Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2025/02195

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/07903 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******, *******ад тус тус холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 47,447,553 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг батлан даалтын гэрээгээр хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******ын өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

******* нь 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Голомт банктай ЗГ1705043932 тоот зээлийн гэрээ байгуулж, 12,000,000 төгрөгийг жилийн 24% хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай цалингийн зээл авсан. ЗГ1705043932 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Голомт банктай ******* нь БДГ1705043932 тоот батлан даалтын гэрээ байгуулсан. Батлан даалтын гэрээний 3.1.1, 3.4.1-д тус тус заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор хандаж байна. Зээлдэгч нь зээл авах үедээ Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 25 байр, 52 тоот хаягт оршин сууж байсан. Голомт банкнаас тус хаягаар ЗГ1705043932, БДГ1705043932 дугаарт зээлийн гэрээтэй холбоотойгоор нэхэмжлэл гаргасан боловч дээрх хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.  Иймд хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 191/ШШ2025/00256 тоот шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагчийн оршин суугаа хаягийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 200 дугаар байр, 18 тоот гэж тогтоосон болно. Зээлдэгч *******тай байгуулсан ЗГ1705043932 тоот үндсэн зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 3023 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 11,659,960.28 төгрөг, үндсэн хүүнд 30,540,310.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 5,247,282.19 төгрөг, нийт 47,447,553.08 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг батлан даалтын гэрээний дагуу хариуцагч нараас гаргуулж өгнө үү. Хариуцагч ******* нь хаягаа өөрчилсөн талаараа манайд мэдэгдэж байгаагүй. Иймд, Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэж байна гэжээ.

 

2. Хариуцагч *******ын тайлбарын агуулга:

2013 онд би *******-д талбайн инженерээр ажилладаг байсан, ажиллаж байгаад тус компанид өөрийн машиныг түрээслээд ажиллаж байсан, тэгээд би цалингийн зээл авсан, компани надад батлан даалт гаргаж өгсөн байгаа. Компани цалингаа зээлээд авчих, манайх төлнө гэсэн болохоор зээлийн эргэн төлөлтийг би хийж байгаагүй. Голомт банкны зээлийн эдийн засагч болон захирал нь өөрсдөө мэдэж байгаа, тиймээс ч надаас огт нэхээгүй. 2018, 2019 онд би хаягаас шилжсэн нь  үнэн. Гэхдээ энэ бүхий л хугацаанд компани төлөөгүй байсан юм бол банкнаас надад мэдэгдэх байсан. Гэтэл мэдэгдээгүй, би өөрөө л муу зээлийн түүхтэй болсон байна гэхээр нь гайхаад Голомт банк руу утасдаад энэ зээлийн талаар мэдсэн. Гэтэл 11 жилийн хугацаа өнгөрсөн байхад нэг ч мэдэгдэл ирж байгаагүй, мөн энэ хугацаанд ******* ч төлөөгүй байсан байна, хугацаандаа төлөөгүй байхад зээлдэгч, батлан даагчаас хэн алинаас нэхээгүй. Гэтэл 11 жилийн хүү тооцоод хар зээлийн түүхэнд оруулсан гээд зээлээ шаардаад байгаа нь үндэслэлгүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч *******-ийн тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Учир нь тухайн зээлийн гэрээг ******* нь *******-тай  2014 оны 03 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан, байгуулсан хугацаанаас хойш тооцоход 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээний хугацаа нь дуусгавар болсон. Бид 2014 онд батлан даалтын гэрээг байгуулсан нь үнэн. Гэтэл энэ зээлдэгч нь мөнгөө төлөөгүй юм бол бидэнд мэдэгдсэн, шаардсан зүйл огт байхгүй. Хуульд хөөн хэлэлцэх хугацааны талаар зохицуулсан байгаа, банк бол мэргэжлийн этгээд учраас хөөн хэлэлцэх хугацаагаа сайн мэдэж байгаа. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж зааснаар 2019 он 03 дугаар сарын 06-ны өдөр хугацаа нь дууссан байна. Гэтэл хугацаа дууссанаас хойш 3023 хоногийн дараа нэхэмжлэл гаргасан. Хэрэв хариуцагч ******* зээлээ төлөөгүй л байсан юм бол батлан даагчаас шаардах ёстой. Гэтэл гэнэт л хэдэн жилийн дараа баахан хүү, нэмэгдүүлсэн хүү тооцоод нэхээд байгааг нь гайхаж байна. Талуудын байгуулсан гэрээний 3.3.1, 3.3.2-т зааснаар шаардах эрхээ банк хэрэгжүүлэх ёстой. Бидэнд мэдэгдээгүй учраас бид *******ыг өөрөө зээлээ төлөөд дуусгасан байна гэж үзэж байсан гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 458 дугаар зүйлийн 458.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-ийн хариуцагч *******, *******-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 47,447,553 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг батлан даалтын гэрээгээр хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 395,188 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Зээлдэгч зээлийн гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй тул зээл авахдаа банканд бүрдүүлсэн зээлийн хувийн хэрэг, анкет дээрх хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаягтаа байхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Эрэн сурвалжлах шүүхийн шийдвэр гармагц шийдвэрийг шүүхээс цагдаагийн байгууллагад хүргүүлдэг бөгөөд уг хугацаанд цагдаагийн байгууллагаас дээрх шүүхийн шийдвэрийн дагуу холбогдох ажиллагааг хийхээр хуульчилсан байх тул шүүхийн үндэслэл хэсэгт тусгаад буй 2017 оноос 2025 оныг хүртэлх хугацаанд ямар ажиллагаа хийсэн талаарх баримтгүй гэдэг нь үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн тайлбарт “79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдах нэг үндэслэл бол үүрэг бүхий этгээд үүргээ хүлээн зөвшөөрөх явдал юм. Үүний тулд үүрэг хүлээсэн этгээдээс үүргээ хүлээн зөвшөөрсөн аливаа зан үйлийг ойлгож болох юм” гэжээ. Иймд шүүх хурлын явцад хариуцагч *******, өмгөөлөгч нар зээл авснаа хүлээн зөвшөөрч, үндсэн зээлийг төлөх тухайгаа илэрхийлснээр хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэсэн ойлголтод хамаарахаар байна.

