| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2024/05215/И |
| Дугаар | 210/МА2026/00146 |
| Огноо | 2026-01-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 210/МА2026/00146
*******, ******* нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Б.Мандалбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 192/ШШ2025/08860 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******, *******
Хариуцагч: *******, *******
Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах хэлцэл байгуулсан болохыг тогтоолгох, худалдан авсан газар болон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэн өгөхийг даалгах,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, *******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч *******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч нарын өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 *******, ******* нар 2021 оны 06 дугаар сард хариуцагч нарын өмчлөлийн, *******, *******, тоот хаягт байрлах, газар, байшинг 35,000,000 төгрөгөөр худалдан авах, урьдчилгаа 10,000,000 төгрөг төлж, үлдэх 25,000,000 төгрөгийг 2 жилийн хугацаанд сар бүр тогтмол дүнгээр төлөхөөр *******тэй амаар харилцан тохиролцсон.
1.2 Урьдчилгаа төлбөрт бэлэн 10,000,000 төгрөг байгаагүй тул 3,000,000 төгрөгийг *******өд шилжүүлж, 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хашаа, байшиндаа нүүж орсон. Урьдчилгаа төлбөрөөс үлдэх 7,000,000 төгрөгийг бэлнээр шууд төлөх боломжгүй байсан тул ******* банк бус санхүүгийн байгууллагад тус худалдан авч байгаа үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, 7,000,000 төгрөгийн зээл авахаар болсон. Тус зээлийг нэхэмжлэгч нар 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, нийт 12 сарын хугацаанд сар бүр 795,000 төгрөгийг түүний данс руу шилжүүлж, нийт 9,540,000 төгрөгийг бүрэн төлж дуусгасан. Үүгээрээ нэхэмжлэгч нар урьдчилгаа төлбөр болох 10,000,000 төгрөгийг төлсөн.
1.3 Үлдэх 25,000,000 төгрөгийг тохиролцсоны дагуу бид 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүртэл нийт 7,000,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдөр дуустал нийт 22,100,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд *******өд 29,100,000 төгрөгийг төлсөн. Ийнхүү нийт 41,640,000 төгрөгийг хашаа, байшинг худалдан авах зорилгоор шилжүүлсэн.
1.4 Гэтэл ******* нь хашаа, байшингийн газрын гэр болон бусад бичиг баримтуудыг надад шилжүүлж өгөхгүй өнөөдрийг хүрсэн. Мөн хэрэгцээ гарсан гэх шалтгаанаар худалдан авсан хашаа, байшинг барьцаалж банк бус санхүүгийн байгууллагаас дахин зээл авсан байсан. Мөн тэрээр танай газар үнэлгээнд орж байгаа юмаа, наад газар чинь ойролцоогоор 200,000,000 төгрөг юм байна, хоёулаа хуваагаад авъя гэдэг саналыг надад хэлсэн. Би тухайн саналыг нь зөвшөөрөөгүй бөгөөд газрын гэрчилгээг надад хурдан шилжүүлж өгөх тухай хэлсэн.
Иймд *******, ******* болон *******, ******* нарын хооронд худалдах, худалдан авах хэлцэл байгуулсан болохыг тогтоож, тухайн хэлцлийн дагуу худалдан авсан газрын гэрчилгээ болон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэн өгөхийг *******, ******* нарт даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч *******ийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 2021 оны 07 дугаар сарын эхээр ******* нь ...хашаа байшингаа хөлслүүлэх үү гэхэд нь би ...удаан хугацаагаар хөлсөлнө. Одоо айл амьдарч байгаа, тэд нарын хугацааг сунгахгүйгээр танайд хөлслүүлж болно гэж хэлснээр манай хашаанд нүүж ирсэн. Ингээд сарын 1,000,000 төгрөгөөр хашаа, байшинг хөлслөх гэрээг амаар тохиролцож, эхний ээлжид 3 сараар төлбөрөө өгөхөөр тохирсон. 2021 оны 07 дугаар сард эхний төлбөрийг хийсэн.
2.2 Ийнхүү хашаа, байшинг хөлслөх явцад нэхэмжлэгч нь ...таны хашаа байшинг бид бэлэн мөнгөөр худалдан авахад боломжгүй тул илүү төлөлт хийгээд алсдаа өөрсдийн болгох боломж бий эсэх талаар надтай ярьж эхэлсэн. Тэгэхэд би ...манай энд дулааны болон бохирын шугам 2016 онд орсон. Тийм учраас эгч нь зарах бодол алга гэсэн хариуг өгч байсан. ******* нь хөлсөө хугацаандаа өгөхгүй, бидний хооронд асуудал үүсэж, 2022 оны 07 дугаар сард нийт жилийн хугацаанд 9,000,000 гаруй төгрөг төлсөн.
2.3 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр дэд төвийн ажилтан манай газар болон хашаа, байшингийн хэмжилт зургийг очиж хийгээд, газарт орж байгаа талаар мэдээллийг *******өд өгсөн байсан. ******* манай ажил дээр ирж надтай ярилцсан. Түүнийг ...Эгчээ та хашаа байшингаа зарах хэвээрээ юу гэхэд нь би ...манайх газарт орсон. Зарахгүй ээ, харин танайх газраа чөлөөлж нүүх л байх даа гэдгийг хэлээд гаргасан. Нэхэмжлэгч нь өнөөдрийг хүртэл хашаа, байшин хөлсөлж суусны төлбөрөө манай хашаа, байшинг худалдан авсан мэтээр үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
3. Хариуцагч *******гийн тайлбар, татгалзлын агуулга:
3.1 Газар болон үл хөдлөх эд хөрөнгө нь бидний дундын эд хөрөнгө. Нэхэмжлэгч нар уг хөрөнгийг худалдан авах талаар надтай ямар нэг тохиролцоо, гэрээ хэлцэл хийгээгүй. Харин хашаа, байшингаа бусдад хөлслүүлж байгаа талаар ******* ярьж байсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Хариуцагч *******ийн сөрөг шаардлага, үндэслэлийн агуулга:
4.1 *******, ******* нар 2021 оны 07 дугаар сараас эхлэн манай хашаа, байшинг хөлслөн амьдарсан. 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс төлбөр төлөөгүй, мөн хашаа, байшинтай холбоотой маргаан үүсгэж өнөөдрийг хүртэл тус хашаа байшинд амьдарч байна. Иймд хашаа, байшинг нэхэмжлэгч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:
5.1 Нэхэмжлэгч нар нийт 41,640,000 төгрөгийг *******ийн дансанд шилжүүлсэн. Улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн баримтуудаас харахад 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 7,000,000 төгрөгийн зээл авсан байх бөгөөд тухайн зээлийн төлбөрт банк бус санхүүгийн байгууллагад сар бүр 700,000 орчим төгрөг төлдөг. Түүнийг *******, ******* нарын түүнд төлсөн мөнгөнөөс төлдөг байсан. Хариуцагч нар 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 30,000,000 төгрөгийн зээлийг банк бус санхүүгийн байгууллагаас авсан, эргэн төлөлтөд сар бүр тогтмол 1,300,000 төгрөг төлдөг байснаас харахад мөн нэхэмжлэгч нарыг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн төлүүлж байсан 1,300,000 төгрөгөөр төлүүлж байсан.
5.2 Талууд худалдах, худалдан авах хэлцэл хийсэн нь тогтоогдож байгаа. Нэхэмжлэгч нар худалдан авсан эд хөрөнгөө шаардаж байгаа нөхцөлд энэхүү сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэжээ.
6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
6.1 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын дугаарт бүртгэлтэй, *******, *******, , хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай, 643 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, эрхийн улсын дугаарт бүртгэлтэй, *******, *******, , хаягт байршилтай, 75 м.кв талбайтай хувийн сууц, эрхийн улсын дугаарт бүртгэлтэй, *******, *******, , хаягт байршилтай, 45 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг *******, ******* шилжүүлэн өгөхийг хариуцагч *******, ******* нарт даалгаж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хашаа, байшинг албадан чөлөөлүүлэх тухай хариуцагч *******ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******, ******* нараас 400,000 төгрөгийг гаргуулан -д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,950 төгрөг, хариуцагч *******өөс төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 332,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэсэн.
7. Хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
7.1 Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагадаа ...Тус хашаа байшин нь ******* болон түүний охин ******* нарын нэр дээр байдаг тул би эхнэр *******ийн хамт тэд нартай уулзан ярилцан дээрх хашаа байшинг 35,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон. Ингэхдээ урьдчилгаа төлбөрт 10,000,000 төгрөг шилжүүлэх, үлдэх төлбөр болох 25,000,000 төгрөгийг 2 жилийн хугацаанд cap бүр тогтмол дүнгээр төлөхөөр урьдчилан тохиролцсон гэж бичсэн байна. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч болон хариуцагч нар ярилцаад 10,000,000 төгрөгийг урьдчилгаанд өгье гэж тохирсон гэж ойлгогдож байна. Гэтэл амаар хийсэн хэлцлээ зөрчөөд 3,000,000 төгрөгийг шилжүүлснийг худалдах, худалдан авах гэрээний суурь хэлцэл буюу үүргийн хэлцэл байгуулагдсан гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй.
7.2 Хашаа байшин *******, ******* нарын нэр дээр өмчлөл нь хууль ёсны дагуу байхад тэр хүмүүс хашаа байшингаа барьцаанд тавих эсэх нь өмчлөгч нарын хууль ёсны эрх гэж үзэж байна. Авсан зээлээ нэхэмжлэгч нараар төлүүлж байсан гэх тайлбар үндэслэлтэй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй. Учир нь, *******ийн дансанд ганцхан нэхэмжлэгч нараас мөнгө орж ирдэггүй бөгөөд ******* нь өөрийн гэсэн данс эзэмших эрхтэй, хоолны газар ажиллуулдаг бизнес эрхэлдэг хүн учраас өдөр тутмын орлогуудаас яаж ялгаж зөвхөн нэхэмжлэгч нараас орж ирсэн мөнгийг зээлэнд төлж байгаа мэтээр дүгнээд байгаа нь ойлгомжгүй байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй байна.
7.3 Шүүх *******, ******* болон *******, ******* нарын хооронд худалдах, худалдан авах хэлцэл хийгдсэн эсэхийг тогтоолгүйгээр шууд ...үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг *******, ******* нарт шилжүүлэн өгөхийг хариуцагч *******, ******* нарт даалгасугай гэсэн нь ойлгомжгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлага хангаагүй.
7.4 Анхан шатны шүүх талуудын хооронд үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах хэлцэл байгуулагдсан гэж үзэж Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэг буюу эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шилжих зохицуулалтыг хэрэглэсэн нь буруу гэж үзэж байна. Учир нь талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой Иргэний хуулийн 109 дүгээр зүйлд заасан зохицуулалтад хамаарах харилцаа үүссэн эсэхэд дүгнэлт хийгээгүй нь хуульд нийцээгүй.
Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3, 110 дугаар зүйлийн 110.1, Улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар талуудын хооронд энэхүү хэлцэл хийгдээгүй гэж үзэхээр байна. Энэ хуулийн заалтыг шүүх үгүйсгэх үндэслэл үгүй юм. Хуульд тусгайлан гэрээний хэлбэрийг зааснаас хамгийн онцгой тохиолдол бол үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээ бөгөөд уг төрлийн гэрээг бичгээр байгуулж нотариатаар гэрчлүүлж улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасан байна.
Нөгөө талаар Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар *******, ******* нар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжүүлэх хэлцлийг эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй байгаа нь түүний эзэмшил хууль ёсны байх боломжгүй байна. Улмаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй байхад шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзнэ.
Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
8. Хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
8.1 Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй асуудлаар хэргийг шийдвэрлэж хамтран эзэмшигч ******* миний өмчлөх эрхийг ноцтой зөрчиж байна. Учир нь *******, ******* нар нь *******тэй худалдах, худалдан авах хэлцэл хийсэн болохыг тогтоож өгөхийг шүүхээс хүссэн атал шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт ямар үндэслэлтэйг үл дурдаж ...үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг *******, ******* нарт шилжүүлэн өгөхийг хариуцагч *******, ******* нарт даалгасугай гэсэн нь ойлгомжгүй, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн, хуулийн шаардлага хангаагүй байна.
