Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 22

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Байгалмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: А.Эрдэнэтуяа, Г.Энхтөгс нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Орхон сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад холбогдох,

Сэлэнгэ аймгийн Орхон сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Тариалангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай 29 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох үндсэн, 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 32 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, маргаантай газарт зориулалтаар нь үр тариа тариалах ажил зохион байгуулахыг эрх бүхий даргад даалгуулахыг хүссэн нэмэгдүүлсэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: А.Эрдэнэтуяа, Г.Энхтөгс,

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч: А.Мөнхбат,

Хариуцагч: Орхон сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Х.Мөнхзул,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцов.

 

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч А.Эрдэнэтуяа, Г.Энхтөгс нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сэлэнгэ аймгийн Орхон сумын 2 дугаар багт ногоо тарьдаг нэр бүхий 110 иргэн байдаг. Эдгээр иргэд нь төмс, хүнсний ногоо тариалж, амьдрал ахуйгаа залгуулж ирсэн. Гэтэл Пубосс ХХК, иргэн Хадбаатар нарын тариалангийн зориулалттай газрыг төмс хүнсний ногооны зориулалттай болгож, зориулалтыг нь өөрчлөх утга агуулга бүхий тогтоолыг 2017.04.17-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдээс гаргасаны улмаас тариалангийн зориулалттай 100 га газар төмс, хүнсний ногоо тариалж техник болон мөнгөөр цохиж их хэмжээний төмс, хүнсний ногоо тариалж байна. Ингэснээр Орхон сумын уугуул иргэд болох нэр бүхий 110 ногоочны амьжиргааны баталгаа, эх үүсвэр хаагдаж мөнгөтэй эрх мэдэлтэй хүмүүсийн хууль зөрчсөн үйлдлийн золиос болж байна. Тус газар нь Пубосс ХХК-ийн нэр дээр байдаг боловч бодит байдал дээр Дархан-Уул аймгийн иргэн Хадбаатар гэх хүн ногоо тариалж нутгийн иргэд бидний зах зээлийг булааж байна. Үүнийг орон нутгийн удирдлагууд мэдэж байгаа боловч мөнгөтэй хүний гар хөл болж Хадбаатарт давуу байдал үүсгэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн тогтоол хүртэл гаргаж байгаад иргэн бид гомдолтой байна.

Сэлэнгэ аймгийн Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2017.04.17-ны өдрийн Тариалангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай 29 дүгээр тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус захиргааны актын дараах хэд хэдэн шинжийг агуулж байна. 47.1.1 утга агуулгын илэрхий алдаатай, 47.1.3 тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан. Учир нь 29 дүгээр тогтоолын 1 дэх заалтаар үр тариа, хүнсний ногооны зориулалтаар эзэмшүүлж, ашиглуулж байгаа газрыг тариалангийн зориулалттай болгох талаар зохицуулсан боловч 2 дахь заалтаараа тариалангийн зориулалтаар газар эзэмшиж, ашиглаж буй иргэд аж ахуй нэгж байгууллага газар эзэмшүүлэх гэрээнд өөрчлөлт оруулахаар заасан байгаа нь утга агуулгын илэрхий алдаатай байна. Мөн Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших эрхийн зориулалтыг өөрчлөх эрх нь сумын Засаг даргын бүрэн эрхийн асуудал байхад сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн тогтоол гаргасан өөрийн чиг үүрэгт хамаарахгүй асуудлаар тогтоол гаргасан байна гэх үндэслэлтэй байна.

Мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид Орхон сумын ногоочин иргэдийн эрх ашгийг хөндсөн тогтоол гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн мэдэгдэх, сонсгох зэрэг процессын ажиллагааг ноцтой зөрчиж гаргасан байна. Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч А.Эрдэнэтуяа шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. Сэлэнгэ аймгийн Орхон суманд 100 гаруй айл ногоо тарьж амьдардаг. Сэлэнгэ аймгийн аварга ногоочин тариачин н.Хадбаатар гэдэг хүнд газрын даамал н.Октъябр, Пубосс ХХК-ийн захирал нар газраа хэсэгчлээд ашиглуулж байгаа гэх боловч ашиглуулаагүй, харин газраа зарчихсан байсан. Бид нар мөнгөө өгч байгааг нь хараагүй, гэнэтхэн нэг өдөр хүн ирээд бид нар мөнгөө өгсөн гээд тэр дор нь тав зургаан худаг ухаад ажил хийгээд эхэлсэн. Тэгэхээр нь бид нар ...энд гадны хүн ирээд ажиллаад байна, бид нарын амьдрал доройтвол яах вэ?... гээд Орхон сумын Засаг дарга н.Булганчимэгт хандахад ...газрыг цаашид зориулалтын дагуу ашиглуулна, та нарт ямар ч зөрчигдөх зүйл байхгүй, энийг би баталж байна... гээд албан тоотууд бичиж өгч байсан. Дараа нь ямар нэг арга хэмжээ авахгүй байдал хэвээрээ байсан учраас бид нар Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбаттай уулзаад, бодит байдлыг танилцуулахад, тухайн үед Хот байгуулалтын даргаар ажиллаж байсан н.Ганхүүг томилсон. Ганхүү нь н.Булганчимэг дарга, газрын даамал н.Октъябр, Пубосс ХХК-ийн захирал нартай газар дээр нь очиж үзээд ...газрыг зориулалтын дагуу ашиглана, та нар тайван бай... гэж хэлээд албан бичиг бичиж өгөөд явсан. Асуудал хэвээр үргэлжилсээр шинэ Засаг даргатай болсон байсан, уулзаад учир байдлаа хэлэхэд энэ асуудал цаашид ингэж явахгүй гээд ...зориулалтын дагуу ашиглах ёстой... гээд албан бичиг өгч байсан боловч Хадбаатар худаг ухаж, ажлаа эхлэх гээд байсан учраас бид нар шинэ Засаг даргатай уулзаж ...хуучин Засаг даргын хэлж байсан зүйл яасан бэ?... гэж удаа дараа хандахад хариу өгөхгүй ...газрын даамал н.Октъябртой уулз... гэдэг байсан. Газрын даамалтай уулзахаар очиход ээлжийн амралтаа авчихсан, Пубосс ХХК-ийн захирал Батбаатартай уулзах гэхээр байхгүй байсан, н.Булганчимэг дарга иргэдтэй уулзана гэж өдөр товлосон боловч товлосон өдрөө ирээгүй, утсаа авахгүй байсан. Ингээд асуудал шийдэлд хүрэхгүй явсаар Газрын тухай хууль шинээр батлагдчихсан байсан. Саяхан 04 сарын 05-ны өдөр Засаг дарга ...удаа дараа газрыг зориулалтын дагуу ашиглуулна, үйл ажиллагаагаа зогсоо... гэж албан бичгүүд өгчихөөд, гэнэт ашиглуулахаар болчихсон байсан. Энэ талаар бид нар лавлахад шинэ хуулийн зохицуулалтаар ...үр тарианы газрыг зүгээр тариалан гээд ногоо тарьж болно.. гэсэн заалт орсон байсан. Шинэ хууль батлагдсаныг бид нар мэдээгүй. Тэгэхээр нь бид нар ...Яагаад тэгдэг юм бэ?, хэзээ хуулинд ийм заалт байсан юм бэ? Та нар ноднин жил юу ч хэлээгүй, та нар гэрээ хийсэн юм уу?, гэхэд 06 сард гэрээ хийгээгүй гэж хэлчихээд гэнэтхэн дараа нь ...ийм гэрээ гарч ирлээ... гээд үзүүлсэн. ...Ямар гэрээ юм бэ?... гээд үзтэл н.Булганчимэг дарга ажлаа өгөхөөсөө өмнө 08 сарын 23-ны өдөр Засаг дарга, Пубосс ХХК-ийн захирал, Хадбаатар нар гурвалсан гэрээ байгуулсан байсан. Тэр гэрээг бид нарт дахин үзүүлээгүй. Иргэдийн хурлын даргатай уулзахаар очтол амралтаа авчихсан байсан. Ээлжийн амралт нь дуусаад ажилдаа ороход нь бид нар очиж уулзаад ...та нар гэрээ хийгээгүй, санаа зоволтгүй гэсэн чинь яасан бэ?... гэж асуухад ...бид нар мэдээгүй, шинэ Засаг дарга ч мэдээгүй байна, н.Булганчимэг дарга, Пубосс ХХК-ийн захирал, Хадбаатар нар энэ гэрээг байгуулчихсан байсан байна... гэсэн. Хүмүүс уурлаж ундууцаад Орхон сумын Засаг захиргаанд ажиллаж байж тухайн гэрээний талаар мэдээлэлгүй байна гэсэн чинь юу гэсэн үг вэ?, та нар ард иргэдийнхээ эрх ашиг сонирхолыг хамгаалах үүрэгтэй хүмүүс шүү дээ, тэр хүмүүс 60га газарт төмс хүнсний ногоо тарьвал, бидний 100 гаруй хүний цаана байгаа, гэр бүлүүдийн аж амьдрал доройтох гээд байна... гэж удаа дараа хэлсэн. Хамгийн гол нь энэ газрыг зориулалтын дагуу ашиглуулчихвал бид нарт гомдол санал байхгүй. Гэтэл та нар асуудлыг шийдвэрлээгүйгээс Хадбаатар бүх ногоог тарьна гэсэн. Тэгээд төмсөө 30га газар тарьчихаад хямд буюу зах зээлийн ханшнаас доогуур үнээр борлуулдаг, харин бид нар 1-2 га газарт төмс хүнсний ногоогоор тарьчихаад зах зээлийн үнээр борлуулж чаддаггүй. Шийр бригад-ын иргэд төмсөө Дарханд 15000 төгрөгөөр зарна гэхэд Хадбаатар 10000 төгрөгөөр зарна гэдэг. Хүмүүс аль үнэ багатай руу нь явдаг. Бид нар үрийн төмсөө 8000 төгрөгөөр зарж байхад Хадбаатар 3000 төгрөгөөр ав эсхүл үнэгүй ав гэхээр хүмүүс бид нарын төмсийг авахгүй байдал үүсдэг нь бид нарт сөрөг үр дагаварыг үүсгэж байсан. Өмнө нь Орхон суманд зөндөө л газар зарагдаж байсан. Бид нарт ямар нэгэн асуудал үүсч байгаагүй болохоор тухайн асуудалд оролцдоггүй байсан. Бид нар мөнгө төгрөг өгч авалцсаныг хараагүй боловч мэдэж байгаа, энэ асуудлыг зогсоож өгөөч. Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ оруулаагүй ч Дэрсбулан гэдэг газрыг н.Булганчимэг нь Засаг дарга байхдаа н.Хадбаатар гэдэг хүний дүүд 50га атар газар өгч, уг газрыг хагалсан байсан. Одоо бид нартай 9 хүн нэгдээд жагсаал хийгээд явж байгаа. Үнэнийг хэлэхэд арай дэндүү, бүгдээрээ бие биендээ орооцолдсон ах дүү нар байдаг. Одоо байгаа Засаг дарга Бат-Орхон, газрын даамал нар бас л үеэлүүд, эгч дүүсийн хүүхдүүд байдаг. Ингээд бие биенээ хаацаалсан, хачин зүйлсээ больмоор байна. Иргэдээ бодохгүй, өөрсдийгөө бодож байна. Энэ газрыг зориулалтын дагуу ашиглуулж өгөөч. Октъябр Пубосс ХХК-ийн захирал бол эхнэр нөхөр хоёр байдаг. Үүнийг зогсоогооч гэж Орхон сумынхан, Шийрийн бригад-ынхан бүгд удаа дараа гуйсан. Орхон сумийн иргэд, Шийрийн бригад гээд бүгд л ногоо тарьж амьдардаг. Хэн ашиглах нь хамаагүй зөвхөн газрыг зориулалтынх нь дагуу ашиглуулж өгөөч гэв.

 

Нэхэмжлэгч Г.Энхтөгс шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Сэлэнгэ аймгийн Орхон сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн гаргасан 29, 32 дугаар тогтоолууд нь иргэдийнхээ эрх ашиг рүүгээ чиглэсэн тогтоол биш учраас эсэргүүцэж байна гэв.

 

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Орхон сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Х.Мөнхзул шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

1. Пубосс ХХК, иргэн Хадбаатар нарын тариалангийн зориулалттай газрыг төмс, хүнсний ногооны зориулалттай болгож зориулалтыг өөрчлөх утга агуулга бүхий тогтоолыг 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдээс гаргасны улмаас тариалангийн зориулалттай 100 га газарт төмс, хүнсний ногоо тариалж, техник болон мөнгөөр цохиж их хэмжээний төмс, хүнсний ногоо тариалж байна гэжээ. 2017 оны 03 дугаар сард Пубосс болон Цагааншаргал ХХК-наас Тариалангийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу газрын зориулалтаа өөрчлөх хүсэлтэй байгаа тухай албан хүсэлтээ сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд ирүүлсэн. Газрын зориулалтыг өөрчлөх нь хэдий иргэдийн Төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхийн асуудал биш гэлээ иргэдийн Төлөөлөгчдийн хуралд хандаж ирүүлсэн өргөдөл хүсэлтийг судалж үзээд сумын хэмжээнд үр тарианы чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй 29 аж ахуй нэгж, 74 иргэн төмс, хүнсний ногоо тариалдаг 9 аж ахуй нэгж, 220 иргэний эрх ашигт нийцүүлэн сумын Засаг даргад Монгол Улсын Тариалангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэг чиглэл болгон энэхүү 29 тоот тогтоол хуралдаанд оролцсон Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар дэмжигдэн батлагдаж тогтоолыг сумын Засаг даргад хүргүүлсэн. Энэхүү тогтоол нь нэг компани, нэг иргэнд давуу байдал олгосон тогтоол биш юм. Тогтоол батлагдан гарсны дараа Орхон сумын 2 дугаар багийн 18 иргэний гарын үсэг бүхий 2017 оны 29 тоот тогтоолыг эргэн харж өөрчилж өгөхийг хүссэн өргөдлийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичигт 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ирүүлсэн байсныг дахин судалж үзээд 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хэлэлцэн шийдвэр гаргах байсан хэдий ч ирц хүрээгүйн улмаас 2 өдрөөр хуралдааныг хойшлуулан 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 5 дугаар хуралдаанаараа уг өргөдлийг хэлэлцэн, өргөдөл гаргасан иргэдийг хуралдаанд оролцуулж тэдэнд тулгарч байгаа асуудал иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдээс гаргасан 29 тоот тогтоол батлагдсанаар төмс, хүнсний ногоо тариалах үйл ажиллагаа явуулахад нь хэр хүндрэлтэй байгаа талаар асууж тэдний саналыг сонсон хэлэлцээд тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд оролцсон нийт тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн32 тоот тогтоол дэмжигдэн батлагдсан. Тус тогтоолын хувийг мөн өдөрт нэхэмжлэгч А.Эрдэнэтуяа, Г.Энхтөгс нарт өгсөн болно. Мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 48 тоот албан бичгээр өргөдөл гаргасан иргэдэд хариу хүргүүлсэн.

2.Нэхэмжлэлд Орхон сумын уугуул иргэд болох нэр бүхий 110 ногоочны амьжиргааны баталгаа, эх үүсвэр хаагдаж эрх мэдэлтэй хүмүүсийн хууль зөрчсөн үйлдлийн золиос болж байгааг судалж үзэхэд

2.1. Орхон сумын харъяалалтай-80, өөр бусад аймаг, суманд харъяалалтай-5 оршин суугаа хаяг нь тодорхойгүй-18, нэр нь давхардсан-2, нэр нь бичигдсэн ч тухайн үеийн асуудлыг хүлээн зөвшөөрч нарын үсэг зураагүй-5 иргэний нэрс байна.

2.2. Өргөдөлд гарын үсэг зурсан иргэдээс төмс, хүнсний ногоо тариалдаг түүнээс ашиг хүртдэг-42, мал аж ахуй эрхэлдэг-13, бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг-14, өндөр настны тэтгэвэрт-13, төр, төсвийн байгууллагад ажилладаг-1 иргэн, ямар ажил эрхэлдэг нь тодорхойгүй-22 иргэний нэрс байна. Ингэхээр гарын үсэг зурсан 110 иргэн бүгд төмс, хүнсний ногоо тариалдаг гэдэг нь худлаа мэдээлэл байна.

2.3. Нэхэмжлэлд гарын үсэг зурсан иргэдээс сумын Засаг даргын захирамжаар төмс, хүнсний ногооны газар эзэмшдэг 31 иргэн байна.

2.4. Нэхэмжлэгч А.Эрдэнэтуяа, Г.Энхтөгс нарын нэхэмжлэлд хавсрагдсан 110 иргэний зарим төлөөлөлтэй уулзаж ярилцан, утсаар лавлахад сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 29 тоот тогтоолтой ямар ч гомдол, санал, өргөдөлд гарын үсгээ зураагүй, энэ миний гарын үсэг биш байна гэх ба мөн энэ дээр гарын үсэг зурчихаач гэхээр нь зурсан, гадны хүнд газрын эрхээ шилжүүлэх гэж байна аа үүнийг нь болиулъя гэсэн утгатай өргөдөлд гарын үсэг зурсан, тухайн үед бид ямар ч ойлголтгүй гадны ногоо тарьж байгаа иргэнийг нутгаасаа хөөж гаргах гэж байгаа юм аа гэж танилцуулаад гарын үсэг зуруулсан бид буруу зүйл дээр зурсан байна лээ гэж тайлбарласан /Утсаар ярьсан-3, биечилж уулзсан-4, өргөдөл хэлбэрээр баталгаажуулсан-24 болно/.

2.5. Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан огноо 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийнх байхад орон нутгийн иргэдийн гарын үсэгт тэмдэглэсэн огноо 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийнх байгаа цаг хугацааны хувьд тохирохгүйгээр барахгүй иргэдэд буруу мэдээлэл хүргэж ямар ч тайлбар бичиггүй цаасан дээр орон нутгийн иргэдийн гарын үсэг хэмээн гарын үсэг зуруулж түүнийгээ өөр утга агуулгатай нэхэмжлэлд хавсаргаж баримт бүрдүүлсэн байна гэж үзэж байна.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 29 тоот тогтоолд /Тариалангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай/ өөрчлөлт орж 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 32 тоот тогтоол /Тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай/ батлагдсан өдрөөс хойш 7 хоногийн дараа буюу 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь нэхэмжлэгч нар 29 тоот тогтоол нь 32 болж өөрчлөгдсөнийг ойлгоогүй ташаа ойлголттой байгаагаас ийм байдал үүссэн гэж ойлгож байна.

3. Пубосс ХХК-ийн нэр дээр байдаг газарт ДарханУул аймгийн иргэн Хадбаатар гэх хүн ногоо тариалж иргэд бидний зах зээлийг булааж байна гэжээ. Энэ тухай 2016 оны 06 дугаар сард сумын Засаг даргад хүсэлт өргөдөл гомдол ирүүлж асудлыг тухай үед нь гомдол гаргасан иргэд, сумын Засаг дарга, Пубосс ХХК-ийн захирал нар уулзалдаж шийдвэрлэсэн ч тухайн иргэд үүнийг үл хэлээн зөвшөөрч одоог хүртэл энэ асуудлаар гомдлоо сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал болон сумын Засаг дарга түүний Тамгын газарт гаргасаар байгаа. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас газартай холбоотой маргаантай асуудлыг Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлд заасны дагуу холбогдох, байгууллага, албан тушаалтанд хандаж шийдвэрлүүлэхийг амаар болон бичгээр хариу өгсөн байдаг.

4. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2017 оны 29 тоот тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйл 47.1.1, 47.1.3 зааснаар утга агуулгын илэрхий алдаатай, захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж үзжээ.

Монгол Улсын Засаг Захиргааны Нутаг Дэвсгэрийн Нэгж Түүний Удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйл, хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхэд заагдсан бүрэн эрхийнхээ хүрээнд сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 29 тоот гаргасан. Тогтоолтой холбоотой иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүдэгчдийн хуралдаанд энэ асуудлыг дахин авч хэлэлцээд уг тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 32 тоот тогтоол батлагдсанаар энэхүү тогтоол нь 2017 оны 06 сарын 09-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа болно. Тус тогтоол нь ямар ч хууль тогтоомжийг зөрчөөгүй гэж үзэж байна.

Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 29 тоот тогтоолыг өөрчилж өгөхийг хүссэн 18 иргэний өргөдлийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 5 дугаар хуралдаанаар /06 дугаар сарын 09-ний өдөр/ хэлэлцэх асуудлын дараалалд оролцуулан танилцуулахад хуралд оролцогчдын 100 хувийн саналаар хурлаар хэлэлцэх асуулын дараалалд батлагдсан. Уг өргөдөл 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичигт ирсэн бөгөөд энэ цаг хугацаанд уг тогтоолын дагуу газрын гэрчилгээгээ өөрчлүүлэх буюу тогтоолын дагуу хийж хэрэгжүүлсэн ажил ч сумын хэмжээнд төлөвлөгдөөгүй мөн энэ чиглэлээр ямар ч үйл ажиллагаа явуулаагүй байсан. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасны дагуу иргэдийн өргөдлийг хэлэлцэх асуудлыг мөн гэж үзэн өргөдлийг судлан үзэж хуралд оролцохоор ирсэн иргэдтэй уулзсан. Уулзалтаас гарсан санал бодлыг үндэслэн тэргүүлэгчид тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Сумын хэмжээнд газрын маргаантай байгаа иргэн, аж ахуй нэгж байхгүй байгаа хэдий ч хуралд хүрэлцэн ирж саналаа хэлсэн иргэд Пубосс ХХК, Хадбаатар нартай холбоотой асуудлыг хөндсөн тул 3 дугаар заалтаар нэмэлт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын гаргасан тогтоол шийдвэр нь хэн нэгэн иргэн, аж ахуйн нэгжийн эрх ашгийн эерэг болон сөрөг хэлбэрээр хөндсөн буюу илт хууль бус гэж үзэхгүй байгаа бөгөөд 29, 32 тоот тогтоолууд нь нийтийн эрх ашигт болон хуульд нийцсэн гэж үзэж байна. Сумын иргэдийн Төлөөлөгдчийн хурлын Тэргүүлэгчид Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 20.1.7, 20.1.14, 24 дүгээр зүйлийн 24.2, 25 дугаар зүйлийн 25.4 дэх заалтуудад нийцүүлэн дээрх /29, 32/ тогтоолуудыг гаргасан. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 5 дугаар хуралдаанаар 29 тоот тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулахдаа 1 заалт нэмж оруулсан. Харин утга санааг өөрчлөх шаардлагагүй гэж үзэж байна. Өргөдөл гаргасан гэх 110 иргэн гарын үсэг зурсан баримт хуурамч, иргэдийн гарын үсгийн төлөөлж зурсан өөрсдөд нь танилцуулахгүй зэрэг зөрчил байсныг түрүүчийн нэхэмжлэлийн хариуд тэмдэглэсэн болно / 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн/ гэжээ.

 

Үндэслэх нь:

Сэлэнгэ аймгийн Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид хуралдаанаараа 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Тариалангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай 29 тоот, 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 32 тоот тогтоолуудыг тус тус гаргасан байна. Нэхэмжлэгч А.Эрдэнэтуяа, Г.Энхтөгс нар нь Сэлэнгэ аймгийн Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Тариалангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай 29 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох үндсэн, 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 32 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, маргаантай газарт зориулалтаар нь үр тариа тариалах ажил зохион байгуулахыг эрх бүхий даргад даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагууд гаргажээ.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаандгаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийншаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Тариалангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай 29 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хувьд: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудаар дараах зүйлүүд тогтоогдож байна.

Орхон сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд ирүүлсэн аж ахуй нэгж байгууллагуудын өргөдөл хүсэлтийг судлан үзээд Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 20.1.14 дэх заалтуудыг баримтлан:

1.Сумын газрын нэгдмэл сангийн ангилалд бүртгэгдсэн иргэд, аж ахуйн нэгж байгууллагад үр тариа, төмс хүнсний ногооны зориулалтаар эзэмшүүлж ашиглуулж байгаа газрыг тариалангийн зориулалттай болгон хуулийн хэрэгжилтийг хангуулах,

2.Сумын хэмжээнд тариалангийн зориулалтаар газар эзэмшиж ашиглаж буй иргэд, аж ахуй нэгж байгууллагын газар эзэмшүүлэх гэрээнд өөрчлөлт оруулах ажлыг тус хуулийн хүрээнд зохион байгуулж ажиллахыг сумын Засаг даргад үүрэг болгож,

3.Тус тогтоолын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын байгаль орчин хөдөө аж ахуйн бодлогын хороонд даалгасан шийдвэр гаргажээ.

Иргэдээс ирүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагуудын өргөдөл хүсэлтийг судлан үзээд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар үр тариа, төмс хүнсний ногооны зориулалтаар эзэмшүүлж ашиглуулж байгаа газрыг тариалангийн зориулалттай болгон хуулийн хэрэгжилтийг хангуулах асуудлыг шийдвэрлэсэн гэх боловч ямар хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэсэн нь тодорхойгүй хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Орхон сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга танаа Асуудал шийдвэрлүүлэх тухай гэсэн Пубосс ХХК-ийн захирал П.Батбаатар, Цагаан Шаргал ХХК-ийнзахирал У.Батнасан нарын өргөдлөөр газрын зориулалтыг өөрчлүүлэхээр өргөдөл гаргасан байна.

Энэ өргөдлийн дагуу Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид хуралдаанаараа асуудлыг хэлэлцэн 29, 32 тогтоолуудыг тус тус гаргасан гэх боловч газрын зориулалтыг өөрчлөх эрх нь иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхэд хамаарах асуудал бус Засаг даргын шийдвэрийг үндэслэн газрын албаны шийдвэрлэх эрх хэмжээний асуудал болох нь Монгол Улсын Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2-д зааснаар Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгоно, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загаварын дагуу гаргана, мөн хуулийн 32.2.3, 32.3.3-д тус тус зааснаар газар эзэмших зориулалт хугацааг тусгахаар заасан байна.

Мөн Газрын харилцаа геодез зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалын хавсралтаар Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмаар Иргэн хуулийн этгээд нь газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсаны дагуу дараах өргөдөл гаргана. Үүнд: Энэ журмын 3.1.5-д газар ашиглалтын зориулалт өөрчлүүлэх өргөдлөө харъяаллын дагуу газрын даамалд гаргах, газрын даамал мөн журмын 3.4.4-д зааснаар газар эзэмших, ашиглах гэрээ, гэрчилгээний хугацаа сунгах, газар ашиглалтын зориулалтад өөрчлөлт оруулах тохиолдолд журмын 3.4.4.1-д Иргэний үнэмлэхийн хуулбар, 3.4.4.2-д газар эзэмших ашиглах эрхийн гэрчилгээ, 3.4.4.3-д газар эзэмших ашиглах гэрээ, 3.4.4.4-д кадастрийн зураг, 3.4.4.5-д газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, газрын төлбөр төлсөн тухай баримт материалыг өргөдөлд хавсаргана, шаардлага хангасан өргөдлыг газрын даамал өргөдлийг хүлээн авч бүртгэх, суурин болон хээрийн судалгаа хийж, засаг даргын шийдвэрийн төсөл боловсруулах, төсөл дэмжигдсэн тохиолдолд газар эзэмших, ашиглах гэрээ байгуулж, гэрчилгээ олгох асуудлыг энэ журмаараа нарийвчлан зохицуулсан байна. Үүнээс үзэхэд Газрын тухай хууль, уг журмаар Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн бүрэн эрхэд хамаарах асуудал бус Засаг даргын шийдвэрийг үндэслэн газрын албаны шийдвэрлэх эрх хэмжээний асуудал гэдэг нь хуулиар зохицуулагдсан байна.

Маргаан бүхий 29 дүгээр тогтоолын 2 дахь заалтад: Сумын хэмжээнд тариалангийн зориулалтаар газар эзэмшиж ашиглаж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмшүүлэх гэрээнд өөрчлөлт оруулах ажлыг тус хуулийн хүрээнд зохион байгуулж ажиллахыг сумын Засаг даргад үүрэг болгох гэжээ.

