Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2026/00089

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, шүүгч С.Энхбаяр, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 191/ШШ2025/08474 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Миний бие 1993 оны 12 дугаар сараас эхлэн *******-ийн ******* дүүргийн даатгалын тасгийн аж ахуйн үйлчилгээний нягтлан бодогчоор ажиллаж, 1998 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс даатгалын менежер, 2002 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс тасгийн нягтлан бодогч, 2005 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс ******* салбарын захирлаар тус тус томилогдон ажиллаж 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс Салбарын зөвлөхийн албан тушаалд ажиллаж байсан.

Ажиллах хугацаандаа сахилгын зөрчилгүй, сахилгын шийтгэл авч байгаагүй. Ажлаас үндэслэлгүй халсан тухайд *******-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 04/06-А дугаар ажлаас чөлөөлөх тухай болон мөн өдрийн 04/06-А дугаар Хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгох тухай тушаалуудаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож тушаалыг тухайн өдөр гардаж авсан.

Миний бие ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг тухайн цаг хугацаанд өгөөгүй, ажилдаа үүрэг хариуцлагагүй хандаж байсан удаагүй. 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр *******-ийн ТУЗ-ийн гишүүн бөгөөд гүйцэтгэх захирлын 01/271 дугаар тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ******* захирлын орон тоо хасагдсан шалтгаанаар цуцалсан. Гэвч 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ажил олгогчийн зүгээс өргөдөл бичиж өг, дараа нь гэрээ байгуулна гэж намайг дарамтлан өргөдөл бичүүлэн авч, *******-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 04/148 дугаар тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Тус өдөр буюу 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр *******-ийн гүйцэтгэх захирал *******той №097-101-2404-302 дугаар гэрээгээр надтай Салбарын зөвлөх албан тушаалд Хөлсөөр ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулсан.

Миний бие ажлаас чөлөөлөгдөх тухай өргөдлийг хөлсөөр ажиллах гэрээ дуусгавар болох үед өгөөгүй бөгөөд тушаал өөрөө эрх зүйн акт болохын хувьд хэлбэрийн болон хууль зүйн шаардлагыг хангасан байхыг шаарддаг. Иймд үндэслэлгүй ажлаас халагдсан гэж үзэж байна. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хэрэгжсэн талаар ******* нь Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй тул Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргааныг зохицуулах гурван талт хороонд 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гомдол гаргаж тус хороо 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хуралдсан болно. Тус хуралдаанд хариуцагч буюу *******-аас 3 сарын хугацаанд зөвлөхөөр ажиллуулах эвлэрэх санал гаргаж, миний бие 6 сарын хугацаанд ажиллах санал гаргасан боловч хариуцагч тал зөвшөөрөөгүй тул урьдчилан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон. Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн №30 дугаар тэмдэглэл/шийдвэрээр талууд харилцан тохиролцоогүй тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд, намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож /Салбарын зөвлөх/, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

******* нь 2005 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн ******* дүүргийн салбарын захирлаар ажиллаж, улмаар 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргасан. Тус өргөдлийн дагуу 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 04/148 дугаартай ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай гүйцэтгэх захирлын тушаал гарсан. ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр *******-тай хөлсөөр ажиллах гэрээг байгуулан *******, ******* аймаг дахь Салбарын зөвлөхөөр ажиллаж эхэлсэн.

Тус ажлын байр нь үндсэн ажлын байр биш бөгөөд компанийн бодлогын хүрээнд Зүүн бүс буюу ******* ******* аймгийн үйл ажиллагааг дэмжихээр бий болгосон түр ажлын байр байсан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан Хөлсөөр ажиллах гэрээ-ний 2-т заасан ажлыг хийж гүйцэтгүүлэхээр ажилтантай харилцан тохиролцож тус гэрээг байгуулсан. Ажилтан нь тус гэрээний дагуу *******, ******* аймаг дахь Салбарын зөвлөх-өөр ажиллаж байх хугацаандаа гэрээний 2 дахь хэсэгт заасан ажлыг бүрэн хийж гүйцэтгээгүй, идэвх санаачилга гарган ажиллаагүй тул компанийн зүгээс *******той байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээ-г дуусгавар болгосон. Ингэхдээ ажилтанд 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01/1269 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг хүргүүлж, тус гэрээний 4.1 дэх хэсэгт ...2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ... гэж заасны дагуу гэрээний хугацаа дуусаж байгаа болон гэрээг үргэлжлүүлэн сунгах боломжгүй болсон талаарх мэдэгдэл хүргүүлсэн.

