| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 102/2024/06406/И |
| Дугаар | 210/МА2026/00008 |
| Огноо | 2025-12-22 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2026/00008
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч , Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******өд холбогдох,
Орон сууц албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
Миний бие 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр *******-тай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж, Баянгол дүүрэг, ******* хороо, 3 дугаар хороолол, 1 дүгээр байрны ******* хаягт байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг худалдан авч өмчлөгч болсон. Хариуцагч ******* нь *******-тай 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ЗГ1402/04 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 90,000,000 төгрөгийг зээлж авсан бөгөөд зээлийн барьцаанд Баянгол дүүрэг, ******* хороо, 3 дугаар хороолол, 1 дүгээр байрны ******* хаягт байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалж, улмаар зээлийн төлбөрийг төлж чадахгүй болмогц зээлийн үлдэгдэл 107,000,000 төгрөгийн өр төлбөрт дээрх үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн өгөх тухай хүсэлтийг 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр *******-д гаргаж, улмаар 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр өмчлөх эрхийг ******* шилжүүлэн авч 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 107,000,000 төгрөгийг төлж буцаан худалдан авах нөхцөлтэйгөөр 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө буцаан худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байсан.
Би, хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргах гэсэн боловч *******-ийн нэхэмжлэлтэй *******, ******* нарт холбогдох Баянгол дүүргийн ******* хороо, 3 дугаар хороолол, 2а байрны *******, Баянгол дүүргийн ******* хороо, 3 дугаар хороолол, 2а байрны ******* хаягт байрлах орон сууцнуудаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч ******* нь гуравдагч этгээдээр оролцож, *******-тай байгуулсан 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг *******-д даалгах тухай бие даасан шаардлага гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан ба энэхүү иргэний хэрэг нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 4056 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 519 дугаартай магадлалаар тус тус шийдвэрлэгдэж, *******ийн гаргасан бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн ба Улсын Дээд шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 719 дугаартай тогтоолоор хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлэхээс татгалзаж дээрх иргэний хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн. Иймд, дээрх этгээдүүдийн хоорондох маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн тул хариуцагч *******ийг улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг, ******* хороо, 3 дугаар хороолол, 1 дүгээр байрны ******* хаягт байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцнаас албадан чөлөөлөх тухай шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч талын тайлбарын агуулга:
Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. *******-аас 2014 онд зээлийн гэрээ байгуулж, авсан хэдий ч зээлийн эргэн төлөлтийг бүрэн барагдуулж дуусгасан байхад тус банк бус санхүүгийн байгууллага нь биднийг 1 тэрбум төгрөгийн өр төлбөртэй болсон, барьцаа хөрөнгийг төлбөр тооцоо хийж дуусах хүртэл хугацаагаар манай нэр рүү шилжүүлчих, учир нь манай барьцаа хөрөнгө тул бид алдмааргүй байна. Тооцоо нийлж дуусаад буцаагаад шилжүүлнэ гэж хэлж биднийг төөрөгдөлд оруулж шилжүүлж аваад бусад руу шилжүүлсэн байсан. Гэтэл зээлийн эргэн төлөлтийг бүр 100,345,486.14 төгрөгөөр илүү төлүүлж залилан захирал, эдийн засагч нар нь хувийн дансаараа авч, улмаар барьцаа хөрөнгийг маань төлбөр тооцоо бүрэн төлөгдөж дууссан байхад хуурч мэхлэн шилжүүлэн авч бусдад буюу *******т хууль бусаар шилжүүлэн хохироосон. Энэ хууль бус үйлдлийг гарган биднийг орон байр, мөнгө төгрөг, сэтгэл санааны хохирол учруулж олон жил хохироосон асуудлаар цагдаагийн байгууллагад хандсан. Баянгол дүүргийн Цагдаагийн Хоёрдугаар хэлтэст шалгагдан, *******, *******, ******* биднийг хохирогчоор тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа бөгөөд Баянгол дүүргийн прокурорын газраас хяналт тавин эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Иймд, *******ийн гаргасан нэхэмжлэлтэй хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн ******* хороо, 3 дугаар хороолол, 1 байр, *******, 40 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч *******ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******өөс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Миний бие Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр “... *******-аас 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр авсан зээлийг хугацаандаа бүрэн төлөөгүй үндэслэлээр барьцаа хөрөнгө /*******, , нарын өмчлөлийн орон сууц/-ийг бусдад худалдаж залилан, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар гаргасан өргөдөл, гомдлоор прокуророос 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр *******-ийн уг үйлдэлд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хэрэг бүртгэлтийн 240501721 дугаар хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Мөрдөн шалгах ажиллагааны үед хариуцагч *******, , нарыг хохирогчоор тогтоож, тэднээс гэрч, хохирогчоор мэдүүлэг авсан бөгөөд дээрх прокурорын тогтоол хэрэгт нотлох баримтаар авагдсан байгааг шүүгч мэдсээр байж хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шийдвэр гаргаж байгаа нь буруу юм.
