягаар шууданд хийсэн байна. 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр манай нягтлан ******* *******т энэ актаар лист бодогдохгүй гэж бичсэн байна. Өөрөөр хэлбэл, 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл акттай байгаагаа хэлж баримтаа өгөөгүй. Хөдөлмөрийн дотоод журын 12.1.1-т тодорхой заасан байна. Өөрөөр хэлбэл, ажлаас халах тушаал гарах үед акттай гэдгийг мэдээгүй. Хариуцагч мөн шүүх хурал дээр өөрөө хэлсэн, 2022 оны 12 дугаар сарын 21-ний орой өөрөө ажлаасаа ирээд, өөрийн юмаа аваад явсан, 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр шинэ жилд оролцоод явж байсан зэрэг нь өвчтэй байсныг үгүйсгэж байгаа тул тушаалаа гаргасан.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна. Эмнэлгийн магдалгааг 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр авсан байх магадлалтай гэж үзэж байна. Учир нь хавтаст хэрэгт байгаа Эмнэлгийн магадалгааг энэ өдөр нотариатаар батлуулж, манай байгууллагад шууданд хийсэн байна.
4.2. 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн контрактын гэрээ байгуулагдаж 2,000,000 төгрөгөөр тохиролцсон боловч тус гэрээний хугацаа 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан. Түүнээс хойш бүтэн бус цагаар ажиллах хөдөлмөрийн гэрээ үйлчлэх бөгөөд тус гэрээнд цалинг 700,000 төгрөгөөр тохиролцсон. Нийгмийн даатгалын лавлагаагаар тогтоосон. Иймд үндсэн цалинг 2,000,000 төгрөг гэж үзэх үндэслэлгүй.
4.3. Эмнэлгийн магадалгаа хуулийн шаардлага хангаагүй. Эмчийн магадалгаанд Ерөнхий эмчийн гарын үсэг зурагдаагүй байна. Мөн Өрхийн эмнэлгийн цахим сан, Нийслэлийн эрүүл мэндийн цахим сан, Е-Монголиа цахим системд акт олгосон талаар баримт байхгүй нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 10-ний өдрийн А/38 дугаар тушаалын 1.3-т Эмнэлгийн хуудас бичих, олгох, бүртгэх, хяналт тавих үйл ажиллагааг цаасан болон цахим хэлбэрээр зохион байгуулна, 1.4-т Эмнэлгийн хуудас нь нэгдсэн дугаартай байна. Цахим эмнэлгийн хуудасны дугаарыг программаас шууд олгоно, 4.3.5-д Эрүүл мэндийн байгууллагын дарга, ерөнхий эмч (захирал, эрхлэгч) нь эмнэлгийн хуудасны үндэслэлийг шалгаж баталгаажуулна. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/177, А/433 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын ЕЗ.Эмнэлгийн хуудас нь нэгдсэн дугаартай байх ба цахим эмнэлгийн хуудасны дугаарыг программаас шууд олгоно. 4.8-д Эрүүл мэндийн байгууллагын дарга, ерөнхий эмч(захирал, эрхлэгч) эмнэлгийн хуудасны үндэслэлийг шалгаж баталгаажуулна гэх дүрэм журам зөрчсөн байна.
4.4. Шүүх ажилгүй байсан хугацааг тогтоогоогүй. ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн хөгжил мэргэжлийн чиг баримжааны төв гэх байгууллагаас cap бүр тогтмол мөнгө орж ирж байсан. Энэ газар 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс ажиллах болсон гэдгээ шүүх хурал дээр хэлдэг энэ талаар маргадгүй. Харин, 2024 оны 05 дугаар сараас энэ газраас нийгмийн даатгал төлж эхэлсэн байна. Иймд, ******* анхан шатны шүүхийн шийдвэр гартал ажилгүй байгаагүй гэдгийг олон баримт нотолж байна.
4.5. Шүүхийн ажиллагаа хэт их удааширсан. Нэхэмжлэгч 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэл гаргаж, 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн. Манай байгууллага 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэлээ гардаж авсан. Түүнээс хойш хурлаа хийлгэх талаар 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр болон 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр мөн хурал зарлуулах хүсэлт өгсөн. 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хурал зарласан боловч нэхэмжлэгчийн өмгөөлөгч үндэслэлгүйгээр шүүгчээс татгалзсан. Энэхүү татгалзал хууль бус байна гэж шийдвэр хүртэл гарсан үүний дараа дахин боон асуудал болж арай гэж хурлыг 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр зарлуулсан боловч мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүгчээс татгалзсан. Энэ татгалзал мөн л хуулийн үндэслэлгүй гэсэн шийдвэр гарсан. Мөн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хурал зарлуулах хүсэлт өгсөн. Энэхүү нэхэмжлэгч талын хугацаа авах асуудлаас болж манай байгууллага их хэмжээний хохиролд ороод байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч үндэслэлгүйгээр шүүгчээс татгалзсанаас хойш 12+4 нийт 16 cap буюу 32,000,000 төгрөг, анх хурал зарлуулах хүсэлт өгснөөс хойш 12+9 буюу 24 cap буюу 48,000,000 төгрөг хуульд заасан хугацаа буюу хэрэг үүссэнээс хойш Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлд заасан 90 хоногийн хугацаанаас хойш тооцвол 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс тооцож 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүртэл гэж үзвэл 27 cap буюу 54,000,000 төгрөгийн хохирол учирч байна. Өөрөөр хэлбэл, манай байгууллага шүүхийн болон нэхэмжлэгчийн санаатай болон санаагүй үйлдэл, удаашруулснаас болоод их хэмжээний төлбөрт орсонд гомдолтой байна.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр өөр ажил, албан тушаал хашиж байсан нь Хөдөлмөрийн тухай хуульд ямар ч хамааралгүй. Өөрөөр хэлбэл, ажилтан өмнөх ажлаасаа чөлөөлөгдсөний дараа хаана, ямар ажил үүрэг хийж гүйцэтгэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлснөөс хасагдахгүй бөгөөд тус хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрлөх эрхийн харилцаа бүхэлдээ сэргээгддэг. Тиймээс хариуцагч талын гаргасан энэ талаарх гомдол үндэслэлгүй. Мөн хариуцагч тал нь шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэт удааширсан гэж тайлбарладаг. Энэ асуудалд хариуцагч талын буруу байгаа гэж үзэж байна.
Тодруулбал, хариуцагч тал үзлэг хийлгэх хүсэлтүүдээ цаг тухайд нь гаргадаггүй, удаа дараагийн шүүх хуралдаануудыг хойшлуулж байсан. Мөн энэ асуудал шүүхээс хамаарна гэхээс илүүтэйгээр шинэ шүүгч томилогдсон болон шүүгч нар солигдсон асуудал нь огт шүүхийн буруутай үйл ажиллагаа биш юм. Анхнаасаа тойргийн журмаар явдаг учир тухайн хугацааны цалин хөлсийг нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлснөөс хасах үндэслэл болохгүй. Эцэст нь нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаалын тушаах хэсгийг анхаарч үзнэ үү гэж шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна. 12 дугаар сарын 27-ны өдөр гарсан тушаалд нэхэмжлэгчийг тухайн өдрөөс хойш ажилдаа ирээгүй гэж тусгасан. Гэтэл хариуцагч тал одоо тухайн тушаалыг тайлбарлахдаа 12 дугаар сарын 21-ний өдрөөс хойш нэхэмжлэгчийг ажил тасалсан гэж тайлбарладаг боловч ийм тушаалыг огт гаргаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, харин шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн баталгаажуулалт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
2. Анхан шатны шүүх, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу зөв үнэлж, үйл баримтуудыг зөв тогтоон хэргийг шийдвэрлэсэн байна.