8.2 Шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсэгт заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн буюу хамтран өмчлөгчийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэхгүй гэж дүгнэж байгаа нь хэлцлийн үндсэн шинж болох хуульд нийцсэн байх шаардлагыг хангаагүй, агуулгын хувьд хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал хүлээн авах боломжтой, нөгөө талын эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг болон холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байх гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Хэрвээ хэлцлийг хийсэн гэж дүгнэж байгаа бол дээрх хэлцэл нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэж байна.
8.3 Тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь гэрлэгч нар болон тэдний гэр бүлийн гишүүдийн дундын өмч бол худалдах, худалдан авах гэрээ байгуулж худалдан авагчид өмчлөлийг шилжүүлэхдээ худалдагч тал өөрийн гэр бүлийн насанд хүрсэн бүх гишүүдийн зөвшөөрлийг авч нотариатаар гэрчлүүлсэн байх тусгай шаардлагыг Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2 дахь хэсэгт зохицуулсан. Шүүх энэ заалтыг огт дурдаагүй нь маш ойлгомжгүй.
8.4 Би нэхэмжлэгч ******* гэдэг хүнийг зүс танихаас өөрөөр сайн танихгүй. Түүний эхнэр гэх ******* гэдэг хүнийг танихгүй, уулзаж байгаагүй. Эдгээр хүмүүстэй ямар нэгэн харилцаа холбоо тогтоож байгаагүй. Мөн миний дансаар ямар нэгэн хашаа байшинтай холбоотойгоор *******, ******* нараас мөнгөн орлогын гүйлгээ хийгдээгүй. Бидний хооронд хашаа байшин зарах талаар ямар нэгэн яриа, гэрээ хэлцэл хийгдээгүй. Би энэ талаар мэдэхгүй. Нэхэмжлэгч нартай худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй байхад шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн.
Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
9. Хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг агуулга:
9.1 Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн хувьд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.4, 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1, 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт тус тус зааснаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, түүнийг нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагатай байдаг.
Гэтэл анхан шатны шүүх хуулийн дээрх заалтыг үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулж, харин өмчлөх эрх шилжүүлэх хэлцлийн хэлбэрийг Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 109.3, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасан гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.
*******, ******* ******* нарын хооронд Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар хүсэл зоригоо илэрхийлж, хүсэл зориг нэгтгэсэн нь хангалтгүй бөгөөд Үл хөдлөх эд хөрөнгийн хувьд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.4, 109 дугаар зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1, 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт зааснаар гэрээг бичгээр байгуулж, түүнийг нотариатаар гэрчлүүлэн улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагатай гэж үзэж байна.
9.2 Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.10 дахь хэсэгт хуульд зааснаар бүртгүүлэх болон нотариатаар гэрчлүүлбэл зохих хуулийн шаардлага хангаагүй хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж хуульчилсан. Хэлцлийг ямар тохиолдолд байгуулагдсан гэж үздэг болохыг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2 дахь хэсэгт зохицуулсан байна. Хэрэв бүртгүүлэх гэрчлүүлэх шаардлагыг хуулиар тогтоож өгсөн бол талуудын хүсэл зориг нэгдсэнээр хэлцэл нь байгуулагдахгүй бөгөөд зөвхөн бүртгүүлсэн гэрчлүүлсэн тохиолдолд л хүчин төгөлдөр болно.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
10. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн тайлбарын агуулга:
10.1 Шүүх талуудын хооронд үүссэн харилцааг үүргийн хэлцэл байгуулагдсан гэж зөв дүгнэсэн. Гэрээ байгуулагдсан эсэх асуудлаар бус үүргийн хэлцэл байгуулагдсан гэж зөв дүгнэсэн. Үүргийн хэлцэл нь хувийн эрх зүйн салбарт хамаарах бөгөөд тэгш эрх бүхий субъектүүдийн хооронд үүссэн ижил түвшний эрх зүйн харилцааг зохицуулж байдаг. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан үүрэг үүссэн гэж үзэхийн тулд нэг суурь ойлголт байх хэрэгтэй. Энэ нь үүргийн хэлцэл юм. Иргэний хуульд үүрэг үүсгэхээр чиглэсэн харилцаа нь үүргийн хэлцлийг үүсгэдэг. Гэтэл хариуцагч нарын өмгөөлөгч болон төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдолд үүнийг ялгаж тайлбарлаагүй. Өөрөөр хэлбэл, өмчлөх эрхийг өөрчилдөг өмчийн хэлцлийг үүргийн хэлцэлтэй хольж тайлбарласан.
