Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 1745

 

ХХХХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Г.Даваадорж, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 357 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХХХ-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХХХХ-д холбогдох,

 

Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээний үүргийн биелэлт 184 913 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

 

Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч ХХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  2015 оны 12 дугаар сард ХХХХХ-г ХХ дугаар байрны ХХ тоот орон сууцны том өрөөнд хавар болтол түрээсийн төлбөр авахгүй зөвхөн байрны төлбөрийг төлж байхаар тохиролцсон боловч 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ХХХХ төлбөр тооцоогоо дуусгалгүй гарсан. Ус, дулаан, цахилгааны төлбөрт 226 724 төгрөг төлсөн талаар маргахгүй. Харин кабель, СӨХ-ны мөнгийг төлөх ёстой. Иймд 184 913 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХХХХ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2016 оны 01 дүгээр сарын эхээр 48 дугаар байрны ХХ тоот орон сууцанд гэрэл, усны төлбөр төлж суухаар тохиролцсон боловч уг орон сууцны хойд талын өрөөнд 4 хүүхэдтэй эмэгтэй, нөг өрөөг нь өөр нэг хүн түрээсэлж суусан. Нэхэмжлэгч нь 2 өрөөнд айл оруулж мөнгө авчихаад надаас байрны бүх төлбөрийг төлөхийг шаардаж байгааг гайхаж байна. Би зөвхөн уг байрны том өрөөг ашигласан, кабель хэрэглэдэггүй. Иймд кабель, СӨХ-ны төлбөрийг төлөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ХХХХХ-гаас эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээний үүргийн биелэлт 55 220 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХХХд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 129 693 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХХХХ-гаас 4 550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Төлөх ёстой төлбөрийг төлж барагдуулсан. Тус байрны 2 өрөөг түрээсэлж суусан 2 айлын хэрэглэсэн кабель, СӨХ-ны төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Гэрч ХХХ, ХХХХ нарын мэдүүлгээр түрээсийн мөнгө авч байсан нь тодорхой байна. Иймд хэргийг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагч ХХХХХ-д холбогдуулан орон сууц хөлслөх үеийн хэрэглээний зардалд нийт 184 913 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, уг орон сууцанд ус, цахилгааны төлбөр төлж суухаар тохиролцсон учир кабель, СӨХ-ны төлбөр төлөхгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүхэд гаргасан тайлбар /хх.1, 14/, хариуцагчийн тайлбар /хх.8/, гэрчийн мэдүүлэг /хх.46/ зэргээс үзэхэд нэхэмжлэгч нь орон сууцны зарим хэсгийг хариуцагчид үнэ төлбөргүй ашиглуулах, хариуцагч нь орон сууцны ашиглалттай холбоотой зардлыг төлөх агуулга бүхий Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглуулах гэрээг мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасны дагуу хийсэн тогтоогдож байна.

 

Талуудын хоорондох маргааны зүйл нь эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглуулах гэрээний явцад хариуцагчийн төлөхөөр үүрэг хүлээсэн ашиглалтын зардалтай холбоотой байна.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “... СӨХ, кабелийн үнэ төлүүлэхээр хэлэлцэж, ХХХХ зөвшөөрч байранд орсон” /хх.1/ гэж тайлбарласан боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй, хариуцагч нь СӨХ, кабелийн төлбөр төлөхөөр тохиролцоогүй гэж маргаж байна. Орон сууцанд хариуцагчаас гадна өөр хүмүүс амьдарч байсан нь талуудын тайлбар, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд уг нөхцөл байдлыг талуудын тайлбартай харьцуулан үнэлэхэд СӨХ болон кабелийн төлбөрийг хариуцагч төлөхөөр харилцан тохиролцсон гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас СӨХ болон кабелийн төлбөрт холбогдох хэсгийг хангах үндэслэлгүй болно.

 

Харин хариуцагч нь ус, дулаан, цахилгааны төлбөр төлөх үүрэгтэй байснаа хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан байх тул уг зардлаас төлөгдөөгүй үлдсэн хэсгийг хариуцагчаас гаргуулах нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт нийцнэ. Хэргийн 23, 25, 28 дахь талд авагдсан “ХХХХХ” ОНӨААТҮГ, “БНДС” ТӨХК-ийн тодорхойлолт зэрэг бичгийн баримтаас үзэхэд хариуцагч ХХХХХ-гийн орон сууцанд амьдарч байсан хугацаанд буюу 2016 оны 1 дүгээр сараас мөн оны 4 дүгээр сарыг дуусталх хугацаанд усны хэрэглээний төлбөр 90 646.98 төгрөг, дулааны эрчим хүчний төлбөр 162 571.2 төгрөг байгаагаас усны хэрэглээний төлбөрт нийт 67 000 төгрөг /хх.10, 11/, дулаан эрчим хүчний төлбөрт 130 645 төгрөг төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй. Иймд усны хэрэглээний үлдэгдэл төлбөр 32 646.98 төгрөг, дулаан эрчим хүчний үлдэгдэл төлбөр 26 642.8 төгрөг, нийт 59 289.78 төгрөг төлөгдөөгүй байх тул хариуцагчаас 55 220 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй.

 

Талуудын хооронд эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглуулах гэрээний дагуу үүсэх үндсэн үүргийн талаар бус ердийн гэрээгээр хэлэлцэн тохиролцон төлөх зардлын асуудлаар маргасан байхад шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1 дэх хэсгийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчтой биш боловч энэ нь хэргийн шийдэлд нөлөөлөөгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй байв.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 357 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ЭНХТӨР

                                                                    ШҮҮГЧ                                      Г.ДАВААДОРЖ

                                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