Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 858

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал хөтлөн,

Улсын яллагч: Т.Оюунжаргал,

Хохирогч: Э.Б-,

Шүүгдэгч: Н.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Ж  овогт Н-ын Э-д холбогдох эрүүгийн 1805063820000 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 1997 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, 2 дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо зурагтад нийтийн байранд түр оршин суудаг, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 3 дугаар баг Аварга 2 хийд 4-р гудамж 0 тоот хаягт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /             /, Ж  овгийн Н-ын Э-

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Н.Э- нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хорооллын 14-өөс 19 дүгээр байрны дор байрлах автограж дотор иргэн Э.Б-ын шанаа нүүр хэсэгт цохиж биед нь эрүү ясны баруун салааны зөрөөтэй далд хугарал, эрүүнд зөөлөн эдийн няцрал, хамрын зүүн угалзанд зулгаралт гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Э-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар

Шүүгдэгч Н.Э- нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хорооллын 14-өөс 19 дүгээр байрны дор байрлах автограж дотор иргэн Э.Б-ын шанаа нүүр хэсэгт цохиж биед нь эрүү ясны баруун салааны зөрөөтэй далд хугарал, эрүүнд зөөлөн эдийн няцрал, хамрын зүүн угалзанд зулгаралт гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

Шүүгдэгч Н.Э- нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч Э.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би гомдолтой байна. Надад хохирол төлбөр гэж төлсөн зүйл байхгүй. Хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна...” гэв.

Хохирогч Э.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 14-ний өглөө 10 цагийн орчим би Баянгол дүүргийн 3 дугаар хороо Нарны хорооллын 14-19 дүгээр байрны граж дотор ажлаа хийгээд байхдаа чихэвчээ зүүгээд хөгжим сонсоод явж 1 байсан чинь хажууд хүн юм ярих шиг болохоор нь би чихэвчээ аваад эргээд  харсан чинь манай хамгаалагч Э- “юм яриад байхад сонсдоггүй юм уу пизда минь гээд намайг бариад авахаар нь би бас барьж аваад бид хоёр барилдсан. Тэгээд би барилдаад уначихсан ба би босож ирээд гар утсаа гаргаж тавьчхаад дахиад барилдсан. Барилдаж байхдаа би Э-ын толгой руу нүдчихсэн чинь Э- яагаад байгаа пизда вэ ална шүү гээд бид хоёр маргалдсан. Тэр үед ажлын газрын 2-3 залуу гарч ирсэн. Тэгээд Э- намайг заамдахаар нь би тавиулсан чинь миний эрүү орчим гараараа эхлээд нэг удаа цохисон. Тэгээд цохиулаад унаад босож ирсэн чинь дахиад гараараа нэг удаа эрүү орчим шанаадсан. Тэр үед нэг хамгаалагч нь ирээд бид хоёрыг салгасан. Тэгсэн чинь миний эрүү хугарсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн гэмтлийг Э- намайг зодож надад хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. Би зодуулж эрүүл мэндээрээ хохирсондоо гомдолтой. Эмчилгээний зардал гаргуулж авна...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/,

Гэрч Н.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн үед Нарны хорооллын 14-19 дүгээр байрны гражийн харуулаар ажилладаг байсан бөгөөд одоо яг он сарыг нь тодорхой санахгүй байгаа боловч Н.Э- ах надад ээлж өгдөг, харин Б- нь тэр гражид цэвэрлэгээ хийдэг байсан. ...Би өглөө ээлж авахаар ирсэн байхад Н.Э- ах ээлжээ өгөөд ...тухайн үед буух гэж байсан болохоор хувцсаа солиод үлдсэн. Хувцсаа солиод харуулын байрнаас гарах гэж байхад гражид хүмүүс маргалдаад байх шиг сонсогдохоор нь би гараад хартал Н.Э- ах, Д.Б- нар хоорондоо маргалдчихсан, Э- ах Б-ын нүүр орчим гараараа цохиж байсан. Тэр үед Б-, А- нар салгасан, би бас очиж салгасан. Тэгээд Н.Э- ах гэртээ харихаар явсан. Харин Д.Б- харуулын өрөөнд орж өөрийнхөө нүүрийг толинд харж байгаад “ёо эрүү сонин болоод байна, би чөлөө аваад явлаа” гээд явсан. Тэгээд цаг орчмын дараа манай харуулын дарга Ганзориг дуудсан “Б-ын эрүү нь хугарсан байна” гээд Э- ахыг дуудъя гээд дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 99-101 тал/, 

Шинжээч эмч Т.Чимэд-Очирын “...Э.Б-ын биед учирсан гэмтлийг зөв дурьдсан боловч бланк дээр хэвлэх үед өмнөх бланкны буюу өөр хүний гэмтлийн зэрэг тогтоолгож дүгнэлтийн хэсэг хэвлэгдэж гарсан байсан. Иргэн Э.Б-ын биед учирсан эрүү ясны хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар буюу 4 долоо хоногоос дээш хугацаанд сарниулдаг гэмтэл. Өөрөөр хэлбэл тухайн ясны бороололт явагдаж дуусах хугацаанд ойролцоогоор 2 сар орчимын дараа гүйцэд бороолж эдгэрдэг. Тиймээс тухайн гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” /хх-ийн 26-27 тал/ гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 000 дугаартай, хэргийн материалаар хийсэн: “...Э.Б-ын биөд эрүү ясны баруун салааны зөрөөтэй далд хугарал, эрүүнд зөөлөн эдийн няцрал, хамрын зүүн угалзанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан гацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх-ийн 32-3 тал/,

Шүүгдэгч Н.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Өөрийн үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байна. Надад яриад байх зүйл байхгүй. Би жоохон маргааны улмаас хүнд гэмтэл учруулсандаа маш их харамсаж байна. Одоо Улаанбаатар хотод ажил хөдөлмөр эрхэлж байгаа болохоор хохирогчид учирсан хохирлыг баримтын дагуу гарган барагдуулах болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 91 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн үйл баримт нотлогдон тогтоогджээ.  

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

         Хохирогч Э.Б-ын биед эрүү ясны баруун салааны зөрөөтэй далд хугарал, эрүүнд зөөлөн эдийн няцрал, хамрын зүүн угалзанд зулгаралт гэмтэл үүссэн нь шүүгдэгч Н.Э-ын хохирогчийг цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

         Мөн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмчийн №000 дугаар дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ

Шүүгдэгч Н.Э- нь хохирогч Э.Б-ыг цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд шүүгдэгч Н.Э- нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хорооллын 14-өөс 19 дүгээр байрны дор байрлах автограж дотор иргэн Э.Б-ын шанаа нүүр хэсэгт цохиж биед нь эрүү ясны баруун салааны зөрөөтэй далд хугарал, эрүүнд зөөлөн эдийн няцрал, хамрын зүүн угалзанд зулгаралт гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан учир түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь 1.427.940 /нэг сая дөрвөн зуун хорин долоон мянга есөн зуун дөч/ төгрөг нэхэмжилсэн байна.

 Хэргийн 37-40 дэх талд авагдсан нотлох баримтанд дүгнэлт хийхэд хохирогч Э.Б- нь уг гэмт хэргийн улмаас эрүүл мэндээрээ хохирч, улсын 1 дүгээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж хагалгааны төлбөрт 507.960 төгрөг, мөнгөн гүүр эмнэлэгт толгойн томографийн зураг авахуулахад 120.000 төгрөг, хагалгааны хадаасны төлбөрт 61.000 төгрөг, 3 удаа зураг авахуулахад нийт 75.000 төгрөг, чихны бичлэг хийлгэхэд 10.000 төгрөг, өвчин намдаах эм тариад 19.980 төгрөг, нийт нотлох баримттай 793.940 төгрөгийн зардал гаргасан байна.

Мөн шүүхийн хэлэлцүүлгээр нотлох баримтгүйгээр хагалгааны үед эрүүний чиг гэж 150.000 төлсөн талаар мэдүүлж байх ба уг зардлыг шүүгдэгч хүлээн зөвшөөрч маргаагүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд төлөгдсөн хохирол байхгүй болно.

Иймд шүүгдэгч Н.Э-ас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар 943.940 /есөн зуун дөчин гурван мянга есөн зуун дөч/ төгрөгийг гаргуулж хохирогч Э.Б-д олгох нь хохирогчийн эрх ашигт нийцнэ гэж дүгнэлээ.  

Харин хохирогч Э.Б- нь ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй тул цаашид энэ талаарх холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Н.Э- нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгооор Н.Э-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50 тал/, боловсролын талаарх баримтууд /хх-ийн 56-61 тал/ авагдсан ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Иймд шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл болон шүүгдэгчийн хувийн байдал, хохирол хор уршгийг арилгаагүй нөхцөл байдлыг харгалзан, шүүгдэгч Н.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч Н.Э- шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэх ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Н.Э-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж  овогт Н-ын Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-д 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э- шүүхээс оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хйилгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-ас 943.940 /есөн зуун дөчин гурван мянга есөн зуун дөч/ төгрөгийг гаргуулж, хохирогч Э.Б-д олгосугай.

5. Хохирогч Э.Б- нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

6. Шүүгдэгч Н.Э- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл байхгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Э-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА