Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 837

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Боорчи хөтлөн,

Улсын яллагч: С.Эрдэнэбаяр,

Хохирогч: Б.О-,

Шүүгдэгч: С.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Ц  овогтой С-ын Г-т холбогдох эрүүгийн 1905030860866 дугаартай хэргийг 2019 оны 9 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1984 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Эн Ди Ай ХХК-д Гарден ресторанд үйлчилгээний менежер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн  хамт Баянзүрх дүүргийн 16  дугаар хороо 27 байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, /               / Цорс овогтой С-ын Г-.  

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч С.Г- нь 2019 оны 7 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эко караокейны гадна иргэн Б.О-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар

 

Шүүгдэгч С.Г- нь 2019 оны 7 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эко караокейны гадна иргэн Б.О-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Хохирогч Б.О- шүүхийн хэлэлцүүлэгт: “...2019 оны 7 дугаар сарын 26-ны өглөө үүрээр би Г-той маргалдаж хөнгөн гэмтэл авсан нь үнэн. Би Гарден ресторанд зөөгч хийж байсан бөгөөд маргааны улмаас ажлаасаа халагдсан. Мөн би шөнийн цагаар үйлчилгээний байгууллагад СЕТ бааранд зөөгчөөр ажиллаж байсан. Намайг тухайн үед Г-, М- нар зодсон, гэхдээ надад учруулсан гэмтлийг С.Г- учруулсан би гомдолтой байна. Би уг хэргээс болж нүүрэндээ шарх авч тодорхой хэмжээнд ажиллах боломжгүй болсон тул ажилгүй байсан хоногийн цалин шүүгдэгч С.Г-оос нэхэмжилж байна...” гэв.

 

Хохирогч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Эй Эм Би ХХК-ийн Гарден ресторанд С.Г-той хамт ажилладаг. Шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Бид хамт олноороо Эко караокед ороод тэгээд гадаа байхдаа би М-тай юм ярьж байхад ирээд С.Г-, Б.М- 2 яагаад дүүтэй хэрэлдээд байгаа юм бэ гэх шалтгаанаар намайг зодсон. Би М-тай тус караоекны гадна байхдаа ажил ярьж байгаа болохоос биш ямар нэгэн маргалдсан зүйл байхгүй байсан. М-, Г-, М-, Б- нар байсан. Бид нар тус караокенд ороод тэндээ архи, пиво уусан байсан болохоор бүгдээрээ согтсон байсан. Гэхдээ бүгдээрээ өөрсдийгөө хянах чадвартай байсан. Би томографикийн зураг 220.000 төгрөгөөр авахуулсан. 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Амин-Эрдэнэ нэртэй хувийн эмнэлэгт одоогоор 7 хоногийн хугацаатай хэвтэн эмчлүүлж байгаа. Эмнэлгээс гарсаны дараа баримтыг авчирч өгнө. Түүнээс өөр эм тариа авсан баримт байхгүй байна. Эмчилгээнд гарсан зардал болон энэ хугацаанд ажилдаа явж чадаагүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 тал/,

 

Гэрч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Нэг байгууллагад хамт ажилладаг. Тухайн өдөр хамт ажилдаг Г-ийн төрсөн өдөр болоод ажил тараад ажлын хүмүүстэй гарч 3,4 дүгээр хороололд байдаг нэг караокед ороод түүнээсээ гараад 26-ны өдрийн 03 цаг орчим байх Гандангийн зүүн тийш байдаг караокед ороод тэндээ архи, пиво ууж байгаад тухайн караокены хүн манайх одоо хааж байна гэсэн тул гарсан. Тэгээд гараад дуудлагын жолооч Г- дуудаж би үүдний шатан дээр Б-тай юм яриад сууж байхад Г-, О-2 барилцаж аваад газар унасан хажууд нь М- салгах гээд байж байхаар нь хоёр онигоотой новшнууд минь босооч гэж хэлээд баруун хөлөөрөө өшиглөхөд Г-ийн гаранд хүрсэн. Би О-ийн 2 гарнаас дээшээ татаад босгох гэхэд ална шүү гэхээр нь чи хүн алдаг хэн бэ гэж хэлээд О-ийг 2 удаа цохиод нэг нь оноогүй нэг нь баруун мөрөнд нь цохиход О-боссон тэгээд цаашаа яваад та нарыг ах нарыгаа дуудаад алуулна гэх зэргээр хашхираад байхад нь Г- очиж О-ийг цохих шиг болсон. Гэхдээ хаана нь цохисон эсэхийг хараагүй. О-замаар явж байгаад газраас чулуу авахад нь Г- чи машины тэрэгний цонх хагалчихна, хүн амьтан цохиод алчихвал яахав гээд О-та нарыг ална гэсэн тэгэхээр нь Г- гүйгээд очоод өөдөөс нь барьж байсан чулуугаа шидсэн. Чулуу нь Г-ийг оносон эсэхийг мэдэхгүй.  М-, Б-тай бид нар очиж О-цаашаа гүйгээд яваад өгсөн. Би эхлээд Г-, О-2 газар уначихсан байхаар нь онигоотой новшнууд гэж хэлээд салгах гээд үгэнд орохгүй байхаар нь баруун хөлөөрөө өшиглөхөд О-ийг биш Г-ийн гарыг оносон. Дараа нь О-ийн 2 гарнаас татаад босгох гэхэд босохгүй байхаар нь баруун гараараа 2 удаа цохисоны нэг нь оноогүй нэг нь баруун мөрөн тус газар хүрсэн. Түүнээс биш би О-т гар хүрсэн зүйл байхгүй. С.Г-, О-хамт унаж мөн Г-, О-ийг миний харснаар нүүрэн болон бөгс, цээж хэсэгт 2-3 удаа гар, хөлөөрөө өшиглөж байсан. Бусад хамт байсан М-, Б- цохьсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 тал/,

 

Гэрч Г.М-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Тухайн өдөр хамт ажилдаг Г- ахын төрсөн өдөр болоод ажил тараад ажлын газрын Г-, М-, О-, Б-, Урнаа нарын хамтаар гараад гандангийн орчим байдаг нэг караокед ороод тэндээ дуулж архи, пиво ууж байгаад тухайн караоке хаах болоод гээд бид нар гарсан. Гарахаас өмнө Урнаа түрүүлээд явчихсан байсан. Тэгээд гадаа гараад Г- ах дуудлагын жолооч дуудаад би О-т танай эгчид сайн болчихсон, мөн танай ахтай найз гэж хэлсэн чинь миний элэг тус газар гараараа нэг удаа цохиод байж байтал Г- ах ирээд та 2 яагаад байгаа юм бэ гэхээр нь О-т хэлснийг хэлэхэд Г- намайг болон О-ийг нэг удаа нүүрэн тус газарт цохьсон чинь О-Г- ахын өөдөөс хэрүүл маргаан хийгээд тэгээд Г- О-барьж аваад хамт газар унахад цаана байсан М-, Б-тай хамт ирээд Г-  ах О-2 салгах гэхэд үгэнд нь орохгүй газраас босохгүй байсан. Тэгээд гадаа хэсэг маргаан болж байгаад Г- ах О-ийг ямар ч байсан 1 удаа цохьсон байх. Уг үйл явдал хурдан болж өнгөрсөн. Дараа нь О-газраас чулуу юм уу нэг зүйл аваад Г- ах руу шидээд оноогүй байх. Тухайн үйл явдал тийм удаан болоогүй. М- ах салгах гээд байсан болохоос цохьсон эсэхийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 тал/,

 

Шүүгдэгч С.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Б.О-ийн биед учирсан гэмтлийг би гараараа цохиж учруулсан. Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 57 тал/, 

 

            Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 44-51 тал/,

 

            Шийтгэлийн хуудас /хх-ийн 94-95 тал/,

 

            Хохирлын баримт /хх-ийн 38 тал/,

 

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 0000 дугаартай “...Б.О- баруун хөмсгөнд шарх, цээж, зүүн өвдөгөнд зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээч эмчийн дүгнэлт /хх-ийн 32 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн үйл баримт нотлогдон тогтоогджээ.   

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                    

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.О- нь “...тухайн үед намайг М-, Г- нар зодсон...” гэж хэргийг прокурорт буцаалгах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ.

 

Учир нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, хяналтын камерын бичлэг бүхий сиди, уг сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шийтгэлийн хуудас зэрэг нотлох баримтуудаар гэрч Б.М- нь хохирогч, шүүгдэгч нарыг салгах зорилготой очсон, улмаар хохирогчийг та нарыг ална гэж хашгираад байхаар нь 2 удаа цохих үйлдэл хийсэн, нэг нь оноогүй, нэг нь баруун мөр орчим цохисон нөхцөл байдал тогтоогдсон ба энэ үйлдэлдээ Б.М- Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасны дагуу 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээжээ.

 

Мөн хохирогч Б.О-ийн биед учирсан баруун хөмсөгөнд шарх, цээж, зүүн өвдөгөнд зулгаралт гэмтэл нь шүүгдэгч С.Г-ийн хохирогчийн цээж болон нүүрэн тус хэсэгт хэд хэдэн удаа цохисон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч С.Г-ийн хохирогч Б.О-ийг цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор хохирогч Б.О-ийн биед учирсан баруун хөмсгөнд шарх, цээж, зүүн өвдөгөнд зулгаралт гэмтэл нь хэргийн 32 дахь талд авагдсан шинжээч эмчийн 9187 дугаартай дүгнэлтээр хөнгөн гэмтэл болох нь нотлогдсон.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 0000 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмчийн уг 0000 дугаар дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.

 

Шүүгдэгч С.Г- нь хохирогч Б.О-ийг цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд шүүгдэгч С.Г-ийн 2019 оны 7 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эко караокейны гадна иргэн Б.О-ийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан учир түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Г- нь “...хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргах, мэтгэлцэх зүйл байхгүй, миний буруутай үйлдлийн улмаас хохирогчид гэмтэл учирсан, би баримттай хохирол болох 220.000 төгрөг болон ажилгүй байсан хугацааны цалинд 400.000 төгрөг төлөхөө илэрхийлж байна...” гэж,

 

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.О- нь “...тухайн үед би 2 газар ажилладаг байсан. Сэт Клуб ХХК-д шөнийн цагаар зөөгчийн ажил сарын 800.000 төгрөгийн цалинтай хийж байсан. Энэ гэмт хэргийн улмаас ажилдаа 15 хоног явж чадаагүй, мөн Гарден ресторанд шүүгдэгчтэй хамт ажиллаж байсан. 7 хоног ажилдаа явж чадаагүй. Иймд ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон эрүүл мэндэд учирсан хохиролд 220.000 төгрөг нэхэмжилж байна...” гэж мэдүүлж тус тус оролцсон.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.О-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой толгойн томографф авахуулсаны төлбөр болох 220.000 төгрөгийн нотлох баримт гаргаж өгсөн /хх-ийн 33 тал/ байх тул уг баримтаар тогтоогдсон хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-оос гаргуулж, нэхэмжлэгч Б.О-т олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн, шүүгдэгч С.Г- нь хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд тооцож 400.000 төгрөг төлөх боломжтой гэж мэдүүлсэн бөгөөд хохирогч Б.О-, шүүгдэгч С.Г- нар нь нэг байгууллагад буюу Гарден ресторанд хамт ажиллаж байсан, уг гэмт хэргийн улмаас хохирогч Б.О- 7 хоног ажилдаа ирээгүй гэх нөхцөл байдал шүүхийн хэлэлцүүлэг, мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдож байх тул шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 400.000 төгрөгийн хэмжээнд ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах нь хохирогчийн эрх ашигт нийцнэ гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч С.Г-оос энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцож, нийт 620.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.О-т олгохоор шийдвэрлэв.

 

Хохирогч Б.О- нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт хохирол учирсан гэж үзвэл холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй болохыг тайлбарлаж байна.   

 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч С.Г- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

 

Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 63 тал/, эд хөрөнгөтэй эсэхийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 64 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 65 тал/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл болон шүүгдэгчийн хувийн байдал, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч С.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан ялаас торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хуулинд заасан дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч С.Г-т мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди нь хэргийн үйл баримтыг тогтоосон хяналтын камерын бичлэг учир хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэх ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч С.Г-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Цорс овогтой С-ын Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч С.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000  /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г- шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-оос 620.000 /зургаан зуун хорин мянган/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.О-т олгосугай.

 

5. Хохирогч Б.О- энэ гэмт хэргийн улмаас цаашид өөрт хохирол, хор уршиг учирсан гэж үзвэл холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч С.Г- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэргийн хамт хадгалахаар тогтсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА