| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 191/2025/08215/И |
| Дугаар | 210/МА2026/00088 |
| Огноо | 2026-01-09 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2026/00088
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, шүүгч Н.Оюунтуяа, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 191/ШШ2025/09243 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******-д холбогдох,
2024 оны ажлын гүйцэтгэлийн үр дүнгийн урамшуулалд 36,622,882.73 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
Миний бие 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл *******-ийн *******-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. *******-ийн Б/38 тоот тушаалын дагуу харьяа компанийн гүйцэтгэх захирлуудтай байгуулах Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ-г шинэчлэн байгуулах нөхцөлийг миний бие хүлээн зөвшөөрөх боломжгүй байсан тул өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон.
Миний бие *******-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа буюу 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 09/2024 тоот Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ, ҮДГ/2024/02 тоот Гүйцэтгэх захирлын үр дүнгийн гэрээ-г байгуулсан.
Тус гэрээний 3.1.6-д Ажил олгогч нь гүйцэтгэх захирлын ажлын гүйцэтгэлийн үнэлгээг үнэлэх, шаардлагатай арга хэмжээ авах, үүрэг даалгавар өгөх, гүйцэтгэлийн үнэлгээний дагуу жил бүр урамшуулал тооцох, 3.2.2-т Гүйцэтгэх захиралд гэрээгээр тохиролцсон цалин хөлс, хөнгөлөлт, тэтгэмж, тусламж, дэмжлэг, үр дүнд суурилсан шагнал урамшуулал, хангамжийг олгох гэж заасан. Мөн ҮДГ/2024/02 тоот Гүйцэтгэх захирлын үр дүнгийн гэрээ-ний 3.5-д Холдинг нь Гүйцэтгэх захирлын жилийн үр дүнгийн урамшууллыг үндсэн цалингаас нь дараах байдлаар хувилж тооцно. Үүнд: 3.5.1-д гүйцэтгэх захиралд: 85.00 - 89.99% хүртэл 6 сар, 90.00 - 94.99% хүртэл 8 сар, 95.00 - 99.99% хүртэл 10 сар, 100% тохиолдолд 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшууллыг олгоно гэж заасан.
Гүйцэтгэх захирлын үр дүнгийн гэрээ-ний 3.1-т Гүйцэтгэх захирал энэхүү гэрээний үр дүнг дүгнүүлэхтэй холбоотой бизнес төлөвлөгөөний тайлан. гэрээний хавсралт болох КР1-г дүгнэж, өөрийн үнэлгээний хамт Холдинг-д дараа оны 03 дугаар сарын 10-ны дотор ирүүлнэ гэж заасны дагуу миний бие 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр *******-ийн Бизнес хөгжлийн менежер *******д цахим шуудангаар хүргүүлсэн. 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр *******-ийн бизнес хөгжлийн менежер *******гаас *******-ийн 2024 оны бизнес төлөвлөгөө болон гүйцэтгэх захирлын гүйцэтгэлийн үнэлгээг 99 хувь гэж дүгнэсэн байдаг. Холдингоос 99 хувь гэж үнэлсний дагуу миний бие Гүйцэтгэх захирлын үр дүнгийн гэрээ-ний 3.5.1 дэх хэсэгт 95.00-99.99% хүртэл 10 сар гэж заасны дагуу үндсэн цалинг 10 сараар тооцож урамшуулал авах байсан.
Учир нь 2024 оны Бизнес төлөвлөгөөнд компани 482,285,498 төгрөгийн зардал төлөвлөснөөс 362,381,020 төгрөгийг *******-аас бүрэн санхүүжүүлж орлогод бүртгэх, үлдэгдэл 119,904,478 төгрөгийг дуусаагүй үйлдвэрлэлд бүртгэж цаашид биет бус хөрөнгөөр баланд хөрөнгөө нэмэгдүүлэх байдлаар бүртгэхээр тохиролцон бизнес төлөвлөгөөг баталсан байдаг. Бизнес төлөвлөгөө-2024 тайланд цэвэр ашгийн хэмжээг огт тусгагдаагүй ба төсөв батлуулах байдлаар бизнес төлөвлөлт хийгдсэн. Компанийн 2024 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр 736,853,372 төгрөгийн орлогыг бүрдүүлж өөрийн санхүүжилтээр 13,000,000 төгрөгийн ашигтай тайлагнагдсан. Компани 2024 онд дээрх санхүүжилтийг *******-аас огт аваагүй болно.
