| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Эрдэнэбилэг |
| Хэргийн индекс | 145/2016/0022/э |
| Дугаар | 22 |
| Огноо | 2017-05-29 |
| Зүйл хэсэг | 091.2.1, 091.2.7, 091.2.11, 091.2.12, |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 22
Б.Отгонцэцэг, Н.Ариунболд нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Т.Даваасүрэн, Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд,
Прокурор Э.Гантулга /Цахим сүлжээгээр/
Б.Отгонцэцэгийн өмгөөлөгч П.Адъяасүрэн
Н.Ариунболдын өмгөөлөгч Б.Хандмаа
Ялтан Н.Ариунболд /Цахим сүлжээгээр/
Нарийн бичгийн дарга Г.Дорждулам нарыг оролцуулан,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж, шүүгч Ц.Дагиймаа, Г.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Н.Ариунболдын гаргасан давж заалдах гомдлоор Б.Отгонцэцэг, Н.Ариунболд нарт холбогдох эрүүгийн 201305000343 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, Баянхонгор аймгийн Баянхонгор суманд 1991 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх 2 хүүхдийн хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 9-9 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Гэгээн овогт Батмөнхийн Отгонцэцэг /Регистрийн дугаар ВЮ91032528/,
Монгол улсын иргэн, Баянхонгор аймгийн Жаргалант суманд 1979 оны 08 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт Баянхонгор аймгийн Жаргалант сумын 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, 2001 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 130 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзагдаж байсан, Боржигон овогт Намжилсүрэнгийн Ариунболд /Регистрийн дугаар ВМ79080414/
Б.Отгонцэцэг нь 2013 оны 08 дугаар сарын 21-ний орой 20 цагийн үед өөрийн хамтран амьдрагч Н.Ариунболдтой урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, түүний ятгалгаар, зодуур, сүрдүүлэгт автан Баянхонгор сумын 1 дүгээр баг, 19 дүгээр байрны 08 тоотод Д.Оюунгэрэлийн 3880160 төгрөгийг дээрэмдэх үедээ хутга хэрэглэн түүний цээж хэвлий, нуруу, нүүр зэрэгт олон удаа хутгалан, олон тооны шарх гэмтэл болон хүнд гэмтэл учруулж, шунахайн сэдэлтээр, дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ, онц харгис хэрцгий аргаар алахыг завдсан,
Н.Ариунболд нь 2013 оны 08 дугаар сарын 21-ний орой 20 цагийн үед өөрийн хамтран амьдрагч Б.Отгонцэцэгтэй урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, түүнийг ятгаж, зодож, сүрдүүлэх замаар Баянхонгор сумын 1 дүгээр баг, 19 дүгээр байрны 08 тоотод Д.Оюунгэрэлийн 3880160 төгрөгийг Б.Отгонцэцэгээр дээрэмдүүлэх үед Б.Отгонцэцэг нь Д.Оюунгэрэлийг хутга хэрэглэн түүний цээж хэвлий, нуруу, нүүр зэрэгт олон удаа хутгалан, олон тооны шарх гэмтэл болон хүнд гэмтэл учруулж, шунахайн сэдэлтээр, дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ, онц харгис хэрцгий аргаар алахыг завдсан гэмт хэргийг хамтран үйлдсэн,
Мөн Д.Оюунгэрэлийн мөнгийг дээрэмдүүлэх зорилгоор 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 19 цагийн үед Баянхонгор сумын 6 дугаар багийн нутаг Түйн гол, Цэвэр усны байгууламжийн орчимд Б.Отгонцэцэгийг ятгаж, айлган сүрдүүлж, хутга хэрэглэн баруун гарын бугуйн тус газарт хутгаар зүсэх, цээж, мөр бугалга зэрэгт цохиж хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдсон бөгөөд Баянхонгор аймгийн Прокурорын газраас Б.Отгонцэцэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2, 35 дугаар зүйлийн 35.5-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.7, 91.2.11, 91.2.12, Н.Ариунболдод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2, 35 дугаар зүйлийн 35.3, 35.4, 35.6-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.7, 91.2.11, 91.2.12, 99 дүгээр зүйлийн 99.1-д тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т зааснаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар Н.Ариунболдод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-т зааснаар Н.Ариунболдыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Батмөнхийн Отгонцэцэгийг шунахайн сэдэлтээр дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ, урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, онц харгис хэрцгий аргаар хүнийг алахыг завдсан, Намжилсүрэнгийн Ариунболдыг шунахайн сэдэлтээр, дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхдээ, урьдчилан үгсэн тохиролцож, онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алахыг завдсан гэмт хэргийг хамтран үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2, 35 дугаар зүйлийн 35.5, 60 дугаар зүлийн 60.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.7, 91.2.11, 91.2.12-т зааснаар Б.Отгонцэцэгийг 9 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2, 35 дугаар зүйлийн 35.3, 35.4, 35.6, 60 дугаар зүйлийн 60.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.7, 91.2.11, 91.2.12-т зааснаар Н.Ариунболдыг 9 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар Б.Отгонцэцэгт оногдуулсан 9 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн, Н.Ариунболдод оногдуулсан 9 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар Б.Отгонцэцэгийн цагдан хоригдсон 878 хоног, Н.Ариунболдын цагдан хоригдсон 1130 хоногийг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсэг нь тахийсан, цус мэт зүйлээр бохирлогдсон, мөнгөлөг өнгийн төмөр хутга 1 ширхэг, хар өнгийн цүнх 1 ширхэг, цүнхний хар өнгийн оосор 1 ширхэг, хар өнгийн арьсан хуйтай, шар өнгийн эвхдэг хутга 1 ширхэг, Б.Отгонцэцэгийн хар өнгийн ледринэн материалтай, малгайтай богино хүрэм, хөхний даруулга, саарал өнгийн ноосон материалтай өмд, хохирогч Д.Оюунгэрэлийн хөхний даруулга, цагаан хар цоохор өнгийн нелойнон материалтай цамц, цуснаас авсан дээж, толгойн үснээс авсан дээж, хэргийн газрын үзлэгийн явцад бэхжүүлсэн үс, нелойнон материалтай цус мэт зүйлээр бохирлогдсон шаргал өнгийн оймс зэргийг устгаж, Отгонцэцэгийн Билгүүний Хаан банкны хугацаатай хадгаламжийн дэвтэр 1 ширхэг, Батмөнхийн Отгонцэцэгийн Хас банкны хугацаатай хадгаламжийн дэвтэр 1 ширхэг, Хадгаламж банкны хадгаламжийн дэвтэр 1 ширхэг зэргийг Б.Отгонцэцэгт тус тус буцаан олгож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.4-т зааснаар хохирогч Д.Оюунгэрэл нь хохиролд нийт 4625382 төгрөг нэхэмжилснээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нотлох баримтын шаардлага хангах 4286259 төгрөгийг Б.Отгонцэцэг, Н.Ариунболд нараас тэнцүү хуваан гаргуулан хохирогч Д.Оюунгэрэлд олгож, нэхэмжлэлийн үнийн дүнгээс 339123 төгрөгийг хэрэгсэхгүй болгон, Б.Отгонцэцэг нь хохирогчид 1240000 төгрөг төлсөн, хохирогч Д.Оюунгэрэл нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдан, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-т зааснаар иргэний нэхэмжлэлийг хангах үүднээс Н.Ариунболдын эд хөрөнгийг битүүмжилсэн 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж, Б.Отгонцэцэг, Н.Ариунболд нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдгээрийн эдлэх ялыг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тоолох, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих журмыг заан, давж заалдах гомдол гарсан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Б.Отгонцэцэг, Н.Ариунболд нарт тогтоол биелүүлэх хүртэл урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжилж байхаар шийдвэрлэжээ.
Ялтан Н.Ариунболд гаргасан давж заалдах гомдолдоо:
2013 оны 08 дугаар сарын 21-нд Б.Отгонцэцэг нь хэрэг хийн худал ярьж, худал мэдүүлэг өгч, намайг хилс хэрэгт гүтгэн яллуулж байна. Миний бие нь 1130 хоног цагдан хоригдож, эрүүл мэнд болон бие махбодь, сэтгэл санаагаараа хохирч байна.
Баянхонгор, Өвөрхангай аймгийн анхан шатны шүүх хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэсэн байхад улсын яллагч Э.Гантулга албан тушаалаа ашиглаж, эрх зүйн байдлыг дордуулж, санаатай хилс хэрэгт гүтгэсэн. Мөн мөрдөн байцаагч, прокурор, шүүгч нар дүгнэлт хийсэнгүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж, эрүүгийн хуулийг буруу хэрэглэж байна гэж үзэж байна. Мөрдөн байцаагч Насанбаяр нь энэ хэргийг шалгаж, мөрдөн байцаалт явуулж байх хугацаандаа тухай үед хамт байсан Батбанди, Жавзан гэх хүмүүсээс гэрчийн мэдүүлэг аваагүй, үгүйсгэж байгаад гомдолтой байна.
Гэмт хэрэгтэн Отгонцэцэгээс 2-3 сарын дараа мэдүүлэг авч, мөн Отгонцэцэг нь худал мэдүүлэг өгснөөс 2 сарын дараа, Отгонцэцэгийн мэдүүлгийг үндэслэл болгож, намайг хилс хэрэгт гүтгэн цагдан хорьсон. Нотлох баримтгүй намайг яллаж байгаад гомдолтой байна.
Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, 201305000343 тоот хэргийг шударга, үнэн зөвөөр шийдвэрлэж, хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцуулж өгнө үү... гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор Э.Гантулга гаргасан дүгнэлтдээ:
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй гарсан.
Иймд уг шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн Н.Ариунболдын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв
ХЯНАВАЛ:
Б.Отгонцэцэг нь 2013 оны 08 дугаар сарын 21-ний орой 20 цагийн үед өөрийн хамтран амьдрагч Н.Ариунболдтой урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, түүний ятгалгаар, зодуур, сүрдүүлэгт автан Баянхонгор сумын 1 дүгээр баг, 19 дүгээр байрны 08 тоотод Д.Оюунгэрэлийн 3880160 төгрөгийг дээрэмдэх үедээ хутга хэрэглэн түүний цээж хэвлий, нуруу, нүүр зэрэгт олон удаа хутгалан, олон тооны шарх гэмтэл үүсгэн түүнд хүнд гэмтэл учруулж, шунахайн сэдэлтээр, дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ, онц харгис хэрцгий аргаар алахыг завдсан,
Н.Ариунболд нь 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдөр орой 20 цагийн үед өөрийн хамтран амьдрагч Б.Отгонцэцэгийг ятгаж, зодож, сүрдүүлэн, түүнтэй урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, Баянхонгор сумын 1 дүгээр баг, 19 дүгээр байрны 08 тоотод Д.Оюунгэрэлийн 3880160 төгрөгийг Б.Отгонцэцэгээр дээрэмдүүлэх үед Б.Отгонцэцэг нь Д.Оюунгэрэлийг хутга хэрэглэн түүний цээж, хэвлий, нуруу, нүүр зэрэгт олон удаа хутгалан, олон тооны шарх гэмтэл үүсгэн хүнд гэмтэл учруулж, шунахайн сэдэлтээр, дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ, онц харгис хэрцгий аргаар алахыг завдсан,
Мөн Д.Оюунгэрэлийн мөнгийг дээрэмдүүлэх зорилгоор 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 19 цагийн үед Баянхонгор сумын 6 дугаар баг Түйн гол, Цэвэр усны байгууламжийн орчим Б.Отгонцэцэгийг ятгаж, айлган сүрдүүлж, хутга хэрэглэн баруун гарын бугуйн тус газарт хутгаар зүсэх, цээж, мөр бугалга зэрэгт цохиж зодон хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан
хохирогч Д.Оюунгэрэлийн ...2013 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 12 цагийн орчимд намайг Баруун бусийн худалдааны төвийн зүүн талын зогсоол дээр зогсож байхад надад алт өгөх гэж байгаа гээд баруун талын шанаа орчим мэнгэтэй гонзгой бор царайтай эмэгтэй хүүхэд машинд суугаад байсан ...20 цагийн орчим намайг гэртээ ганцаараа байж байхад хаалга цохихоор нь хаалганы дурангаар харахад өдрийн алт өгнө гэж надтай хамт байсан охин байхаар нь хаалгаа онгойлгоод чи яасан маргааш өглөө өгье гэсэн биздээ гэхэд ээж ирэхгүй нь Баян-Овоо сумын төвд хүүхдүүдээ орхисон. Хадам ээж утасдаад байна, өөрийнхөө юмыг өгчихөөд явлаа гэхээр нь нэрээн л алтаа өгөх юм бодоод гэртээ оруулаад цүнхтэй мөнгө төгрөгөө аваад гал тогоо руугаа ороод хөргөгчний хажуугийн сандал дээр суугаад байж байхад тэр эмэгтэй гарч орж ирсэн. Хар өнгийн цүнхээ ухаад эгчээ хутга аваад өгөөч гэхээр хутга авч өгсөн. Цүнхний дотор талын оёдлыг ханзлаад Бөмбөгөрийн алт, Байдрагийн алт байгаа юм орц нь өөр байдаг болохоор холимооргүй гэснээ хутгаа буцаагаад надад өгсөн. Намайг утсаар ярих гээд залгаад байж байхад цүнхнээсээ хутга гаргаад нуруу руу түг хийтэл хутгалаад хэд хэдэн удаа хутгалсан. Намайг өндийхөд баруун хацар цээж рүү хутгалаад хацарнаас цус олгойдоод би хутганы ирэн дээрээс нь барьж аваад мушгаж эргүүлээд гарнаас салгахад ширээний шилэн тавзангаар цохих гээд би зугатаагаад гарах гэтэл гэрийн хаалга түгжчихсэн байсан. Би түлхүүрээр нь онгойлгох гэтэл тэр эмэгтэй гар миний гар яг зэрэг түлхүүрэн дээр хүрэхэд тэр эмэгтэй 3865000 төгрөг машины түлхүүр, ногоон өнгийн тэмдэглэлийн дэвтэр, ХААН банкны торонд шар, хөх өнгийн тэмдэглэлийн дэвтэр, иргэний үнэмлэх, зэрэг зүйлтэй улбар шар өнгийн цүнхийг барьчихсан ирээд хаалга онгойлоод гараад зугатаахад нь би цүнхнээсээ зуураад 2 давхар хүртэл чирэгдээд цүнхээ алдсан.../1-р хх-106-108х, 216-217х/ гэсэн,
гэрч Ц.Мөнгөндавалгаагийн ...шатаар хүмүүс пижигнэж гүйгээд, эмэгтэй хүн орилоод байсан...манай эмэгтэй дүү ...гурил авах гээд гарсан... удалгүй буцаж орж ирээд эгчээ Оюунгэрэл эгч гэрийнхээ гадаа согтуу ирсэн орилоод байна, хоёулаа гэрт нь оруулаад өгье гэсэн. ...дээшээ гурав дахь шатан дээр хар цүнхны оосор хэвтэж байсан ...оосрыг аваад дээш гартал шатан дээр цус болчихсон байсан. ...гэрийнх нь хаалган дээр иртэл хаалга нь онгорхой Оюунгэрэл ...туслаарай намайг дээрэмдээд хутгалчихлаа гэж хэлсэн. Би шууд утсаар цагдаагийн газар дуудлага өгсөн. Ингээд Оюунгэрэл эгчээ таныг хэн ийм болгочихов гэж асуусан чинь баруун хацар луугаа гараараа заагаад баруун шанаандаа мэнгэтэй хүзүүндээ соривтой саарал биеийн тамирын цамцтай, гадуураа хар савхитай хүн миний 3700000 төгрөгийг аваад зугтаачихлаа. Намайг зөндөөн хутгалсан гэж хэлсэн. ...эмч ирээд эм тариа хийгээд эмнэлэг рүү явсан.../1-р хх-119-120х/ гэсэн,
шүүгдэгч Б.Отгонцэцэгийн ...Би хэргийг ганцаараа хийгээгүй, нөхөр Ариунболдын хамт хийсэн. 2013 оны 08 дугаар сарын 21-ний өглөө Ариунболд миний машины 96-02 БНА улсын дугаарыг өөрийнхөө саарал өнгийн бичиг баримтгүй, Эксель машиндаа тавиад бид хоёр Хадгаламж банк орсон. Тэгээд банкнаас Ариунболдын дансанд мөнгө орсон үгүйг шалгах гээд Их Номгон дэлгүүрийн АТМ руу яваад дансаа шалгаад буцаад Ариунболд дээр ирэхэд Ариунболд хөдөлж яваад Оюунгэрэл гуайн байшингийн үүдэнд очоод намайг ороод утасных нь дугаарыг аваад гараад ир, шар юм өгч байя гэж хэлээрэй гээд үг зааж өгсөн ба би ороод Оюунгэрэл гуайн гэрийн хаалгыг тогшиход Оюунгэрэл гуай гэрийнхээ хаалгыг тайлж өгөөгүй, “яах гэж байгаа юм бэ?” гэхээр нь “танд шар юм өгч байя, одоо жаахан шар юм байгаа өгөх гэсэн юм” гэхэд “эгч нь одоо мөнгө байхгүй банкнаас мөнгө төгрөгөө авахаар авъя” ... гэхээр нь “та утасныхаа дугаарыг өгөөч” гэхэд мобикомын нэг дугаар өгөхөөр нь тэмдэглэж авсан. Тэгээд тэндээс гараад доод зах ороод Оюунгэрэлийн утас руу дохиодох гэхээр нь аваад дохиход над руу эргүүлээд залгахаар нь Ариунболдод “залгаж байна” гэхэд аваад ажил дээрээ ирэх болж байна уу, асуу гэхээр асуухад “эгч нь арай болоогүй байна, үсээ угааж байна, үсээ угаачихаад очьё” гэхээр нь салгасан. Ариунболдод Оюунгэрэл гуай юу хэлснийг хэлсэн. Тэгээд Ариунболд бид хоёр машиндаа сууж байхад Оюунгэрэл гуай над руу яриад би ажил руугаа явж байна гэхээр нь Ариунболдод хэлэхэд “за за” гэсэн... би баруун бүсийн Хаан банк руу орох гэж явахад Оюунгэрэлтэй тааралдахад “надад мөнгө алга байна, одоо төв банк орж мөнгө төгрөгөө авлаа” гээд яваад өгсөн, би банк руу орж хүүхдийнхээ дэвтэр дээр бичилт хийлгэчихээд Ариунболд дээр очиход гурван хүн суучихсан байсан. Ариунболд энэ гурвыг хүргэчихээд нэг тойрчихоод ирье гэхээр нь би үлдээд доод зах руу орж нэг нүүрний порлон авчихаад машин зогсож байсан газраа машинаа хүлээгээд зогсож байхад Ариунболд ганцаараа хүрч ирээд “одоо чи Оюунгэрэл дээр очоодох, цуг шар юм өгөх хүн маань ирээгүй байна гэж хэлээд машин дотор нь жаахан сууж байгаад ир” гэхээр нь Оюунгэрэл дээр очоод Ариунболдын хэлснийг хэлэхэд за за гэсэн ба би машинд нь жаахан сууж байгаад Ариунболд дээр очиход “чи хэлсэн үү” гэхэд хэлсэн гээд чамд шар юм байгаа юм уу? гэхэд Ариунболд “байгаа хоёр хүнтэй нийлж өгнө” гэсэн тэгээд хүүхдийнхээ хувцсыг харья гээд зах руу ороод хувцас харж байгаад хүүхэддээ цэнхэр өнгийн жинсэн өмд авах гэхэд “одоо яах гээд байгаа юм бэ, шар юмаа тушаагаад мөнгө төгрөгтэй болсны дараа нэг мөсөн ав” гэхээр нь болиод машин дээрээ ирэхэд Ариунболд 3000 төгрөг өгөхөөр нь “энэ мөнгөөр яах юм бэ?” гэхэд энэ мөнгөөр хуушуур аваад Оюунгэрэлийн машинд ороод идчихээд ир гэхээр нь ББХТ ороод доод давхрын гуанзнаас 6 хуушуур аваад Оюунгэрэлийн машинд суухад Оюунгэрэл “хуушуур хэд гэж байна” гэхээр нь 500 гэж байна гэхэд “чи наадахаа надад зарчих” гээд 3000 төгрөг өгөхөөр нь буцаж яваад 4 хуушуур аваад Оюунгэрэлийн машинд орж хуушуураа идчихээд би ээжийнхээ талаар ярихад машинд нь нэг эгч байсан ба жаахан сууж байгаад Ариунболд дээр очиход “чи дахиад очоод ир” гэхээр нь “би одоо юу гэх юм бэ?” гэхэд зүгээр очоод машинд суугаад тэгж хэл гэх зэргээр дахин дахин явуулаад байсан. Тэгээд орой болсон байсан учраас явья гэтэл Оюунгэрэлийн машиныг хөдлөхөд дагаж баруун зүг... гараад Амьчуулын хойд талд байдаг цагаан байшингуудын гадаа очиж зогсоод машиндаа явдаг 3 хутганыхаа нэгийг надад өгөөд “чи Оюунгэрэлийг шууд алаарай, хоёрын хооронд амьд үлдээж болохгүй шүү” гэхээр нь би “чадахгүй” гэхэд Ариунболд намайг машинаас чирч буулгаад намайг үсдэж өшиглөж нүдээд, хутганы ишээр зүрх рүү цохиод, “чи чадахгүй бол би чамайг энд алчихаад дараа нь хүүхэд, аав, ээжийг чинь алчихаад, Оюунгэрэлийг алаад мөнгө төгрөгийг нь аваад явахад намайг хэн ч мэдэхгүй...” гээд машины араас буу гаргаж ирээд чамайг аллаа гээд намайг дахиж зодоод миний баруун гарны гадна талд зүсэхээр нь би алуулчих юм байна гэж бодоод “тэгье” гэж хэлэхэд 00-ийн цаас шатааж миний гарнаас гарч байсан цусыг тогтоож өгөөд Оюунгэрэлийн гэр лүү очоод би хаалгыг нь тогшиход онгойлгохгүй байхаар нь ашгүй байхгүй юм байх гэж бодоод буутал Ариунболд “байгаа чи хаалгыг нь сайн нүд” гэхээр нь дахин хаалгыг нь цохитол Оюунгэрэл гэрийнхээ хаалгыг онгойлгоод гэрт нь ортол “чи юмаа өгөх нь үү” гэхэд нь “харин тиймээ” гэхэд Оюунгэрэл дэнсээ аваад гал тогооны өрөөнд ороход тухайн өрөөнд ороод цүнхээ онгойлгоод үзэхэд хутга байхгүй байхаар нь Оюунгэрэлд нөгөө цүнхэндээ шар юмаа орхисон байна гэж хэлж гараад шатнаас буутал Ариунболд 1 давхарт хутга барьчихсан зогсож байсан ба надад өгсөн ... би хутгаа цүнхэндээ хийгээд шатаар өгсөөд гэрт нь ороод сандал дээр цүнхээ тавиад цүнхэндээ юм хайж байгаа юм шиг болоод цүнхнээсээ хутгаа гаргаад нуруу руу нь эхэлж нэг хутгалаад түүнээс хойш хэд хутгалсныг мэдэхгүй нилээн олон хутгалснаа санаж байна... /1-р хх-167-168х, 169-170х, 173-174х, 175-178х/ гэсэн мэдүүлгүүд, гэрч Д.Оюун-Эрдэнэ /1-р хх-121х/, Д.Амгаланбаяр /1-р хх-132х, 3хх-16х/, Э.Баярбат /1-р хх-133х, 3-р хх-18х/, Ц.Гонгор/ 1-р хх-222х,3-р хх-17х/, Д.Баттогтох /2-р хх- 21х, 207х, 3-р хх-23х/, Ж.Цагаанчулуун /1-р хх-224-225х/, А.Батмөнх /3-р хх-15х/, Б.Мягмарсүрэн /3-р хх-20х/, Д.Ариунаа /1-р хх-131-132х/, Ж.Нарангэрэл /1-р хх-223-224х/, Т.Түвшинзаяа /3-р хх-22х/ нарын мэдүүлгүүд,
“... 1. Б.Отгонцэцэгийн биед биеийн хэсгийн цээж, мөр, бугалга, тахим, шилбэ хэсгийн цус хуралтууд, баруун бугуйн ар хэсгийн зүсэгдсэн шарх, баруун алганы хэсгийн үүссэн шарх гэмтлүүд үүссэн байна.
2. Уг гэмтлүүд нь хурц иртэй болон хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тус тус үүссэн байна.
3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх заалтаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрх баруун сарвууны дотор хэсгийн /алганы хэсгийн/ зүсэгдсэн шарх гэмтлүүд нь бусадтай амь өрсөлдөн тэмцэлдсэн гэх шинжтэй боломжтой байна.
5. Үүссэн гэмтлүүд нь цаашид биеийн эрүүл мэнд болон хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэхийг одоогоор тогтоох боломжгүй...” гэх /1-р хх-137х/ Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 453 дугаар дүгнэлт,
“...1. Д.Оюунгэрэлийн биед баруун талын цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, баруун хацар, өвчүү хэсэг, зүүн мөр гүрээ, зүүн бугалга, зүүн далны хэсэг, хүзүүний хэсэг, баруун далны дээд болон доод ирмэг хэсгийн шарх, баруун бүсэлхийн дээд зүүн бүсэлхийн хэсэг, хэвлийн зүүн хэсэг, зүүн өвдөг зүүн болон баруун шилбэ хэсгийн олон тооны зүсэгдсэн шархнууд зурагдлууд цээжний хөндий дэх сул /дотуур цус алдалт/ гэмтлүүд үүссэн байна.
2. Дээрх гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна.
3. Үүссэн баруун цээжний нэвтэрсэн шарх/ баруун далны дээд, доод хэсгийн шарх нь гэрэл зурагнаас харахад цээжний хөндий рүү нэвтэрсэн байх боломжтой харагдаж байна /шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 заалтаар гэмтлийн хүнд зэрэгт, бусад биеийн хэсгийн шархнууд зурагдлууд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх заалтаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх /1-р хх-ийн 228х/ Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2013 оны 12 сарын 12-ны өдрийн 16 дугаар дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2013 оны 09 сарын 06-ны өдрийн 6830, 6831 дүгээр шинжээчийн дүгнэлтүүд /1-р хх-144-145х/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-3-4х/, Б.Отгонцэцэгийн барьж явсан гэх цүнхэнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-12-14х/, Б.Отгонцэцэгийн биед үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-24х/, Гэрэл зургийн үзүүлэлтүүд/1-р хх-6-11, 16-17, 80-81, 211-213х, 2хх- 248х, хохирогч Д.Оюунгэрэлийн өвчний түүхийн хуулбарууд /1-р хх-37-62х/, хохирлын талаарх баримтууд /1-р хх-63-79х/, тээврийн хэрэгсэлд нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх 250х/, Б.Отгонцэцэгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /1-р хх-101-102х/ зэрэг бусад нотлох баримт болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дээр шүүгдэгч Б.Отгонцэцэгийн өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна гэж дүгнэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй болжээ.
Б.Отгонцэцэг, Н.Ариунболд нарт холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл зөв бөгөөд тэдгээрт оногдуулсан ял тохирсон байна.
Харин анхан шатны шүүх, Н.Ариунболдын бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт үйлдлийг Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн нь үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн нарийвчилсан зохицуулалтыг баримтлаагүй, мөн тэднийг шунахайн сэдэлтээр бүлэглэн, дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ, онц харгис хэрцгий аргаар бусдыг алахыг завдсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн зохих хэсгээр ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 60 дугаар зүйлийг буруу хэрэглэсэн байх тул тус тус зөвтгөн өөрчилж, Н.Ариунболдын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 321 дүгээр зүйлийн 321.1.3-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн
1 дэх заалтын “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1” гэснийг “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн “24.1.2” гэж,
3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.4-т” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3-т” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Ариунболдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Энэ магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Монгол улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, Монгол улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ЭНХМАА
ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН
Д.ЭРДЭНЭБИЛЭГ