| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 192/2025/03258/И |
| Дугаар | 210/МА2026/00038 |
| Огноо | 2026-01-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 210/МА2026/00038
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, шүүгч Н.Оюунтуяа, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 192/ШШ2025/08934 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******-д холбогдох,
Гэрээ байгуулахыг даалгах тухай үндсэн,
******* болон *******-ийн хооронд 2023 оны 07 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд хийгдсэн хэлцэлд нэмж олгосон 470 м.кв талбайн хэмжээнд *******ын талбайн хэмжээ багтсан хэлцэл хийсэн болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй, иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
Нийслэлийн Засаг дарга 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дахин төлөвлөлтөөр нураан буулгасан Арьс ширний 31 дүгээр байрны *******ыг өмчлөгч *******тэй гэрээ хийх хүртэл *******-ийн барилгын ажлыг түдгэлзүүлсэн. Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд зааснаар төсөл хэрэгжүүлэгч компани өмчлөгчтэй гэрээ байгуулах үүрэгтэй. ******* манай байрыг буулгах 2023 оны 08 дугаар сарын үед 0******* байрны өмчлөх эрхийн гэрчилгээ олдоогүй бөгөөд тухайн үед 0*******ын байрны талбайг мөн бидний эзэмшлийн ******* байрны талбайд нэмээд гэрээ хийгээд явъя гэж бид амаар тохирсон байна. Гэтэл ******* 0*******ын талбайг хасаад гэрээ хийсэн. Би үүнийг сүүлд мэдсэн. Ингээд, яагаад 0*******ын талбайг хасав гэж би асуухад 0******* бол байрны узель тул гэрээ хийхгүй гэж илтэд худал тайлбар хэлсэн. Учир нь 0*******ын талбайг ******* хэмжээд шинэ стандартаар 32,98 м.кв /гэрчилгээнд заасан хуучин стандартаар 16 м.кв/ талбайтай гэсэн зургийг гаргаад, узелийн хэрэгслүүд нь барилгын зурагт байхгүйгээр *******-д өгсөн байхад түүнийг узель гэж ярих үндэслэлгүй. 0*******ыг өмчлөх гэрчилгээгээ 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр би нөхөн авсан. Тус байрыг би 2000 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш өмчилж буй лавлагааг хавсаргав. Гэрчилгээгээ гарахаар *******-д хандаж гэрээ хийх санал тавьсан боловч гэрээ хийгээгүй. Гэрээ байгуулахгүйгээс 32,98 м.кв талбай бүхий орон сууцаа суллаж өгөөд оронд нь байр авах гэрээгүй хохирч, мөн байр чөлөөлөөд оронд нь өөр газар түр байр түрээслэх төлбөр /сарын 1,000,000 орчим төгрөг/ нийт 20,000,000 орчим төгрөг авч чадахгүй тус тус хохирч байна. Иймд арьс ширний 31 дүгээр байрны *******, 32.98 м.кв талбайттай орон сууцны өмчлөгч *******тэй гэрээ байгуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч талын тайлбарын агуулга:
Нийслэлийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А255 дугаартай захирамжаар ******* нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай арьс ширний 31 дүгээр байрыг буулгаж, дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан. Арьс ширний 31 дүгээр байр нь 18 айлын орон сууц бөгөөд 14 тоотод орших 2 өрөө сууцанд 2 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж, 14А, 14Б тоот болсноор 19 айлтай болгож, бүртгүүлсэн байсан. Үүнээс гадна нэхэмжлэгчийн маргаан бүхий ******* гэх орон сууц нь гадагшаа харсан хаалгатай, тухайн барилгын ус, дулаан, цахилгааны эх үүсвэрийн зангилгаа өрөө буюу узелийн хэсэг байсан. Тус орон сууцны 1, 15, 14А, 17 тоот орон сууцуудыг өөр өмчлөгч нар өмчилдөг бөгөөд үлдэх орон сууцыг ******* ба түүний хамаарал бүхий этгээдүүд өмчилж байсан бөгөөд ******* нь ******* гуайтай үндсэн тохиролцоог хийх замаар төсөл хэрэгжиж эхэлсэн. Тухайн барилга нь 2 давхар байсныг 3 давхраар тооцож талбай өгөхийг нэхэмжлэгч ******* шаардсаныг ******* нь хүлээн зөвшөөрч, *******ийн өмчлөлд хамаарах нийт 718 м.кв талбай дээр 410 м.кв талбайг нэмж, нийт 1128 м.кв талбайг үнэ төлбөргүй *******т олгохоор 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр харилцан тохиролцож, баталгаажуулсан. Үүний дараа өдөр нь ******* нь төрсөн дүү *******доо 60 м.кв талбайтай байрны гэрээ хийж өгөөч, миний гэрчилгээ олохгүй байгаа *******ын оронд уг талбайг тооцуулъя гэж тавьсан саналыг нь зөвшөөрч, *******од 60 м.кв талбайтай орон сууц олгохоор гэрээ байгуулсан. Эдгээр тохиролцоог хийх цаг үед ******* нь нэг ч өмчлөх эрхийн гэрчилгээ үзүүлээгүй. 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр өөрийн хамаарал бүхий этгээдүүдийн хамтаар өмчилж байгаа орон сууцнуудын гэрчилгээг гаргаж өгснөөр 2301 дугаартай гэрээ байгуулагдсан. Ингээд Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн дагуу 2 ба 3 талт гэрээг 2024 оны 2 сард хийж, Нийслэлийн Засаг даргаар батлуулсан. Дээр дурдсан бүх үйл явц явагдаж байхад ******* нь *******ын гэрчилгээний талаар нэг ч үг дугараагүй, барилгыг буулгах, ачиж зөөвөрлөх, суурийн шороог ухах, улмаар барилгын угсралт хийгдэх бүх үйл явцад ч энэ талаар хэлээгүй. ******* нь ******* гээд байгаа өрөө нь угаасаа үл хөдлөх өмчлөх эрхийн гэрчилгээгүй юм байна гэж ойлгож байсан бөгөөд *******ийн хүсэлтээр нь түүнтэй нь дүйцэх орон сууцны талбайг огт эрхгүй этгээд болох түүний төрсөн дүү *******од өгөх хэлцэл хийсэн тул барилгын үйл явц хэрэгжээд явсан. Гэтэл 2024 оны 10 дугаар сараас эхлэн ******* нь гэнэт өөрийгөө хөрөнгөтэй байсан гэдгээ санаж, хамар дор нь буугдаад зөөвөрлөгдсөн орон сууцаа алдаж хохирсон гомдогч болон хувирч, Нийслэлийн Засаг дарга, түүний харьяа бүх газар хэлтэс, Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн прокурорын газар, Захиргааны хэргийн шүүхэд өргөдөл гомдол гаргаж, барилгын ажилд маш их саад учруулсан.
Бидний зүгээс маргаан бүхий талбайтай дүйцэх 60 м.кв талбайг түүний дүү *******од шилжүүлэх хэлцэл хийсэн боловч маргааныг дуусгах хүсэлтэй тул ******* гэрчилгээний дагуу 16 м.кв талбайтай дүйцэх орон сууцыг өгч гэрээ байгуулахыг зөвшөөрч байгаа, харин 32 м.кв талбайтай орон сууц өгөх гэрээ байгуулах шаардлагыг бол зөвшөөрөхгүй гэжээ.
3. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Төслийн эхлэл, ажлын хүрээнд Арьс ширний 31 дүгээр байр нь 18 айлын орон сууцтай, иргэн ******* нь 18 айлын орон сууцнаас 14 айлын орон сууцыг өмчилдөг гэж анхны уулзалтаар тайлбарласан, өмчлөх эрхийн гэрчилгээ бичиг баримтаа үзүүлээгүй. Арьс ширний 31 дүгээр байр нь 2 давхар орон сууцны зориулалттай барилга байсан ба ******* нь 2 давхар барилгыг 3 давхар гэж үзэж, нийт 718 м.кв дээр 410 м.кв талбай нэмж, нийт 1128 м.кв талбай өгөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан.
