Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2026/00254

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Б.Азбаяр, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 191/ШШ2025/10373 дугаар шийдвэртэй,

 

*******гийн нэхэмжлэлтэй,

******* ТӨХХК-д холбогдох,

 

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Би, хариуцагч ******* ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б-70 дугаар тушаалыг эс зөвшөөрч Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан боловч талууд харилцан тохиролцоогүй тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Хариуцагч компанийн гүйцэтгэх захирлын тус Б-70 дугаар сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалд ...Захиргаа, удирдлагын газрын дарга Батаагийн Батзаяа нь албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргаж зорилтот бүлгийн иргэдэд олгогдох орон сууцнаас өөрийн төрсөн ах дүү нартаа өгсөн нь *******,*******ын 2023 оны 05 сарын 18-ны өдрийн 1/1851 дугаар албан бичгийн хавсралтаар ирүүлсэн илтгэх хуудас, ******* ТӨХХК-ийн Дотоод аудиторын 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2025 оны 07 сарын 08-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсугай..." гэх үндэслэл заан ажлаас чөлөөлсөн юм.

Миний бие үүрэгт ажилдаа хариуцлагатай хандаж, хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ биелүүлж ажиллаж ирсэн бөгөөд өөрийн хамаарал бүхий этгээдэд ажил, албан тушаалаа ашиглан тэдэнд давуу байдал бий болгосон үйлдлийг огт гаргаж байгаагүй бөгөөд хэрэв энэ мэт үйлдэл гаргасан бол ажлаа өөрийн сайн дураар өгөх хэмжээний ёс зүй надад байгааг зориуд хэлье.

...Өөрөөр хэлбэл, би гүйцэтгэж байсан ажил албан тушаал нь зорилтот бүлгийн иргэдэд орон сууц олгох шийдвэр огт гаргадаггүй, өөрийн ажил албан тушаалыг ашиглан ах, дүү нартаа орон сууц олгож байсан удаагүй юм.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т заасан Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэх хуулийн зохицуулалтыг илт зөрчсөн.

Иймд, хариуцагч ******* ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 07 сарын 08-ны өдрийн Б-70 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаал болох Захиргаа удирдлагын газрын даргаар эргүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл даатгалыг нөхөн бичилт хийхийг хариуцагчид тус тус даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

*******г Хөдөлмөрийн гэрээний 4.2.1, 4.2.2 дахь заалтыг тус тус зөрчсөн, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ гүйцэтгээгүй, албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал олгож захиргааны шийдвэр гаргахад нөлөөлсөн гэдэг үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн.

******* ТӨХХК-ийн Дотоод аудитор 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн дүгнэлтэд ...төрөл саднаа албан тушаал, танил тал, мэдээлэлд ойр давуу байдлаа ашиглан, сонгон шалгаруулалтгүйгээр түрээсийн орон сууцанд хамруулан, ашиг сонирхлын зөрчил гаргасан гэж хардах үндэслэлтэй байна... гээд ...Авлигатай тэмцэх газарт шилжүүлэн шалгуулах саналтай байна... гэжээ. Нийгмийн сүлжээгээр сөрөг мэдээлэл гарсантай холбогдуулан манай компанийн төлөөлөн удирдах зөвлөлөөс өгсөн үүргийн дагуу түрээслэх болон түрээслээд өмчлөх 1520 гэрээний хувийн хэрэгт шалгалт хийхэд дээрх мэдээлэл батлагдсан бөгөөд 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/81 тоот тушаалаар иргэн Д.Энхзаяатай байгуулсан гэрээг цуцалсан өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр БУ-2/АН-121 гэрээ байгуулах өдөр хүртэл иргэдэд түрээсийн сул орон сууц байхгүй гэсэн тайлбар хүргүүлсний 5-ыг нь Захиргаа удирдлагын газрын дарга ******* нь гарын үсэг зурж явуулсан байдаг.

