| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 191/2025/05779/И |
| Дугаар | 210/МА2026/00109 |
| Огноо | 2026-01-14 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 210/МА2026/00109
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Г.Нямсүрэн, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/09688 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******-д холбогдох,
Даатгалын нөхөн төлбөрт 18,520,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын агуулга:
Миний бие нь 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр *******-тай тээврийн хэрэгслийн даатгалын 245374052030100066 дугаартай гэрээг байгуулж, өөрийн эзэмшлийн ******* CGC4251D6ECBP маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн эрсдэлээ даатгуулсан. Гэрээний хүчин төгөлдөр хугацаанд уг тээврийн хэрэгслээр 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн нутагт замын хөдөлгөөнд оролцож яваад урдаа таарсан саадыг тойрон гарах үед эсрэг урсгалаас машин ирж байсан учир тоормослоход ачиж явсан ачаа унаж тээврийн хэрэгсэлд хохирол учирсан, *******-ийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар 18,520,000 төгрөгийн эвдрэл, хохирол тогтоогдож даатгагч компаниас нөхөн төлбөр хүсэхэд ******* нь албан бичигт ...тээвэрлэж явсан ачааг бэхлээгүй, ачаа тээвэрлэх стандарт журмыг мөрдөөгүйн улмаас даатгалын зүйлд хохирол учирсан, мөн ачиж явсан ачаанаас үүссэн буюу замын хөдөлгөөнд оролцож байх үед биет зүйлд цохигдох, оногдох нь талуудын хооронд байгуулсан гэрээний эрсдэлд хамаарахгүй гээд даатгалын гэрээний 3.1.3-т Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан, 3.13-т Зорчигч болон ачаа тээш тээвэрлэх журмыг зөрчсөнөөс үүссэн хохирол заасныг тус тус үндэслэн нөхөн төлбөр олгох боломжгүй гэсэн хариу өгсөн. Хариуг хүлээн аваад даатгагчийн шийдвэрийг эс зөвшөөрч Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргахад даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөрийг олгох асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 3/454 дугаар албан тоотоор *******-д мэдэгдэл хүргүүлсэн. Даатгуулсан тээврийн хэрэгслийг ******* би өөрөө жолоодон зориулалтын дагуу ашиглаж ачаа тээвэрлэн яваад осолдож эвдрэл, хохирол учирсан. Гэтэл даатгагч байгууллага талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1.3-т заасан даатгалын гэрээнээс бусад шалтгаанаар хохирол гарсан гэсэн заалтыг баримтлан нөхөн төлбөр олгохоос татгалзаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь, энэ тохиолдолд гэрээний үндсэн эрсдэлийн хамгаалалт хэсгийн Зам тээврийн хөдөлгөөний бүх төрлийн осол, биет зүйл унах гэсэн эрсдэлд хамаарч байгаа бөгөөд даатгуулагч тээврийн хэрэгслийг жолоодон явж хөдөлгөөнд оролцож байхдаа эрсдэл, даатгалын тохиолдол үүссэн үйл баримт хангалттай тогтоогдож байна гэж үзэж байна. Иймд *******-аас даатгалын нөхөн төлбөрт 18,520,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга:
Талуудын хооронд 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг 3 жилийн хугацаатай байгуулсан байна. Дээрх үйл баримттай холбогдуулан нэхэмжлэгчийн нөхөн төлбөр хүссэн өргөдөл болон холбогдох фото зураг зэргээс үзэхэд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2009 оны 188 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Автотээврийн хэрэгслээр хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд аюул, хохирол учруулж болзошгүй ачаа тээвэрлэх журам-ын 2.5-д тээвэрлэлтийн үед ачаа унах, сав баглаа боодол гэмтэх, холилдохоос урьдчилан сэргийлж, тэдгээрийг зөв байрлуулж, хөдөлгөөнгүй сайтар бэхэлсэн байна гэж заасныг зөрчин, ачааг бэхлээгүй, ачаа тээвэрлэх стандарт журмыг мөрдөөгүйн улмаас даатгалын зүйлд хохирол учирсан болох нь тогтоогдож байна. Мөн ачиж явсан ачаанаас хохирол учрах нь талуудын хооронд байгуулсан гэрээний эрсдэлээр хамгаалагдаагүй байна. Иймд гэрээний 3.1.3-т даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар гарсан хохирол гэж, 3.13-т зорчигч болон ачаа тээш тээвэрлэх журмыг зөрчсөнөөс үүссэн хохирол гэж, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар гарсан хохирол гэж тус тус заасны дагуу нөхөн төлбөр олгох боломжгүй тул дээр дурдсан үйл баримт, холбогдох хуулийн заалт, гэрээ, нотлох баримт зэргийг үндэслэн хариуцагч *******-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 443 дугаар зүйлийн 443.1 дэх хэсгийг баримтлан 18,520,000 төгрөгийг *******-аас гаргуулж, нэхэмжлэгч *******од олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250,550 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч *******-аас 250,550 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******од олгож шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Нэхэмжлэгч нь саадыг тойрон гарах үед эсрэг урсгалаас машин ирж байсан учир тоормослоход ачиж явсан ачаа нь унаж тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан гэж мэдээлдэг боловч саадыг тойрон гарах үед тоормос гишгэсэн үйл баримт тогтоогдоогүй, ачаа ямар шалтгааны улмаас тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан талаарх баримт байхгүй, саадыг тойрон гарах үед эсрэг урсгалаас машин ирсэн тул тоормосолсон гэх мэдээллээ хөдөлшгүй баримтаар нотлоогүй, ачааны талаарх мэдээлэл тодорхойгүй, ачааг хаанаас ачсан нь тодорхойгүй, ачааг тухайн ослын газарт ачиж байсан эсхүл буулгах гэж байсан, засаж ачих гэж байсан зэрэг нь тодорхойгүй, эргэлзээтэй, нэхэмжлэгч замын хөдөлгөөнд оролцож байсан нь тогтоогдохгүй, хөдөлгөөнгүй замын хажууд зогссон байдалтай байсан зэрэг эргэлзээ бүхий үйл явдлууд байсан тул даатгагч Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.2 дахь хэсэгт Даатгалын тохиолдол бий болсон үед даатгагч даатгалын тохиолдол буюу нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход шаардлагатай аливаа мэдээг даатгуулагчаас шаардах эрхтэй гэж заасны дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтнаар шалгуулах шаардлагыг тавьсан бөгөөд нэхэмжлэгч шалгуулж тогтоолгоогүй байхад шүүх хэт нэг талыг барьж баримтаар нотлогдоогүй аман тайлбарыг зам тээврийн осол гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна.
Учир нь, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, зөрчлийн тухай хуулиар эрх бүхий байгууллага гэдгийг Зам тээврийн ослыг газар дээр нь шалгаж, тогтоох замын цагдаагийн алба, замын хөдөлгөөний хяналт зохицуулалт хариуцсан албан тушаалтныг гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, эрх бүхий байгууллага нь замын цагдаагийн байгууллага, харин эрх бүхий албан тушаалтан нь замын цагдаагийн алба хаагч байх бөгөөд зам тээврийн осол гэж тухайн байгууллага, албан тушаалтны дүгнэлтээр тогтоогдсон байхыг ойлгох бөгөөд тус тохиолдлыг зам тээврийн осол гэж тогтоосон эрх бүхий байгууллага, албан тушаалтны дүгнэлт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч даатгалын гэрээний 4.1.4-т Даатгалын тохиолдол болсон үед... замын цагдаа ирж үзтэл тээврийн хэрэгслийг ослын дараах байдлаар нь хадгалж ослын шалтгааныг тогтоолгох үүрэгтэй гэж, Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.2 дахь хэсэгт үүргээ биелүүлээгүй, эрх бүхий байгууллагаар тухайн тохиолдлыг шалгуулж тогтоолгоогүй, даатгагчийн эрх бүхий байгууллагаар тогтоолго гэж шаардсан шаардлагыг биелүүлээгүй байтал шүүх өөрийн үзэмжээр амаар хэлсэн тайлбарыг хөдөлшгүй нотлох баримт мэтээр зам тээврийн осол гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд тус тохиолдлыг зам тээврийн осол гэж үзэх хөдөлшгүй нотлох баримт байхгүй, нэхэмжлэгч энэ талаар нотлох үүргээ биелүүлээгүй байна.
