Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 836

 

                         Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Боорчи хөтлөн,

Улсын яллагч: Ц.Батзориг /томилолтоор/,

Шүүгдэгч Д.Ж-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Х  овогт Д-ийн Ж-д холбогдох эрүүгийн 1905033310000 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1968 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, барилгын цахилгааны туслах, ам бүл 2 эхнэр Ц.П-ын хамт Баянгол дүүргийн 10 дугаар хороо 11 дүгээр гудамжны 00 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэл эдэлж байгаагүй,              дугаарын регистртэй, Х  овогт Д-ийн Ж-.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Д.Ж-нь 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо 11 дүгээр гудамжны 00 тоотод байх өөрийн гэртээ архи ууж гэрт орилж хашгирлаа” гэсэн шалтгаанаар хүргэн Э.Б-ын толгойн тус газар нь сандлаар цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, зулайн хуйханд шарх, чихний дэлбэнд зулгаралт, чихний ард хаван хавдар гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Ж-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар

 

Шүүгдэгч Д.Ж-нь 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо 11 дүгээр гудамжны 00 тоотод байх өөрийн гэртээ “архи ууж гэрт орилж хашгирлаа” гэсэн шалтгаанаар хүргэн Э.Б-ын толгойн тус газар нь сандлаар цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, зулайн хуйханд шарх, чихний дэлбэнд зулгаралт, чихний ард хаван хавдар бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Хохирогч Э.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би эрх үүрэгтэй уншиж танилцлаа, асуух зүйл байхгүй. Өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Би найз охин Б-тай хамтран амьдардаг. Б-ын ээж П нь Ж-тай хамтран амьдардаг. Тухайн өдөр буюу 2019.08.06-ны өдөр 20 цагийн үед П-ын гэрт найз охин Б-ыг хайгаад очсон юм. П нь БГД-10 хороо зүүн наран 0000 тоотод хашаа түрээсэлж амьдардаг. Би хадам ээж П-ын гэрт очихдоо халамцуу очсон, манай найз охин Б-ыг ажилдаа ирээгүй гээд ажлаас нь над руу яриад байхаар нь би хайж явсан юм. Тэгтэл ээжийндээ Б- очоогүй байсан. Тэгээд хадам ээжийн гэрт маргаан болоогүй байх, нэг мэдэхэд Ж- намайг цохиод би ухаан алдсан юу болсныг мэдээгүй, би босож ирээд толгойгоо үзэхэд цус гарсан байсан тэгэхээр гайгүй байх гээд гарч яваад найз охин Б-ын ажил дээр очиход Б- ажил дээрээ байсан. Тэгээд би оройдоо гэмтлийн эмнэлэг явж толгойдоо 8 оёдол тавиулсан. Цагдаад өргөдөл гаргасан юм. Миний толгой руу сандлаар цохисон гэсэн, би санахгүй байгаа. Эмчилгээний зардал КТГ зураг 120,000 төгрөг, эм тарианд 140,000 төгрөг болсон. Гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 тал/

 

Хохирогчийн биед учирсан гэмтлийн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-18 тал/,

 

 Гэрч Ц.П-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би хамтран амьдарч Ж-тай хамт БГД-10 дугаар хороо 13 сургуулийн хойшоо айлын хашаа түрээсэлж амьдардаг. Тухайн өдөр буюу 2019.08.06-ны орой 18 цагийн үөд хүргэн болох Б- нь согтуу гэрт орж ирсэн. Тэгээд эхнэр Б-ыг асуухаар нь би ирээгүй гэж хэлэхэд гэр тойрч хараад худлаа яриад бай гэсэн. Би худлаа яриагүй та хоёр хэрэлдэж маргалдахаар ирэхээ боль гэж хэлсэн. Дахин Б- орж ирээд манай эхнэр байгаа битгий нуугаад бай гээд байсан. Ж- Б- руу байхгүй болохоороо бид хоёр байхгүй гэж хэллээ. Ж- чи эхнэртэйгээ маргалдахаа боль наад охины чинь өмөөрөх төрсөн эх нь байна гэхэд Б- хуцаад бай чи өөрөө зайл гэж Ж-д хэлсэн. Б- гэрт байхдаа орон дээр сууж байгаад ор цохиод шүдээ хавирч хашгираад байсан тэгэхэд Ж- жижиг сандал аваад цохисон юм. Өөр юм болоогүй. Б-аас уучлаарай чи согтуу үедээ байнга ирээд агсам тавиад гай болоод байна гэж хэлсэн. Б- тухайн үед за за миний буруу байсан гэж хэлсэн. Б- чи зайл давраад бай гээд Ж-ын гар цээж рүү нь 2-3 удаа цохисон тэрний дараа Ж- жижиг сандлаар цохисон. Ж- дуугай хүнтэй эвтэй байдаг, барагтай л хүнтэй хэрүүл хийхгүй, сургуульд 18 жил багш хийсэн хүн. Надтай суугаад 1 жил болох гэж байна. Б- бол байнга өдөр бүр архи уудаг, манай охин Б-тай таарамжгүй байдаг. Б- охиныг хардаад араас нь байнга хайж явдаг. Б- архи уухаараа их агсам зантай. Б- охин Б-тай найзлаад 3-4 сар л болж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 тал/,

 

Шүүгдэгч Д.Ж-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Тухайн өдөр хамтран амьдрагч П бид хоёр гэртээ байсан. П-ын найз Л, А нар ирээд бид дөрөв 1 шил архи, айраг уусан. Тэр үед П-ын охин Б-ын найз Б- гэрт согтуу орж ирээд Б-ыг хайгаад агсараад байх үед Л-, А нар манайхаас явлаа гээд явчихсан. Б- гэр тойрч охин Б-ыг хайгаад орон дээр суучихаад ор цохиод байхаар нь би “чи дандаа согтуу ирж агсам тавьдаг, одоо боль охиныг өмөөрөх ээж нь байгаа шүү” гэхэд Б- намайг чи өөрөө зайл гэж хэлсэн. Б- бол манай гэрт орж ирэхдээ тасарчихлаа нилээд согтуу байсан. Б-ыг орилоод байхаар нь би зайлаач гээд сандлаар цохисон юм. Б-ыг хуванцар жижиг хүүхэд суудаг сандлаар нэг удаа толгойн тус газар нь цохисон. Би дүгнэлтийг зөвшөөрч байна. Намайг цохиж зодоогүй. П-, би, Б- бид гурав байсан. Би архи уусан байсан. Б- согтуу тасарчихсан байсан. Надаас мөнгө нэхээд байгаа. Би эмчилгээний зардлыг барагдуулна...” /хх-ийн 56-57 тал/ 

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн №0000 дугаартай: “...Э.Б-ын биед тархи, доргилт, зулайн хуйханд шархтай, зүүн чихний дэлбээнд зулгаралт, чихний ард хаван хавдар гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын            2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх шинжээч эмчийн дүгнэлт /хх-ийн 25 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн үйл баримт нотлогдон тогтоогджээ.   

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                    

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Хохирогч Э.Б-ын биед “ тархи, доргилт, зулайн хуйханд шархтай, зүүн чихний дэлбээнд зулгаралт, чихний ард хаван хавдар гэмтэл” учирсан нь хэргийн 25 дахь талд авагдсан шинжээч эмчийн 9806 дугаартай дүгнэлтээр нотлогдсон ба энэ шүүгдэгч Д.Ж-ын хохирогчийг сандлаар цохисон үйлдлийн улмаас үүссэн гэмтэл байна.

 

Мөн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 00000 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмчийн 0000 дугаар дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.

 

Шүүгдэгч Д.Ж-нь хохирогч Э.Б-ыг цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд шүүгдэгч Д.Ж-нь 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо 11 дүгээр гудамжны 00 тоотод байх өөрийн гэртээ “архи ууж гэрт орилж хашгирлаа” гэсэн шалтгаанаар хохирогч Э.Б-ын толгойн тус газар сандлаар цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан учир түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч баримтаар нэхэмжилсэн хохирол хэрэгт авагдаагүй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ж-нь “хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Хохиролд 800.000 төгрөг төлсөн” гэж мэдүүлж оролцсон ба Хас банкны төлбөрийн баримтаар хохирогч Б-д 800.000 төгрөгийг хохирол, хор уршигт тооцож төлсөн болох тогтоогдсон тул энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Д.Ж-нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

 

Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Д.Ж-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 30 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 31 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 32 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 34 тал/, гэрлэлтийн цуцлалтын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 35 тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон байна. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, 1.4-т заасан “учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

 

Иймд шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл болон шүүгдэгчийн хувийн байдалд дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан ялаас торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хуулинд заасан дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Д.Ж-д мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Ж-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х  овогт Д-ийн Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Д.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ж-шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Д.Ж-нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 800.000 төгрөг хохирол, хор уршигт тооцон төлсөн, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ж-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА