Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 826

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Сарантуяа хөтлөн,

Улсын яллагч: Н.Мөнхцэцэг,

Шүүгдэгч И.Г-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч Б овогт И-ийн Г-т холбогдох эрүүгийн 1905034260000 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1978 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Гашуун сухайт авто зам ХХК-д оператор ажилтай, ам бүл 2, эхийн хамт Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 2д байрны 00 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /              / Б овогт И-ийн Г-.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч И.Г-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 8 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Э-” шөнийн цэнгээний газарт үйлчлүүлж байхдаа тус бааранд мөн үйлчлүүлж байсан иргэн М.Э-ын нүүрэн тус газар нь санаатайгаар цохиж эрүүл мэндэд нь “зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн доод зовхинд шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч И.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч И.Г-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 8 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Э-” шөнийн цэнгээний газарт үйлчлүүлж байхдаа тус бааранд мөн үйлчлүүлж байсан иргэн М.Э-ын нүүрэн тус газар нь санаатайгаар цохиж эрүүл мэндэд нь “зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн доод зовхинд шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Хохирогч М.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө би 23 цагийн орчим найз Т , О  нарын хамт Э- бааранд орсон. Тэгээд бааранд ороод пиво захиалаад аваад ууж байгаад бүжиглэхээр болоод бүжгийн талбай дээр гараад бүжиглэж байсан чинь нэг танихгүй хоёр залуу хоорондоо маргалдаад байсан. Тухайн үед хамгаалагч нь ирээд салгаад хоёуланг нь бүжгийн талбайгаас гаргаад явуулсан. Би тэр үед юм анзаараагүй бүжиглэж байсан чинь нөгөө маргалдаж байсан цэнхэр жинсэн өмдтэй хар подволкатай залуу нь хүрч ирсэнээ үгийн зөрүүгүй миний нүүр рүү нэг удаа цохисон. Тэр үед хамгаалагч нар ирээд нөгөө залууг болиулсан ба би зодуулсан талаараа цагдаагийн байгууллагад хандсан. Би зодуулж эрүүл мэндээрээ хохирсондоо гомдолтой байна...”  гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 тал/

 

Гэрч Д.М-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...М  овогтой Т нь миний том хүү бөгөөд 2019 оны 8 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Э- бааранд үл таних хүнд зодуулж зүүн нүд орчим нь хөхөрсөн байсан. Тэр үед манай хүү Т   цагдаагийн байгууллагад хандсан. Т   нь 2001 онд анх Япон улс руу ажиллаж суралцахаар яваад түүнээс хойш Япон улсад ажиллаж амьдардаг. Тухайн үйл явдал болсоноос хойш 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Япон улс руу ажил хийхээр явсан бөгөөд надад итгэмжлэл хийж үлдээсэн. 2020 оны цагаан сараар Монголд ирэх байх. Эмчилгээний зардал мөнгийг гаргаад өгчихвөл ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 тал/,

 

Гэрч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр орой намайг гэртээ байж байсан чинь Г- ирээд гэрт засвар хийж байсан хүмүүстэй ганц хоёр пиво хувааж ууцгаасан. Тэгээд гэрийн хажууд Э- баар байдаг болохоор орьё  гээд Г-, Л   бид гурав орж бүжиглээд ширээн дээр би сууж байсан чинь баарны хамгаалагч нь над дээр ирээд танай найз согтоод хүмүүстэй маргалдах гээд байна гэхээр нь би за гээд байж байсан чинь Г- хүрч ирээд өөдөөс нь инээгээд хажуугаар нь зөрөөд өнгөрсөн шар царайтай нүдний шилтэй /М.Э-а/ залуугийн нүүр рүү нэг удаа гараараа цохисон. Маргалдах гэхээр нь болиулсан удалгүй цагдаа нар ирээд Г-ыг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 тал/,

 

Хохиролд 1 сая төгрөг хүлээлгэн өгсөн тухай баримт /хх-ийн 58 тал/,

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгчийн бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 79 тал/,

 

Шүүгдэгч И.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Тухайн үед би их согтсон байсан. Тус бааранд үйлчлүүлж байсан Т   гэх залуугийн нүүрэн тус газар нь нэг удаа гараараа цохисон. Тэгээд тэнд ойр хавьд байсан хүмүүс салгасан. Нэг мэдсэн чинь би эрүүлжүүлэхэд сэрсэн. Тухайн үед би хохирогч Тулгын нүүр рүү нэг удаа гараараа цохиж уг гэмтлийг учруулсан. Би гэмт буруугаа ухамсарлаж сайн дураараа учруулсан хохиролоо бүрэн барагдуулсан байгаа тул хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 65 тал/        

           

           Шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 0000 дугаартай шинжээчийн: “...М.Э-ын биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн доод зовхинд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Шүүх Эмнэлэгийн Гэмтлийн Зэрэг Тогтоох Журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 36 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн үйл баримт тогтоогджээ.

 

 Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор И.Г-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 45 тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 44 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 47 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                     

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хохирогч М.Э-ын биед “зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн доод зовхинд шарх” гэмтэл учирсан нь хэргийн 36 дахь талд авагдсан шинжээч эмчийн 00000 дугаартай дүгнэлтээр нотлогдсон ба энэ шүүгдэгч И.Г-ын хохирогчийг цохисон үйлдлийн улмаас үүссэн гэмтэл байна.

 

Шүүгдэгч И.Г-нь хохирогч М.Э-ыг цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд шүүгдэгч И.Г-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 8 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Э-” шөнийн цэнгээний газарт үйлчлүүлж байхдаа тус бааранд үйлчлүүлж байсан иргэн М.Э-ын нүүрэн тус газар нь санаатайгаар цохиж эрүүл мэндэд нь “зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн доод зовхинд шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч И.Г-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.Г-нь “хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Хохиролд 1.000.000 төгрөг төлсөн” гэж мэдүүлж оролцсон, хэргийн 58 дахь талд авагдсан нотлох баримтаар хохирогч М.Э-ын эмчилгээний зардал болох нэг сая төгрөгийг хохирогчийн аав М  хүлээн авсан болох нь тогтоогдсон тул энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч И.Г-нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч И.Г-нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг И.Г-т танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч И.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч И.Г-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт И-ийн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Г-т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Г-шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч И.Г-нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөрт 1.000.000 /нэг сая/ төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА