Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 824

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Сарантуяа,

Улсын яллагч: Н.Анхбаяр,

Хохирогч: Н.Б-,

Шүүгдэгч: Б.Б-, түүний өмгөөлөгч Ж.Дорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Т  овогт Б-гийн Б-д холбогдох эрүүгийн 1905031200000 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 25-ны өдөр, Увс аймгийн Малчин сумд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, барилгын засалч, ам бүл 4, хүргэн ах, эгч, хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг Жавхлант сум 1 дүгээр баг    оршин суух хаягийн бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын  00 тоотод түр оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, /          / Т  овогт Б-гийн Б-.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

Яллагдагч Б.Б- нь 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Модны 2-ын автобусны буудал, Гранд хилл зочид буудлын орчим хүний сэтгэл санаанд дарамт учруулж, бие махбодид халдан хамтран амьдрагч Н.Б-ийг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Мөн 2018 оны 11 сарын үед, 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр нийтийн байранд, 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овоо 13 дугаар гудамж, 00 тоотод, 2019 оны 7 дугаар сарын 31-ний өглөө 10 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Ахуй үйлчилгээний автобусны буудал дээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Н.Б-ийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлийн талаар: 

 

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтууд болох хохирогч Н.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 22-нд Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Гранд хилл зочид буудлын урд байрлах байрны хажууд манай нөхөр Б- ажил хийж байна гэж мэдээд би очоод нийтийн байрны сүүлийн хоёр сарын түрээс төлөөгүй байна түрээс төлөх мөнгө өг гэхэд Б- цалин буугаагүй байна пизда минь гээд над руу дайран үснээс зулгааж газар унагаагаад намайг дэвсээд өшиглөсөн. Хажуугаар гудамжинд явж байсан хүн чи болиоч гэсэн Б- намайг цохихоо болиод цаашаа явсан, тэгээд би гэртээ харьсан. ...2018 оны 11 сарын сүүлээр, 2019 оны 3 дугаар сарын 18-нд ЧД-ын 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт амьдардаг байхад, 2019 оны 5 дугаар сарын 04-нд зодсон. Сонгинохайрхан дүүргийн шүүхээс баривчилагаанд явсан. ...Миний амьдарч байгаа нийтийн байранд байгаа хүмүүс намайг зодуулсан талаар мэдэж байгаа байх. Эмчилгээ хийлгээгүй. Одоогоор зардал гарсан асуудал байхгүй байна. Гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-16 тал/

 

Хохирогч Н.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2017 онд танилцаад энэ хүн намайг 3 сартай жирэмсэн байхад хүүхдээ авхуулна гээд 300.000 төгрөг авч ирсэн. Хүүхдээ 7 сартай байхад манайд ирээд эвлэрье гээд ирсэн. Тэрнээс хойш надтай 7 сар амьдарсан. Амьдарч байх хугацаанд хүүхдүүдтэй холбогдоод байсан. Тэр болгоныг нь мэдээгүй юм шиг явж байсан. Намайг хагалгаанд орсны дараа 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр зодож гэмтээж байсан. Тухайн үед эмнэлэгт үзүүлээгүй. 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр цэргийн баяраар архи уугаад намайг автобусны буудал дээр унагаагаад дэвссэн. Дараа нь 10 гаран хоног алга болоод би сураглаж байгаад байгаа газарт нь очиход нэг хүүхэнтэй байсан. Тухайн үед намайг уурлахад нөгөө хүүхнээ өмөөрөөд миний хамрыг хугалж байсан. Намайг түрээсийн мөнгө нэхээд хэлэхэд уурлаад зодож байсан. Мөн дараа нь 7 дугаар сарын 09-ний өдөр гэрт ирж хоноод 3 дахь өдөр дээр нь ажил хийхгүй юм уу гэж хэлэхэд уурлаад зодож байсан. Тэрнээс хойш амьдрал хэцүүхэн байсан. 7 дугаар сарын 22-ны өдөр байрны түрээсийн мөнгө авах гээд ажил дээр нь очоод ажлынх нь даргаас асуухад байхгүй гэж хэлэхээр нь хамт ажилладаг хүнээс нь Б-ыг асуухад байгаа гэж хэлсэн. Б-ийг ажлаа хийж байгааг хараад уулзаад түрээсийн мөнгө байна уу гэж асуухад Б- мөнгө байхгүй гээд үснээс зулгаагаад дээрээс дэвссэн. Тэгээд намайг зодуулаад очиход охин мэдээд өргөдлөө бичиж өгсөн. Сүүлд Б- 10 хоногийн баривчилагаанд явахад түрээсийн мөнгө өгөхдөө хөл рүү өшиглөөд явсан. Би Б-ийг цагдаагийн байгууллагад барьж өгсөн...” гэх мэдүүлэг, 

 

Гэрч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б-төрсөн эх, Б- миний хойд аав байгаа юм. 2019 оны 7 дугаар сарын 22-нд манай ээж Б- өглөө гэрээсээ гараад явсан. Өдөр над руу залгаад “намайг Модны 2-ын орчим Б-ийн ажиллаж байгаа барилга дээр ирэхэд зодчихлоо” гээд уйлаад ярьсан. Ээж гэрт ирэхэд хөл нь хөхөрсөн хавдсан байсан. Гэдэс рүү дэвссэн гээд юм идэж чадахгүй байсан. Б- өмнө бас манай ээжийг зоддог байсан манай ээж намайг Өмнөговьд ажиллаж байхад над руу залгаж хэлдэг байсан өмнө нь зөндөө олон удаа зодож байсан. Ээжийг зодсон гээд баривчилгаанд бас явж байсан.  ...Би Б-ийг 2017 оноос хойш ээжтэй хамт амьдардаг болсоноос хойш мэддэг болсон манай ээж Б-ийн нэг хүүхэд төрүүлсэн. Б- архи тамхи хэрэглэдэг, манай ээжийг байнга дарамталж зоддог хараал муухай үг их хэрэглэдэг ааш муутай.  Ээжийг хүүхдээ авхуул гэж дарамталж байсан зодож байсан, гэрээс яваад хэдэн сараар юм уу хэдэн хоногоор алга болчихдог, тэгээд ээж бид нар та хамт амьдрахгүй бол салчихаа хүүхэдтэйгээ уулзаж болно гэж хэлсэн. Хамт амьдрана гээд уйлж гуйсан тэгээд ээж за гээд хамт амьдардаг тэгээд хэд хоног байж байгаад архи уугаад эсвэл худал хэлээд гараад алга болчихдог, тэгээд ирэхдээ ээж яасан гэхээр ээж рүү дайрч зоддог. Б- гэрт танихгүй хүмүүс дагуулж ирээд архи дарс ууж дүү рүү дайраад байсан гэсэн гэрт шүлсээ хаяд их л муу байдаг юм. 2017 оноос хоиш сар болгон байнга зоддог байсан. Нийтийн байрны эзэн мэдэж байгаа нийтийн байрныхан мэдэх байх. Манай ээжийг байна дарамталж зодож байгаад нь гомдолтой байна хуулийн дагуу арга хэмжээ авхуулмаар байна...”гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 тал/

 

Насанд хүрээгүй гэрч Б.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний мэдсэн 2019 оны цэргийн баяраар зодсон тэрний дараа бас хэд хэдэн удаа зодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 тал/

 

Гэрч Б.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б- муухай орилоод дайраад байсан. Миний мэдэхийн нэг удаа Б- Б-эй шатан дээр явж байгаад цохиод нудраад байсан. Б-2-3 удаа бие нүүрэндээ хөхөрсөн байдалтай манайд орж ирээд Б-д зодуулсан гэж үзүүлж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 тал/,

 

2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 0000 дугаартай: “...Н.Б-ийн биед зүүн шуу, баруун, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт, баруун шилбэнд зөөлөн эдийн няцрал, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн  зэрэгт хамаарах ба гэмтэл тус бүрээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 30 тал/,

 

Шүүгдэгч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Б-ийг цохиж гэмтэл шарх учруулсан гэм буруугаа ухаарч байна. Тухайн хэрэг болох өдөр би Б-т 240.000 төгрөг өгсөн. Би Б-ийн биед гэмтэл учруулсан гэм буруугаа ухаарч уучлалт гуйсан. ...Хардаад намайг доромжлоод байхаар нь цохичихсон. Би Б-ийг цохиж зодсон нь үнэн өмнө бас цохиж зодож байсан. Би гэм буруугаа маш их ухаарч байгаа. Надад оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 50, 75 тал/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж хэлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

 

Аюулын зэргийн үнэлгээ, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 33-44 тал/,

 

Шийтгэвэрийн хуулбарууд /хх-ийн 66-67 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б- нь 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Модны 2-ын автобусны буудал, Гранд хилл зочид буудлын орчим хамтран амьдрагч Н.Б-ийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн 2018 оны 11 сарын үед, 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр нийтийн байранд, 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овоо 13 дугаар гудамж, 00 тоотод, 2019 оны 7 дугаар сарын 31-ний өглөө 10 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Ахуй үйлчилгээний автобусны буудал дээр зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйл баримт хангалттай нотлогдож тогтоогдсон байна.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил тогтоогдоогүй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                     

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Б.Б- нь 2017 оноос хойш хохирогч Н.Б-тэй хамтран амьдарч эхлэсэн байх ба тэдгээр нь дундаасаа нэг хүүхэдтэй байна.

 

Хамтран амьдрах хугацаанд шүүгдэгч Б.Б- нь удаа дараа хохирогч Н.Б-ийн Үндсэн хуулиар хамгаалагдсан халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдан зодож байсан байх ба 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Модны 2-ын автобусны буудал, Гранд хилл зочид буудлын орчим хэл амаар доромжлон, үснээс зулгааж газар унагаан дэвсэж өшиглөн зодсон үйлдлийн улмаас хохирогч Н.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол буюу биед нь зүүн шуу, баруун, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт, баруун шилбэнд зөөлөн эдийн няцрал, гэмтэл тогтоогджээ.