Мөн ҮДГ/2024/02 тоот Гүйцэтгэх захирлын үр дүнгийн гэрээ-нд ямар нэгэн байдлаар ашгаас тооцож урамшуулал олгоно гэсэн заалт байхгүй бөгөөд Бизнес төлөвлөгөөний хавсралт болох OGSM (Компанийн стратеги төлөвлөгөө)-ийн биелэлтийн хувийг үнэлэн заасан хувиар үндсэн цалинг тооцож олгохоор заасан. Тиймээс Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ-ний 7.1-т Гүйцэтгэх захирлын нэг сарын үндсэн цалин нь зэрэглэл шатлалын бичил ангилал -011/3 буюу 5,000,000 төгрөг байна... гэж заасны дагуу 50,000,000 төгрөгийн үр дүнгийн урамшуулал авах байсан.
Гэтэл *******-ийн нэр дэвшүүлэх, цалин урамшууллын хорооны 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 25/12 тоот Нэр бүхий гүйцэтгэх захирлуудын 2024 оны жилийн урамшууллыг олгох, 2025 оны жилийн урамшууллын төсвийг шинэчлэн батлах тухай шийдвэрийн хавсралт №1-т *******-ийн гүйцэтгэх захирал *******эд гэрээний дагуу компанийн нийт цэвэр ашиг буюу 2024 онд ******* нь нийт цэвэр ашиг нь 13,377,117.27 төгрөг байгаа буюу компанийн гүйцэтгэл хангалтгүй гэж үзсэн тул хамгийн ихдээ энэ хэмжээгээр гүйцэтгэх захиралд урамшуулал олгох боломжтой гэж үзэв. Аудитлагдсан орлогын тайланг хавсаргав. Холдингийн саналын дагуу батлах гэж шийдвэрлэсэн.
Дээрх шийдвэр нь 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр *******-ийн бизнес хөгжлийн менежер *******гаас *******-ийн 2024 оны бизнес төлөвлөгөө болон гүйцэтгэх захирлын гүйцэтгэлийн үнэлгээтэй зөрчилдсөн, бодит байдалд нийцээгүй, Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ, Гүйцэтгэх захирлын үр дүнгийн гэрээ-ний холбогдох заалтуудыг зөрчсөн байх тул үр дүнгийн урамшууллын үлдэгдэл төлбөр болох 36,622,882.737 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан. Уг хорооноос 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 151 тоот тэмдэглэлд 3 талт хорооны зүгээр дүрмийн дагуу эвлэрэх санал гаргаж, талуудыг эвлэрүүлэн зохицуулах чиг үүргээ хэрэгжүүлсэн. Хариуцагч талаас эвлэрэх, эвлэрэн хэлэлцэх боломжгүй байгаа тул урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгоё. Дараагийн шатанд асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой. Гишүүд санал нэгтэй дэмжив гэжээ. Харин уг шийдвэрт Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдаанаас 2 тал харилцан тохиролцоогүй тул урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгов. Иймд 2 тал хуульд заасны дагуу дараагийн шатанд арга хэмжээ авах эрх нээлттэй болно гэж шийдвэрлэсэн.
Иймд урьдчилан шийдвэрлэх ажиллагаагаар шийдвэрлэх боломжгүй болсон тул хариуцагч *******-аас үр дүнгийн урамшууллын үлдэгдэл төлбөр болох 36,622,882.737 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч талын тайлбарын агуулга:
******* нь 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр *******-ийн охин компани болох *******-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан.
******* нь 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ, Гүйцэтгэх захирлын үр дүнгийн гэрээг байгуулсан болно. Нэхэмжлэгчтэй байгуулсан үр дүнгийн гэрээний 2.5-д зааснаар гүйцэтгэх захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон тохиолдолд үр дүнгийн гэрээ дуусгавар болохоор заасан байна.
Талуудын хооронд байгуулсан үр дүнгийн гэрээний 3.1-д гүйцэтгэх захирал нь КРI-г дүгнэж, өөрийн үнэлгээний хамт Холдинг-д дараа оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дотор ирүүлнэ. 3.2-т Холдинг гэрээний гүйцэтгэлийн тайлангийн материалуудыг хөндлөнгийн аудитын байгууллагын аудитын дүгнэлт гарснаас хойш хуанлийн 14 хоногийн дотор танилцан холбогдох дүгнэлт, зөвлөмж гаргана. 3.3-т хувьцаа эзэмшигч нь хуанлийн 14 хоногийн дотор дүгнэлт зөвлөмж гаргахаар тус тус тохиролцсон байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад тусгагдсан *******-ийн бизнес хөгжлийн менежер ******* нь хувьцаа эзэмшигч биш бөгөөд гэрээний 3.3-т заасан үр дүнг үнэлэх эрх бүхий этгээд бус болно. Нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу КРI үнэлгээгээ хувьцаа эзэмшигчид өгөх үүрэгтэй ба Аудитын дүгнэлт зөвлөмж, бусад дүгнэлтийг үндэслэн *******-ийн гүйцэтгэх захирал *******ийн КРI-г үнэлэхэд 65.3%-ийн үнэлгээ гарсан бөгөөд гүйцэтгэлийн үнэлгээ 85 ба түүнээс дээш хувь үнэлэгдсэн тохиолдолд авах эрхтэй байх тул урамшуулал цалин хөлсийг авах хууль зүйн үндэслэлгүй болно.
*******-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын нэр дэвшүүлэх, цалин урамшууллын хорооны 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 25/12 дугаар нэр бүхий гүйцэтгэх захирлуудын 2024 оны жилийн урамшууллыг олгох, 2025 оны жилийн урамшууллын төсөв шинэчлэн батлах тухай тушаалын нэгдүгээр хавсралтаар *******эд олгох урамшууллын хувьд гүйцэтгэл хангалтгүй гэж үзэж шийдвэр гарч *******эд танилцуулсан болно. Мөн нийт цэвэр ашиг 13,377,117 төгрөгийг *******эд олгосон болно.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 104 дүгээр зүйлийн 104.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******-аас 36,622,882.73 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******эд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 341,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 341,100 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг үнэн зөв, хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, бодитой талаас нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Үүнд:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч ******* (ажилтан), ******* (ажил олгогч) нарын хооронд байгуулсан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ, үр дүнгийн гэрээ, холбогдох талуудын тайлбар, аудитын дүгнэлт, ажлын байрны тодорхойлолт, ажлын гүйцэтгэлийн үнэлгээ зэрэг баримтуудыг тал бүрээс нь бодитой эргэлзээгүй талаас нь үнэлээгүй болно.
4.2. Талуудын хооронд байгуулсан Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 3.1.6-д Ажил олгогч нь Гүйцэтгэх захирлын ажлын гүйцэтгэлийн үнэлгээг үнэлэх, шаардлагатай арга хэмжээ авах, үүрэг даалгавар өгөх, гүйцэтгэлийн үнэлгээний дагуу жил бүр урамшуулал тооцох эрхтэй байхаар тусгажээ.
Тус гэрээний 4.2.4-т Гүйцэтгэх захирал буюу ******* нь Холдингоос баталсан группийн тогтвортой хөгжлийн бодлогыг дагаж мөрдөх, хэрэгжүүлэх, гүйцэтгэлийг тайлагнах үүрэгтэй байхаар тохиролцжээ. Нэхэмжлэгч нь ажлын гүйцэтгэлээ зохих ёсоор тайлагнаагүй бөгөөд ажил олгогчоос түүний ажлын гүйцэтгэлийг дүгнэхдээ 65.3 хувьтай дүгнэгдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоно. Дээрх баримтыг мэдэж байсан болох нь зохигчийн өөрийн шүүх хуралдаанд тайлбарласан тайлбар, мөн Хөдөлмөрийн эрхийн маргааныг зохицуулах гурван талт хорооны тэмдэглэл зэргээр нотлогдоно.
Үр дүнгийн гэрээний 3.11-д Холдинг нь батлагдсан KPI үнэлгээнд тусгагдсан нэмэх, хасах үзүүлэлтийн дагуу үнэлгээг эцэслэн дүгнэж гүйцэтгэх захирал болон удирдлагын багт урамшуулал олгох эсэхийг шийдвэрлэнэ гэжээ. Өөрөөр хэлбэл, ******* биш Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт *******-ийн гүйцэтгэх захирал нь үнэлгээг эцэслэн баталж, урамшуулал олгох эсэхийг шийдвэрлэх эрхтэй байхаар тохиролцжээ.
*******-ийн бизнес хөгжлийн менежер ******* нь ажил олгогч болон ажил олгогчийн төлөөлөгч биш бөгөөд түүний ажлын байрны тодорхойлолтын 2.5-д Мэдээлэл солилцох, зохицуулалт, зохион байгуулалт хийх замаар уялдаатай хамтран ажиллах, хурал хэлэлцүүлэг хамтарч зохион байгуулах гэсэн чиг үүргийг гүйцэтгэлийг үнэлэх, ажил олгогчийг төлөөлөх, шийдвэр гаргах эрхтэй мэтээр дүгнэсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитой үнэлээгүй гэж үзнэ. Учир нь түүний ажлын байрны тодорхойлолтын эрх мэдлийн хүрээнд ямар нэгэн ажлын гүйцэтгэлийг үнэлэх, дүгнэлт, шийдвэр гаргах эрх хэмжээ байхгүй байгаа болно.
4.3. Гүйцэтгэх захирлын ажлыг буюу 2024 оны Гүйцэтгэх захирлын үр дүнгийн гэрээг үнэлж дүгнэхдээ компанийн бизнес төлөвлөгөө, санхүүгийн аудитлагдсан тайлан, гүйцэтгэлийн гол үзүүлэлтийг хэмжих хуудас буюу KPI /Гүйцэтгэх захирлын үр дүнгийн гэрээ-ний хавсралт/ зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэн, мөн гэрээний 3.1, 3.3, 3.8, 3.11, Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 3.1.6, 4.2.2-т зааснаар гүйцэтгэх захиралд урамшуулал олгох журмыг тодорхойлж зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл, дээрх зохицуулалтад заасан урамшуулал олгох үндэслэлүүдийг тодорхойлсон нэхэмжлэгчийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан хугацааны буюу 2024 оны ажлыг дүгнэж үнэлсэн эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан, Гүйцэтгэх захирлын үр дүнгийн гэрээ-нд заасан урамшуулал олгох болзол нөхцөл тогтоогдоогүй байна.
Талуудын хооронд байгуулсан үр дүнгийн гэрээний 3.8-д Төлөвлөсөн цэвэр ашгийн гүйцэтгэлийн үзүүлэлт 90 хувиас доош гарсан, OGSM буюу KPI нийт хувь 85 хувиас доош гарсан бол үр дүнгийн урамшуулал олгохгүй байхаар заасан.
Ажил олгогч нь хангалтгүй гэж дүгнэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч нь ажлаас гарсан, түүнтэй холбогдуулан түүнд 13,000,000 төгрөгийн урамшуулал олгосон нь ажлын гүйцэтгэл 85 ба түүнээс дээш хувь үнэлсэн гэж үзэх үндэслэл болохгүй. Гэтэл шүүх нь урамшуулал олгосон нь хангалттай ажилласан гэж үзэх үндэслэл болсон талаар дурджээ. Өөрөөр хэлбэл, цалин хөлс, түүний шагнал урамшуулал нь ажил олгогчийн эрх байх бөгөөд түүнийгээ үр дүнгийн урамшуулалд ажил олгогчийн эрх хэсэгт тусгагдсан байхыг шүүхээс бодитой үнэлээгүй байна. Ажлаас гарах гэж буй өргөдлөө өгсөн ажилтанд урамшуулал олгосон нь түүний гүйцэтгэлийг бүрэн дүүрэн үнэлсэн гэсэн үг биш юм.
Хэрэгт авагдсан Аудитын тайлангаар 2024 онд цэвэр ашиг нь өмнөх оны цэвэр ашгаас 15,000,000 төгрөгөөр буурсан. Бизнес төлөвлөгөөний биелэлт болон тайлан зэргийг ажилтан тайлагнаагүй зэрэг нь шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан байгаа болно.