10.2 Бид үүргээ биелүүлэхийг даалгах буюу үүргээ биелүүлээд дууссан байхад нөгөө тал үүргээ биелүүлэхгүй байна гэх агуулгаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нар маргаан бүхий байшин дотор амьдарч байгаа. Өөрөөр хэлбэл, 2-3 жилийн өмнө нүүж орсон. Хэрэв хөлсөлж байсан бол өмчөө шилжүүлж өгөхгүй. Нэхэмжлэгч талын гаргасан тайлбар үндэслэлгүй гэж үзэж байна.
10.3 Мөн ******* өөрөөс нь зөвшөөрөл аваагүй гэж маргасан. Үүргээ биелүүлж дууссаны дараа зөвшөөрлийг хэрхэн олгох вэ гэх асуудлын талаар нэхэмжлэгч ******* тайлбарласан. Гадаадад байх учраас манай охин итгэмжлэл явуулна гэж хэлсэн. Хашаа байшин нь газарт орох болсон тул мөнгөө хувааж авах санаатай байсан бөгөөд манай байшингийн үнэ өссөн тул танайд зарсан 35,000,000 төгрөгийг гаргаж өгье гэж нэхэмжлэгч нар ярьсан. 200,000,000 төгрөгийг тал талаар нь хувааж авах зорилготой байсан гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан, худалдах, худалдан авах хэлцэл байгуулсан болохыг тогтоолгож, худалдан авсан газар болон хувийн сууцны гэрчилгээг шилжүүлэн өгөхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасан.
2.1 Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч, *******, *******, , хаягт байрлах газар, хувийн сууцыг нэхэмжлэгч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нар сөрөг шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.
4. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдсон байна.
4.1 Улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, *******, *******, , хаягт байршилтай, 643 м.кв талбайтай газар, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, мөн хаягт байршилтай, 75 м.кв талбайтай хувийн сууц, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, мөн хаягт байршилтай, 45 м.кв талбайтай хувийн сууцны хууль ёсны өмчлөгчөөр *******, ******* нар улсын бүртгэлд бүртгэлтэй. /1хх 55-57/
4.2 ******* нь -тай 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ЗГ0806203779 дугаартай зээлийн гэрээ байгуулж, гэрээгээр зээлдүүлэгч 7,000,000 төгрөгийг, жилийн 30 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нь гэрээгээр тохирсон хуваарийн дагуу зээл, хүүгийн хамт буцаан төлөхөөр харилцан тохиролцсон. Мөн өдөр үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулж, дээрх маргааны зүйл болж буй газар, хувийн сууцыг барьцаалсан байна. /2хх 11-15/
4.3 Мөн ******* нь -тай 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ӨХЗГ/22/154 дугаар зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч нь 30,000,000 төгрөгийг, жилийн 21.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нь гэрээгээр тохирсон хуваарийн дагуу зээл, хүүгийн хамт буцаан төлөхөөр харилцан тохиролцсон. Мөн өдөр БГ/3715 дугаартай барьцааны гэрээ байгуулж, маргааны зүйл болж буй газар, хувийн сууцыг барьцаалсан байна. /2хх 17-27/
4.4 Улмаар, 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр барьцааны гэрээг дуусгавар болгож, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаа хөрөнгөөс чөлөөлжээ. /1хх 246/
4.5 Нэхэмжлэгч ******* нь 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 3,000,000 төгрөг, мөн 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүртэл сар бүр 795,000 төгрөг буюу нийт 9,540,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэл нийт 29,100,000 төгрөг буюу бүгд 41,640,000 төгрөгийг хариуцагч *******өд шилжүүлсэн./1хх 6-44/ Уг үйл баримтад талууд маргаагүй.
4.6 Гэрч нь шүүхэд ...Үгүй, худалдана гэж байсан. Өөрөө бид хоёр цуг явж байхад дуудаж, худалдана гэсэн. ... Өмнө нь худалдана гэхээр ******* нь сонирхъё гэж ярьж байсан. Энэ талаар хоол идэж байхад тийм яриа болсон. Тухайн үед би байсан. Түүнээс хойш удаагүй байхад буюу 2-3 сарын дараа худалдахаар болсон гээд бид хоёр цуг явахад ирээд уулзаарай гээд залгасан гэж мэдүүлсэн. /1хх 167/ Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* гэрчээр ...Солонгос улсад байх үед манай хашаа байшин, газарт орсон гээд бид хоёр хамтран эзэмшигчээр байдаг байсан. Тэгээд хашаа байшингаа зарж байгаа гээд би элчин сайдаар дамжуулан итгэмжлэл хийж өгч байсан. ...2024 оны 07 сард гэж мэдүүлсэн. /1хх 169/
4.7 ******* нь 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр *******өд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг дэд төв-ийн бүтээн байгуулалтын ажлын нөлөөнд өртсөн тул газар чөлөөлөх, дахин төлөвлөлттэй холбоотой бүх үйлдэлд төлөөлөх дахин төлөвлөлттэй холбоотой гэрээ байгуулах, хоёрлосон болон гурвалсан гэрээ байгуулах гэрээнд төлөөлөх гарын үсэг зурах, зөвшилцөх нөхөн олговортой холбоотой гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, нөхөн олговор хүлээн авах, төлбөр тооцоог *******ийн Хаан банкны тоот дансанд хүлээн авах, үнэлгээний байгууллагад төлөөлөх үнэлгээтэй холбоотой баримт бичигт төлөөлөн гарын үсэг зурах, УБЕГ-т үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгох, хувийн хэргийг хаах тухай өргөдөл хүсэлт гаргах, газартай холбоотой бүх бичиг баримтад төлөөлж гарын үсэг зурах, худалдах арилжих гэрээ байгуулах, эрчим хүчний зохих байгууллага цахилгаан эрчим хүчээр хангуулах гэрээ цуцлах, шаардлагатай бичиг баримт бүрдүүлэх, бичиг баримтад төлөөлж гарын үсэг зурах, лавлагаа хүсэх, хүлээн авах, гэрээ цуцлах, холбогдох бичиг баримтад төлөөлж гарын үсэг зурах үйлдэл хийх бүрэн эрхийг 3 жилийн хугацаатай олгосон байна. /1хх 212/
4.8 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *******ийн дугаараас нэхэмжлэгч *******ийн дугаарт илгээсэн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн мессежинд Утсаа авахгүй бай, утсаа ав гэх, хариуцагч *******ийн дугаараас нэхэмжлэгч *******ийн дугаарт илгээсэн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Утсаа ав сэлдээс ярьж байна гэх, ...За утсаа авахгүй бол 4 жилийн түрээсээ бодоод эгчтэйгээ хаана уулзахаа мэдэж байна уу гэх, нэхэмжлэгч *******ийн дугаараас хариуцагч *******ийн дугаарт илгээсэн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Юун түрээс, би худалдаж авсан шүү гэх мессежүүдэд үзлэг хийжээ. /1хх 73-74/
4.9 -ийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 123 дугаар Түрээсийн үнэ тодорхойлсон тухай дүгнэлтэд ...*******, , , хаягт байршилтай үл хөдлөх хөрөнгө /хашаа, байшин/-ийн 2021 оны 07-р сарын 10-ны өдрөөс 2024 оны 03-р сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны нэг байшингийн сарын дундаж түрээсийн төлбөрийн зах зээлийн үнэ цэн 250-350 мянган төгрөгийн үнэ ханштай болохыг тодорхойлж байна гэсэн байна. /1хх 139-155/
4.10 Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч нар нь 2021 оны 06 дугаар сараас эзэмших эрхийг хариуцагч нараас шилжүүлэн авч, эзэмшиж байгаа үйл баримтад зохигч маргаагүй.
5. Үндсэн нэхэмжлэлийн тухайд:
5.1 Анхан шатны шүүх дээрх үйл баримт болон нотлох баримт, мөн зохигчийн тайлбар болон дансаар шилжүүлсэн гүйлгээний утга зэргийг харьцуулаад, хариуцагч *******, ******* нар нь дээрх газар болон хувийн сууцыг *******, ******* нарт худалдахаар харилцан тохиролцсон, талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцжээ. Учир нь, хариуцагч нар нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч нарт хөлслүүлсэн гэх татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан журмын дагуу баримтаар нотолж чадаагүй. Уг тохиолдолд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно. гэж, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.8, 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт зааснаар бодит үйлдлээр буюу нэхэмжлэгч нар тухайн үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж эхэлсэн цаг хугацаанаас хариуцагч нарт сар бүр мөнгөн хөрөнгө шилжүүлж байсан, үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч нар нь нэхэмжлэгч нарт шилжүүлэн өгснөөр мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үүргийн хэлцэл байгуулагдсан байна. Иймд ...худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй гэх хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй.
Түүнчлэн, хариуцагч ******* нь хариуцагч *******тэй нэгдмэл ашиг сонирхолтой этгээд байхаас гадна хариуцагч *******өд нэхэмжлэгч нараас шилжүүлсэн дээрх мөнгөн хөрөнгийг хүлээж авахаас татгалзсан ямар нэгэн үйлдэл гаргаагүй байх тул Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар түүнийг тухайн үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч нарт худалдах хүсэл зоригтой байсан гэж үзэхээр байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...нэхэмжлэгч нар нь *******тэй үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авахаар тохиролцоогүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
5.2 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
Худалдах-худалдан авах гэрээний гол зүйлийн нэг болох үнийн талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй байгааг давж заалдах шатны шүүх нэмж дүгнэнэ. Нэхэмжлэгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ гэрээний үнийн дүнг 35,000,000 төгрөг гэж тодорхойлсон боловч шүүх хуралдаанд гаргасан ...нийт 41,640,000 төгрөгийг хашаа байшинг худалдан авах зорилгоор хариуцагчид шилжүүлсэн гэх /2хх 95 ар тал/ тайлбарыг хариуцагч нар баримтаар үгүйсгээгүй тул давж заалдах шатны шүүх гэрээний үнийн дүн буюу тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 41,640,000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар талууд тохиролцсон гэж үзэв. Ийнхүү нэхэмжлэгч нар нь тухайн үнийг төлсөн боловч хариуцагч нар нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан тухайн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой баримт бичгийг нэхэмжлэгч нарын өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нар нь хариуцагч нараас шаардах эрхтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
5.3 Мөн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас худалдах, худалдан авах хэлцэл байгуулсан болохыг тогтоолгох хэсгийг бие даасан шаардлага бус, худалдан авсан газар болон хувийн сууцны гэрчилгээг шилжүүлэн өгөхийг даалгах шаардлагын үндэслэл гэж тодорхойлсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн байна. Учир нь, нэхэмжлэгч нар нь хариуцагч нарт холбогдуулан тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой баримт бичгийг өөрсдийн нэр дээр шилжүүлэхтэй холбоотой үүргийг шаардсан байх тул хариуцагч талын ...нэхэмжлэлд дурдаагүй асуудлыг шийдвэрлэсэн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
5.4 Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэх тохиолдолд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх журамтай. Гэрээний талууд газар болон хувийн сууцыг худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй нь уг хэлцлийг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэл болохгүй. Анхан шатны шүүх хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул хариуцагч талын ...хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл хийсэн гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
5.5 Түүнчлэн, хариуцагч ******* үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авах хэлцэлд худалдагч тал болж оролцсон гэж шүүх дүгнэсэн тул түүний ...хамтран өмчлөгчийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл, ...гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө байсан, надаас зөвшөөрөл аваагүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
6. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
6.1 Шүүх талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах хүчин төгөлдөр гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн. Мөн нэхэмжлэгч нар нь үүргийн хэлцлийн дагуу тухайн үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж байгаагаас гадна гэрээний үүргээ биелүүлсэн байх тул нэхэмжлэгч нарын эзэмшлийг хууль бус гэж үзэхгүй. Иймд анхан шатны шүүх хариуцагч нарыг үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч нарын эзэмшлээс шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт нийцсэн байх тул энэ талаарх хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй.
7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 192/ШШ2025/08860 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
М.БАЯСГАЛАН