Өөрөөр хэлбэл, 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Арьс ширний 31 байрны дахин төлөвлөлттэй холбогдуулан хийсэн урьдчилсан тохиролцоо гэх баримт бичгийг байгуулж байх цаг хугацаанд ******* нь өөрийгөө 2-13, 1******* орон сууцны өмчлөгч гэж өөрийгөө танилцуулсан, энэ нь зөвхөн түүний амаар хэлсэнд оршино, нэг ширхэг ч цаас, баримт бичиг үзүүлээгүй байхдаа хийгдсэн урьдчилсан тохиролцоо нь Иргэний хуульд заасан хэлцэлд тооцогдоно. ******* болон *******-ийн хооронд 2023 оны 07 сарын 21, 22-ны өдрүүдэд хэлцэл хийгдсэн байна гэж үзэх үндэслэлтэй бөгөөд эдгээр хэлцэлд дурдсан орон сууцны талбайд нэхэмжлэгчийн маргаан үүсгээд байгаа *******ын талбай бүхий орон сууц олгогдсон хэлцэл хийгдсэн болохыг шүүхээр тогтоолгох зайлшгүй шаардлага үүссэн. Учир нь, ******* нь *******-тай урьдчилсан тохиролцоо хийх, дараа нь 2 болон 3 талт гэрээг байгуулах цаг хугацаанд энэ *******той холбоотой маргаан огт үүсгээгүй болох нь цаг хугацааны үйл баримтуудаар нотлогдоно. Харин, 2024 оны 05 дугаар сарын сүүлээр өмчлөх эрхийн гэрчилгээг бүртгэлийн байгууллагаар гаргуулж авсан үйл баримтын дараагаар энэ үйл явц өрнөсөн нь нотлогдоно. Гэхдээ ******* бол гэрээг баталгаажуулахаас татгалзаж, зайлаагүй. Харин ч гэрээг баталгаажуулаад нэхэмжлэгчийг урьж гарын үсэг зурахыг хүлээсэн ч ирээгүй болохоор гурван талт гэрээний нэг талын оролцогч болох Нийслэлийн орон сууцны бодлогын газарт *******ээр гарын үсэг зуруулахыг хүсэж хүргүүлсэн баримттай. ******* бол энэ төслийн бүх санхүүжилтийг бие даан хариуцдаг. Үндсэн нэхэмжлэлийг шийдвэрлэхэд дөхөм болох үр дагаврыг үүсгэнэ гэж үзэж энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргах үндэслэл болсон. Иймд ******* болон *******-ийн хооронд 2023 оны 07 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд хийгдсэн хэлцэлд нэмж олгосон 470 м.кв талбайн хэмжээнд *******ын талбайн хэмжээ багтсан хэлцэл хийсэн болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга:
Урьдчилсан тохироонд 2-13 тоотыг шинэ байрны талбайгаар солих тухай үг, өгүүлбэр алга. Тоотуудын өмчлөгч хэн бэ гэдгийг ерөнхий байдлаар тогтоосон юм. Энэ 14 орон сууцны 5 нь Монгол дээд сургуулийн өмчлөлд, бусад нь өөр хүмүүсийнх байгаа юм. Урьдчилсан тохирооны 2 дугаар зүйлд *******ийн өмчлөлийн гэх орон сууцны талбай ойролцоогоор 718 м.кв гэсэн. Энэ 718 м.кв талбайд 0*******ын 32 м.кв талбай орсон гэдгийг ******* нотолж чадсангүй. Нотлох ч боломжгүй. Энэ 718 м.кв талбайд 0*******ын 32 м.кв талбай ороогүй гэдгийг үүний дараа 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан гэрээ нотолно. 0*******ын оронд 60 м.кв талбайтай орон сууц өгсөн талаар ямар ч нотлох баримтгүй. Ингэж тохиролцоог маргааш нь өөрчлөхийг хориглосон. Урьдчилсан тохироонд Тохиролцоонд нөгөө талын зөвшөөрөлгүйгээр өөрчлөлт оруулбал гаргасан зардал, түүний 50 хувьтай тэнцэх хэмжээний торгууль хүлээх үүрэг хүлээнэ гэж заасан. Талууд саналаа бичгээр гаргана гэж гэрээнд заасан. Иймд ор үндэсгүй, ямар ч баримтгүй сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.5, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 274 дүгээр зүйлийн 274.1-т заасныг тус тус баримтлан ******* болон *******-ийн хооронд 2023 оны 07 дугаар сарын 21, 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хийгдсэн хэлцлийн талбайн хэмжээнд ******* орон сууцны талбайн хэмжээ багтсан хэлцэл хийсэн болохыг тогтоож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ашиглалтын шаардлага хангахгүй дугаартай ******* хаягт байршилтай, 16 м.кв талбайтай нэг өрөө, орон сууцны зориулалтай орон сууцыг нөхцөл сайжруулан 16 м.кв талбайтай нэг өрөө, орон сууцны зориулалтай шинэ орон сууц шилжүүлэх гэрээ байгуулахыг хариуцагч *******-нд даалгаж, үлдэх 16,98 м.кв талбайтай орон сууц шилжүүлэх гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 885,159 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 885,159 төгрөгийг тус тус улсын төсөвт үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 885,159 төгрөг гаргуулж хариуцагч *******-д олгож, хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 442,579 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.
6. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
6.1. Анхан шатны шүүхийн шийдвэрт дараах өөрчлөлтийг оруулж өгнө үү.
Шийдвэрийн агуулгаас ашиглалтын шаардлага хангахгүй дугаартай ******* хаягт байршилтай, 16 м. кв талбайтай нэг өрөө, орон сууцны зориулалттай орон сууцыг нөхцөл сайжруулан 16 м.кв талбайтай нэг өрөө, орон сууцны зориулалтай шинэ орон сууцыг шилжүүлэх гэсэн хэсгийг хасаж өгнө үү. Учир нь, би гэрээ байгуулахыг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлага тавьсан. Гэрээ байгуулах шаардлагын зарим хэсгийг хангах шийдвэр гаргах боломжгүй.
Шүүгчийн шийдвэрт байгаа орон сууц шилжүүлэх хэмээх нэмэлт нь хэсэг нь гэрээний эрх чөлөөнд халдаж, Иргэний болон процессын хууль зөрчиж байна Иргэний хуульд Иргэний хууль тогтоомжийн үндэслэх зарчмын нэгийг гэрээний эрх чөлөө гэж заасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэсэн заасан.
Хариуцагч шүүх хурлын явцад Гэрчилгээнд зааснаар буюу 16 м.кв талбайтай орон сууцны зориулалтай шинэ орон сууцыг шилжүүлэх хүсэл зоригтой байгаагаа илэрхийлсэн. Миний бие үүнийг зөвшөөрөхгүй гэдгээ хэлж би *******ын гэрээ байгуулахын өмнө, урьдчилан тохиролцсон 1 ба 2 давхарт 300 м.кв талбай авах санал хэлсэн.
Гэтэл шүүгч шийдвэртээ хариуцагчийн саналыг тусгаж, миний хүсэл зоригийг илэрхийлсэн саналуудыг тусгаагүй. Энэ нь Үндсэн хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан адил тэгш байх зарчмыг баримтлаагүйг харуулж байна.
6.2. Хэрэгт байгаа 2023 оны 07 дугаар сарын 21, 2023 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хийгдсэн гэрээнүүдэд *******ын талбай гэсэн үг байхгүй.
2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн тохиролцоонд байгаа 718 м.кв талбайд *******ын талбай ороогүй гэдгийг 718 м.кв талбайг нэг бүрчлэн задалж харуулсан 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн гэрээ нотолж байна.
2023 оны 07 дугаар сарын 22-ны өдөр би ******* хэлцэл хийсэн гэсэн нотлох баримт хэрэгт байхгүй юм.
Харин, энэ өдөр гуравдагч этгээд *******ой хийсэн гэрээ байна. Миний хүссэн хүссэн 470 м.кв талбайг зөвшөөрч, түүнээс 60 м.кв-ийг дүү *******од шилжүүлэхийг зөвшөөрч гэрээ байгуулсан. *******ын оронд энэ 60 м.кв өгч буй гэсэн санаа энэ гэрээнд байхгүй.
Тэгвэл яагаад энэ гэрээнд *******ын оронд 60 м.кв талбай өгөв гэж хоёр тал тусгуулаагүй вэ, яагаад өнөөг хүртэл 2 жил гаруй хугацаанд ийм гэрээ байгуулаагүй вэ гэдэг асуулт тийм хэлцэл хийгдээгүйг харуулж байна. Энэ 60 м.кв талбайг өөрийн дүү, сургууль хамтран байгуулсан, ТУЗ-ийн дарга *******од өгөхөөр тусдаа хоёр дахь гэрээ байгуулна, үүнийг нууц байлгах хэрэгтэй бөгөөд эхнэр хүүхэд, өөр хүмүүс мэдвэл барьцана гэж би хэлснийг тэд наадмын өмнө зөвшөөрсөн. гэрчийн мэдүүлэгтээ Таны дүү ******* гэдэг хүн 2023 оны наадмын өмнө ярьсан гэжээ.
*******тэй гэрээ байгуулах өдөр гэрээгээ байгуулна гэж хойшлуулсан байсан. 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ******* ******* дээр ирээд өрөөг нь олсонгүй, дандаа түгжээтэй өрөөнүүд байна гэсэн. Би компанийн захирал руу утсаар ярьж, ******* дуудаж өрөөгөө нээлттэй байлгаж, гэрээ байгуул гэж хэлсэн. Маргааш нь ******* дуудаж гэрээ байгуулсан юм. Иймд сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.
7. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
Анхан шатны шүүх хуралдааны үед болон Нийслэлийн Орон сууцны бодлогын газарт яригдсан асуудлын талаарх тэмдэглэл хэрэгт авагдсан. Мөн талуудын хооронд байгуулагдсан бүх гэрээнүүдийг бид баталгаажуулж хэрэгт өгсөн. Бидэнд нэхэмжлэгчийг ямар нэгэн байдлаар хохирооё гэх санаа огт байхгүй. Харин ч нэхэмжлэгчийн 2,000,000,000 төгрөгийн хөрөнгө оруулсан гэх 14 байшинг бараг 20,000,000,000 төгрөг болгож өгч байгаа буюу нэхэмжлэгчид маш ашигтай байгаа. Тиймээс хэрэг маргааныг хуулийн дагуу шийдвэрлэж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо Арьс ширний 31 дүгээр байр, *******, 16 м.кв талбайтай орон сууцны өмчлөгч *******тэй 32,98 м.кв талбайтайгаар гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ******* болон *******-ийн хооронд 2023 оны 07 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд хийгдсэн хэлцэлд нэмж олгосон 470 м.кв талбайн хэмжээнд *******ын талбайн хэмжээ багтсан хэлцэл хийсэн болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.
3. ******* нь *******-тай хийсэн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Арьс ширний 31 дүгээр байрны дахин төлөвлөлттэй холбогдуулан хийсэн урьдчилсан тохироо-гоор арьс ширний 31 дүгээр байрны 2-13 тоот, 1******* нийт 14 орон сууцыг өмчлөгч нь ******* ХХК гэж, *******ийн өмчлөлийн гэх орон сууцны нийт талбайн хэмжээ нь ойролцоогоор 718 м.кв талбайтай болох дээр хоёр тал зөвшилцөлд хүрсэн, ******* нь өөрийн өмчлөлийн орон сууцны одоо байгаа бодит талбайг шинээр баригдах орон сууцнаас авахын зэрэгцээ 410 м.кв талбайг орон сууц хэлбэрээр, 1 автомашины зогсоолыг тус тус нэмж авахаар талууд харилцан тохиролцсон./хх37/
3.1. Мөн, ******* нь *******той 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Арьс ширний 31 дүгээр байрны дахин төлөвлөлттэй холбогдуулан хийсэн урьдчилсан тохироо-ны 3-т ******* нь өөрийн өмчлөлийн орон сууцны одоо байгаа бодит талбайг шинээр баригдах орон сууцнаас авахын зэрэгцээ 470 м.кв талбайг орон сууц хэлбэрээр, 1 автомашины зогсоолыг тус тус нэмж авах хүсэлт гаргасныг ******* нь хүлээн зөвшөөрсөн болно. Дээрх 470 м.кв талбайгаас 60 м.кв талбайг өөрийн дүү ******* шилжүүлэх замаар *******той гэрээ байгуулахыг ******* зөвшөөрснийг баталгаажуулав гэж тохиролцсон./хх38/
3.2. Харин, ******* ХХК нь *******-тай байгуулсан 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 23/01 дугаартай Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр дахин төлөвлөх, өмчлөгчдөд нөхцөл сайжруулан шинэ орон сууц олгох гэрээ-гээр Арьс ширний 31 дүгээр байрны 2-13 тоот, 1******* нийт 14 орон сууцыг өмчлөгч ******* БСБ, ******* , , нарт мөрдөгдөж байгаа стандартаар хэмжүүлж, нийт 713.98 м.кв талбайтай ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг *******-д шилжүүлж, 718 м.кв талбайтай шинэ орон сууцыг өмчлөгч ******* БСБ, ******* , , нарт ******* олгохоор, харин өмчлөгч *******т нэмж 410 м.кв талбайтай орон сууц, нийт 1128 м.кв талбайтай орон сууцыг өмчлөгч нарт шилжүүлэхээр талууд харилцан тохиролцжээ. /1хх 32-36/
4. Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ *******од талбайн хэмжилт хийхэд 32,98 м.кв талбайтай байсан бөгөөд уг талбайг оруулан тооцоод 2023 оны 07 дугаар сарын 22-ний өдөр нэхэмжлэгч *******ийн дүү *******од 60 м.кв талбайтай орон сууц шилжүүлэхээр *******той хэлцэл хийсэн. Иймд 32,98 м.кв талбайтайгаар гэрээ байгуулахыг зөвшөөрөхгүй гэж маргаж, ******* болон *******-ийн хооронд 2023 оны 07 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд хийгдсэн хэлцэлд нэмж олгосон 470 м.кв талбайн хэмжээнд *******ын талбайн хэмжээ багтсан хэлцэл хийсэн болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байна.
5. Түүнчлэн, 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 23/01 дугаартай Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр дахин төлөвлөх, өмчлөгчдөд нөхцөл сайжруулан шинэ орон сууц олгох гэрээ-ний 2.1-д заасан өмчлөх эрхийн гэрчилгээ бүхий 14 үл хөдлөх хөрөнгөд маргаан бүхий ******* орон сууц дурдагдаагүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.
6. Дээр дурдсан үйл баримт болон хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл хариуцагч нь маргаан бүхий ******* орон сууцыг *******той хийсэн 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн хэлцлээр 60 м.кв талбайтай орон сууцыг түүнд шилжүүлэхээр тохиролцсон гэж татгалзаж, энэ үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гарган маргасан байх тул тухайн хэлцлийг хийсэн этгээд *******ын эрх ашиг хөндөгдсөн гэж үзэхээр байна.
Иймд, шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээд *******ын эрх үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байхад түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах шаардлагатай байгааг анхаараагүй байна.
7. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 192/ШШ2025/08934 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,327,738 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН
ШҮҮГЧИД Н.ОЮУНТУЯА
Ц.АЛТАНЦЭЦЭГ