4.4. Зохигчдын гаргасан зарим нотлох баримтын талаар ямар нэгэн дүгнэлт өгөхгүй байх, нэг талын баримтыг нөгөө тал баримтаар үгүйсгэсэн байхад түүнийг нь үнэлэхгүй байх, эсрэг талаас үгүйсгэгдээгүй баримтыг шүүх өөрөө үгүйсгэх, баталсан, үгүйсгэсэн хоёр баримтыг хоёуланг нь биш харин аль нэгийг нь л үнэлэх зэргээр нотлох баримтыг тал бүрээс үнэлэх хуулийн зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч болон миний зүгээс 65 хувиар үнэлсэн үнэлгээний асуудлыг ажлаас гарах үед буюу 05 дугаар сарын 12-ны өдөр мэдэж, үнэлгээгээ хүлээн зөвшөөрч ажлаас гарсан гэх тайлбар хэлээгүй. Хэрвээ ингэж хэлсэн шүүх хуралдааны тэмдэглэлийн хэд дэх талд тийм тайлбар байгаа талаар хэлсэн нь зөв гэж харж байна. Нэхэмжлэгч очиж уулзан, 10 сарынхаа цалингийн урамшуулал буюу 50,000,000 төгрөгөө авъя гэж хэлэхэд таны үр дүнгийн гэрээ алга болсон гэж хэлсэн. Маргааш нь буюу 04 дүгээр сарын 30-ны өдөр захиралтайгаа орж уулзахдаа үр дүнгийн гэрээгээ авч орсон байдаг. Гэтэл таны үр дүнгийн гэрээ олдсон, танд 10 сарын урамшуулал олгох боломжгүй, харин ноогдол ашиг өгнө гэж хэлсэн. Ямар нөхцөлтэй байх тухайгаа ярилцаж, талууд гэрээ байгуулдаг. Гэрээ болон онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ, үр дүнгийн гэрээнд гүйцэтгэх захиралд ноогдол ашгийн урамшуулал олгоно гэсэн заалт байхгүй. Үр дүнгийн гэрээнд 100 хувь үнэлэгдсэн бол 12 хүртэлх сарын цалин, 95-99 хувь үнэлэгдсэн бол 10 сарын цалин, 80 хувиас доош үнэлэгдсэн бол урамшуулал олгохгүй гэж заасан. Компани энэ зарчмыг баримтлах ёстой. Нэхэмжлэгч 65 хувиар үнэлэгдсэн бол ноогдол ашиг болон урамшуулал олгох шаардлагагүй. Гэтэл танд 10 сарын цалин олгож чадахгүй, харин ноогдол ашиг олгоё гэх тайлбарыг хэлсэн. Үүнээс улбаалан, нэхэмжлэгч ажлаас гарах санал хэлсэн. Уучлаарай, миний авах ёстой урамшууллын 50,000,000 төгрөгийг, 13,000,000 төгрөг болгож бууруулж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж хэлээд ажлаасаа гарсан. Энэ агуулгыг мушгиж тайлбарлахгүй байхыг хүсэж байна.
Хэргийн 78-79 дэх талд нотлох баримтаар авагдсан 65 хувийн үнэлгээний асуудал байгаа. Нэхэмжлэгч ажлаасаа 05 дугаар сарын 12-ны өдөр гарсан. Гурван талт хороо 07 дугаар сарын 08-ны өдөр хуралдсан ба шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 09 дүгээр сарын 20-ны өдөр хариуцагчийн хариу тайлбар ирэх үед мэдсэн. Хариуцагчийн дурдсанчлан, нэхэмжлэгч өөрийгөө 65 хувиар үнэлэгдсэн гэдгээ 5 сард мэдээд ажлаасаа гарсан зүйл байхгүй. Шүүхийн маргаан эхлэх үед буюу 09 дүгээр сарын 20-ны өдөр нотлох баримт гаргаж өгөхөд нь 65 хувийн үнэлгээний талаар мэдсэн. 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл нэхэмжлэгч 99 хувиар үнэлэгдсэн ч компани гэрээнд үр дүнгийн гэрээний 3 дугаар зүйлд заасан 10 сарын урамшууллыг өгөхгүй болсон тул үүнийг маргалдаж авах ёстой юм байна гэх ойлголттой байсан. Гэтэл хэргийн 78-79 дэх талд авагдсан 65 хувийн үнэлгээ хэзээ өөрчлөгдсөн гэх он сар байгаагүй. Хамгийн чухал нь үүнийг нэхэмжлэгчид мэдэгдсэн үйл баримт байгаагүй. Нэхэмжлэгчийг 99 хувиар үнэлж байгаагаа мэдэгдэж, 04 дүгээр сарын 14-ний өдөр цахим шуудан явуулсан. Нэхэмжлэгч үүнийг тухайн өдөр нь баталгаажуулсан. Маргааш нь буюу 04 дүгээр сарын 15-ны өдөр уулзалт зохион байгуулах цахим шуудан хүргүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, 99 хувийн үнэлгээг нэхэмжлэгчид бүрэн мэдэгдэж, өөрөөр нь баталгаажуулсан.
Хариуцагч талын тайлбарлаж байгаа 65 хувийн үнэлгээ буюу хэргийн 78-79 дэх талд авагдсан баримтыг бид шүүхэд зориулж, хожим бүрдүүлсэн баримт гэж харж байгаа. Хэрэв 65 хувиар үнэлж байгаа тохиолдолд, таны үнэлэгдсэн 90 хувийн үнэлгээг бууруулж байна, энэ нь үндсэн үнэлгээнд нөлөөлнө гэж өөрөөс нь тайлбар авах ёстой байсан. Гэтэл ийм процесс хийгдээгүй буюу бид 65 хувиар үнэлсэн гэж хожим нь маргаж, шүүхэд зориулж баримт гаргаж өгсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгчийг энэ байдлаар хохироож болохгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан 2024 оны ажлын гүйцэтгэлийн үр дүнгийн урамшуулалд 36,622,882.73 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
2. Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл байх тухай шаардлагыг хангаагүй байна.
3. Хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
3.1. ******* нь *******тэй байгуулсан 09/2024 дугаартай Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ /Контракт/-гээр ******* нь *******-ийн гүйцэтгэх захирал албан тушаалд ажиллуулахаар 3 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. /хх61-65/
3.2. Мөн, *******-ийн хувьцаа эзэмшигч *******тэй ҮДГ/2024/02 дугаартай Гүйцэтгэх захирлын үр дүнгийн гэрээг байгуулж, гүйцэтгэх захирал нь Холдингоос баталсан *******-ийн 2024 оны бизнес төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллах үүргийг биелүүлэх, үүнд хамаарах гүйцэтгэлийн гол үзүүлэлтийг хэмжиж үнэлгээ (KPI)-г тооцох, KPI-д үндэслэн урамшуулал олгох эдгээрт хамаарах харилцааг зохицуулахаар тохиролцсон. /хх68-70/
3.3. *******-ийн нэр дэвшүүлэх, цалин урамшууллын хорооны 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 25/12 дугаартай шийдвэрээр нэр бүхий гүйцэтгэх захирлуудын 2024 оны жилийн урамшууллыг олгох, 2025 оны жилийн урамшууллын төсвийг шинэчлэн баталж, *******-ийн гүйцэтгэх захирал *******эд 2024 онд *******-ийн нийт цэвэр ашиг нь 13,377,117.27 төгрөг байгаа буюу компанийн гүйцэтгэл хангалтгүй гэж үзсэн тул хамгийн ихдээ энэ хэмжээгээр гүйцэтгэх захиралд урамшуулал олгох боломжтой гэж үзэв. Аудитлагдсан орлогын тайланг хавсаргав гэжээ. /хх76-77/
3.4. *******-ийн гүйцэтгэх захирал болон тус компанийн Стратеги, хувиргалтын удирдлага хариуцсан захирал нарын хянаж баталсан *******-ийн 2024 оны стратеги төлөвлөгөөний биелэлт/OGSM/ 65.3%-аар үнэлэгдсэн. /хх78-79/
3.5. ******* Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хандсан гомдлын үндсэн дээр тус хорооны 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 151 дугаартай хуралдааны тэмдэглэл/шийдвэрээр талууд харилцан тохиролцоогүй үндэслэлээр урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон. /хх44-46/
4. Талуудын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт заасан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байна. Мөн талууд, гүйцэтгэх захирлын үр дүнгийн гэрээг байгуулсан байх ба гүйцэтгэх захиралд 2024 оны үр дүнгийн урамшуулал олгох эсэх асуудлаар маргасан байна.
4.1. Гүйцэтгэх захирлын үр дүнгийн гэрээний 3.3-т Холдингийн дүгнэлт, зөвлөмжийг үндэслэн хувьцаа эзэмшигч нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь заалт, Аудитын тухай хуулийн 11 дүгээр зүйл, Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.11 дэх заалтын шаардлагыг хангасан компанийн санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт зэргийг үндэслэн хуанлийн 14 өдрийн дотор энэ гэрээг дүгнэж, шийдвэр гаргана,
Мөн гэрээний 3.5-д Компанийн гүйцэтгэх захирал нь удирдлагын багийн гишүүдийн жилийн ажлын гүйцэтгэлийг үнэлж, үр дүнгийн урамшууллыг нийт цалингаас /үндсэн+ KPI/ нь дараах байдлаар хувилж тооцно. 85.00-89.99% хүртэл 6 сар, 90.00-94.99% хүртэл 8 сар, 95.00-99.99% хүртэл 10 сар, 100% тохиолдолд 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшууллыг олгоно,
Уг гэрээний 3.8-д Дараах тохиолдлын аль 1 гарсан бол гүйцэтгэх захиралд урамшуулал олгохгүй. Үүнд: 3.8.1-д Төлөвлөсөн цэвэр ашгийн гүйцэтгэлийн үзүүлэлт ерэн /90%/ хувиас доош гарсан, 3.8.2-т OGSM буюу KPI-ийн нийт хувь наян тав /85%/ хувиас доош гарсан бол, 3.8.3-т Гүйцэтгэх захирлын гэм буруутай үйл ажиллагаагаар хууль, компанийн дүрэм, холбогдох гэрээгээр гүйцэтгэх захиралд олгосон эд хөрөнгийн эрхээ хэтрүүлэх буюу урвуулан ашиглах зэргээр компанийн өмч хөрөнгө, үрэгдүүлж шамшигдуулсан нь нотлогдсон гэж тус тус тохиролцсон байна.
4.2. Дээрхээс үзвэл *******-ийн нэр дэвшүүлэх, цалин урамшууллын хорооны шийдвэрээр хувьцаа эзэмшигч ******* болон гүйцэтгэх захирал , хүний нөөц хариуцсан захирал нар нь *******-ийн 2024 оны стратеги төлөвлөгөөний биелэлтийг /OGSM/ 65.3%-аар үнэлж, компанийн гүйцэтгэл хангалтгүй боловч гүйцэтгэх захирал *******эд тус компанийн нийт цэвэр ашиг 13,377,117 төгрөгийн хэмжээгээр урамшуулал олгохоор шийдвэрлэжээ.
Иймд талуудын хооронд байгуулагдсан Гүйцэтгэх захирлын үр дүнгийн гэрээний 3.8.2-т тохиролцсон доод хэмжээ 85%-аас доош буюу 65,3%-аар дүгнэгдсэн байх тул гүйцэтгэх захирал *******эд 2024 оны урамшууллыг үр дүнгийн гэрээнд заасан хэмжээ болох 10 сарын цалинтай тэнцэх 50,000,000 төгрөгийн хэмжээнд олгохгүй гэх хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлтэй ба нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамд нийцээгүй байна.
5. Нэхэмжлэгч нь, түүний ажлын үр дүнг 99 хувиар үнэлсэн тухай баримтыг бизнес хөгжлийн менежер *******гаас цахимаар ирүүлсэн /хх15-16/ гэх боловч уг баримтыг Гүйцэтгэх захирлын үр дүнгийн гэрээний 3.3-т заасан журмын дагуу дүгнэж шийдвэр гаргах эрх бүхий этгээдүүд гаргасан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
5.1. Дээрх баримтыг *******гаас нэхэмжлэгчид хүргүүлсэн талаар хариуцагч талаас маргахгүй гэснийг үндэслэн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан уг баримтыг гаргуулах, гэрчээр *******г оролцуулах тухай хүсэлтийг хангахгүй орхисон шүүгчийн захирамжийг буруутгахгүй.
6. Түүнчлэн, *******-ийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон бэлтгэсэн хараат бус аудиторын тайлангаар 2024 онд 13,377,100 төгрөгийн ашигтай ажилласан байх ба өмнөх жилийнхээс багассан болох нь дэлгэрэнгүй орлогын тайлангаар тогтоогдож байна. /хх80-81/
Тодруулбал, ******* нь 2024 онд олох зохих цэвэр ашгийн талаар төлөвлөөгүй гэж талууд тайлбарлаж байх боловч өмнөх оноос компанийн ашиг буурсан үзүүлэлттэй гарсан байна.
7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 191/ШШ2025/09243 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримтлан хариуцагч *******-д холбогдох, 2024 оны ажлын гүйцэтгэлийн үр дүнгийн урамшуулалд 36,622,882.73 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 341,100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН
ШҮҮГЧИД Н.ОЮУНТУЯА
Ц.АЛТАНЦЭЦЭГ