Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 184/ШШ2016/01030

 

 

 

 

 

 

 

 

       2016 оны 09 сарын 29 өдөр

    Дугаар 184/ШШ2016/01030

              Улаанбаатар хот

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч:Сонгинохайхан дүүргийн *** оршин суух, /РД:***/ Ламын гэгээн овогт АН нэхэмжлэлтэй, 

Хариуцагч:Сонгинохайрхан дүүргийн *** оршин суух, /РД:****/ Боржигон овогт Д Л,

Хариуцагч:Сонгинохайрхан дүүргийн ****тоот хаягт оршин суух, Боржигон овогт С нарт холбогдох,

 

15,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, хариуцагч Д.Л, шүүх хуралдааны нарийн  бичгийн дарга А.Азжаргал нар оролцов.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Навчаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 4 дүгээр сарын сүүлээр Д.Лхамсүрэн, С.Эрдэнэбаатар нарын хүсэлтээр 15,000,000 төгрөгийг зээлдүүлсэн. Анх зээл авахдаа Төв аймгийн Угтаалцайдам суманд газар тарилангийн  аж ахуй эрхлэх гэж байгаа учраас мөнгө хэрэгтэй болсон гэж хэлсэн. Намар ургацаа авахаар надад тодорхой хэмжээний шагнал болгож зээлдүүлсэн 15,000,000 төгрөг дээр мөнгө нэмж өгнө гэсэн. Гэвч өнөөдрийг хүртэл Д.Лхамсүрэн, С.Эрдэнэбаатар нар нь зээлсэн мөнгөө өгөхгүй байна. Д.Лхамсүрэн, С.Эрдэнэбаатар нар нь одоогийн байдлаар зээлээ төлөх чадваргүй байгаа тул зээлийн хүү авалгүй зөвхөн үндсэн мөнгөө нэхэмжилж байна. Иймд Д.Лхамсүрэнгээс 7,500,000 төгрөг, С.Эрдэнэбаатараас 7,500,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.  

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч 15,000,000 төгрөгийг Д.Лхамсүрэн, С.Эрдэнэбаатар нарт бэлнээр өгч зээлүүлсэн. Үр тариа тарина, ашигтай, хөрөнгө оруулалт хийгээч, намар үр тарианы ашгаас хүү маягаар мөнгийг чинь өсгөж өгнө гэсэн байгаа. Мөнгө өгсөн баримт дээр гарын үсэг зуруулах гэхээр янз бүрийн шалтаг хэлээд зурдаггүй байсан. Үйл ажиллагаа явуулж байгаа гээд сураггүй алга болсон учир эрж хайж байж Төв аймгийн Угтаал цайдам суманд байгааг мэдээд очиж уулзсан байгаа. Зээлсэн мөнгөө юунд зарцуулсныг мэдэх зорилготой очсон. Мөнгөө нэхэхээр тариалалт дуусаагүй байгаа дуусахаар нь өгнө гэдэг байсан боловч өгөхгүй байсан учир цагдаа дагуулж очиж байсан. Цагдаад өргөдөл өгөөд эрүүгийн хэрэг үүсгээд мэдүүлэг авахад 15,000,000 төгрөг авсан болохоо зөвшөөрсөн. Хамтран ажиллахаар ярилцаж тохирсон гэрээ хийсэн зүйл байхгүй. Хамтран ажилласан бол идэвхитэй үйлдэл хийх ёстой байсан. Тийм зүйл байхгүй байгаа. Иймд хариуцагч нараас тус бүр 7,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Лхамсүрэн, А.Навчаа нар нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид Навчаагаас 15,000,000 төгрөгийг зээлж аваагүй, харин хамтарч Төв аймгийн Угтаал-Цайдам суманд хамтарч Рабс тарихаар тохироод үр тариа тарих газрыг түрээслэхэд зориулж өгч байсан мөнгө юм. Тариа будаа тарих үеэр ган болж бороо ороогүй. Харахад тариа ургаад цэцэглээд байсан боловч хураалт хийхэд шар будаа нь ургаагүй байсан. Тариаг хураавал хурааснаасаа илүү зардал гарах байсан тул орхисон. Үүнийг Г.Навчаа сайн мэдэж байсан. Бид ч хөрөнгө оруулалт хийгээд адилхан шатсан учраас эрсдлээ адилхан л хүлээх ёстой гэж үзэж байна. Иймд бид Г.Навчаагаас 15,000,000 төгрөг зээлж аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Өөрөө хамтарч ажиллья гэчихээд одоо ийм зүйл ярьж байгаад гомдолтой байна. Манай нөхөр бид 2 тус тусдаа ажлаа хийгээд боломжийн амьдарч байсан. Нөхрийг маань ажлаас нь гаргаж бид хоёр газрынхаа тэнд зунжингаа байсан. Өөрсдөө ирээд үзээд зурагаа авахуулаад явж байсан. Хөрөнгө оруулалт 50, 50 хувиар хийгээд ашигаа хуваана гэж ярьж байсан. 15,000,0000 төгрөгийг газрын түрээс болон үр худалдаж авахад зарцуулсан. А.Навчаа биднийг залилсан. Ган гачиг болоод рабс ургаагүй, бид шатсан. Өөрөө тариа тарих санал гаргаж хамтран ажиллаж байсан хирнээ одоо гүтгэж байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. А.Навчаагаас 15,000,000 төгрөгийг авсан нь үнэн, бид ч бас 12,000,000 төгрөгийг гаргаж зарцуулсан байгаа гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Навчаа нь хариуцагч Д.Лхамсүрэн, С.Эрдэнэбаатар нарт холбогдуулан 15,000,0000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч нар Рабс тарих гэсэн юм хөрөнгө оруулалт хийгээч, ...15,000,000 төгрөг зээлээч..., ургацаа хураахаар ашгаасаа хүү тооцож мөнгийг өгнө гэсэн, ...15,000,000 төгрөгийг авснаа хүлээн зөвшөөрч байгаа..., ...хамтран ажиллахаар тохирсон зүйл байхгүй, хэрэв тохиролцсон бол идэвхитэй үйлдэл хийх ёстой байсан..., мөнгөө олж авах гэж газар дээр нь очсон..., эрүү үүсгэн тайлбар авахад 15,000,000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрсөн...” гэж тайлбарлаж байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Бид хамтран ажиллахаар тохирч ...Рабс тарьж ашигаа хувааж авахаар тохирсон. ...А.Навчаа 15,000,0000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн...,  үр тариа ургаагүй шатсан учир эрсдлээ адилхан л хүлээх ёстой...” гэж тайлбарлаж байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүх хуралдаанд талуудын гаргасан тайлбараас үзэхэд талуудын хооронд хамтран ажиллах болон зээлийн гэрээ байгуулагдсныг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байх бөгөөд нэхэмжлэгч А.Навчаа нь хариуцагч Д.Лхамсүрэн, С.Эрдэнэбаатар нарт 15,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн, авсан талаар талууд маргахгүй байна.

