Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 166

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун

Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Цагдаагийн газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн  Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ат холбогдох эрүүгийн ...  дугаартай хэргийг 2019 оны 09 сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Б.А, 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч  Б.А нь 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 4 дүгээр багийн нутагт иргэн Э.Эийг түлхэж унагаан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Аын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн : .... 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр14 цагийн үед би Эийнд очоод хүүхэд буулгачихаад хөдөлтөл машины араас чулуу авч чулуудахаар нь буугаад чи яагаад байгаа юм бэ гэхэд гэр лүүгээ орчихсон. Гэрт нь ороод маргахад олон залгуураар нүүр лүү шавхараад байхаар нь чи тэнэг юм уу гэж хэлээд түлхэж унагаагаад гарсан. Тэр үед угаалтуур дээр ойчоод сууж байсан. Дараа нь толгой нь хагараад оёдол тавиулсан гэж эмнэлгийн хүнээс мэдсэн...” гэсэн мэдүүлэг

 

Хохирогч Э.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А машинтайгаа явах гээд хөдлөхөөр нь би араас нь машин руу нь чулуу авч шидсэн юм. Тэгээд А машинаасаа бууж ирсэн би гэрлүү орж байсан болохоор миний араас орж ирээд манай гэрийн үүдний коридорт намайг түлхэж унагахад би ард байсан угаалтуурын өнцөгт толгойгоороо мөргөөд толгойгоо хагалсан юм. А намайг түлхэж унагаачихаад л гараад явсан. Аыг гарч явсанаас хойш миний толгойноос цус гараад тогтохгүй байсан учир эмнэлэг дээр очиж оёдол тавиулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 3 дугаар хуудас/

 

Гэрч Т.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э.Эийн амьдардаг гэрт нь яваад очиход Э байшингынхаа коридорт толгойгоо дараад сууж байсан. Би яасан юм гэж асуухад Э хэлэхдээ А намайг түлхсэн чинь нүүр гарын угаалтуурыг мөргөөд унахдаа толгойгоо хагалчихлаа гэж хэлсэн..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/

Шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн ... дугаартай: “...Э.Эийн биед толгойн шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна". Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 20 дугаар хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан  эсэхийг шалгах хуудас / хх-30 дугаар хуудас / зэргийг шинжлэн судлав.

      

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.А нь 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 4 дүгээр багийн нутагт байх иргэн Э.Эийг түлхэж унагаснаас гэрт байсан угаалтуур мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Э.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд А машинаасаа бууж ирсэн би гэрлүү орж байсан болохоор миний араас орж ирээд манай гэрийн үүдний коридорт намайг түлхэж унагахад би ард байсан угаалтуурын өнцөгт толгойгоороо мөргөөд толгойгоо хагалсан юм…” гэсэн мэдүүлэг, Гэрч Т.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э.Эийн амьдардаг гэрт нь яваад очиход Э байшингынхаа коридорт толгойгоо дараад сууж байсан. Би яасан юм гэж асуухад Э хэлэхдээ А намайг түлхсэн чинь нүүр гарын угаалтуурыг мөргөөд унахдаа толгойгоо хагалчихлаа гэж хэлсэн..” гэсэн мэдүүлэг, Шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн ... дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Ат холбогдох хэргийг прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугийн талаар маргаагүй байх тул шүүгдэгч Б.Аыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Б.Ат холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Баярсайханы Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн/ түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурор, өмгөөлөгчийн санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д  заасан хугацаанд төлүүлэхээр тогтоов.

 

Хохирогч Э.Э нь мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д Б.А нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар /хх-ийн 30/ тогтоогдож байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1.Шүүгдэгч И овогт Б. Арыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Арт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ар нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

4.Шүүгдэгч Б.Ар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй  болохыг  дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Арт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.АДЪЯАСҮРЭН