| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Мишигийн Батсуурь |
| Хэргийн индекс | 128/2024/0610/З |
| Дугаар | 001/ХТ2026/0116 |
| Огноо | 2026-11-11 |
| Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2026 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 001/ХТ2026/0116
Д.Д***, Н.У***-ын нэхэмжлэлтэй,
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн
сайдад холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: П.Соёл-Эрдэнэ
Шүүгчид: Танхимын тэргүүн Д.Мөнхтуяа
Г.Банзрагч
Д.Батбаатар
Илтгэгч шүүгч: М.Батсуурь
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2026/0467 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2026/0521 дүгээр магадлал,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 001/ШХТ2026/0388 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М*** (цахим) нарыг оролцуулан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэлийн шаардлага:
1.Д.Д***, Н.У***-аас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан “... тус сайдын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/***, А/*** дугаар тушаалуудын нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2.Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын (хуучин нэрээр “Байгаль орчин, аялал жуулчлалын сайд”) 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/***, А/*** дугаар тушаалуудаар *** аймгийн *** сум, *** нуурын байгалийн цогцолборт газрын *** орчмын хязгаарлалтын бүсэд байршилтай холбогдох газруудыг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй” гэх үндэслэлээр иргэн Д.Д***, Н.У*** нарын газар ашиглах эрхийг тус тус хүчингүй болгожээ.
3.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Д***, Н.У*** нараас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/***, А/*** дугаар тушаалуудын иргэн Д.Д***, Н.У*** нарт холбогдох хэсгийн заалтыг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2026/0467 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан.
5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг 2026 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Улсын дээд шүүх хүлээн авч, Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 001/ШХТ2026/0388 дугаар тогтоолоор “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” эсэх гэсэн үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:
6.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ү***-ээс шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын гомдлыг (агуулгаар нь тусгав) гаргажээ. Үүнд:
6.1.Маргаан бүхий захиргааны акт нь гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх агуулгаар ойлгогдохгүй байх бөгөөд 2-оос дээш жил ашиглаагүй гэх үндэслэлээр хүчингүй болгосон гэж ойлгогдохоор байна. Захиргааны байгууллага нь акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар, нийтийн эрх зүйн хүрээнд, гадагш чиглэсэн, эрх зүйн үр дагавар бий болгосон амаар бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж тусгасан байдаг. Үүнээс үзвэл захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа агуулга ойлгомжтой тодорхой байх ёстой гэсэн зарчимтай байх бөгөөд өөрөөр хэлбэл ямар нэгэн хоёрдмол утгагүй, ойлгомжтой байх, хуульд нийцсэн шийдвэр гаргах ёстой билээ. Гэтэл хариуцагчийн уг актууд нь хууль хэрэглээнд бүрэн нийцэхгүй шийдвэр гаргасан байх бөгөөд 2 жилээс дээш жил ашиглаагүй гэх үндэслэлээр цуцалсан байна.
6.2.Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллага нэхэмжлэгч нарыг тухайн газраа 2-оос дээш жил ашиглаагүй гэж үзэж хүчингүй болгохдоо хуульд заасан 2 жил дараалан ашигласан, ашиглаагүй асуудалд ач холбогдол өгөөгүй, харин нэхэмжлэгч нарыг тухайн газраа 2-оос дээш жил ашиглаагүй гэж үзэж хүчингүй болгосон байх бөгөөд 2015 онд ашиглах зөвшөөрөл олгож, гэрчилгээ олгон, гэрээ байгуулснаас хойш 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүчингүй болгох хүртэл аль хугацаанд 2 жил дараалан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн газраа зориулалтын дагуу ашиглаагүй талаар тушаалдаа тодорхой дурдаагүй. Анхан шатны шүүхээс мөн адил аль хүртэл хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй болохыг тодорхой дүгнээгүй байдаг.
6.3.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар газар ашиглах эрхийг хүчингүй болгохдоо дээрх хугацааг нарийвчлан тодорхойлоогүй бөгөөд 2015 онд газар ашиглах эрх олгоод 2020 онд газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаанд сунгасан нь нэхэмжлэгч нарыг газраа зориулалтын дагуу ашиглаж байна гэж үзсэн учраас сунгасан байх боломжтой бөгөөд 2024 онд хүчингүй болгох хүртэл хугацаанд ашиглаагүй гэж үзсэн тохиолдолд КОВИД-19 цар тахал нь хүндэтгэн үзэх шалтгаанд зайлшгүй орох тул анхан шатны шүүхийн шийдвэр гаргахдаа тэр талаар тайлбар хийлгүй, үйл баримтыг тодруулалгүй гаргасан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож тооцож, хэргийг анхан шатны шүүх рүү хянан хэлэлцүүлэхээр дахин буцаасан байдаг.