2.1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-тай 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс боловсролын зөвлөхөөр ажиллаж, үндсэн цалинг 2,000,000 төгрөгөөр тогтож, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. /1хх10-12/
2.2. *******-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №22/08 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, Хөдөлмөрийн гэрээний 10.3, 10.4.3, Хөдөлмөрийн дотоод журмын 5.1.2-т зааснаар ******* нь ажилтан, үйлчлүүлэгчтэй удаа дараалан харьцаа хандлага, ёс зүйн зөрчил гаргаад байсан тул шууд удирдах албан тушаалтан ******* нь зөрчлөө засахгүй бол 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болгох санал оруулна шүү гэхэд би жирэмсэн гэсэн. Жирэмсэн юм бол нотлох баримтаа авчир гэж шаардахаар би зулбасан тул та нар ажлаас халах тушаалаа гарга гээд 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс хойш ажилдаа ирэлгүйгээр ажил тасалж, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тул 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэсэн үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар нэхэмжлэгч *******той байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан./1хх9/
2.3. ******* нь Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн маргааныг зохицуулах 3 талт хороонд өргөдөл гаргасныг тус хорооны 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 03 дугаар тэмдэглэл/шийдвэрээр хорооноос маргааныг зохицуулах боломжгүй. Иймд, цаашид шүүхэд хандан шийдвэрлүүлэх боломжтой гэжээ./1хх24-25/
2.4. ******* 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШЗ2023/02839 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр дутуу үндэслэлээр уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан./1хх4-8/
2.5. Нэхэмжлэгч ******* 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр дахин Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар иргэний хэрэг үүсгэгдэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан./1хх1-3, 26/
3. Дээрх үйл баримтаас үзвэл нэхэмжлэгч нь ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн шийдвэрийг эс зөвшөөрч, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт заасан Хөдөлмөрийн маргааныг зохицуулах 3 талт хороонд хандаж, улмаар уг байгууллагын шийдвэрийг гардаж авснаас хойш мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна.
4. *******ыг Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Энэрэнгүй үйлст өрхийн эрүүл мэндийн төвийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Эмнэлгийн магадлагаа-гаар 7-8 нед гэх оношоор 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаагаар ажлаас чөлөөлсөн байна. /1хх16/
Түүнчлэн, нэхэмжлэгч ******* нь жирэмсэн байсан болох нь ******* эмнэлгийн болон эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлсэн баримтууд болон эхоны зураг зэргээр нотлогдсон байна. /1хх224-228/
Тэрээр 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Яаралтай тусламжийн хуудас/Эх барих, эмэгтэйчүүд/ гэсэн эмчийн үзлэгийн баримтаас үзвэл аяндаа зулбах гэсэн оношоор эмчлүүлсэн болох нь мөн тогтоогдож байна. /1хх229/
5. Хариуцагч талаас нэхэмжлэгч *******ыг ажил тасалж, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байх боловч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 21-26-ны хооронд эрүүл мэндийн шалтгаанаар эмчийн магадлагаагаар ажлаас чөлөөлөгдсөн байсан болох нь тогтоогдсон байна.
6. Нэхэмжлэгч нь хариуцагчид жирэмсэн буюу хүндэтгэн үзэх шалтгаантай болсон талаар мэдэгдсэн, энэ нь хожим өгсөн баримтаар тогтоогдож байхад хариуцагч нь нэхэмжлэгчийн тухайн нөхцөл байдлыг илэрхий биш буюу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй гэж үзсэн нь бодит нөхцөл байдалтай нийцээгүй байна.
6.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт Энэ хуулийн 80.1.4, 80.1.5, 80.1.6-д заасан болон аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно гэж заасан.
6.2. Гэтэл, хариуцагч тал ажилтны ажилдаа ирээгүй үндэслэл болон ажилтны гаргасан сахилгын зөрчлийн шалтгаан нөхцлийг бүрэн тогтоогоогүй байх бөгөөд ажилтан өөрийгөө жирэмсэн байгаа талаар ажил олгогч талдаа мэдэгдсэн байна. Гэтэл ажилтны уг хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэлгүйгээр ажил тасалсан сахилгын зөрчил гаргаж хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт нийцээгүй байна.