 

Дээрх хохирогч Б.Б-ийн биед учирсан гэмтэл гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болох нь хэргийн 30 дахь талд авагдсан шинжээч эмчийн 9141 дугаартай дүгнэлтээр нотлогдсон байх ба шүүгдэгч Б.Б-ийн гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

 Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, төрүүлсэн хүүхэд зэргийг хамааруулан ойлгох ба, хамтран амьдрагч гэж “гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг” ойлгох юм.

       

 Мөн дээрх хуульд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж гэр бүлийн хамаарал бүхий хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлэхээр, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбодь, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг хэлнэ гэж хуульчилсан байна.

 

Шүүгдэгч Б.Б-, хохирогч Н.Б- нар нь Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэлтээ батлуулаагүй ч, хамт амьдарч байсан хамтран амьдрагч болох нь хохирогч, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгээр болон хэрэгт авагдсан бусад гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон тул хуульд заасны дагуу тэд гэр бүлийн хамаарал бүхий этгээд болно.

 

Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах нь тухай гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болохоор мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааж хуульчилсан байна. 

 

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Б.Б- нь хамтран амьдрагч Н.Б-ийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

 

Түүнчлэн хэргийн шүүгдэгч Б.Б- нь 2018 оны 11 сараас 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн хооронд буюу 2018 оны 11 сар, 2019 оны 3 сар, 2019 оны 5 сар, 2019 оны 7 сард нийт 5 удаагийн үйлдлээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хохирогч Н.Б-ийг байнга зодсон нь хохирогч Н.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт тогтвортой мэдүүлсэн мэдүүлэг, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 000 дугаартай шийтгэвэр,  Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүийн 2019 оны 8 дугаар зүйлийн 28-ны 000 дугаартай шийтгэвэр, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, аюулын зэргийн үнэлгээний маягт, гэрч Б.С-, насанд хүрээгүй гэрч Б.Т- нарын мэдүүлэг, нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн бүрэлдэхүүнийн шинжийг агуулсан байна.

 

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн үндсэн шинжид “байнга” зодсон байхаар хуульчлагдсан бөгөөд “байнга” гэдэгт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон гэх үйлдэл нь тоогоор буюу давтамжийн хувьд 3 ба түүнээс дээш удаа үргэлжлэн үйлдэгдэх, эсхүл удаан хугацаагаар хохирогчид бие махбодын болон сэтгэл санааны зовиур шаналал үүсгэн зодсон, энэ байдал нь дадал зуршил болсон, хэвшмэл, тогтмол байх шинжийг агуулж буй байдлыг ойлгох юм.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д уг гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамаарч гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг /тодорхой нэг хохирогчийн эсрэг/ чиглэсэн бие махбодийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл хийж, эрх, эрх чөлөөнд нь халдсан /зодох, цохих гэх мэт/ хэвшмэл маягтай идэвхитэй үйлдлийг байнга хийснээр төгссөнд тооцох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байхаар тодорхойлсон бөгөөд Гэр бүл нь нийгмийн үндсэн нэгж болохын хувьд гэр бүл, эх нялхас, хүүхдийн эрх, ашиг сонирхол, мөн иргэний хувийн болон гэр бүлийн халдашгүй байдал нь хуулиар төрийн хамгаалалтад байна гэж Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан учир Хүний эрх, эрх чөлөө, халдашгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалахад Эрүүгийн хуулийн зорилго оршихоор хуулийн 1.1 дүгээр зүйлд тодорхойлж, тус хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан байна.

 

Иймд Баянгол дүүргийн прокурорын хяналтын прокуророос Б.Б-ийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус ял сонсгон, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл шүүгдэгчийн дээр дурьдсан гэмт үйлдэлд тохирсон, үндэслэл бүхий гэж шүүх дүгнэсэн болно.

 

            Шүүх хуралдаанд хохирогч Н.Б- нь гомдолтой тул хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Б.Б-өөс гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б- нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Б.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 51 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 52 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55 тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд хэрэгт авагдсан бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл болон шүүгдэгчийн хувийн байдалд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Б-өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан ялаас торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 6 /зургаа/ сар 10 /арав/ хоног хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Б-ийн эрх зүйн байдлыг дээрдүүлж, оногдуулсан торгох ял болон хорих ялыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.  

 

Шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд шүүгдэгч биелүүлэх үүрэгтэй бөгөөд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Б-өд хорих ял оногдуулж шийдвэрлэсэнтэй холбогдуулан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Т  овогт Б-гийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн дахь 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-өд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 6 /зургаа/ сар 10 /арав/ хоног хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б-өд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 6 сар 10 хоног хорих ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б- шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-өд оногдуулсан 6 /зургаа/ сар 10 /арав/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

  6. Шүүгдэгч Б.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Б-өд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

               

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА