Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2026/00145

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Б.Азбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 191/ШШ2025/09347 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******, *******, *******

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 261,022,822 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн БГ22/06/06 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, барьцаа хөрөнгөөс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 ******* нь *******, ******* нартай 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ЗГ22/06/06 дугаар зээлийн гэрээ байгуулж, 300,000,000 төгрөгийг, сарын 2,5 хувийн хүүтэй, 15 сарын хугацаатай, бизнесийн зээлийн зориулалтаар зээлдүүлэхээр тохиролцсон. Мөн өдөр *******тай БГ22/06/06 дугаартай барьцааны гэрээг байгуулж, зээлийн барьцаанд түүний өмчлөлийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, , , , , хаягт байршилтай, 176.24 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан.

1.2 Зээлдэгч нарт гэрээний дагуу 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 50,000,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 20,000,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 50,000,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 20,000,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 10,000,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 5,000,000 төгрөг, нийт 155,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Зээлдэгч нар 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр үндсэн зээлээс 1,144,090 төгрөг, зээлийн хүүгээс 16,434,247 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 13,048 төгрөг, нийт 17,591,385 төгрөгийг төлсөн.

1.3 Зээлдэгч нар зээлийн гэрээнд заасан зээл буцаан төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн тул манай компанийн зүгээс зээлээ зогсоож, зээлдэгч нараас зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдлээр шаардаж, утсаар мэдэгдэх, уулзах зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр хийгдээгүй байна.

1.4 Иймд, *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 153,855,910 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 92,819,374 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 14,347,539 төгрөг, нийт 261,022,822 төгрөг гаргуулж, *******д холбогдуулан зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, , , , , хаягт байршилтай, 176.24 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч *******, ******* нарын тайлбар, татгалзлын агуулга:

2.1 хувьд уг зээлийг авсан, ******* эд хөрөнгийг барьцаалсан нь үнэн, зээлийн гэрээ байгуулсантай холбоотой маргахгүй.

2.2 ******* нь зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан. Уг зээлийн 5,000,000 төгрөг нь 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр түүний хувийн дансаар орж ирсэн ба уг зээлийг мөн оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өмнө нь авсан байсан зээлийн хамт 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Иймд *******н авсан зээл хаагдсан гэж үзэж байна гэжээ.

3. Хариуцагч ******* тайлбар, татгалзлын агуулга:

3.1 Миний бие *******д туслахаар , , , , хаягт байршилтай, 176.24 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2 сарын хугацаатай зээлийн барьцаанд тавих болсон. Бид хамтдаа 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ******* дээр очиж урьдаас бэлтгэсэн барьцааны гэрээ, барьцаалбар гэх цаасан дээр гарын үсэг зурсан. Надад хэдэн төгрөгийн зээлийн барьцаанд, хэдэн сарын хугацаатай тавьж байгаа талаар тайлбарлаагүй, зээлийн гэрээг харуулалгүй, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авч үлдсэн.

3.2 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ******* намайг дуудаж нотариат орж Барьцаанаас чөлөөлөх тухай итгэмжлэл хийлгэнэ, барьцаанд тавьсан байрыг чөлөөлж өгнө. Тэр үед чамайг гүйлгээд төвөг удаад байхгүй. Би өөрөө хөөцөлдөөд барьцаанаас суллаж бичиг баримтыг чинь аваад өгнө гэсэн. Иймд би итгэж 2 сарын хугацаатай итгэмжлэл хийж явуулсан. Гэтэл маргааш нь дахин нотариат дээр дуудаж дахиад нэг итгэмжлэл хийх шаардлага гараад байна гэж дуудсан. Ингээд Барьцаа хөрөнгийг ББСБ-д барьцаалах, барьцааны гэрээг бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх, холбогдох бичиг баримтад гарын үсэг зурахад итгэмжлэл шаардлагатай гэж хоёр дахь итгэмжлэлийг хийлгэж авсан.

3.3 Миний бие тухайн зээлийг аваагүй, зээлийн гэрээний оролцогч биш бөгөөд ямар нэгэн мөнгө аваагүй. Хоёр сарын хугацаатай өөрийн байраа барьцаанд тавьсан боловч энэ этгээдүүдээс болж эдийн засгийн эргэлтэнд оруулж чадахгүй хохирч байна. Эдгээр хүмүүс бүгд бие биенээ сайн мэдэх хамааралтай этгээдүүд бөгөөд хүний эд хөрөнгө барьцаанд тавиулж, өөрсдөө ашигласан. Иймд миний бие Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдөл гомдол гаргасан. Гэтэл гэмт хэргийн шинжгүй гэж хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан.

Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

4. Хариуцагч ******* сөрөг шаардлага, үндэслэлийн агуулга:

4.1 ******* нь тус зээл олгож буй *******-д өмнө нь гүйцэтгэх захирлаар ажилладаг байсан. Ийм ч учраас *******-аас өөрсдийн нэр дээр буюу зээлдэгч *******, хамтран үүрэг гүйцэтгэгч ******* нар ЗГ22/06/06 дугаар зээлийн гэрээ байгуулан зээл авсан. Зээл олгож байгаа ******* нь ч энэ хэрэгт намайг татан оролцуулахдаа *******, ******* нар зээл авч байгаа болохыг хэлээгүй, хэдэн төгрөгийн зээлийн барьцаанд хэдий хэрийн хугацаанд барьцаалж байгааг тайлбарлаж, танилцуулалгүйгээр хуурч мэхэлж оролцсон. Эдгээр хүмүүс бүгд өөр хоорондоо сүлбээтэй бөгөөд намайг хуурч мэхэлж, худал хугацаа хэлж үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан байна.

Иймд Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасны дагуу барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, барьцаа хөрөнгөөс чөлөөлж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

5.1 Зээлийн болон барьцааны гэрээ ямар нэгэн дарамт шахалт, гадны нөлөө байхгүйгээр талуудын хүсэл зоригийн илэрхийллээр байгуулагдсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний хавсралт дахь зээл буцаан төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн тул манай компанийн зүгээс зээлээ зогсоож, зээлдэгч нараас зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдлээр шаардаж, утсаар мэдэгдэх, уулзах зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр хийгдээгүй. *******, *******, ******* нар хамтдаа ирж зээл авсан. Зээлийн гэрээний 2.1.2, барьцааны гэрээний 2.1.1-д олгож буй зээлийн хэмжээ тодорхой бичигдсэн, бүгд уншиж танилцаж хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурж гуравдагч этгээд болох нотариатаар батлуулж улсын бүртгэлд бүртгүүлж хуулийн дагуу зээл авсан.

5.2 Зээлдэгч ******* нь манай компанид 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллаж 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ажлаасаа гарсан, *******, *******, ******* нар манай компанид хандаж зээл авсан. Холбогдох хуулийн хүрээнд *******, *******, ******* нарт зээл олгосон гэжээ.

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

6.1 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас 137,408,615 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 123,614,207 төгрөг, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг баримтлан хариуцагч ******* *******, ******* нарын хооронд байгуулагдсан 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн БГ22/06/06 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тооцож, , , , , од байрлах 176.24 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч *******-ийн 1,533,265 төгрөг, хариуцагч ******* сөрөг нэхэмжлэлийн шаардлагад 140,400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******-иас 140,400 төгрөгийг гаргуулан хариуцагч *******д олгож, хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 844,993 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэсэн.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

7.1 Манай компани *******, ******* нартай зээлийн гэрээ байгуулж, хэрэв зээлдэгч нар нь зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд ******* өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцож барьцааны гэрээг *******тай байгуулсан, гэрээ хүчин төгөлдөр.

7.2 Зээлийн мөнгөн хөрөнгө 155,000,000 төгрөгийг *******, ******* нарт олгож эхэлсэн боловч зээлдэгч нар нь гэрээнд заасан үүргээ зөрчиж, эргэн төлөх төлбөрөө төлөөгүй учир манай компанийн зүгээс зээл олгохоо зогсоосон. Гэтэл анхан шатны шүүх ******* нь 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр *******тай 155,000,000 төгрөгийн барьцааны гэрээ байгуулаагүй, 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний дагуу *******, ******* нарт 300,000,000 төгрөгийг олгоогүй, Иргэний хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь нотлох баримтыг буруу үнэлж, дүгнэсэн байна.

7.3 Барьцаалуулагч *******тай 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр БГ22/06/06 дугаартай барьцааны гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйлийн 453.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт нийцсэн, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Дээрх барьцааны гэрээг байгуулахад *******д хэн, хэрхэн яаж нөлөөлсөн эсэх, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хэрхэн хамаарч байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, энэ талаарх баримт хэргийн материалд байхгүй байхад анхан шатны шүүх хийсвэр дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байна.

Мөн зээлдэгч *******, ******* нь манай компанитай ямар нэгэн холбоо байхгүй, 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Ш20/37 дугаар ажлаас чөлөөлөх тухай шийдвэрээр ажлаасаа чөлөөлөгдсөн, барьцааны гэрээг байгуулахад *******д манай компанийн зүгээс дарамт, шахалт үзүүлж нөлөөлсөн зүйл байхгүй.

7.4 Мөн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1352 дугаар итгэмжлэл, 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 0247 дугаар итгэмжлэлээр ******* нь *******д Чингэлтэй дүүргийн , , , хаягт байршилтай, 176.24 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг банк болон ББСБ-д зээлийн барьцаанд бариулах, барьцааны гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцаалбар үйлдэж гарын үсэг зурах, бүртгэлээс лавлагаа хүсэх, хүлээн авах, холбогдох баримт бичигт төлөөлж гарын үсэг зурах, дээрх хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх, төлбөр тооцоо нийлэх, өмчлөх эрхийн гэрчилгээг барьцаалагч этгээдээс гардан хүлээн авах, улсын бүртгэлд бүртгүүлэх, хүлээн авах үйлдэл хийх бүрэн эрхийг Иргэний хуулийн 62, 64 дүгээр зүйлд заасныг үндэслэн 3 сарын хугацаатай олгосон.

2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр БГ22/06/06 дугаартай барьцааны гэрээ, 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн барьцаалбарыг барьцаалуулагч ******* нь танилцаж, эрх зүйн үр дагаврыг ойлгож гарын үсэг зурсан бөгөөд ямар нэгэн хөндлөнгийн нөлөө дарамт шахалтгүйгээр байгуулсан Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хуулийн хүчин төгөлдөр хэлцэл юм.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн нь хууль болон талуудын хооронд байгуулсан гэрээнд нийцэхгүй, талуудын гэрээний чөлөөт байдалд буруу дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна.

Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

8. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч ******* итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

8.1 Нэхэмжлэгч ******* нь иргэн *******, ******* нартай 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ЗГ22/06/06 дугаар зээлийн гэрээ байгуулж, 300,000,000 төгрөгийг авахаар болсон. Гэвч зээлдүүлэгч нь 300,000,000 төгрөгийг зээлдэгч нарт бодитоор гаргаж өгөөгүй. Энэ талаар нэхэмжлэгчийн төлөөлөгч болон хариуцагч *******, ******* нар шүүх хуралдааны явцад зээлийн гэрээний дагуу 300,000,000 төгрөг аваагүй 155,000,000 төгрөг авсан гэж тайлбарласан. Зээлдүүлэгч нь гэрээнд заасан төлбөрийн үүргээ гүйцэтгээгүй тул тус зээлийн гэрээнд заасан үүрэг гүйцэтгэх боломжгүй бөгөөд гэрээ хүчин төгөлдөр бус болох үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан гэрээ хүчин төгөлдөр бус юм.

8.2 Зээлдүүлэгч *******-аас зээлдэгч *******, ******* нарт дараах зээлүүдийг гэрээгүйгээр олгосон. *******д 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 50,000,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 20,000,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 20,000,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 10,000,000 төгрөг, *******д 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 5,000,000 төгрөгийн зээлийг тус тус гаргасан. Энэ зээлүүдийг авсан, олгосон талаар зээлдүүлэгч болон зээлдэгч нар маргаагүй. Үүнээс үзвэл зээлдүүлэгч *******-аас зээлдэгч *******, ******* нарт 6 удаагийн зээлийг бичгийн гэрээгүй олгосон гэдэгтэй нийцэж байна. Иймд зээлдүүлэгч ******* нь хуульд заасан шаардлага хангаагүй гэрээ байгуулан зээл олгосноор хүү, алданги тооцох эрхээ алдсан гэж үзэж байна.

8.3 Барьцааны гэрээ нь 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан. , , , хаягт байршилтай, 176.24 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангах хэрэгсэл болгон барьцаалсан. Гэвч тус барьцаалбар нь ******* болон иргэн *******, ******* нартай 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан 300,000,000 төгрөгийг барьцаанд хамаарах ёстой. Тус зээл олгогдоогүй учраас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгч ******* нь *******тай 155,000,000 төгрөгийн зээлийн барьцааны гэрээ байгуулаагүй болохыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

8.4 Мөн нэхэмжлэгч ******* нь барьцааны гэрээг байгуулахдаа барьцаалагчид гэрээг зохих ёсоор тайлбарлаагүй болохыг анхан шатны шүүх хурал дээр нэхэмжлэгчийн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах болсон талаар үндэслэл бүхий нотлох баримтгүй байсан. Нэхэмжлэгч ******* нь *******тай 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан барьцааны гэрээг тайлбарлахдаа *******-аас иргэн *******, ******* нарт олгосон 155,000,000 төгрөгийн зээлийн барьцаа хөрөнгө хэмээн тайлбарласан. Энэ нь ******* нь *******, ******* нартай 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 300,000,000 төгрөгийн зээлийн гэрээнээс өөр дүнтэй зээл байсан болох нь тодорхой болсон. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.5 дахь хэсэгт заасантай нийцсэн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

9. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

9.1 Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 153,855,910 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 92,819,374 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 14,347,539 төгрөг, нийт 261,022,822 төгрөг гаргуулах, хариуцагч *******д холбогдуулан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.1 Хариуцагч *******, ******* нар нэхэмжлэлийн шаардлагыг ... хувьд уг зээлийг авсан. ******* зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан. Уг зээлийн 5,000,000 төгрөг нь *******н хувийн дансаар орж ирсэн ба дээрх өөрийн авсан зээлийг төлсөн тул зээл хаагдсан гэж, хариуцагч ******* нь ...барьцааны гэрээг хууран мэхэлж байгуулсан. *******, ******* нар зээл авч байгаа болохыг хэлээгүй, хэдэн төгрөгийн зээлийн барьцаанд хэдий хэрийн хугацаанд барьцаалж байгааг тайлбарлаж, танилцуулаагүй гэж тус тус үгүйсгэн маргаж, 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн БГ22/06/06 дугаар барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, барьцаа хөрөнгөөс чөлөөлүүлэхээр сөрөг шаардлага гаргасан. Нэхэмжлэгч сөрөг шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

3. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээний талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

4. Зээлийн гэрээний үүрэгт 261,022,822 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

4.1 ******* болон *******, ******* нарын хооронд 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ЗГ22/06/06 дугаартай зээлийн гэрээ байгуулагдсан. Гэрээгээр зээлдүүлэгч ******* нь 300,000,000 төгрөгийг, сарын 2,5 хувийн хүүтэй, 15 сарын хугацаатай зээлдэгч *******, ******* нарт зээлдүүлэх, зээлдэгч нар нь зээлийг тохирсон хугацаанд хүүгийн хамт нэхэмжлэгчид буцаан төлөхөөр харилцан тохиролцсон байна. /1хх 12-14/

4.2 Дээрх зээлийн гэрээний дагуу ******* нь 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 50,000,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 20,000,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 50,000,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 20,000,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 10,000,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 5,000,000 төгрөг, нийт 155,000,000 төгрөгийг хариуцагч *******, ******* нарт шилжүүлсэн /1хх 20-25/ үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь зээлийн гэрээнд заасан 300,000,000 төгрөгөөс 155,000,000 төгрөгийг дээрх хугацаанд хариуцагч *******, ******* нарт олгосон, улмаар зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон үйл баримт тогтоогдсон.

5. Нэхэмжлэгч нь хэдийгээр зээлийн гэрээнд заасан мөнгөн хөрөнгөөс 155,000,000 төгрөгийг шилжүүлж, үлдэх хэсгийг шилжүүлээгүй нь талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан гэрээний харилцаа үүсээгүй гэж үзэх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, 155,000,000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэгч ******* болон хариуцагч *******, ******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

5.1 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

5.2 Хэргийн 11 дүгээр талд авагдсан Зээлийн тооцооны хүснэгт-ээс үзэхэд зээлдэгч нар нь үндсэн зээлийн төлбөрт 1,144,090 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 16,434,247 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 13,048 төгрөг нийт 17,591,385 төгрөг төлсөн, уг хугацаанаас хойш зээлийн гэрээний үүрэгт төлбөр төлөөгүй болох нь дээрх Зээлийн тооцооны хүснэгт гэх нотлох баримтаар тогтоогдож байхаас гадна хариуцагч нар үүнийг баримтаар үгүйсгэж чадаагүй байна.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******, ******* нараас шүүхэд нэхэмжлэл гаргасан 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 153,855,910 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 92,819,374 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 14,347,539 төгрөг, нийт 261,022,822 төгрөгийг шаардах эрхтэй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулна.

5.3 Хариуцагч ******* нь тухайн зээлийн гэрээний харилцаанд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч байх тул түүний ...зээлийн 5,000,000 төгрөг нь 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр миний хувийн дансаар орж ирсэн ба дээрх өөрийн авсан зээлийг төлсөн тул зээл хаагдсан гэх татгалзал үндэслэлгүй.

6. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд:

6.1 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ******* болон ******* нар БГ22/06/06 дугаартай Барьцааны гэрээ-г байгуулж, дээрх ******* болон *******, ******* нарын хооронд байгуулагдсан ЗГ22/06/06 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд ******* өмчлөлийн, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, , , , , хаягт байршилтай, 176.24 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна. /1хх 15-16/

Дээрх барьцааны гэрээнд барьцаалагчийг төлөөлж *******-ийн гүйцэтгэх захирал , барьцаалуулагч ******* нар гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Барьцааны зүйл болох дээрх үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр ******* улсын бүртгэлд бүртгэлтэй байна. /1хх 10/

6.2 Мөн БГ22/06/06 дугаартай барьцааны гэрээний 1.1-д ...талуудын хооронд 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан ЗГ22/06/06 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах, төлбөрийг зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу хугацаанд нь хийж гүйцэтгэх баталгаа болгон зээлдэгчийн өмчлөлд байгаа хөрөнгийг барьцаалах зорилгоор дараах гэрээний нөхцлүүдийг хүлээн зөвшөөрч энэхүү гэрээг байгуулав гэж, гэрээний 2.1.1-д үндсэн зээл 300,000,000, 2.1.2-т гэрээт хугацааны нэг сарын хүү 2.5% гэж тус тус тусгасан байна. /1хх 15/

6.3 Иймд барьцааны гэрээ нь гэрээний талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж, хэн аль нь гарын үсэг зурсан, хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр барьцааны гэрээ гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.

6.4 Түүнчлэн, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах, барилга байгууламж, орон сууц барих, засан сайжруулах зорилгоор тухайн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж зээл авах гэрээ байгуулахаас өмнө барьцаалагч нь барьцаалуулагчид мэдээллийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр өгч, тайлбарлах үүрэгтэй. Нэхэмжлэгч нь мэдээллийг хариуцагч *******д тайлбарлаагүй боловч уг мэдээллийг тайлбарлаагүй нь гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй.

Мөн дээрх барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

6.5 Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй гэж заасан. Энэ тохиолдолд үүссэн бодит нөхцөл байдлын талаар хуурч мэхлэх тодорхой үйлдэл хийгдсэн, шалтгаант холбоо тогтоогдсон байхыг шаардана. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь хариуцагч хууран мэхэлж барьцааны гэрээ байгуулсан гэх байдал тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч ******* сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулна.

6.6 Харин хариуцагч *******, ******* нар нь үл хөдлөх эд хөрөнгийг нэг сарын хугацаатай барьцаанд тавьж авч өгнө гэсэн боловч намайг хууран мэхэлсэн гэх хариуцагч ******* татгалзал нь нэхэмжлэгчид хамааралгүй.

7. 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ******* нь *******д дээрх үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлж, төлбөр тооцоо нийлэх, өмчлөх эрхийн гэрчилгээг барьцаалагч этгээдээс гардан хүлээн авах, холбогдох бичиг баримтад төлөөлж гарын үсэг зурах, лавлагаа хүсэх, хүлээн авах, барьцааг улсын бүртгэлд бүртгүүлэх хүлээн авах үйлдэл хийх бүрэн эрхийг 2 сарын хугацаатай олгосон. /1хх 92/ Мөн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ******* нь *******д мөн тухайн үл хөдлөх хөрөнгийг банк болон ББСБ-ийн зээлийн барьцаанд бариулах, мөн Түлш импортлогч компанитай зээлээр түлш худалдан авах гэрээний төлбөрийн барьцаанд бариулах, барьцааны гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцаалбар үйлдэж гарын үсэг зурах, барьцааны гэрээг бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх, бичиг баримт хүлээн авах, улсын бүртгэлээс лавлагаа хүсэх, хүлээн авах, холбогдох бичиг баримтад төлөөлж гарын үсэг зурах үйлдэх хийх бүрэн эрхийг 2 сарын хугацаатай олгожээ. /1хх 93/

Дээрх хоёр итгэмжлэлийг ******* нь барьцааны гэрээ байгуулсан 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс хойш *******д олгосон байхаас гадна хариуцагч ******* нь барьцааны гэрээг нэхэмжлэгчтэй биечлэн байгуулсан тул уг итгэмжлэл нь барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй. Өөрөөр хэлбэл, тухайн итгэмжлэл нь энэхүү хэрэгт хамааралгүй.

7.1 Мөн хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад хувьцаа эзэмшигчийн хурлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Ш20/37 дугаар шийдвэрээр ажлаас чөлөөлөгдсөн /1хх 99/ нь зээлийн болон барьцааны гэрээг ******* болон хариуцагч *******, ******* нар хууран мэхэлж хийсэн гэх нөхцөл байдлыг бий болгохгүй, уг байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч *******, ******* нар нь зээлийн гэрээний үүрэг 261,022,822 төгрөгийг сайн дураар төлөөгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцааны хөрөнгө болох ******* өмчлөлийн, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, , , , , хаягт байршилтай, 176.24 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан өөрчлөлт оруулна.

8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 191/ШШ2025/09347 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас 261,022,822 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай. гэж,

тогтоох хэсэгт 2 дахь заалт нэмж, уг заалтад Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******, ******* нар зээлийн гэрээний үүрэг 261,022,822 төгрөгийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох ******* өмчлөлийн, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, , , , , хаягт байршилтай, 176.24 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. гэж нэмж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 3 гэж өөрчлөн дугаарлан, уг заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч *******-д холбогдох, *******, ******* нарын хооронд байгуулагдсан 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн БГ22/06/06 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах болон хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, , , , , хаягт байрлах, 176.24 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай хариуцагч ******* сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 4 гэж өөрчлөн дугаарлан, уг заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******-аас төлсөн 1,533,265 төгрөгийг, хариуцагч ******* төлсөн 140,400 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,463,064 төгрөг, хариуцагч *******ас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай. гэж тус тус өөрчилж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтыг 5 гэж өөрчлөн дугаарлаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******-аас төлсөн 846,300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

 

ШҮҮГЧИД Б.АЗБАЯР

 

М.БАЯСГАЛАН