...Нэхэмжлэгч нь албан тушаалаа урвуулан ашиглаж, зорилтот бүлгийн иргэдэд олгогдох орон сууцыг хууль бусаар ах, дүү нартаа өгсөн. Мөн энэ давтан зөрчил гаргасан нь баримтаар нотлогдсон. Ажил олгогч нь тухайн үед Авлигатай тэмцэх газраас шалгагдаж байсан тул шууд тайлбар авах боломжгүй нөхцөлд тушаал гаргасан. 2025 оны 07 дугаар сард дахин шалгалт хийж зөрчил арилаагүй нь тогтоогдсон ба мөн 2025 оны 10 дугаар сард Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг нээсэн нь тушаалын үндэслэл болсон. Тушаал гаргахдаа дотоод журам, сайдын албан бичиг, аудитын дүгнэлт зэрэг бүх баримтыг үндэслэсэн.

...2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1/1851 дугаар албан бичгээр *******,*******ын тушаалаар ирүүлсэн хяналт шалгалтын илтгэх хуудасны дүгнэлтэд дурдсанчлан Тамгын дарга ******* нь өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн ах, дүү, бэр болон бусад төрөл садандаа давуу байдал олгож, сонгон шалгаруулалтгүйгээр гэрээ байгуулсан нь нотлох баримтаар тогтоогдсон. Уг зөрчлийг арилгах, холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох албан бичиг тухайн үед илгээсэн ч тэр үеийн удирдлагууд арга хэмжээ аваагүй, зөрчил нуун дарагдуулсан хэвээр байсан. Улмаар 2025 оны 06 дугаар сард дотоод аудитор хүүхэд асрах чөлөөнөөс ирж, 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн аудиторын дүгнэлт болон 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1/1851 дугаар хяналт шалгалтын илтгэх хуудсаар илэрсэн зөрчил арилаагүй, ажилтанд арга хэмжээ аваагүй талаар ******* ТӨХХК-ийн захиралд албан ёсоор мэдээлэл өгсөн нь зөрчил давтан байсаар байсныг нотолж байна.

2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/70 дугаар тушаалаар ******* ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Хөдөлмөрийн тухай хуулийн 123.2.5 дугаар зүйлийн дагуу *******г ажлаас чөлөөлсөн нь, давтан зөрчил, албан тушаалаа урвуулан ашигласан үйлдлийн үндсэн дээр хуульд нийцсэн шийдвэр юм.

...Хууль зүйн үндэслэлийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 123.2.5 давтан зөрчил гаргасан (2023 онд илэрсэн зорилтот бүлгийн орон сууцын хууль бус олголт, 2025 онд дахин батлагдсан зөрчил), Хөдөлмөрийн гэрээний 5.4.8, 5.4.10-р заалтуудыг үндэслэл болгосон.

Давтан зөрчил, албан тушаалаа урвуулан ашигласан үйлдэлд тулгуурласан, Аудиторын мэдээлэл нь баталгаажуулалт болгон ашигласан, Авлигатай тэмцэх газрын эрүүгийн хэрэг нь тушаалын үндэс биш, зөвхөн нөхцөл байдлыг баталгаажуулсан гэж тус тус үзэж байна. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******г ******* ТӨХХК-ийн Захиргаа удирдлагын газрын дарга-ын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагчаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 30,629,712 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагч ******* ТӨХХК- даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч ******* ТӨХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 311,099 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, улсын орлогоос 70,200 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:

Нэг. Нэхэмжлэгч ******* нь тухайн үед Авлигатай тэмцэх газарт хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаанд шалгагдаж байсан нь талуудын хооронд маргаангүй баримт юм. Ийм нөхцөлд түүнээс тайлбар авах нь эрүүгийн хэрэгт нөлөөлөх, өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчих бодит эрсдэлийг үүсгэх нөхцөлтэй байсан. Иймд, тайлбар аваагүй нь санаатай процессын зөрчил бус, зайлшгүй хууль зүйн болгоомжлолын хүрээнд гаргасан шийдвэр болно.

******* ТӨХХК нь төрийн өмчит хуулийн этгээд бөгөөд Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа-г заавал хэрэгжүүлэх субъектэд хамаарахгүй. Анхан шатны шүүх захиргааны маргаанд хэрэглэдэг стандартыг хөдөлмөрийн маргаанд механикаар хэрэглэсэн нь хууль хэрэглээний алдаа юм.

Хоёр. Нэхэмжлэгч *******д тайлбар өгөх боломж бодитоор олгогдсон. 2023 онд холбогдох яамнаас хяналт шалгалт явуулж, шалгалтын илтгэх хуудас, дүгнэлтэд *******д хариуцлага тооцох тухай тодорхой тусгагдсан бөгөөд эдгээр баримтууд хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан. Хөдөлмөрийн тухай хуульд сахилгын шийтгэл ногдуулахын өмнө тайлбарыг заавал тушаал гаргахаас өмнө дахин тусад нь авах тухай шууд зохицуулалт байхгүй.

Гурав. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-д заасан сахилгын арга хэмжээг заавал шат дараатай хэрэглэх ёстой гэж дүгнэсэн нь хуулийн агуулгад нийцэхгүй.

Нэхэмжлэгч ******* нь зорилтот бүлгийн иргэдэд олгох орон сууцыг сонгон шалгаруулалт явуулахгүй өөрийн хамаарал бүхий 4 иргэнд түрээслэх ёстой орон сууцыг шууд өмчлүүлж, байгууллагын санхүүгийн эх үүсвэрт бодит хохирол учруулсан нь яамны болон дотоод аудитын 2023 оны дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд эдгээр баримтууд хавтаст хэрэгт бүрэн авагдсан. Эдгээр нь итгэл алдсан, нийтийн эрх ашигт ноцтой хохирол учруулсан, давтан гарах эрсдэл өндөртэй хүнд зөрчил тул шууд ажлаас чөлөөлөх үндэслэлд хамаарна.

Дөрөв. Нэхэмжлэгч нь орон сууц борлуулалтын мэргэжилтнээр ажиллаж байсан, байр чөлөөлөх ажлын хэсгийн даргаар ажиллаж байсан, олон зуун иргэнд орон сууцтай холбоотой албан бичиг олгож байсан туршлагатай этгээд юм. Ийм өндөр мэдлэг, туршлагатай хүн дээрх зөрчлийг санамсаргүй гаргасан гэж үзэх боломжгүй.

Taв. Ойрын хугацаанд олон мянган айлын орон сууцыг зорилтот бүлгийн иргэдэд олгох нөхцөл бүрдэж байгаа энэ үед өмнө нь ашиг сонирхлын зөрчил гаргасан этгээдийг дахин ажилд эгүүлэн томилох нь нийтийн эрх ашигт бодит, өндөр эрсдэлийг үүсгэнэ.

Зургаа. Ажил олгогч нь нэхэмжлэгчийг гэм буруутайд тооцоогүй бөгөөд эрүүгийн хэрэгт оролцож, ял шийтгэл оногдуулах дүгнэлт гаргаагүй. Харин түүний гаргасан үйлдэл нь итгэл хүлээсэн албан тушаалд цаашид ажиллуулах боломжгүй бодит эрсдэлийг үүсгэсэн гэж үнэлсэн болно.

Долоо. Нийтийн эрх ашиг гэдэг нь заавал тоон хохирлоор бус, тухайн үйлдэл олон нийтийн тэгш боломжид нөлөөлсөн эсэхээр үнэлэгдэх эрх зүйн ойлголт юм.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаалд сахилгын зөрчил гаргасан учир Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгосон гэх агуулга бүхий тушаал гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-д заасан сахилгын зөрчлийг гаргасан гэж тушаалд дурдсан бөгөөд уг тушаалд мөн хуулийн 123.3, 123.8 дахь хэсэгт зааснаар дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т сахилгын зөрчлийг давтан гаргасан болон хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан ноцтой зөрчил гаргасан гэх 2 тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохоор заасан. Нэхэмжлэгч талаас уг үндэслэлээр ажлаас чөлөөлөх тухай тушаалыг үндэслэлгүй гэж маргасан. Гэвч хариуцагч тал уг тушаалын үндэслэлийг тодорхойлохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасан зөрчил гаргасан болох нь тогтоогдсон учир түүнд тохирсон сахилгын шийтгэл оногдуулсан гэж тайлбарладаг. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь хэсэгт заасан зөрчил гаргасан гэх үйл баримт тогтоогдоогүй гэх дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтоор нэхэмжлэгч ******* нь хариуцагч байгууллагын хэрэгжүүлж буй орон сууцны хөтөлбөрт зорилтот бүлгийн иргэдийг хамруулах чиг үүргийг хэрэгжүүлдэггүй болох нь тогтоогдсон.

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-д заасан зөрчилтэй холбоотойгоор дүгнэхдээ мөн хуулийн 123.8 дахь хэсэгт заасныг үндэслэсэн. 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн илтгэх хуудас, 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн дотоод аудитын дүгнэлт гэх баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, 07 дугаар сарын 08-ны өдөр сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаалын үндэслэлд дүгнэлт хийсэн. Баримтад тулгуурлан цаг хугацааны хувьд нөхцөл байдлыг дүгнэсэн нь үндэслэлтэй. Иймд хариуцагч талын гомдолд дурдагдаж буй ажил олгогчийн итгэлийг алдсан болон сахилгын зөрчил гаргасан гэх үйл баримт нотлогддоггүй. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсанаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй тул гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ТӨХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Тодруулбал,

 

нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...миний гүйцэтгэж байсан ажил албан тушаал нь зорилтот бүлгийн иргэдэд орон сууц олгох шийдвэр огт гаргадаггүй, би өөрийн ажил албан тушаалыг ашиглан ах, дүү нартаа орон сууц олгож байсан удаагүй, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т заасан сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэх хуулийн зохицуулалтыг илт зөрчсөн... гэсэн бол,

 

хариуцагч нь ...нэхэмжлэгч нь Захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллах хугацаандаа захиргааны шийдвэр гаргаж зорилтот бүлгийн иргэдэд олгогдох орон сууцнаас өөрийн төрсөн ах, дүү нартаа өгсөн нь *******,*******ын 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1/1851 дугаар албан бичгийн хавсралтаар ирүүлсэн илтгэх хуудас болон ******* ТӨХХК-ийн дотоод аудиторын 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон... гэжээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

 

3. Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ТӨХХК-д 2014 оноос ажиллаж эхэлсэн бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс Захиргаа, удирдлагын газрын даргаар томилогдон ажиллаж байхад нь түүнийг тус байгууллагын гүйцэтгэх захирлын 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/70 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5, Байгууллагын дүрмийн 10 дугаар зүйлийн 10.10.8, Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.1, 7.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргаж, зорилтот бүлгийн иргэдэд олгогдох орон сууцнаас өөрийн төрсөн ах, дүү нартаа өгсөн нь тогтоогдсон гэх үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон байна. /х.х-ийн 1, 5, 78-83/

 

Зохигч нар тэдгээрийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн талаар маргаагүй боловч нэхэмжлэгч нь ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, улмаар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

 

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлийн талаар зохицуулсан бөгөөд хариуцагч ******* ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн тушаалд нэхэмжлэгч *******г хуулийн чухам аль үндэслэлээр ажил, албан тушаалаас нь чөлөөлж байгаа талаар тухайлан дурдаагүй боловч нэхэмжлэгчийг ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн байна.

 

Тодруулбал, дээр дурдсан хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажилтныг ажил, албан тушаалаас нь чөлөөлж болно.

 

5. Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар хариуцагч ******* ТӨХХК нь хүн амыг хямд үнэтэй, чанартай орон сууцаар хангах, төрийн бодлогыг хэрэгжүүлэх, төрөөс зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах, хөнгөлөлттэй бодлогыг хэрэгжүүлэхээр үүсгэн байгуулагдсан төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани ба нэхэмжлэгч *******г хамаарал бүхий этгээдүүддээ зорилтот бүлгийн иргэдэд өгөх орон сууцыг сонгон шалгаруулалт явуулахгүйгээр өгсөн гэж буруутгасан үндэслэлийг тодруулбал,

 

5.1. *******,*******ын 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1/1851 тоот албан бичгээр Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд иргэдээс сонгон шалгаруулалтын талаар уг яаманд ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу ******* ТӨХХК-ийн үйл ажиллагаанд хэсэгчилсэн хяналт шалгалт хийхэд нэхэмжлэгч *******г өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн ах , дүү , бэр эгч гийн эгч , нарт давуу байдал бий болгож, сонгон шалгаруулалтгүйгээр гэрээ байгуулсан болох нь тогтоогдсон гэж, /х.х-ийн 112-114/

 

5.2. Хариуцагч ******* ТӨХХК-ийн дотоод аудитор ын 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр дүгнэлтэд *******г өөрийн хамаарал бүхий этгээдүүдийг албан тушаал, танил тал, мэдээлэлд ойр давуу байдлаа ашиглан сонгон шалгаруулалтгүйгээр түрээсийн орон сууцанд хамруулан, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн гэж хардах үндэслэлтэй гэж үзэж, улмаар Авлигатай тэмцэх газарт шалгуулах санал гаргажээ. /х.х-ийн 96-100/

 

Зохигч дээрх илтгэх хуудас болон дотоод аудиторын дүгнэлтэд дурдсан 13 иргэнтэй 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрүүдэд гэрээ байгуулсан талаар маргаагүй.

 

6. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Доор дурдсан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна гээд 4.1.3-т төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан гэж тус тус заажээ.

 

Өөрөөр хэлбэл, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан нийтийн албан тушаалтанд хамаарна.

 

Уг ойлголтын хүрээнд нэхэмжлэгч ******* нь нийтийн албан тушаалтны талаар олон нийтийн итгэх итгэлийг хамгаалах зарчимд үндэслэн дээр дурдсан хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж зааснаар өөртэй нь хамаарал бүхий этгээдтэй холбоотой аливаа шийдвэр гаргахаас татгалзах үүрэгтэй.

 

Харин гагцхүү тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1, 8.5.2-т тус тус зааснаар шийдвэр гаргах өөр этгээд байхгүй болон мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар шаардагдах бол шийдвэр гаргах эрх зөвшөөрөгдөж болно.

 

7. Гэвч хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараар нэхэмжлэгч ******* нь хамаарал бүхий этгээдүүддээ зорилтот бүлгийн иргэдэд өгөх орон сууцыг сонгон шалгаруулалт явуулахгүйгээр олгосон болох нь тогтоогдохгүй байна.

 

7.1. Нэхэмжлэгч *******гийн хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтыг тус тус үзвэл тэрээр төрийн өмчийн орон сууцыг зорилтот бүлгийн иргэдэд олгохтой холбоотойгоор тэдгээрийг сонгон шалгаруулалт явуулах, сонгогдсон иргэнтэй гэрээ, хэлэлцээр байгуулах үйл ажиллагаанд оролцдоггүй байна. /х.х.-ийн 11-16, 78-81/

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь төрийн өмчийн орон сууцыг сонгон шалгаруулалтын журмаар иргэдэд олгоход тодорхой эрх эдэлж, үүрэг хүлээдэг эрх бүхий албан тушаалтан байх тохиолдолд өөртэй нь хамаарал бүхий этгээдтэй холбоотой шийдвэр гаргахаас татгалзах үүргээ хэрэгжүүлэх ёстой хэдий ч тухайн ажил үүрэг нэхэмжлэгчийн ажлын байрны чиг үүрэгт хамааралгүй байх тул түүнийг татгалзах үүргээ хэрэгжүүлээгүй гэж шууд буруутгах боломжгүй.

 

7.2. ******* ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/17 тоот тушаалаар төрийн өмчийн орон сууцыг түрээслэн амьдарч буй иргэд гэрээ зөрчсөнтэй холбогдуулан орон сууцыг хүлээн авах, хэвийн болон хэвийн бус элэгдэл, хорогдол тооцох, нөхөн төлүүлэх зорилгоор байгуулагдсан ажлын хэсгийг нэхэмжлэгч ******* нь ахалж ажилласан хэдий ч энэ хугацаанд нэхэмжлэгчийг дээр дурдсан нэр бүхий өөртэй нь хамааралтай этгээдүүдтэй холбоотой шийдвэр гаргасан гэдгийг хариуцагчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар нотлоогүй. /х.х-ийн 84/

 

8. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Албан тушаалтан өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, мөн эдгээрт бэлтгэхэд өөрийн албан тушаалын байдлаа ашиглан аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно гэж заасан.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ******* нь нийтийн албан тушаалтны хувьд эрхлэх ажлынхан хүрээнд тус чиг үүрэг хамаарахгүй боловч өөртэй нь хамаарал бүхий этгээдийн талаар бусад этгээд шийдвэр гаргахад нөлөөлж болохгүй.

 

Хэргийн баримтаар нэхэмжлэгч *******г түүний хамаарал бүхий этгээдүүдтэй холбоотой 13 иргэнтэй 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд орон сууц олгох эсэх талаар шийдвэр гаргахад нөлөөлсөн гэх баримтгүй, Авлигатай тэмцэх газраас нэхэмжлэгчийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэргийг шалгаад хааж шийдвэрлэсэн талаар зохигч маргаагүй. /давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэл/

 

9. Хариуцагч ******* ТӨХХК-ийн баталсан дотоод дүрэм, журмын дагуу зорилтот бүлгийн иргэдэд олгох орон сууцыг олгоход зохион байгуулах, хяналт тавих, шийдвэр гаргах эрх бүхий этгээдүүдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч *******гийн хамаарал бүхий хүмүүс сонгон шалгаруулалтад орохгүйгээр орон сууц эзэмшсэн байгааг нэхэмжлэгчийг үүнд шууд нөлөөлсөн гэж дүгнэхэд учир дутагдалтай болно.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч болон хариуцагчийн эрх зүйн байдалтай холбоотойгоор Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг тайлбарлаж хэрэглээгүйг давж заалдах шатны шүүхээс дээрх байдлаар нэмж дүгнэнэ.

 

Иймд, нэхэмжлэгч *******г өөрийн хамаарал бүхий этгээдүүдийг албан тушаал, танил тал, мэдээлэлд ойр давуу байдлаа ашиглан сонгон шалгаруулалтгүйгээр түрээсийн орон сууцанд хамруулан, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул энэ талаарх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авахгүй.

 

10. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан.

 

Хэдийгээр хэргийн баримтаар нэхэмжлэгч ******* нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдоогүй боловч *******,наас 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн илтгэх хуудаст дурдсан зөрчлийн талаар ******* ТӨХХК-д 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 1/1851 тоот албан бичгээр, мөн нэхэмжлэгч байгууллагын дотоод аудиторын дүгнэлт 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр гарсан байхад хариуцагч нь нэхэмжлэгчийг 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд өөрийн хамаарал эрх бүхий этгээдүүдэд орон сууц олгосон зөрчил гаргасан гэж 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа тоолох журамд нийцэхгүй байгааг үүгээр нэмж дурдана. /х.х-ийн 112-114, 96-97/

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн тушаалд дурдсан зөрчлийг гаргаагүй гэж дүгнэж, түүнийг эгүүлэн урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд буцаан томилж, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсийг зөв тооцож шийдвэрлэсэн байна.

 

11. Иймд, дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 191/ШШ2025/10373 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 311,099 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА

 

ШҮҮГЧИД  Б.АЗБАЯР

 

Б.МАНДАЛБАЯР