| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 102/2024/06598/И |
| Дугаар | 210/МА2026/00046 |
| Огноо | 2026-01-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 210/МА2026/00046
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 192/ШШ2025/07526 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******, ******* нарт тус тус холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 838,903,627.7 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч болон хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
Зээлдэгч ******* нь *******-тай 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр №ЗГ/СС201016025-2 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ, мөн өдөр №ЗБ/СС201016025-2-2 дугаар үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцаан гэрээ, мөн өдөр №ЗБ/СС201016025-2-3 дугаар үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн №ЗБНГ/СС201016025-2-1 дугаар зээлийн нэмэлт гэрээг байгуулан 772,794,000 төгрөгийг жилийн 14.40 хувийн хүүтэй, 192 сарын хугацаатайгаар үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, *******ы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Баянгол дүүргийн ******* хороо, Гандан /16040/, Энхтайваны өргөн чөлөө гудамж 35 байр ******* хаягт байрлах, 130.1 м.кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө юм. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж барагдуулаагүй, 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс хойш гэрээний үүрэг зөрчигдөж байгааг мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгон 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр мэдэгдэл гардуулж, зээлээ төлөхийг сануулсан боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй.
Зээлдэгч нь 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээл 734,027,429.85 төгрөг, үндсэн хүү 104,791,472.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34,725.76 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал 50,000 төгрөг байна. Иймд зээлдэгч нараас үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ, 2021 оны 01 дугаар сарын 17 өдрийн №ЗНГ/СС201016025-2-1 дугаар зээлийн нэмэлт гэрээг хугацаанаас нь өмнө шүүхийн журмаар цуцалж, зээлийн гэрээний үүрэгт хариуцагч *******-аас зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү болон шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал нийт 838,903,627.7 төгрөгийг гаргуулна. Зээлдэгч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон барьцаалсан *******ы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Баянгол дүүргийн ******* хороо, Гандан /16040/, Энхтайваны өргөн чөлөө гудамж 35 байр ******* хаягт байрлах 130.1 м.кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч нарын тайлбарын агуулга:
Манай компани *******-аас 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр №ЗГ/СС201016025-2 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ байгуулан 772,794,000 төгрөгийг сарын 1.2 хувийн хүүтэй 192 сар /16 жил/-ын хугацаатай гэрээ байгуулсан. Энэхүү зээлийн гэрээг 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр тус тус нэмэлт өөрчлөлт оруулсан. Манай компани зээлийн гэрээнд заасан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлж байсан. Биднээс шалтгаалаагүй нөхцөл байдлын улмаас гэрээнд заасан хугацаанд зээлээ төлөөгүй хугацаа хэтрүүлэх нөхцөл байдал үүссэн. Хэдий тийм боловч манай компани чадах чинээгээрээ зээлийн төлбөрийг өнөөдрийг хүртэл төлж байгаа. Манай компани зээлийг хугацаанд төлж чадаагүй нь шүүхийн шийдвэрийн дагуу манай компанийн захирал *******ы эд хөрөнгөд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШЗ2021/03654 дугаартай захирамжаар эд хөрөнгийг зарцуулахыг түдгэлзүүлсэн. Нийслэлийн прокурорын газраас 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай 1662 тогтоолоор эд хөрөнгүүдийг битүүмжилснээс болж манай компанийн үйл ажиллагаа доголдож, санхүүгийн хувьд хүнд байдалд орсон. Энэ талаар бид Худалдаа хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтан, зээлийн эдийн засагч нарт удаа дараа хэлж тайлбарлаж, зээлийг цуцлахгүй байх талаар уулзалдаж байсан. Гэтэл зээлийн хугацаа дуусаагүй үүргээ ялимгүй зөрчсөн байхад банк зээлийн гэрээг цуцалж, зээлийн барьцаанд барьцаалсан эд хөрөнгийг худалдан борлуулах шийдвэр гаргуулахаар шүүхэд хандаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд, банктай байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болоогүй зээлийн гэрээний үүрэг ялимгүй зөрчигдсөн одоогийн байдлаар зээлийн төлөлтийг хийж байгаа нөхцөл байдлыг шүүх анхааран үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, зээлийг хэвийн төлөх боломжийг олгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас 838,903,627.7 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нар үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох хариуцагч *******ы өмчлөлийн Нийслэлийн Баянгол дүүргийн ******* хороо, Гандан /16040/ Энхтайваны өргөн чөлөө гудамж 35 дугаар барилга 2 дугаар давхрын ******* хаягт байршилтай 130.1 м.кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,422,668 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас 4,422,668 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагч *******-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэх хуулийг зөрчиж, шийдвэр гаргасан гэж үзэж байгаа тул гомдол гаргаж байгаа болно.
Манай компани *******-ийн зээлийн гэрээний үүрэг төлбөрт нийт 34,000,000 шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаж өгснөөс хойш төлж шүүхэд нотлох баримтыг гаргаж өгсөн боловч шүүхээс хасаж тооцоогүйд гомдолтой байна.
4.2. Анхан шатны шүүх зээлийн гэрээг шүүхийн журмаар цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг огт шийдээгүй атлаа үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн гэж тайлбарлан манай компанийг буруутган нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Манай компаниас *******-д өөрт учирсан хүндэтгэн үзэх шалтгааныг нотлох баримтын хамт өгч харилцан тохиролцож байсан, Худалдаа хөгжлийн банк бидний хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзаж үзэж гэрээг нэг талын санаачилгаар цуцлаагүй.
Гэтэл анхан шатны шүүх зээлийн гэрээг шүүхийн журмаар цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг огт шийдээгүй, гэрээг цуцлах үндэслэл байгаа эсэхийг шалгаагүй, бидний хариу тайлбар болох бидэнд гэрээг цуцлах талаар мэдэгдлийг өгөөгүй, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан хугацаа тогтоогоогүй гэж мэтгэлцэж байхад шүүх анхааран үзээгүй зөвхөн зээлийн гэрээний хуваарь зөрчигдсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж байгаад гомдолтой байна.
4.3. *******аас, шүүх хуралдаан эхлэх үед өмгөөлөгч авч хууль зүйн туслалцаа авах Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхээ эдлэхээр хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх үндэслэлгүйгээр өмгөөлөгч авах эрхийг хязгаарлаж шийдвэрлэсэнд гомдолтой байхаас гадна анхан шатны шүүх хэт нэг талын барьж шийдвэрлэсэн. Шүүгчээс өмгөөлөгч оролцуулах хүсэлтийг хангахаас татгалзахдаа *******-ийн өмгөөлөгчөөр оролцож байгаа ******* байгаа учраас өмгөөлөх эрх хангагдсан гэж үзсэн нь үндэслэлгүй.
4.4. Худалдаа хөгжлийн банкнаас манай компани авсан зээлийнхээ 50 хувь буюу 370,000,000 төгрөгийг төлсөн. Үүргийн зөрчил нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гарсан байхад анхан шатны шүүх тооцож үзээгүйд гомдолтой байна. Иймд, дээрх үндэслэлүүдээс гадна хэргийг бүхэлд нь хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
5. Хариуцагч *******ы давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
5.1. Миний бие шүүх хуралдаан эхлэх үед өмгөөлөгч авч хууль зүйн туслалцаа авах хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх үндэслэлгүйгээр өмгөөлөгч авах эрхийг хязгаарлаж шийдвэрлэсэнд гомдолтой байхаас гадна анхан шатны шүүх хэт нэг талын барьж шийдвэрлэсэн. Шүүгч, өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг хангахаас татгалзахдаа *******-ийн өмгөөлөгчөөр оролцож байгаа ******* байгаа учраас өмгөөлөх эрх хангагдсан гэж үзсэн нь үндэслэлгүй.
Иймд, дээрх үндэслэлүүдээс гадна хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй буюу нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэр гарсан гэж үзэж байна. Бид хариуцагч талтай ямар нэгэн байдлаар тохиролцоонд хүрээгүй. Анхан шатны шүүхийн хуралдаан болохоос 2 хоногийн өмнө эвлэрэх талаар ярилцаж байсан. Харин, бидний хувьд бизнесийн зээлийн хүрээнд 4 сарын хугацаанд эвлэрэх боломжтой. Гэтэл ******* нь 1 жилийн хугацаатай эвлэрэх хүсэлт тавьсан ба бид уг асуудлын талаар удирдлагуудтайгаа ярилцсаны үндсэн дээр эвлэрэх боломжгүй гэх шийдвэр гаргасан. Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгчийн биеийн байдал болон өмгөөлөгч авах хүсэлтийн улмаас шүүх хуралдаан жилийн хугацаанд удаа дараа хойшлогдож байсан. Анхан шатны шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээс өмнө шүүгч талуудаас санал асуусан ба өмгөөлөгч авах шаардлагатай эсэх талаар нь тодруулсны үндсэн дээр шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг шийдвэрлэсэн.
Хариуцагч тал давж заалдах гомдолдоо 370,000,000 төгрөг буюу зээлийн 50 хувийг төлсөн гэж дурдсан. Энэ нь зөрчил үүсэхээс өмнө төлөгдсөн дүн бөгөөд хариуцагч талд зөрчил үүссэний дараа мэдэгдэл гардуулж, үүсгэсэн зөрчлөө арилгаж, зээлээ хэвийн төлөлтөд оруулахыг удаа дараа сануулж байсан. Үүний дагуу зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэл бүрдсэн. Бид хариуцагчийн хүндэтгэн үзэх шалтгааныг хүлээн авч, хугацаа олгож байсан гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 838,903,627.7 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
2. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогджээ.
2.1. ******* нь *******-тай байгуулсан 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ/СС201016025-2 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ-гээр 772,794,000 төгрөгийг жилийн 14.40 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатайгаар зээлдүүлэх, зээлдэгч ******* нь зээл, түүний хүүг зээл эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр талууд харилцан тохиролцсон. /хх19-20/
2.2. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр талууд үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулж, *******ы өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн ******* хороо, Гандан /16040/ Энхтайваны өргөн чөлөө гудамж 35 дугаар барилга 2 дугаар давхрын ******* хаягт байршилтай 130.1 м.кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан./хх21-23, 26/
2.3. 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг байгуулж, зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаалуулагч өөрийн эзэмшлийн/өмчлөлийн зүйлийн ирээдүйд мөнгөн хэлбэрээр орж ирэх борлуулалтын орлого 772,794,000 төгрөгийг барьцаалсан, мөн баталгааны гэрээг байгуулсан./хх24-25, 31-33/
2.4. Зохигчдын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ЗНГ/СС201016025 дугаар Зээлийн нэмэлт гэрээ-г байгуулж, тухайн гэрээгээр 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ/СС201016025-2 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ-ний хавсралт-1-г энэхүү гэрээний хавсралтаар шинэчлэн баталж, гэрээний 4.1-д зээлийн хугацааг 192 сар /16 жил/ гэж өөрчилж, барьцааны гэрээнүүд болон баталгааны гэрээнүүд нь дээрх хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэхээр тохиролцсон./хх34/
2.5. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны нэмэлт гэрээ байгуулан талуудын хооронд 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн барьцааны гэрээний 3.1 дэх хэсгийн 1-р мөрөнд дээрх барьцаа хөрөнгийн нэрийг нэмэлтээр тусгаж өөрчлөлт оруулсан. /хх35/
3. ******* болон ******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, ******* болон ******* нарын хооронд мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа үүссэн, эдгээр гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна.
3.1. Анхан шатны шүүх хэргийн баримтаар ******* болон ******* нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байхад иргэнээс 838,903,627.7 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүйг давж заалдах шатны шүүхээс залруулна.
3.2. Зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч ******* нь 772,794,000 төгрөгийг хариуцагч *******-ийн дансанд шилжүүлсэн талаар маргаангүй байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ нэхэмжлэгч биелүүлсэн байна.
4. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно, 221.3 дахь хэсэгт гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно, 225.1, 225.2 дахь хэсэгт талуудын аль нэг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж тус тус зохицуулсан.
4.1. Гэтэл хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч нь урт хугацаатай зээлийн гэрээг цуцалж байгаа талаар хариуцагч талд мэдэгдсэн, түүнчлэн гэрээний үүргийн зөрчлийг арилгуулах талаар нэмэлт хугацаа олгосон байдал тогтоогдохгүй байна.
Зээлийн нэмэлт гэрээний 4.1-д зээлийн ерөнхий хугацааг 192 сар буюу 16 жил байхаар талууд харилцан тохиролцсон байх бөгөөд Иргэний хуулийн 225 дугаар зүйл, 226 дугаар зүйлд заасан журмыг хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.
4.2. Нөгөө талаар хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн зөрчлийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д заасан үүргийг ялимгүй зөрчсөн гэж дүгнэнэ. Тодруулбал, хариуцагч нарын гаргасан зөрчил, үүрэг хэтрүүлсэн хугацаа, зээлийн эргэн төлөлт хийсэн дүн, урт хугацаатай гэрээ байгуулсан зэрэг байдлыг харьцуулан дүгнэвэл зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах ноцтой зөрчил бий болсон гэж үзэх үндэслэлгүй.
4.3. Тодруулбал, хариуцагч нь зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлээс нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 76,128,204 төгрөг төлөх ёстойгоос 38,766,570 төгрөгийг, зээлийн хүүнд 429,195,398 төгрөг төлөх ёстойгоос 324,403,926 төгрөгийг тус тус төлсөн, түүнчлэн тодорхой шалтгааны улмаас зээлийг эргэн төлдөг бизнесийн үйл ажиллагаа нь түр тасалдсан болон зээлийг суутган төлүүлдэг хариуцагчийн данс битүүмжлэгдсэн байгааг тус тус нэхэмжлэгч нь мэдсэн байна.
4.4. Түүнчлэн, хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 34,000,000 төгрөгийг нэмж төлсөн болох нь зээлийн дансны хуулга болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна./хх104-106/
Иймээс нэхэмжлэгч нь урт хугацаатай зээлийн гэрээг цуцлах хуульд заасан журмыг хэрэгжүүлээгүй, гэрээг цуцлах ноцтой зөрчил үүсээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдлийг шаардсан хэсгийг хангаж шийдвэрлэх боломжгүй.
4.5. Харин, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар хариуцагч нь хуваарьт төлөлтөөс үндсэн зээлийн 38,766,570 төгрөгийн, зээлийн хүүгээс 104,791,472 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34,725 төгрөгийн зөрчилтэй байсан. Уг хуваарьт төлөгдөөгүй зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү /104,791,472+34,725=104,826,197 төгрөг/-ээс төлсөн 34,000,000 төгрөгийг хасч тооцоход зээлийн хүүгийн үлдэгдэл 70,826,197 төгрөг үлдэж байна.
5. Иймд, хариуцагч *******-аас зээлийн хүүгийн үлдэгдэл 70,826,197 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, зээлийн гэрээг цуцлах буюу үндсэн зээлд 768,077,430 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахтай холбоотой шаардлагуудыг хэсгийг хэрэгсэхгүй болгох тул шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгоно.
6. Хариуцагч *******ы өмгөөлөгч авах эрхээр хангаагүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
Учир нь, 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч болон хариуцагчийн төлөөлөгчөөр оролцсон *******аас өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлт гаргасныг шүүх хангасан /хх69-70/ байх ба 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр *******-ийн захирал ******* буюу хариуцагч ******* нь өмгөөлөгч *******тэй хууль эрх зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулсан байна. /хх82-83/ Тодруулбал, хариуцагч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэг байр суурьтай оролцож, эрх ашиг нь зөрчилдөөгүй байх тул өмгөөлөгч авах эрхээр хангагдсан гэж үзнэ.
7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 192/ШШ2025/07526 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-аас 70,826,197 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 768,077,430 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хариуцагч *******д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож,
тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 2 гэж дугаарлан ... нараас 4,422,668 гэснийг ...нараас 512,081 гэж,
тогтоох хэсгийн 4 дэх заалтыг 3 гэж дугаарлан тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,357,500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Н.ГЭРЭЛТУЯА
Ц.АЛТАНЦЭЦЭГ