7. Мөн хариуцагч талаас, нэхэмжлэгч *******ыг үүрэгт ажилдаа хайнга хандах, алдаа дутагдал гаргах, байгууллагын уур амьсгалыг муутгаж, хамт олонтойгоо таарч тохирохгүй байсан тул энэ талаар нь захирлын зүгээс уулзаж, алдаа дутагдлаа залруулахыг шаардахад уурлаж, үүрэгт ажлаа орхиж явсан. Ингээд ажилдаа ирэлгүй олон хонож, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн гэх тушаалын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас нотлох баримтаар нотлоогүй байх тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.
8. Иймд, анхан шатны шүүхээс, нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт нэг сарын цалинг 2,000,000 төгрөгөөр тооцон, 63,488,372 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт тус тус нийцсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй. Түүнчлэн, хариуцагч талаас нэхэмжлэгчийн сарын цалинг 2,000,000 төгрөгөөр тогтоон олгож байсан талаар маргаагүй бөгөөд түүний нийгмийн даатгалын шимтгэлийг 700,000 төгрөгөөс тооцон хариуцагч төлж байсан нь нэхэмжлэгчийн өмнө авч байсан цалин хөлсийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.
9. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэлийг гардуулах болон талуудын хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх, гэрч асуух, үзлэг хийх зэрэг хэрэг хянан шийдвэрлэх бусад ажиллагаануудыг явуулж, улмаар тус шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШЗ2024/06697 тоот захирамжаар хэргийг хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна./1хх26,30, 76, 78, 87, 93, 97, 112-123, 125, 130, 137/
9.1. Зохигчдоос удаа дараа хүсэлт ирүүлж, шүүх хуралдаан тус шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШЗ2024/08373 дугаар захирамжаар, 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШЗ2024/13070 дугаар захирамжаар, 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШЗ2024/17045 дугаар захирамжаар, 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШЗ2024/24279 дугаар захирамжаар, 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 191/ШЗ2025/24162 дугаар захирамжаар тус тус хүсэлтүүдийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан. /1хх156-157, 163-164, 169-170, 180-181, 197-198/
9.2. Түүнчлэн, тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ЗТ2023/00783 дугаар тогтоолоор *******ын нэхэмжлэлтэй, хариуцагч *******-д холбогдох иргэний хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 30 хоногоор сунгасан. /1хх80-81/
9.3. Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 191/ЗТ2025/00923 дугаар тогтоолоор шүүгч т 3 сарын хугацаатай хувийн чөлөө олгохоор шийдвэрлэсэн байх ба. /1хх188-189/ тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 191/ЗТ2025/01020 дугаар тогтоолоор шүүгч т хэрэг хуваарилахаар шийдвэрлэж, тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 191/ЕШ2025/05844 дугаар захирамжаар *******ын нэхэмжлэлтэй, *******-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч ийг томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилсэн байна. /1хх201-202, 218/
9.4. Шүүхээс 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 13:30 минутад болох шүүх хуралдааны товыг 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр талуудад мэдэгдэж, тус өдөр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байх ба дээрх хугацаанд хэргийн хугацаа сунжирсанд шүүхийн буруутай үйл ажиллагаа тогтоогдохгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тасалдсан гэж үзэхгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
10. Харин, анхан шатны шүүхээс шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон байх тул мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримталсан өөрчлөлт оруулж, 1,2 дахь заалтыг нэгтгэн найруулж, дугаарлалтыг өөрчлөхөөр тогтов.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ болон найруулгын өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 191/ШШ2025/06904 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1,2 дахь заалтыг нэгтгэн 1 гэж дугаарлан Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ыг урьд эрхэлж байсан *******-ийн Боловсролын зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч *******-аас ажилгүй байсан хугацааны олговорт 63,488,372 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэгч *******ын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагч *******-д даалгасугай. гэж өөрчлөн,
тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 2, 4 дэх заалтыг 3, 5 дахь заалтыг 4 гэж тус тус дугаарлан өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 475,392 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Н.ГЭРЭЛТУЯА
Ц.АЛТАНЦЭЦЭГ