Монгол Улсын Газрын тухай хууль, Тариалангийн тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулинд газрын харилцааны талаар иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхийг нарийвчлан зохицуулаагүй байна. Гэхдээ Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийнТөлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 20.1.1-тгазрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих, энэ талаарх Засаг даргын тайланг хэлэлцэж дүгнэх, 20.1.2-т тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах, 20.1.3-т тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн газрыг аймаг, нийслэл, сумын тусгай хэрэгцээнд авах, түүнийхэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох, 20.1.4-т бусдын эзэмшил газрыг аймаг, нийслэл, сумын тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан гэрээний хугацаа дуусахаас өмнө газрыг солих буюу эргүүлэн авахтохиолдолд тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснээр нөхөн олговор олгох шийдвэр гаргах, 20.1.5-т үйлдвэрлэл, технологийн паркийн нутаг дэвсгэр, байршлыг тогтоох гэж тус тус зааснаас үзэхэд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь газрын асуудлаар дүрэм журам батлах, тухайн жилийн төлөвлөгөөгбатлах, Засаг даргын тайлан, саналыг хэлэлцэх, байршил тогтоох, төсөвтэй холбоотой бүрэн эрхүүдийгхэрэгжүүлэхээр байх бөгөөд харин газар эзэмшигч, ашиглагчид шууд чиглэсэн шийдвэр гаргах, Засаг даргад үүрэг даалгавар өгөх зэрэг эрхийг хуулиар олгоогүй байна.

Маргаан бүхий захиргааны акт болох Тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 32 тоот тогтоолоор:Тариалангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай 29 тоот тогтоолд нэмэлт өөрчлөлтөөр Газрын маргаантай байгаа Пубосс ХХК болон бусад аж ахуй нэгж, иргэдийн хооронд үүссэн асуудлыг эцэслэн шийдвэрлэсний дараа тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын Засаг даргад үүрэг болгосугай гэсэн заалт нэмэн тогтоол гаргажээ.

Дээрхи Маргаан бүхий Сэлэнгэ аймгийн Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 29, 32 дугаар тоготоолуудыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т /тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан/ зааснаар илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан нь илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй байнагэж шүүх үзлээ.

Маргаан бүхий захиргааны актыг гаргах болсон хууль зүйн үндэслэлийг судлан үзвэл Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 20.1.4 иргэдээс ирүүлсэн өргөдөл, санал гомдлыг хууль тогтоомжид заасан журмын дагуу судлан шийдвэрлэх, 20.1.14 хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх гэсэн заалтуудыг тус тус үндэслэн тогтоол гаргасан байна. Эдгээр заалтуудыг үндэслэл болгон уг асуудлыг бүрэн шийдвэрлэхэд учир дутагдалтай. Зохицуулалт нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтаар /тус хуулийн 13 дугаар зүйлийн 13.2/ харъяалах газарт нь шилжүүлэх нь зүйтэй байжээ.

Маргаан бүхий захиргааны актуудыг гаргахдаа газрын харилцаа, түүнд хамаарах хууль тогтоомж, дүрэм, журмыг бүрэн судлаагүй.

Мөн Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид тогтоол гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны шийдвэр гаргасантай холбоотойгоор явуулах процесс ажиллагаануудыг хийгээгүй байна.

Дээрхи ажиллагааг хийгээгүй нь, мөн илт хууль бус захиргааны шийдвэрийн улмаас нэхэмжлэгчдийн эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж, сөргөөр нөлөөлж байх тул

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.2, 106.3.12-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 61 дүгээр зүйлийн 61.1, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дах хэсэгт заасныг тус тус баримтлан Сэлэнгэ аймгийн Орхон сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Тариалангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай 29 дүгээр тогтоолыг, мөн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 32 дугаар тогтоолыг тус тус илт хууль бус болохыг тогтоосугай.

2. Орхон сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд газрын тухай хууль тогтоомж, хуульд нийцсэн журмын дагуу хэрэгжилтийг хангаж ажиллахыг даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заасны дагуу нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсөвт хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас 70.200 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч А.Эрдэнэтуяа, Г.Энхтөгс нарт олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, Давж заалдах журмаар гомдол гаргаагүй этгээд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг тус тус дурьдусгай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Ц.БАЙГАЛМАА