Хариуцагч нарт 15,000,000 төгрөгийг өгсөн талаарх үйл баримтыг талуудын хүсэл зориг нэгдэж, харилцан тохиролцсоны дагуу хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх боломжгүй, нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдаагүй гэж үзэхээр байна.

Хэрэгт авагдсан хариуцагч Д.Лхамсүрэнгийн Хүслэн Заяа Жаргал ХХК-тай 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан “Худалдах худалдан авах гэрээ /хэргийн 16-р тал/”, хариуцагч Д.Лхамсүрэнгийн гараар бичсэн мөнгийг хэрхэн зарцуулсан тухай тооцоо хийсэн 1 хуудас баримт /хэргийн 17-р тал, “РАПСИЙН ХАМГИЙН САЙН ҮР” гэсэн гарчиг бүхий 1 хуудас баримт /хэргийн 18-р тал/ нь талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэсэн хариуцагчийн тайлбарыг шууд нотолж чадахгүй байна.  

Хамтран ажиллах гэрээний зорилго нь хамтран ажиллах гэрээний талууд нь хамтын үйл ажиллагаа явуулж, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэх байдаг. Хамтран ажиллах гэрээний оролцогч нь зөвхөн хураамж төлснөөр гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй бөгөөд хамтын үйл ажиллагаанд тодорхой оролцоотой байх шаардлагатай байдаг. Гэтэл хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараас үзэхэд энэ талаар тохиролцсон талаар болон хэн хэн ямар оролцоотой байсан, ямар үйл ажиллагааг хийх ёстой байсан нь тогтоогдохгүй байх тул талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Дээрх тайлбар, үйл баримтыг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч нь хариуцагч нарт 15,000,000 төгрөгийг өгсөн талаар талууд маргахгүй байх тул зохигчидын хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь зээлийн гэрээг бичгийн хэлбэрээр байгуулаагүй тохиолдолд гэрээний талууд харилцан тохиролцсоны дагуу мөнгө, эсхүл эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр тэдгээрийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр  зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу эд хөрөнгө шилжүүлэх, зэлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээх ба А.Навчаа нь 15,000,000 төгрөгийг хариуцагч нарт хүлээлгэн өгсөн, хариуцагч нар уг мөнгийг “намар ургац хураасны дараа буцаан төлөх”-өөр харилцан тохирсон боловч уг төлбөрөө төлөөгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагч нараас 15,000,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

 Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардагыг хангаж хариуцагч Д.Лхамсүрэнгээс 7,500,000 төгрөг, хариуцагч С.Эрдэнэбаатараас 7,500,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А.Навчаад олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-д заасныг баримтлан хариуцагч Д.Л 7,500,000 төгрөг, хариуцагч С.Э 7,500,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А.Н олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 232,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.А олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ч.НЯМСҮРЭН