Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2017/01472

 

Ж.О-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2017/01436 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1664 дүгээр магадлалтай,

Ж.О-ы нэхэмжлэлтэй,

“Ө” ХХК-д холбогдох,

56.303.329 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч С.Түмэнгэрэлийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч түүний өмгөөлөгч Ж.О-, Б.Баярмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наранбаяр, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.О- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2010 оны 07 дугаар сарын 05-ны өдөр “Өгөөж-Чихэр боов” ХХК-тай Захиалгаар зохиомжлогдсон байр бариулах тухай гэрээ байгуулж, мөнгийг хэсэгчлэн төлж байсан. 2011 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр байрны гэрчилгээг гаргуулсан.  99,7 мкв талбай бүхий 3 өрөө сууцыг 1 м.кв талбайг 1800 ам доллараар тооцож, нийт 179.460 ам доллар төлж бариулсан. 2016 оны 4 сард хэмжилт хийлгэхэд орон сууцны талбай 83,92 м.кв болохыг тогтоож, албан ёсны дүгнэлт гаргасан. Гэтэл 15,78 мкв дутаж, би Өгөөж-чихэр боов компанид 15,78 м.кв-ийн үнэ 28404 ам долларыг илүү төлж, хохирсон байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа хуулийн заалтад нийцсэн үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2-т заасны дагуу тухайн үед 1 мкв -ийн төлбөрт 1800 ам.доллар төлсөнтэй тэнцэх хэмжээний төлбөр нэхэмжилж байгаа болно. Иймд “Өгөөж-Чихэр боов” ХХК-д илүү төлсөн 28.404 ам.долларыг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Монгол банкны ханш 1982,25 төгрөгөөр тооцож 56.303.329 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Өгөөж чихэр боов” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани нь Сүхбаатар дүүргийн 1-р хороо Элчингийн гудамжинд орших 3-н орц, 10 давхар орон сууцны зориулалттай барилга байгууламжийг 2007 оны 05 дугаар сараас барьж эхлэн 2009 оны 10-р сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд барьж дуусган Улсын Комисст хүлээлгэн өгсөн. Нэхэмжлэгч Ж.О-ы гаргасан нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа нь хуульд зааснаар дуусгавар болсон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй.  2010 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Ж.О-тай дурдагдсан гэрээг байгуулж, орон сууцыг худалдсан. Тухайн үед орон сууцны доголдлын талаар мэдэгдээгүй, 5 жилийн дараа нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2017/01436 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Өгөөж чихэр боов ХХК-иас 56.303.329 /тавин зургаан сая гурван зуун гурван мянга гурван зуун хорин ес/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.О-д олгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Ж.О-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 439.470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Өгөөж чихэр боов ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 439.470 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.О-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1664 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2017/01436 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.4” гэснийг “243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.4” гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 440.000 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч С.Түмэнгэрэл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 сарын 19-ний өдрийн 181/ШШ2017/01436 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 сарын 24-ний өдрийн 1664 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар энэхүү гомдлыг гаргаж байна.

Давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд үүссэн маргаантай эрх зүйн харилцааг тодорхойлохдоо худалдах, худалдан авах гэрээ гэж зөв дүгнэсэн боловч нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг зохицуулсан хуулийг оновчтой сонгон хэрэглээгүй байна. Манай компани нэхэмжлэгчид өрөөний тоо, талбайн хэмжээ, загварыг тогтоосон нэгэнт бий болсон орон сууцыг худалдсан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан үзэл баримтлал нь тухайн маргаанд үл хөдлөх хөрөнгийг эзэмших, ашиглах. захиран зарцуулах агуулгатай байвал зургаан жил, үл хөдлөх эд хөрөнгө нь гэрээний зүйл болж байвал Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан 3 жил буюу гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа үйлчилдэг. “Дипломат апартмент” орон сууц нь “Захиалгаар зохиомжлогдсон байр бариулах тухай гэрээ” буюу худалдах, худалдан авах гэрээний зүйл болно. Нэхэмжлэгч 6 жил 10 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргаснаар гомдлын шаардлага гаргах хуулийн дээрх хугацааг 3 жил 10 сараар хэтрүүлсэн байхад шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна. Мөн талууд гэрээндээ 1 м.кв талбайг 1800 ам.доллараар /гэрээ байгуулах үеийн 2010 оны 07 сарын 05-ны өдрийн долларын монгол банкны албан ханш 1366/ тооцож гэрээ байгуулсан учир 28404*1366=38.799.864 төгрөг байхад 56.303.329 төгрөг буюу илүү 17.503.465 төгрөг нэхэмжилсэн үндэслэлгүй байна.

Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 сарын 19-ний өдрийн 181/ШШ2017/01436 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 сарын 24-ний өдрийн 1664 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй, зохигчдын хооронд үүссэн маргаанд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ж.О- нь хариуцагч “Өгөөж чихэр боов” ХХК-аас 56.303.329 төгрөг шаардахдаа нэхэмжлэлийн үндэслэлийг гэрээнд заасан хэмжээнээс 15.78 м.кв талбай бүхий орон сууцыг дутуу шилжүүлсэн тул илүү төлсөн төлбөрийг буцаан гаргуулах гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа “...орон сууцыг худалдсан, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэсэн тайлбар гарган, маргажээ.

Зохигчдын хооронд 2010 оны 07 дугаар сарын 05-ний өдөр байгуулагдсан Захиалгаар зохиомжлогдсон байр бариулах тухай гэрээгээр хариуцагч нь 99.7 м.кв талбай бүхий байр, 11.4 м.кв талбайтай зогсоолыг 194.460 ам.доллараар барьж гүйцэтгэх, нэхэмжлэгч нь байрыг хүлээн авч үнийг төлөхөөр харилцан тохирсны дагуу үнийг бүрэн төлсөн, энэ талаар маргаагүй байна /хавтаст хэргийн 17-27 дугаар тал/.

Гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө биет байдлын доголдолтой эсэх нь маргааны зүйл болжээ.

Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2009 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 251/2009 дугаар актаас үзвэл “Өгөөж чихэр боов” ХХК нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Элчингийн гудамж, “Гадаадын дипломат ажилтнуудын орон сууц” нэртэй 3 орц, 10 давхар, оффис, 81 айлын орон сууцны барилгыг батлагдсан зураг төслийн дагуу 2007 оны 5 дугаар сараас эхлэн барьж, 2009 оны 10 дугаар сарын 15-ний өдөр барьж дуусгасан ба энэ нь маргааны зүйл болох орон сууц байна /хэргийн 42-46 дугаар тал/.

Дээр дурдсанаас үзвэл, нэхэмжлэгч нь ашиглалтад орсон бэлэн байрыг худалдан авсан байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагджээ.

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзэх ба мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4-т “худалдан авагч энэ хуулийн 254.3-т заасан эд хөрөнгийг хүлээн авсан бол худалдагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлөх үүрэгтэй” гэжээ.

Илүү төлсөн төлбөрийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгчийн шаардлага хуулийн дээрх зохицуулалтад хамаарахаар байх боловч нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2.-т зааснаар худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцох ба эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан худалдан авагч эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдахаар Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасан.

Нэхэмжлэгч орон сууцыг хүлээн авч, улмаар 2011 оны 09 дүгээр сарын 10-ний өдөр улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн байх тул тухайн үед орон сууцны талбайг хэмжүүлэх, эд хөрөнгийн доголдлыг мэдэх боломжтой байжээ.

Орон сууцны талбайн хэмжээний зөрүүтэй байдал нь барилгын ашиглалтын явцад мэдэгдэх далд доголдол биш тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар худалдан авсан орон сууцны талбайн талаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзнэ.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2017/01436 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1664 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-т заасныг баримтлан хариуцагч “Өгөөж чихэр боов” ХХК-с 56.303.329 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ж.О-ы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасны баримтлан хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 440.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