4.2. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа болон нөхөн төлбөрийн материал хянах шатанд ачиж явсан ачаа кабин руу түрж орж ирсний улмаас хохирол учирсан гэж мэдүүлдэг бөгөөд юу ачиж явсан, ямар хэмжээний ачаа ачиж явсан талаарх баримтыг нөхөн төлбөрийн шатанд хариуцагч талд гаргаж өгөөгүйн улмаас хариуцагч гэрээний 5.1.8-д заасны дагуу шалгуулах боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон байдаг тул хариуцагчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч талаас ачиж явсан ачааны талаарх мэдээлэл, ачааны дагалдах бичиг баримт, жин тонн буюу пүүний баримт, ачиж явсан ачааг юугаар бэхэлж ачсан талаарх баримтуудыг өөрийн хариу тайлбар татгалзлаа нотлох зорилгоор нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргуулах хүсэлт гаргасан бөгөөд шүүх хариуцагчийн хүсэлтийг хангахаас татгалзаж хэргийг нотлох баримт дутуу байхад шийдвэрлэсэн.
Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч ******* /шил/ ачиж явсан талаарх мэдээллийг анх мэдсэн бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгч БНХАУ-аас хилээр дамжиж шил ачиж орж ирсэн гэж мэдээлдэг боловч ачааны талаарх мэдээлэл, магадлал бичиг баримт байхгүй гарах боломжгүй гэж худал мэдээлдэг, нэхэмжлэгч өөрөө ачааг ачаагүй, хүний ачаа, өөр хүн ачиж өгсөн гэдэг боловч тээвэрлэлтийн гэрээ байхгүй, өөр хүн ачиж өгсөн гэх баримт байхгүй, хэрэгт нотлох баримтаар авагдаагүй. Нөхөн төлбөр хянах шатанд олж авч чадаагүй мэдээллийг шүүх хуралдаан дээр мэдсэн тул хариуцагч гэрээний 5.1.8-д заасны дагуу шалгуулах боломжгүй бөгөөд шүүх хариуцагчийг энэ эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзээд байгаа нь үндэслэлгүй бөгөөд хэргийг нотлох баримт дутуу байхад шийдвэрлэсэн, хариуцагчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж байна.
4.3. Түүнчлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийн материалтай танилцах эрхийг хангаагүй, эрх үүрэг нөлөөллийн мэдүүлэгт гарын үсэг зуруулаагүй, хэргийн материалтай танилцаж нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах, хүсэлт гаргах зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хэргийн оролцогчийн эрх үүргээ хэрэгжүүлэх боломжоор хангаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаан болохоос 1 цагийн өмнө очсон боловч хэргийн материалтай танилцаж чадаагүй.
Иймд анхан шатны шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
Хариуцагч талаас зам тээврийн осол гэж албан ёсоор тогтоогдсон баримт байхгүй гэж тайлбарладаг. Хариуцагч тал тухайн осол болох үед буюу үйл баримт болсон газарт очиж зургийг нь дарсан. Осол болсныг мэдсэн, ирж танилцсан, осол гарсан газрыг харсан. Нөгөөтэйгүүр, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д зам тээврийн осол гэдэг нь зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн тухайн тээврийн хэрэгсэлд, эсвэл хүний эрүүл мэндэд ямар нэгэн байдлаар хохирол учрахыг хэлнэ гэж заасан болохоос биш тухайн үйл баримтыг эрх бүхий байгууллага тогтоосон байхыг заасан хуулийн зохицуулалт байхгүй. Зам тээврийн осол нь тухайн зам дээр явж байгаа машины хөдөлгөөний улмаас ямар нэгэн байдлаар өөрийнх нь эд хөрөнгө, эсвэл бусдын эд хөрөнгөд, хэн нэгний эрүүл мэндэд хохирол учирсан байхыг шаардана. Энэ тохиолдолд даатгуулагч өөрийнхөө машинтай явж байгаад тоормослох үед машины хөдөлгөөний улмаас ачиж явсан ачаа урагш хөдөлж тээврийн хэрэгсэлд хохирол учирсан. Энэ нь зам тээврийн осол мөн. Хариуцагч тухайн үед осол болсон газар ирж зураг дарсан. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны явцад Санхүүгийн зохицуулах хорооноос зам тээврийн осол мөн учраас даатгалын нөхөн төлбөр олго гэх хариу өгсөн.
