Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2026/00110

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, шүүгч Н.Оюунтуяа, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 192/ШШ2025/08894 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******, *******-д тус тус холбогдох,

155,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

******* байршуулсан зарын дагуу түүнтэй холбогдож Баянгол дүүргийн 04 дүгээр хорооллын эцэст баригдах Мега сити хотхоны ******* байр, 10 дугаар давхар, 73.2 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 155,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч, 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Хаан банк дахь ******* ******* дугаар данс руу 155,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл тухайн орон сууц ашиглалтад ороогүй байх тул 155,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж байна. Хариуцагч *******-д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

2. Хариуцагч ******* тайлбарын агуулга:

*******-тай ******* нь 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр барилгын суурийн газар шорооны ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулж, уг гэрээний төлбөрт Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Мега сити орон сууцны барилгаас ******* байр, 09 дүгээр давхар, 73.2 м.кв талбай бүхий 3 өрөө, 6 дугаар давхарт 43.2 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг тус тус авахаар орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан. ******* нь ажлыг гүйцэтгэсэн тул тухайн орон сууц ашиглалтад орохыг хүлээхгүйгээр ажлын хөлсөнд авах орон сууцуудыг худалдахаар зар тавьснаар нэхэмжлэгчтэй холбогдож улмаар *******-ийн удирдлагуудтай уулзаж Мега сити хотхоны ******* байр, 10 дугаар давхар, 73.2 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг авахаар болж ******* болон ******* нарын хооронд 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 21/164 дугаартай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан. Тухайн гэрээний үүргийг гэрээний нэг тал болох *******-аас шаардахгүйгээр хариуцагч *******эс шаардаж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч *******-аас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож тайлбар гаргаагүй байна.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******эс 155,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-нд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгч *******ийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 932,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

5. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Миний зүгээс орон сууцны төлбөрийг төлөхдөө өөрийн өмчлөлийн нэг өрөө орон сууцыг худалдаж, үлдэх төлбөрийг Ариг банкнаас өндөр хүүтэй мөнгө зээлж төлсөн. Энэ хүний худал үгэнд итгэж хамаг эд хөрөнгөө зарж борлуулж мөнгөө бүрэн өгчихөөд 4 хүүхдийн хамт орох оронгүй түрээсийн байраар өнөөдрийг хүртэл явж байна. ******* *******-д хийж өгсөн ажил байдаг бол түүнийгээ нотолчих гэж удаа, дараа гуйж арга ядаж шүүхэд өгсөн ба шүүх дээр *******-д ажил хийж өгснөө нотолж чадаагүй. Үүнээс үүдэж ******* нь надтай хийсэн хэлбэрийн төдий гэрээгээ цуцалж, мөнгөө *******эсээ олж аваарай гэж хэлсэн.

5.2. Шүүх Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Нэхэмжлэгчийн хүсэл зоригийг буруу тайлбарлаж *******-тай эрх зүйн харилцаанд нэхэмжлэгчийг оролцсон гэж бодит байдлыг үгүйсгэж талуудын зарчимд халдах үйл ажиллагааг шүүх хэрэгжүүлсэн гэж үзэж байна. Анх *******тэй гэрээ хэлцэл байгуулах санал яригдах үед тухайн орон сууцыг ******* өөрөө авах талаараа нэхэмжлэгчид хэлсэн бөгөөд миний хувьд *******-тай ямар нэгэн эрх зүйн харилцаанд ороогүй ба *******, ******* хоёрын тохиролцооны талаар шүүхэд ирээд л гэрээ хэлцлийг нь үзсэн. Нөгөө талаар хэрэгт авагдсан бичгийн баримтаар *******-ийн 100 хувь хувьцаа эзэмшигч нь ******* байх бөгөөд ийм тохиолдолд төлбөрийг хувь иргэн, хуулийн этгээдээс гаргуулж шийдвэрлэх нь зарчмын хувь ялгаагүй юм. Хэрэг маргааныг нэг мөр шийдээгүйгээс үүдэж нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх ажиллагаа удаашрах, шүүхийн зохиомол маргаан ихсэх, нэхэмжлэгч удаан хугацаагаар хохирох, амьдрал нь улам дордох нөхцөлд хүргэх юм.

5.3. Анхан шатны шүүх нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэг, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэж гэрээний үүргийн биелэлт, *******-ийн албан бичиг, мөнгө шилжүүлсэн баримт зэрэг нотлох баримтуудыг хангалттай үнэлээгүй нь миний эрх ашиг сонирхлыг хамгаалах хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагч талаас тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 155,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байх ба нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *******-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байна.

 

2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулан, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

3. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогджээ. Үүнд:

 

3.1. ******* нь *******-тай байгуулсан 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 20/32 дугаартай Барилгын суурийн газар шорооны ажил гүйцэтгүүлэх гэрээ-гээр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны ******* орон сууны 16 давхар барилгын суурийн газар шорооны ажил, талбайг цэвэрлэж тухай талбай дээр байрших тоосгон байшинг нураах барилгын талбайг бэлэн болгох ажлыг хийж гүйцэтгүүлэхээр тохиролцсон. /хх19-21/

 

3.2. Дээрх гэрээний дагуу 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр ажлын гүйцэтгэлийн дүнг 153,720,000 төгрөг гэж тооцоо нийлсэн акт үйлдэж, байгууллагын тамга болон санхүүгийн тэмдгээр баталгаажуулан гарын үсэг зурсан. /хх21/

 

3.3. *******-аас *******-д хандаж, ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт шилжүүлэн авсан ******* төслийн ******* блок, 10 дугаар давхрын 1 тоот 73.2 м.кв, 3 өрөө орон сууцыг *******т төлбөр тооцоо бүрэн хийгдсэн тул шилжүүлж өгнө үү гэх /огноо, дугааргүй / албан бичгийг хүргүүлсэн. /хх23/

 

3.4. ******* нь *******тай байгуулсан 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 21/164 дугаартай Орон сууц захиалгаар байгуулах гэрээ-ээр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах ******* орон сууны барилгын ******* блокийн 10 давхарт I тоот 73.2 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 2,100,000 төгрөг буюу 153,720,000 төгрөгөөр, орон сууцны төлбөрийг *******-д 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр бүрэн төлж барагдуулсан /албан тоот хавсаргасан/ гэж талууд тохиролцсон. /хх66-74/

 

3.5. ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр ******* эзэмшлийн Хаан банкны ******* тоот дансанд 155,000,000 төгрөгийг байрны мөнгө 100% төлөв гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн болох нь Хаан банкны шилжүүлгийн баримтаар тогтоогдсон. /хх4/

 

3.6. *******-аас *******т 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 10/24-01 дугаартай албан бичгээр маргаан бүхий 3 өрөө орон сууцыг ******* нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу бартераар авсан ба гэрээний үүрэг биелэгдээгүй тул уг байрны захиалгын гэрээ нь хүчингүй болно гэж мэдэгдсэн. /хх64/

 

4. ******* болон ******* нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар орон сууц худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсч, орон сууцны төлбөрт 155,000,000 төгрөгийг түүнд шилжүүлсэн эсэх талаар талууд маргаагүй байна.

 

4.1. Хариуцагч нь ******* болон *******-ын хооронд байгуулагдсан 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ажил гүйцэтгүүлэх гэрээний төлбөрт маргаан бүхий Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Мега сити орон сууцны барилгаас ******* байр, 09 дүгээр давхар, 73.2 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг авахаар тохиролцсон тул ******* нь, тухайн орон сууцыг ашиглалтад орохыг хүлээхгүйгээр ажлын хөлсөнд авах орон сууцыг худалдахаар зар тавьж, нэхэмжлэгчтэй холбогдсон ба Мега сити хотхоны ******* байр, 10 дугаар давхар, 73.2 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцтай холбоотой ******* болон ******* нарын хооронд 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 21/164 дугаартай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулагдсан. Гэтэл тухайн гэрээний нэг тал болох *******-аас шаардахгүйгээр, *******эс шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж маргажээ.

 

4.2. Дээр дурдсан хэргийн үйл баримтаас үзэхэд *******-аас ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд *******-ийн авахаар тохиролцсон маргаан бүхий 3 өрөө орон сууцыг тус компанийн захирал ******* /хх24/ нь нэхэмжлэгч *******т худалдахаар аман хэлцлээр тохиролцож, уг орон сууцны төлбөрийг хүлээн авсан болох нь тогтоогдсон байна.

 

4.3. Улмаар, ******* болон ******* нарын хооронд 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 21/164 дугаартай орон сууц захиалгаар бариулах гэрээгээр маргаан бүхий 3 өрөө орон сууцыг дээрх ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт шилжүүлэхээр тохиролцсон болох нь 21/164 дугаартай гэрээний 3.1, 3.2 дахь заалтуудаар нотлогдож байна.

 

Өөрөөр хэлбэл, уг орон сууц захиалгын гэрээний захиалагчийн шаардах эрхийг Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар ******* шилжүүлэн авсан гэж үзэхээр байх боловч уг гэрээний гүйцэтгэгч тал болох ******* нь 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 10/24-01 тоотоор тухайн гэрээг биелэгдэх боломжгүй болсон тул хүчингүй гэж үзэж байгаа талаар нэхэмжлэгч *******т мэдэгджээ. Уг баримтаас үзэхэд ******* нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар тухайн гэрээнээс татгалзсан талаар мэдэгдсэн гэж үзэхээр байна.

 

4.4. Иймд уг гэрээнээс ******* татгалзсаныг үндэслэн, нэхэмжлэгч нь хариуцагч ******* ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт авах орон сууцыг шилжүүлэн авахаар тохиролцсон аман хэлцлээс татгалзаж, түүнд орон сууцны төлбөрт шилжүүлсэн 155,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцсэн гэж дүгнэв.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан тул нэхэмжлэгч ******* нь гэрээнээс татгалзах эрхтэй.

 

5. Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн ба уг гэрээнээс татгалзсан асуудлаар нэхэмжлэгч нь шаардах эрхээ тодорхойлсон байхад анхан шатны шүүх үүргийн нийтлэг үндэслэлд хамаарах Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх заалтыг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байгааг өөрчлөн зөвтгөнө.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 192/ШШ2025/08894 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******эс 155,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай. гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын ...үлдээсүгэй. гэснийг ...үлдээж, хариуцагч *******эс 932,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгосугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 932,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН

 

ШҮҮГЧИД Н.ОЮУНТУЯА

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