4.2. Хэрэгт нотлох баримтаар авагдсан “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”, “Үл хөдлөх эд хөрөнгө буцаан худалдах, худалдан авах гэрээ”-ний нэг тал нь дан ганц хариуцагч ******* биш бөгөөд , нарын 3 иргэний хууль ёсны өмч хөрөнгө байсан бөгөөд одоо ч уг орон сууцанд 3-уулаа амьдарч байгаа тул дан ганц ******* энэ иргэний хэргийн хариуцагч этгээд биш байхад энэ нөхцөл байдлыг шүүх тодруулаагүй, нэхэмжлэгч , нарыг хариуцагчаар татах хүсэлт гаргаагүй боловч шүүхийн шийдвэрийн улмаас тэдний хууль ёсны эрх, ашиг сонирхол шууд хөндөгдөхөөр байгааг шүүх анхаараагүй.
******* зээлийн гэрээний үүрэг, барьцаа хөрөнгүүдийг шилжүүлж авсан нь хууль ёсны эсэх талаарх маргаантай байгаа болохоо мэдсээр байж ******* гэгч этгээдтэй 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр дахин “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” байгуулж *******, , нарын өмчлөлийн орон сууцыг худалдан борлуулсан үйлдэл нь хууль ёсны эсэх талаар дүгнэлт хийхийн тулд тухайн асуудлыг эрүүгийн журмаар хэрхэн шийдвэрлэх нь хэрэгт зайлшгүй чухал ач холбогдолтой байхад үүнийг шүүгч огт анхаарч үзээгүйд гомдолтой.
4.3. Шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан үндэслэл нь, хүсэлт шийдвэрлэсэнтэй холбоотой биш шударга биш шүүхээр, шүүгчээр хэргээ шийдвэрлүүлэхгүй, эргэлзэж байна гэж шүүгчээс татгалзсан байхад үүнийг хуулийн дагуу шийдвэрлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарна гэж үзэж энэ талаар гомдол гаргаж байгаа тул энэ асуудлаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийж магадлалд үндэслэлийг нь тодорхой дурдаж өгөхийг хүсье.
4.4. Хэрэг бүртгэлтийн 240501721 дугаар хэрэгт иргэний журмаар гаргасан *******ийн нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байгаа үндэслэлээр шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэсэн атлаа нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан /хүчин төгөлдөр болоогүй байсан/ тогтоолыг үндэслэж түдгэлзүүлсэн хэргийг сэргээсэн, хэргийг сэргээсэн захирамж гаргасан талаараа шүүхээс надад огт мэдэгдээгүй, хуульд заасан хугацаанд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэхэд зориуд саад учруулсан /Ерөнхийн шүүгчийн туслах нь танд тухайн үед мэдэгдээгүй нь үнэн гэдгийг хэлдэг/ нь мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэж гомдол гаргаж байна. Хуульд зааснаар түдгэлзүүлсэн хэргийг сэргээсэн тохиолдолд заавал хэргийн оролцогчдод шүүх өөрөө мэдэгдэх үүрэгтэй ба уг захирамжийг талууд эс зөвшөөрөл тухайн шатны шүүхэд гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй байхад энэ эрхийг эдлүүлээгүй нь гомдол гаргах үндэслэл боллоо.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ******* гэгч этгээд маргаан бүхий орон сууцны эрхийг дээрх гэрээнүүдээр олж авсан нь үндэслэлтэй эсэх талаар шүүх эрх зүйн дүгнэлт хийхийн тулд эрүүгийн журмаар уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь хэрэгт ач холбогдолтой байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь хуульд заасан болон шударга ёсны зарчимд нийцэх байсан.
4.5. Шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт ******* намайг шүүх хуралдаанд бүрэн оролцсон мэтээр миний нэрийг бичсэн байна. Шүүхийн хэлэлцүүлгийн шатнаас миний бие шүүх хуралдааныг орхин гарсан ба ийнхүү орхин гарах болсон шалтгаан нь шүүгч надтай мэтгэлцэж, намайг зандарч, загнасантай шууд холбоотой ба энэ байдлаас болж миний зүрх дэлсэж, даралт ихэссэн тул арга буюу эмнэлгийн тусламж авах шаардлага үүссэн ба шүүгчийн зөвшөөрлөөр би гарсан. Эмнэлгийн тусламж авсны дараа буцаж шүүх хуралдаанд орох гэсэн боловч шүүгч намайг шүүх хуралдаанд оролцуулаагүйд гомдолтой байгаа.
Иймд, дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй учраас хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг зөвшөөрөхгүй байна. Гомдлын эхний үндэслэлд зөвхөн *******өд холбогдуулж шаардлага гаргаад , нарын эрх ашиг хөндөгдөж байна гэх агуулгаар гомдол гаргасан. Эдгээр хүмүүс нь гэр бүлийн 3 гишүүн буюу , нар хариуцагчийн 2 хүүхэд учраас зөвхөн эцэгт нь холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гомдлын 2-т нотлох баримт гаргуулах хүсэлтүүдийг хүлээж аваагүй гэх агуулгыг дурдсан. Шүүх хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтуудыг гаргуулах хуулийн зохицуулалттай учраас хэрэг хамааралгүй, ач холбогдолгүй бол нотлох баримтаар гаргуулах шаардлагагүй. Үүнд, нэхэмжлэгч талаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан хүсэлт нь тухайн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой баримт биш гэдэг байдлаар анхан шатны шүүхэд тайлбар өгсөн. Шүүх уг хүсэлтийг үндэслэлгүй гэж үзээд хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Мөн хариуцагч талаас шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан. Шүүх нотлох баримтыг гаргуулах хүсэлтийг хангахаас татгалзсан захирамж гаргасны дараа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан. Өөрөөр хэлбэл, хэн ч харсан хүсэлт шийдвэрлэсэнтэй холбоотой татгалзаж байн гэж ойлгохоор байсан. Ийм учраас шүүгчийн хүсэлт шийдвэрлэсэнтэй холбоотой татгалзаж болохгүй гэх үндэслэлээр шүүхийн татгалзлыг хүлээж аваагүй.
Түүнчлэн, шүүх хуралдаанаас гаргаад буцаад орох гэсэн боловч оруулаагүй атлаа шүүхийн шийдвэрт нэрийг нь оруулсан гэх агуулгыг гомдолд дурдсан. Шүүх хуралдааныг нээхэд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаас ирц танилцуулаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* ирцэд орсон. Нэгэнт ирц бүртгүүлээд ирцэд орсон учраас шүүхийн шийдвэрт оруулах нь хуульд нийцсэн гэж үзэж байна. Хэргийг түдгэлзүүлж шийдвэрлээд хариуцагч талд мэдэгдэхгүй байж байгаад сэргээсэн гэх агуулгыг гомдолд тусгасан. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан үндэслэл бий болсон талаар дүгнээд хэргийг түдгэлзүүлсэн. Нэхэмжлэгч талаас хэргийг түдгэлзүүлсэн захирамжид гомдол гаргасан. Тухайн захирамжийг бүрэлдэхүүнтэй шийдвэрлээд тогтоол гаргаад уг захирамжийг хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл, хүчин төгөлдөр тогтоол байхад анхан шатны шүүх өмнөх түдгэлзүүлсэн шиг дахин түдгэлзүүлсэн захирамж гаргах боломжгүй, тогтоол эцсийн шийдвэр болно. Тус хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан үндэслэлийн агуулга нь адилхан. Хавтаст хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар захирамж авагдаагүй байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэхийг хүсье. Хариуцагч тал худалдах, худалдан авах гэрээ болон Улсын бүртгэлийн газарт *******ийн нэр дээр бүртгэгдсэн бүртгэлтэй ямар нэгэн байдлаар маргаагүй. Зөвхөн *******-тай эрүүгийн журмаар болон бусад байдлаар маргаан үүсгээд явж байгаа учраас ******* энэ ажиллагаанд ямар нэг байдлаар оролцоогүй. Тодруулбал, иргэний хариуцагч, хохирогч болж аль нэг байдлаар оролцоогүй болохыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэхийг хүсье. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******өд холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, ******* хороо, 3 дугаар хороолол, 1 дүгээр байрны ******* хаягт байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
1.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ “уг орон сууцыг *******-аас худалдан авч, улмаар өмчлөгчөөр бүртгэгдсэн, хариуцагч нь тухайн эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа” гэж тайлбарлажээ.
1.2. Харин, хариуцагч нь “маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгийг *******-д зээлийн барьцаанд тавьсан байсан бөгөөд зээлээ төлж дуусах хүртэл өмчлөх эрхийг түр шилжүүл, зээлийн төлбөр бүрэн төлөгдсөнөөр орон сууцны өмчлөх эрхийг буцаана гэж төөрөгдөлд оруулан өмчлөх эрхийг шилжүүлж авсан. Гэтэл ******* нь зээлийн эргэн төлөлт 100,345,486.14 төгрөгөөр илүү төлөгдсөн байхад орон сууцны өмчлөх эрхийг *******т хууль бусаар шилжүүлсэн. Энэ талаар цагдаагийн газарт гомдол гаргаж, шалгах ажиллагаа явагдаж байгаа тул уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэж маргажээ.
2. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тогтоолгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
3. Талуудын маргааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг, ******* хороо, 3 дугаар хороолол, 1 дүгээр байрны *******ын 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууц нь нэхэмжлэгч *******ийн өмчлөлд шилжсэн үйл баримтын талаар зохигч маргаагүй.
3.1. Харин тухайн орон сууцны өмчлөгчөөр өмнө нь байсан ******* нь нэхэмжлэгчийн уг орон сууцны өмчлөх эрхийг олж авсан аргын талаар маргасан байна. Энэ тохиолдолд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн бичилтэд итгэхээс илүүтэй *******ийн тухайн эд хөрөнгийн өмчлөх эрхийг хэрхэн ямар арга замаар олж авсан талаарх үйл баримтыг тогтоох ёстой. Өөрөөр хэлбэл, улсын бүртгэлийн үнэн зөв байдалд итгэсэн гэх *******ийн уг асуудалд хэрхэн шударгаар хандсан эсэх асуудал яригдана.
3.2. Хэдийгээр хариуцагч ******* нь маргааны зүйл болох орон сууцыг зээлийн өр төлбөрт тооцож *******-д шилжүүлэн өгснөөр түүний өмчлөх эрх Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар дуусгавар болсон, тус компани бусдад худалдах эсэх нь шинэ өмчлөгчийн эрх боловч хариуцагчийн зүгээс хожим орон сууц шилжүүлсэн харилцааг залилан мэхлэх гэмт хэрэг байсан, нэхэмжлэгч ******* нь эдгээр нөхцөл байдлыг мэдэж байж тухайн орон сууцны өмчлөх эрхийг шударгаар олж аваагүй гэж маргажээ.
Дээрх агуулгаар Залилан мэхлэх гэмт хэрэгтэй тэмцэх газраас *******-ийн захирал , эдийн засагч , нарт холбогдох эрүүгийн 240501721 дугаартай хэргээс *******ийн гэрчээр өгсөн мэдүүлгийг гаргуулах, *******-ийн захирал ийг гэрчээр асуулгах, ийн Хаан банкны тоот дансны 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хуулгыг гаргуулах зэрэг хариуцагчийн өмгөөлөгч ийн гаргасан хүсэлт/хх156-157/ нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байсан гэж үзэхээр байна.
4. Уг хүсэлтийн үндэслэлд “Улсын мөрдөн байцаах газрын залилан мэхлэх гэмт хэрэгтэй тэмцэх газарт эрүүгийн хэрэг шилжиж ирээд тэдний хууль бус ажиллагаа, иргэн *******, нарын үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрөө бүрэн төлж барагдуулсан төдийгүй, 100,345,486 төгрөгийн илүү төлөлт хийгдсэн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байтал хууль бусаар хуурч мэхлэн барьцаа хөрөнгийг нь шилжүүлэн авч, улмаар бусдын өмчлөлд шилжүүлсэн гэх үндэслэлээр шалгаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаанд иргэн ******* нь дээрх үл хөдлөх хөрөнгийг огт худалдан аваагүй, ямар нэгэн төлбөр төлөгдөөгүй, захирал ийн хамаарал бүхий этгээд бөгөөд түүний хүссэний дагуу үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авсан мэтээр гэрээг байгуулсан талаараа гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг” гэжээ.
Гэтэл хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан дээрх хүсэлтийг анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 192/ШЗ2025/39723 дугаар захирамжаар хангахгүй орхиж шийдвэрлэсэн /хх168-169/ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасанд нийцээгүй байна.
5. Түүнчлэн, нэхэмжлэгч *******ийн нэр дээр орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байх боловч түүнд уг үл хөдлөх эд хөрөнгө хэрхэн, ямар үндэслэлээр шилжсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.
6. Харин хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсанаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд тухайн хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэх боломжгүй.
Өөрөөр хэлбэл, ******* нь хариуцагч *******өөс дээрх орон сууцыг зээлийн төлбөрт тооцож шилжүүлэн авахдаа залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн эсэх нь тусдаа асуудал бөгөөд гагцхүү нэхэмжлэгч ******* нь уг харилцаанд Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шударгаар хандсан этгээд мөн болохыг тогтоосноор түүний эрх хамгаалагдах эсэхийг шийдвэрлэх учиртай.
7. Дээр дурдсан үндэслэлээр маргаанд ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн байх ба давж заалдах шатны шүүх уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 192/ШШ2025/07570 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Ц.АЛТАНЦЭЦЭГ