Гэвч ажилтан нь нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтэй байгаа тул ажлаас гарсан тушаал гаргуулах хүсэлтэй байгаагаа удаа дараа утсаар холбогдон гүйцэтгэх захирал, хүний нөөц, салбарын захиралд амаар илэрхийлж байсан тул ажилтнаас өргөдлийг нь авч, мөн хуулийн албанаас хөлсөөр ажиллах гэрээг дүгнэн хэлэлцэж Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйл Ажил олгогч, ажилтны хоорондын харилцаа нь энэ хуулийн 4.1.15-д заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжтэй бол хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулахыг хориглоно.

Хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулсан боловч уг харилцаа нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжийг агуулсан бол түүнийг хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцно гэж мөн хуулийн 4 дүгээр зүйлийн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа гэж ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор тодорхой ажил үүргийг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцааг ойлгохоор хуульчилсан тул тус ажилтантай байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээ-г Хөдөлмөрийн гэрээ-тэй адилтган үзэж ажилтны өөрийн хүсэлтээр бичсэн өргөдлийг үндэслэн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 04/06-А дугаартай ажлаас чөлөөлөх тухай гүйцэтгэх захирлын тушаал гарсан бөгөөд тус тушаал нь хууль зөрчөөгүй.

Иймд *******той байгуулсан хөлсөөр ажиллах гэрээ хуульд заасны дагуу дуусгавар болсон, түүнчлэн компанийн орон тооны бүтцэд Салбарын зөвлөх гэсэн ажлын орон тоо огт байхгүй, тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******г урьд эрхэлж байсан ажил буюу *******-ийн орон нутгийн салбар /*******, ******* аймгийн/-ын зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 8,831,036.34 төгрөгийг *******-аас гаргуулан *******д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан цалин хөлстэй тэнцэх олговор 8,831,036.34 төгрөгөөс хуульд заасан хувь хэмжээгээр шимтгэл төлж, нэхэмжлэгч *******гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч *******-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-аас 156,247 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Шүүх зөвхөн нэг талын тайлбарыг үндэслэж ямар ч нотлох баримтгүйгээр нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй, нэхэмжлэгч өөрийн тайлбар, үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй. Түүнчлэн, нэхэмжлэгчийн зүгээс 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ажлаас гарах өргөдөлтэй холбоотой тайлбар өгснийг шүүхээс буруу дүгнэж 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн тушаалтай холбон тайлбарлаж, хариуцагч компанийг ажилтнаа дарамталж өргөдөл бичүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

******* нь 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр *******-тай харилцан тохиролцож 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүргэл хугацаатай Хөлсөөр ажиллах гэрээ байгуулан *******, ******* аймаг дахь Салбарын зөвлөхөөр ажиллаж эхэлсэн. Улмаар гэрээний хугацаа дуусгавар болж компанийн зүгээс гэрээний хугацаа дуусахаас өмнө тодруулбал, 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 01/1269 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр тус гэрээг үргэлжлүүлэн сунгах боломжгүй талаар мэдэгдсэн. Гэвч ажилтан нь нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтэй байгаа тул ажлаас гарсан тушаал гаргуулах хүсэлтэй байгаагаа удаа дараа утсаар холбогдон гүйцэтгэх захирал, хүний нөөцийн менежер, салбар хариуцсан захиралд амаар илэрхийлж байсан тул 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 04/06-А дугаартай Ажлаас чөлөөлөх тухай гүйцэтгэх захирал тушаал гаргасан. Гэтэл анхан шатны шүүхээс энэ үйл баримтыг буруу дүгнэсэн.

Учир нь, Компанийн байнгын ажлын байрны бүтцэд урьд нь ч одоо ч Салбарын зөвлөх гэсэн ажлын байр огт байхгүй тус ажлын байр нь компанийн бодлогын хүрээнд Зүүн бүс буюу *******, ******* аймгийн үйл ажиллагааг дэмжихээр бий болгосон түр ажлын байр байсан.

Гүйцэтгэх захирал *******ын 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 04/155 дугаартай тушаалаар Шинэчлэгдсэн удирдлага, зохион байгуулалтын бүтцийн дагуу ажилтнуудыг томилох тухай тушаалд *******, ******* салбарын зөвлөх гэсэн ажлын байр, албан тушаал огт тусгагдаагүй. Гэвч нэхэмжлэгчийн тайлбар болон хариуцагчийн тайлбараар дээрх ажлын байр нь байнгын ажлын байр болох нь тогтоогдоогүй. Хэрвээ нэхэмжлэгч нь үр дүнтэй ажилласан бол дээрх ажлын байр нь 2025 оны бүтцэд зөвлөх гэж тусгагдаж орох байсан. Гэтэл шүүх энэ нөхцөл байдлыг харгалдаж үзэлгүйгээр дүгнэсэн нь үндэслэлгүй болсон.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа зөвхөн хоёр тушаал байгаа гэх формаль үндэслэлд тулгуурлаагүй бөгөөд бодит хөдөлмөр эрхлэлтийн харилцаа байсан эсэхийг бүхэлд нь дүгнэсэн.

Түүнчлэн, ажил олгогч тал нийгмийн даатгалын шимтгэлийг тогтмол төлж байсан бөгөөд уг төлөлтийг нягтлан бодогчоор дамжуулан 001 кодоор хийсэн баримт хэрэгт авагдсан. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч өдөр тутмын үйл ажиллагаанд оролцож, ажил олгогчийн шууд удирдлага, хяналтын дор ажиллаж, компанийн ашиг орлого бүрдүүлэх үйл ажиллагаанд оролцсон нь тогтоогдсон. Үүнд хөлсөөр ажиллах гэрээний хавсралт болох борлуулалтын төлөвлөгөө, ирцийн тайлан, ажлын байраар хангагдсан байдал, ажил үүргээ биечлэн гүйцэтгэж байсан баримтууд багтана. Эдгээр нөхцөл байдал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинж болох ...ажил олгогчийн шууд удирдлага, заавар, хяналтын дор тодорхой ажил үүргийг биечлэн гүйцэтгэх... шаардлагыг бүрэн хангаж байна.

Хариуцагч тал тухайн бүтэц, орон тоо байхгүй гэх тайлбарыг дурдаж байгаа боловч уг асуудал нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.5 дахь хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хамаарна. Өөрөөр хэлбэл, тухайн орон тооны ажил байхгүй болсон тохиолдолд адил чанарын ажлын байр санал болгох үүрэг хариуцагч байгууллагад хамаарна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг тогтоожээ.Үүнд:

 

2.1. ******* нь 1993 оны 12 дугаар сараас 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл *******-д нягтлан бодогч, менежер, захирлаар ажиллаж байгаад 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал *******, ******* салбарын зөвлөхөөр 1 сарын 1,000,000 төгрөгийн хөлсөөр ажиллахаар гэрээг байгуулсан. /хх99-100/

 

2.2. Хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 04/06-А дугаар тушаалаар тус компанийн хөлсөөр ажиллах гэрээний 4.1 дэх заалт, Даатгалын удирдлагын газрын хөлсөөр ажиллах гэрээний дүгнэлтийг тус тус үндэслэн ******* салбар болон ******* салбарын зөвлөх албан тушаалтай *******гийн хөлсөөр ажиллах гэрээг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөр тасалбар болгон дуусгавар болгосон. /хх7/

 

2.3. Түүнчлэн, хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 04/06-А дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 3.17.4.1 дэх заалт, ажилтны бичгээр гаргасан өргөдлийг тус тус үндэслэн ******* салбар болон ******* салбарын зөвлөх албан тушаалтай *******г 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлж, түүнтэй байгуулсан гэрээг цуцалсан. /хх6/

 

2.4. ******* нь, Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж, тус хорооны 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 30 дугаар хуралдааны тэмдэглэл/шийдвэрээр хоёр тал харилцан тохиролцоогүй тул ажиллагааг дуусгавар болгосон. /хх11-13/

 

3. Талуудын хооронд хөлсөөр ажиллах эсхүл хөдөлмөрийн гэрээний харилцаатай байсан эсэх талаар талууд маргасан байх бөгөөд нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээний харилцааны үндсэн дээр ажил олгогчид ажиллаж байсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзлээ.

 

3.1. Учир нь хариуцагч нь татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч нь нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтэй байгаа тул ажлаас гарсан тушаал гаргуулах хүсэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлсэн учраас Хөлсөөр ажиллах гэрээ-г Хөдөлмөрийн гэрээтэй адилтган үзэж ажилтны өөрийн хүсэлтээр бичсэн өргөдлийг үндэслэн ажлаас чөлөөлөх тухай гүйцэтгэх захирлын тушаал гаргасан, компанийн орон тооны бүтцэд салбарын зөвлөх гэсэн ажлын байрны орон тоо байхгүй гэж маргажээ.

 

3.2. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, *******-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн хурлын 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 24/15 дугаар, 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 25/15 дугаар тогтоолоор Компанийн удирдлага, зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай баримтыг ирүүлсэн байх боловч энэхүү баримтаар маргаж буй *******, *******н салбар буюу орон нутгийн салбарын орон тоо, бүтцийг уг баримтаар тодорхойлох боломжгүй байна. /хх41-44/

 

Тодруулбал, 2024 оны 24/15 гэсэн тогтоолын 1 дүгээр хавсралт/хх44/-д орон нутгийн салбар/54/ гэснээс өөрөөр тухайн компанийн орон нутгийн салбарт, тухайлбал, маргаан бүхий салбарт ямар ямар албан тушаалд хичнээн ажилтныг ажиллуулахаар тогтоосон болох нь тодорхойгүй байна.

 

4. Түүнчлэн, нэхэмжлэгчийг тус компанийн ******* салбар болон ******* салбарын зөвлөх ажлаас чөлөөлсөн тухай Гүйцэтгэх захирлын тушаалыг 2 өөр байдлаар гаргасан байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргасан үндэслэлээ ажилтан ажилгүйдлийн тэтгэмж авах гэж хүссэн учраас гаргасан, харин хөлсөөр ажиллах гэрээний хугацааг дуусгавар болгосон тушаал нь хууль ёсны тушаал мөн гэж тайлбарлаж байна.

 

4.1. Гэтэл хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгох тухай тушаал /хх7/-ын үндэслэлд гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээс гадна, Даатгалын удирдлагын газрын хөлсөөр ажиллах гэрээний дүгнэлтийг үндэслэсэн гэх боловч уг баримт хэрэгт авагдаагүй.

 

4.2. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх тухай/хх6/ тушаалын үндэслэлд баримталсан Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3 дахь заалт буюу хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлснийг нь үндэслэлгүй гэж үзнэ.

 

Учир нь, хариуцагч талаас уг тушаалыг нэхэмжлэгчийн хүсэлтээр гаргасан гэх боловч ажил олгогч хуульд заасан үндэслэл, журмын дагуу тушаал шийдвэрийг гаргах үүрэгтэй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахаар заасан бөгөөд нэхэмжлэгчийг тухайн ажлын байранд мөн хуулийн 50.1.1-50.1.6-д заасан үндэслэлээр тодорхой хугацаатай ажиллуулж байсан үндэслэлээ хариуцагч талаас нотлоогүй.

 

4.3. Мөн, ******* болон *******н салбарт зөвлөхийн ажил, албан тушаалд иргэний эрх зүйн хөлсөөр ажиллах гэрээгээр иргэнийг авч ажиллуулахаар шийдвэрлэсэн ажил олгогчийн шийдвэр зэрэг холбогдох баримтыг хариуцагч талаас ирүүлээгүй байна.

 

4.4. Хөлсөөр ажиллах гэрээний дагуу *******, ******* аймаг дахь Салбарын зөвлөх-өөр ажиллаж байх хугацаандаа уг гэрээний 2 дахь хэсэгт заасан ажлыг бүрэн хийж гүйцэтгээгүй, идэвх санаачилга гарган ажиллаагүй тул компанийн зүгээс *******той байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээ-г дуусгавар болгосон гэж хариуцагч талаас тайлбарлах боловч энэ талаар холбогдох баримтгүй бөгөөд ажлаас чөлөөлсөн үндэслэлд энэ талаар дурдагдаагүй.

 

4.5. Иймд, хариуцагч талаас нэхэмжлэлийг татгалзсан үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж дүгнэж, хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

5. Нэхэмжлэгч нь хөлсөөр ажиллах нэртэй гэрээ байгуулсан боловч хариуцагч компанийн ажлын байранд ажил үүрэг гүйцэтгэж, үндсэн ажилтны кодоор нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсан, хийж гүйцэтгэх төлөвлөгөөт ажлын хэмжээ, цалин, урамшуулалт хөлс тохиролцсон зэрэг байдлаас үзэхэд хөдөлмөр эрхлэлтийн харилцаатай байсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааны талаарх тодорхойлолттой нийцсэн.

 

6. Нэхэмжлэгч ******* нь хариуцагчид хандаж Ажилгүйдлийн тэтгэмж авахад тушаал хэрэгтэй байгаа тул *******, ******* салбарын зөвлөхийн орон тоон дээр халагдах тушаал авах хүсэлтэй байна гэх хүсэлтийг гаргасан/хх45/ байх бөгөөд энэхүү хүсэлтийг ажилтан өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөхөөр гаргасан хүсэлт гэж дүгнэхгүй бөгөөд уг хүсэлтэд ажилтан ажлаас чөлөөлөгдөхөөр сайн дураар хүсэл зоригоо илэрхийлсэн байдал тусгагдаагүй байна.

 

7. Дээрхээс үзвэл, нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь хуульд заасан үндэслэлгүй байх тул түүнийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг хариуцагчаас гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, баталгаажилт хийлгэхийг даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д тус тус нийцсэн байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 191/ШШ2025/08474 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 156,247 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