6.4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.6 дахь хэсгийн 3 дахь заалтад “давж заалдах шатны шүүх нь шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг хүчингүй болгох шийдвэр гаргах ёстой. Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 18 дугаар тогтоолоор “хүчингүй болгох” гэдэгт шууд утгаар нь буюу шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг хүчингүй болгоно, дахин хэлэлцүүлэхээр буцаахгүй гэж ойлгоно” гэж дүгнэсэн байх бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 221/МА2026/0521 дүгээр магадлал нь Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэж анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь давж заалдах шатны шүүхийн магадлал уг тогтоолыг зөрчиж гаргасан байна.
6.5.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын уг маргаан бүхий 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийг хүчингүй болгох тухай” А/***, А/*** дугаар захиргааны акт нь хууль бус захиргааны акт байх бөгөөд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохдоо хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан нь хуульд нийцэхгүй.
6.6.Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 128/ШШ2026/0467 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 221/МА2026/0521 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгуулж, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
7.Хариуцагчаас нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж бичгээр тайлбар гаргаагүй.
ХЯНАВАЛ:
8.Хяналтын шатны шүүхээс магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
9.Нэхэмжлэгч нараас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд (хуучин нэрээр “Байгаль орчин, аялал жуулчлалын сайд”)-ын 2024 оны А/***, А/*** дугаар тушаалуудын холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар маргасан бөгөөд уг маргаан бүхий тушаалаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байна.
10.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэж зааснаар давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий эсэхийг шалгахдаа хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж, маргааны үйл баримт болон холбогдох хуулийн хэрэглээний талаар дүгнэлт хийх бүрэн эрхтэй.
11.Гэтэл давж заалдах шатны шүүхээс “... анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, газар ашиглах эрх анх үүссэн 2015 оноос 2020 онд эрхийн хугацааг сунгах хүртэлх, эсхүл 2020 оны сунгалтаас 2024 онд эрхийг хүчингүй болгох хүртэлх хугацааны алинд газрыг зориулалтын дагуу ашиглаагүйг тодорхойлоогүй, мөн газар ашиглаагүй хүндэтгэн үзэх шалтгаан, үүнд КОВИД-19 цар тахлын үеийн нөхцөл байдал нөлөөлсөн эсэхийг үнэлээгүй” гэсэн үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3, 121.3.5-т заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.
12.Давж заалдах шатны шүүхийн дурдсан дээрх үндэслэл нь анхан шатны шүүхийн хууль хэрэглээ, нотлох баримтын үнэлгээний зөв эсэхийг хянахтай холбоотой бөгөөд эдгээр асуудлаар өөрөө дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байхад хэргийг анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
13.Тодруулбал, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг буруу хэрэглэсэн гэж үзсэн бол уг заалтын агуулга, хэрэглэх нөхцөл, газар ашиглах эрхийн хугацааг сунгасан шийдвэрийн эрх зүйн үр дагавар, газрыг зориулалтын дагуу ашиглаагүй хугацааг тооцох асуудалд давж заалдах шатны шүүх өөрөө хууль зүйн дүгнэлт хийх боломжтой. Түүнчлэн хэрэгт авагдсан газар ашиглах гэрээ, хугацаа сунгасан шийдвэр, үзлэгийн тэмдэглэл, талуудын тайлбар зэрэг баримтад үндэслэн газрыг бодитоор ашигласан эсэх, хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхийг үнэлж, дүгнэлт өгөх боломжтой байна.
14.Харин давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3-т заасан нөхцөл бүрдсэн эсэхийг тодорхой дүгнэх шаардлагатай. Гэтэл магадлалд анхан шатны шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ямар зөрчил гарсан, эсхүл хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай ямар нотлох баримт бүрдээгүй, түүнийг давж заалдах шатны шүүхээс нөхөн бүрдүүлэх боломжгүй болсон шалтгааныг тодорхой заагаагүй байна.
15.Иймд, давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримт, хууль хэрэглээний талаар бие даан дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан шийдвэрлэх боломжтой байхад хэргийг анхан шатны шүүхэд буцаасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасан бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.
16.Иймээс давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийн үйл баримт, анхан шатны шүүхийн шийдвэрийн хууль хэрэглээний талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой байх тул магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2026/0521 дүгээр магадлалыг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд буцаасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Д.БАТБААТАР
М.БАТСУУРЬ