Мөн Иргэний хуулийн 13 дугаар зүйл 13.1 дэх хэсэгт “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу хариуцагч *******тай байгуулсан ЗГ1705043932 тоот цалингийн зээлийн гэрээ, *******-тай байгуулсан №БДГ1705043932 тоот батлан даалтын гэрээний 3.1.5-д оршин суух хаяг, холбоо барих утас, картын дугаар, ажлын байр солигдох тохиолдолд тухай бүр банкинд мэдэгдэж байх үүрэгтэй, 3.4.3-т банк зээлдэгчид өөрийн дотоодод мөрдөгддөг зохих журамд заасан банкны ерөнхий нөхцөлийг баримтлан зээлдэгчийн хүссэн үйлчилгээг соёлч боловсон, чирэгдэлгүй үзүүлнэ гэж заасныг удирдлага болгон банк хариуцагчийн банкинд бүртгэлтэй, зээлийн гэрээнд тэмдэглүүлсэн ******* утасны дугаарт cap бүр ******* тоот тусгай дугаараас зээлийн хугацаа хэтэрсэн хоног, төлөх дүн, төлөх өдөр, холбоо барих утасны дугаар бүхий мессеж илгээгдсээр байсан бөгөөд ******* нь утасны дугаар өөрчлөгдсөн даруйд банканд мэдэгдэх үүрэгтэй байсан. Хариуцагч 2018, 2019 онд би хаягаасаа шилжсэн нь үнэн гэсэн тайлбар өгдөг бөгөөд энэ нь гэрээнд заасны дагуу мэдэгдэх үүргээ биелүүлээгүйгээ хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

Гэтэл зээлдэгч компани төлөөгүй бол банк надад мэдэгдэх байсан, гэтэл надад мэдэгдээгүй, би муу түүхтэй болсон гэхээр нь гайхаад банктай холбогдсон гэдэг нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна. Шүүхээс хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан “Зээл төлөхөөр өр барагдуулагчид шилжүүлсэн тухай баримтад дурдсанаар 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр *******-ийн нягтлан *******тай холбогдож *******ын зээл хугацаа хэтрэлт үүссэн тухай мэдэгдэж 2,000,000 төгрөг шилжүүлэх тухай ярилцсан тэмдэглэл байсныг нотлох баримтаар авч үнэлж дүгнээгүй. Хариуцагч компани төлөх ёстой байсан гэж буй тайлбар нь уг хоёр этгээдийн тусдаа асуудал бөгөөд зээлийн гэрээний үүрэгт хамааралгүй тул зээлдэгч зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэх хүсэл эрмэлзэлгүй байсан гэж үзэхээр байна.

Мөн зээлдэгч *******, ******* нар нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасан гэрээнээс татгалзах эрх нь байсаар байтал ийнхүү зөвхөн зээлдүүлэгч зээлийн төлбөрийг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байгаа нь хэт нэг талыг баримталсан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагч *******ын гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч тал нь *******ыг эрэн сурвалжилсан гэж тайлбарладаг. ******* талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу давхар хариуцлага хүлээж байгаа учир хэрэв ******* олдохгүй байсан тохиолдолд *******-д энэ зээлийн талаарх асуудлаар хандах боломжтой байхад нэхэмжлэгч тал огт тухайн компанид хандаагүй байдаг. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг 2014 оны 03 дугаар сард зөрчигдсөн үйл баримт тогтоогдож байхад тухайн хугацаанаас хойш *******-д энэ зээлийн талаарх нэг ч мэдэгдэл ирээгүй нь ******* тухайн зээлийн араас огт хөөцөлдөж байгаагүй болохыг харуулж байгаа юм. ******* нь 2015 онд Эрүүгийн хэргийн шүүх дээр хохирогчоор, 2022 онд Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчээр тогтоогдож байсан. *******ыг хэзээ ч, хэн ч эрэн сурвалжлуулаагүй бөгөөд ******* оршин суух хаягтаа амьдарч, утсаа авдаг байсан. Нэхэмжлэгч тал *******ыг хайсан үйл баримт огт байхгүй, зөвхөн эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргаад байдаг. ******* тухайн зээлийг төлөх талаар тохиролцсон байхад ******* тухайн компанид хандсан үйл баримт огт байдаггүй. Ийнхүү хэрэглэгч буюу зээлдэгчийн эрхийг зөрчиж болохгүй. Хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа хэд хэд тасарсан.

Цагдаагийн байгууллага *******ыг хайсан эсэх асуудал тодорхойгүй байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй бөгөөд тухайн шүүхийн шийдвэрийг үгүйсгэх хууль зүйн үйл баримт тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааны талаар ярьдаг. Гэтэл Монгол Улсын нутаг дэвсгэр дээр амьдарч байгаа, хил гаалиар гараагүй, гадаад улс руу гарсан гэх үйл баримт тогтоогдоогүй иргэнийг 11 жил хайсан гэх асуудал байж болох уу. Миний хувьд энэ нөхцөл байдлыг Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.5 дахь хэсэгт “эрх бүхий этгээд гаргасан шаардлагаасаа татгалзсан буюу шүүхийн шийдвэрээр шаардлагыг хэрэгсэхгүй болгосон бол хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэхгүй” гэж заасанчлан нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан, үнэн зөв дүгнэсэн учир шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд хариуцагч *******-ийн гаргасан тайлбарын агуулга:

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар эрэн сурвалжлах нэхэмжлэл гаргасан өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацаа тасалдана. Тиймээс 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр *******ыг эрэн сурвалжлах Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шинээр тоолж эхлэх хууль зүйн боломжтой болсон. Гэрээтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил учир 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш дахин 3 жилийн хугацааг тоолж үзвэл 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “2014 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээ болон 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн *******-тай байгуулсан батлан даалтын гэрээ”-ний хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон.

Нэхэмжлэгч тал нь 2017 онд эрэн сурвалжлах нэхэмжлэл гаргасны дараа ямар нэгэн үйл ажиллагаа явуулсан, шаардлага тавьж, идэвхтэй оролцсон гэх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Гэсэн атлаа 2025 оны 01 дүгээр сард хариуцагч *******ыг дахин эрэн сурвалжлах хүсэлтийг шүүхэд гаргасан байдаг. Иймд нэхэмжлэгч талыг хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. 2017 онд хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, хариуцагчийг дахин эрэн сурвалжлах шүүхийн шийдвэр гарч, уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаа тоологдсоноор 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дуусах байсан. 2020 оны 04 дүгээр сараас өмнө дахин эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргах байдлаар хөөн хэлэлцэх хугацаагаа сунгах хууль зүйн боломж нэхэмжлэгч талд байсан. Гэтэл нэхэмжлэгч тал энэхүү эрхээ хэрэгжүүлээгүй. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, *******-д тус тус холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 11,659,960.28 төгрөг, үндсэн хүүнд 30,540,310.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 5,247,282.19 төгрөг, нийт 47,447,553 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг батлан даалтын гэрээгээр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

2. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

 

2.1. ******* нь *******тай 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ЗГ1705043932 дугаартай “Зээл болон барьцааны гэрээ” байгуулж, 12,000,000 төгрөгийг, жилийн 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлэхээр талууд харилцан тохиролцсон. /хх8/

 

2.2. ******* нь *******-тай 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдөр БДГ1705043932 дугаартай “Батлан даалтын гэрээ” байгуулж, 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ1705043932 дугаартай “Зээл болон барьцааны гэрээ”-ний дагуу 12,000,000 төгрөгийн зээл, хүүгийн хамт хугацаанд төлөх, үүргийг зээлдэгч гүйцэтгэхгүй бол батлан даагч өөрийн эд хөрөнгө, дансан дахь мөнгөн хөрөнгөөр хариуцахаар талууд тохиролцсон./хх12-14/