Хариуцагчийн зүгээс шүүх хуралдааны явцад тухайн ачааг ачиж явсан ачааны тоо хэмжээ болон ачааг бэхэлсэн олсыг нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасан. Шүүх ямар учраас уг хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан бэ гэвэл, тухайн ачааг бэхэлсэн олс өнөөдрийг хүртэл хадгалагдах боломжгүй, хадгалаагүй. Хэдий шүүгчийн захирамжаар нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсэн ч гэлээ захирамжийн биелэлт хангагдах боломжгүй. Ийм учраас нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангахаас татгалзаж хэргийг шийдвэрлэсэн. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 18,520,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3. Хэрэгт цугларсан баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
3.1. ******* нь *******-тай байгуулсан 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 245374052030100066 дугаартай Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-гээр *******ын эзэмшлийн ******* CGC4251D6ECBP маркийн, ******* улсын дугаартай, тээврийн хэрэгсэл, ******* ZRM9401TDP загварын, ******* чиргүүл зэргийг даатгуулахаар тохиролцсон. /хх7-12/
3.2. 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ******* улсын дугаартай ******* маркийн тээврийн хэрэгслийг ******* жолоодон замын хөдөлгөөнд оролцож байх үедээ гэнэт тоормос гишгэсний улмаас ачиж явсан ачаа нь кабин руу орж хохирол учирсан талаар талууд маргаагүй.
3.3. *******-ийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №15441 дугаартай Авто машин техникийн үнэлгээний тайлан-гаар *******ын эзэмшлийн ******* CGC4251D6ECBP маркийн ******* улсын дугаартай автомашины кабин араасаа чихэгдэж кабины баруун, зүүн болон дээд спойлерууд хагарсан, цахилгаан насос, агаар шүүгч чихэгдсэн гэмтлийн улмаас 17,720,000 төгрөгийн хохирлын үнэлгээ хийгдсэн. /хх15-17/
3.4. *******-ийн мөн өдрийн №15442 дугаартай Авто машин техникийн үнэлгээний тайлан-гаар *******ын эзэмшлийн ******* ZRM9401TDP загварын ******* чиргүүлийн урд аравч хугарч 800,000 төгрөгийн хохирлын үнэлгээ хийгдсэн./хх13-14/
3.5. Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 3/454 дугаартай албан бичгээр ... хариуцагч байгууллагыг нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэсэн хариуг өгсөн. /хх19/
4. Талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар даатгалын гэрээний харилцаа үүссэн, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
5. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлээгүй, талуудын маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй алдаа гаргаснаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
5.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн нутаг дэвсгэрт өөрийн /ачаатай/ тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа урдаа таарсан саадыг тойрон гарах үед эсрэг урсгалаас машин орж ирсний улмаас тоормослох үед ачиж явсан ачаа урагшаа гүйж автомашинд болон чиргүүлд хохирол учирсан тул даатгалын нөхөн төлбөрт 18,520,000 төгрөг гаргуулна гэж, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...******* нь даатгалын зүйлтэй холбоотой тохиолдлыг даатгалын гэрээнд тусгагдаагүй эрсдэлийн улмаас гарсан хохирол гэж үзнэ. Учир нь даатгуулагч нь ачааг тээвэрлэхдээ Автотээврийн хэрэгслээр хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд аюул, хохирол учруулж болзошгүй ачаа тээвэрлэх журам-ыг зөрчин, ачааг бэхлээгүй, ачаа тээвэрлэх стандарт журмыг мөрдөөгүйн улмаас даатгалын зүйлд хохирол учирсан нь гэрээний эрсдэлээр хамгаалагдаагүй гэж маргажээ.
5.2. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 24.2-т Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө болон замд явахдаа ачааны татлага, бэхэлгээ, даруулга, байрлал, битүүмжлэлийг сайтар шалгах бөгөөд энэ дүрмийн 24.3-т заасан шаардлага бүрэн хангагдаагүй тохиолдолд хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно, 24.3-т Ачааг дараах шаардлагыг хангахаар байрлуулж, шаардлагатай бол бэхэлж битүүмжилсэн байна: а/ унаж, асгарч, чирэгдэхгүй, хөдөлгөөнд оролцогчдод аюул, саад учруулахгүй; гэж заажээ.
Мөн, Зам, Тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/24 дугаартай тушаалаар батлагдсан Авто тээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм-ийн: 2.5-д Аюултай ачаа, овор ихтэй, урт хүнд ачаа, хүнсний түргэн гэмтэх, эмзэг бүтээгдэхүүнийг энэхүү дүрэм болон Авто тээврийн хэрэгслээр хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд аюул, хохирол учруулж болзошгүй ачаа тээвэрлэх журмын дагуу тээвэрлэнэ. гэж, 6.6-д Ачааг ачихдаа сайтар бэхлэх, задгай ачаа тээвэрлэхдээ унаж, гээгдэхээс хамгаалсан бүтээлэг хэрэглэх гэж тээвэрлэгч-жолоочийн эрх, үүргийг тус тус зохицуулжээ.
5.3. Хэргийн үйл баримт, түүнтэй холбоотой харилцааг зохицуулсан дүгэм, журмаас үзэхэд ачаа тээвэрлэж явсан жолооч буюу тээвэрлэгчийн үүрэг, хариуцлагатай холбоотойгоор даатгалын зүйлд хохирол учирсан гэж үзэхээр байна.
Тодруулбал, Монголд Улсын замын хөдөлгөөний дүрэм болон Авто тээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэх дүрэмд заасан жолооч тээвэрлэгчийн үүргээ бүрэн биелүүлж, ачааг хөдөлгөөнд саад учруулахааргүй байдлаар бэхэлгээ даруулга хэрэглэсэн, хөдөлгөөний явцад шалгасан гэх нөхцөл байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
Даатгуулагч нь тээврийн хэрэгслээр овор хэмжээ ихтэй буюу хүнд, урт ачааг тээвэрлэж явсан байх бөгөөд нэхэмжлэгч нь тухайн ачааг шил байсан гэж тайлбарласнаас өөрөөр ачааны талаар /дагалдах бичиг/ ямар нэгэн баримтыг шүүхэд баримтаар ирүүлээгүй байна.
5.4. Нэхэмжлэгч нь ...зам тээврийн хөдөлгөөний бүх төрлийн осол, биет зүйлд оногдох /зогсоол, гражид байх үеийн болон бусад үеийн/ эрсдэлд хамаарна гэсэн нэхэмжлэлийн тайлбар, үндэслэл нь талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээнд тохиролцсон үндсэн эрсдлийн хамгаалалт гэсэн хэсгийн аль ч хамгаалалтад хамаарахгүй.
Тодруулбал, талуудын хооронд байгуулсан гэрээний үндсэн эрсдэлийн хамгаалалт хэсгийн ...Биет зүйл унах, үсэрсэн зүйлд оногдох /зогсоол, гражид байх үеийн болон бусад үеийн/ гэсэн тохиролцоог Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасан шууд үгийн утгаар тайлбарлахад даатгуулагч өөрөө тээвэрлэж явсан ачааны аюулгүй байдлыг хангаагүйгээр ачаа нь урагш гүйж, тээврийн хэрэгслийн кабинруу цохисон тохиолдол даатгалын хамгаалалтад хамаарахгүй гэж үзэхээр байна.
5.5. Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 3.13-т Зорчигч болон ачаа тээш тээвэрлэх журмыг зөрчсөнөөс үүссэн хохирол, даатгалын тохиолдолд хамааруулахгүй байхаар тохиролцсон байх тул даатгалын тохиолдолд хамаарахгүй.
5.6. Талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээний 3.1.1-д ...даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн, 3.1.3-т даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар гарсан хохирол гарсан бол нөхөн төлбөр олгохгүй байхаар тохиролцсон байх ба Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1, 8.5.3-т заасан нөхөн төлбөр олгохгүй байх нөхцөлд хамаарч байна.
5.7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан даатгалын гэрээний нөхөн төлбөрт 18,520,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно.
6. Хариуцагч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийн материалтай хэдийд ч танилцах эрхээ хэрэгжүүлэхэд нь шүүхээс хориглосон, саад болсон нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Хариуцагчийн хэргийн материал танилцуулаагүй гэсэн гомдол үндэслэлгүй.
Мөн, хариуцагч талаас нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг нэхэмжлэгч нь ...уг баримтыг гаргаж өгөх боломжгүй гэсэн тайлбарыг үндэслэн анхан шатны шүүх хүсэлтийг хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 38.6 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байх тул энэ талаарх гомдлыг хангахгүй.
7. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/09688 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******-д холбогдох даатгалын нөхөн төлбөрт 18,520,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 250,550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Г.НЯМСҮРЭН
Ц.АЛТАНЦЭЦЭГ