 

2.3. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2017/00772 дугаар шийдвэрээр *******-ийн хүсэлтээр *******ыг эрэн сурвалжилж, хаяг тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хангаж шийдвэрлэсэн. /хх52-53/

 

2.4. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 191/ШШ2025/00256 дугаар шийдвэрээр *******-ийн хүсэлтээр *******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. /хх17-18/

 

2.5. Дээрх шүүхийн 191/ШШ2025/00256 дугаар шийдвэрийн дагуу Баянгол дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн албан тоотоор ******* нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 200 дугаар байрны 18 тоотод түр оршин суудаг ба ******* утасны дугаартай болохыг олж тогтоож, нэхэмжлэгчид мэдэгдсэн. /хх19/

 

3. ******* болон ******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байх ба хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх талаар маргасан байна.

 

3.1. Анхан шатны шүүхээс уг нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацааны талаар хийсэн дүгнэлт нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдах тухай хуулийн зохицуулалтад нийцээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг шийдвэрт оруулна. 

 

4. Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан бөгөөд хариуцагчийн авсан зээлийн хугацаа 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр дууссан байх ба уг үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр дуусна.

 

4.1. Харин, дээрх хугацаанд нэхэмжлэгчээс 2 удаа шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2017/00772 дугаар шийдвэр болон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 191/ШШ2025/00256 дугаар шийдвэрээр тус тус хариуцагч *******ыг эрэн сурвалжилж, түүний оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг цагдаагийн байгууллагад даалгаж шийдвэрлэсэн байна.

 

4.2. Цагдаагийн байгууллагаас Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 182/ШШ2017/00772 дугаар шийдвэрийн дагуу ямар ажиллагаа хийгдсэн талаар хариу өгөөгүй боловч Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 191/ШШ2025/00256 дугаар шийдвэрийг биелүүлж, *******ын оршин суух хаягийг олж тогтоон, хариу ирүүлснээр нэхэмжлэгч ******* нь хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийг шаардах нөхцөл бүрдсэн байна.

 

4.3. Гэтэл, анхан шатны шүүхээс 2017 онд шүүхэд эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагчийн хаяг тогтоогдсон эсэх, хариуцагчид мэдэгдсэн эсэх талаар баримтгүй, тухайн нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдах тухай Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх заалтад нийцэхгүй байна.

 

Хариуцагчийг эрэн сурвалжлах тухай шүүхийн шийдвэрийг Цагдаагийн байгууллага гүйцэтгэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасан тул тус байгууллага 2017 оны шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, уг ажиллагааны талаарх мэдээлэл өгөөгүйд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй.

 

4.4. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******тай байгуулсан 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ЗГ1705043932 дугаар зээлийн гэрээтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2017 оны 182/ШШ2017/00772 дугаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарснаар тасалдсан гэж үзэх тул адил агуулга бүхий сүүлд гарсан шүүхийн шийдвэрийг үндэслэж тухайн хөөн хэлэлцэх хугацааны тасалдлыг тооцохгүй.

 

5. Иймд, хариуцагч *******аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 11,659,960.28 төгрөг, үндсэн хүүнд 30,540,310.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 5,247,282.19 төгрөг, нийт 47,447,553 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт нийцнэ.

 

6. Харин, нэхэмжлэгч нь хариуцагч *******-тай  дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар батлан даалтын гэрээ байгуулсан байх ба батлан даалтын гэрээний 2.1-д “батлан даагч нь үүрэг гүйцэтгүүлэгч болон  ******* нарын хооронд 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан ЗГ1705043932 тоот зээлийн гэрээний дагуу үүрэг гүйцэтгэгчийг 12,000,000 төгрөгийн зээл, үүн дээр  нэмж зээлийн гэрээгээр тогтоосон хугацаанд төлөх, хүүний төлбөрийн хамт хугацаанд нь бүрэн төлнө гэдгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол батлан даагч өөрийн эд хөрөнгө, дансан дахь мөнгөн хөрөнгөөр хариуцахаар үүрэг хүлээсэн болно”, 2.3-т “батлан даагчийн хүлээх үүргийн хэмжээнд энэхүү гэрээний 2.2-т заасан нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болон Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 5-д заасан бусад төлбөр багтана” гэж заасан байх ба уг батлан даагч нь нөхөх хариуцлага хүлээдэг тул түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/07903 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 47,447,553 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, хариуцагч *******-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...үлдээсүгэй.” гэснийг “...үлдээж, хариуцагч *******аас 395,188 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 395,188 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.ГЭРЭЛТУЯА

 

       ШҮҮГЧИД                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

  Ц.АЛТАНЦЭЦЭГ