Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2026/00174

 

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 191/ШШ2025/10815 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******, *******

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 132,689,046 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 *******, ******* нар нь *******-тай 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ЗГ3055107750 дугаартай орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 143,460,000 төгрөгийн орон сууцны зээлийг жилийн 8 хувийн хүүтэй, 298 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр БГ3055107750 дугаартай ипотекийн гэрээ байгуулж, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, *******, ******* нарын өмчлөлийн, *******, *******, ******* хотхон // гудамж дугаар байр, хаягт байршилтай, 79.7 м.кв талбайтай орон сууцыг, мөн өдөр БГ3055107750-А дугаартай ипотекийн гэрээ байгуулж, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, *******, ******* нарын өмчлөлийн, *******, *******, *******лол, ын гудамж, , хаягт байршилтай, 54.1 м.кв талбайтай орон сууцыг тус тус барьцаалсан.

1.2 *******, ******* нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөхгүй байх тул зээлийн гэрээний 4.4.1-д заасны дагуу гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар зээлийн төлбөрийг гаргуулна.

Иймд *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэл 129,348,070 төгрөг, зээлийн хүү 3,205,017 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,979 төгрөг, даатгалын төлбөрт 132,979.07 төгрөг, нийт 132,689,046 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч *******ийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 2017 оноос эхлээд ******* бид хоёр *******-д байраа урьдчилгаанд барьцаалж зээлд хамрагдсан. 2025 оны 02 дугаар сар хүртэл төлөлт хийгээд явж байсан. Зээлээ төлөхдөө зарим сард наана цаана төлөлт хийдэг байсан боловч тухайн сардаа багтаан төлж байсан. Зээлээ төлөөгүй саруудад миний хувьд хүнд байсан, эхнэр хүүхдээсээ тусдаа амьдраад 3-4 жил болсон.

2.2 Зээлдүүлэгчтэй очиж уулзан, ээлжийн амралтаа авч байгаад төлье гэж хэлсэн боловч ээлжийн амралтаа авч чадахгүй хойшилсон. Ингэж байтал хүүхдүүдийн сургалтын төлбөр төлөх хугацаа бас давхцсан. 2025 оны төлөлтийг төлж барагдуулаад гэрээгээ хэвийн үргэлжлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

3. Хариуцагч *******гийн тайлбар, татгалзлын агуулга:

3.1 Би *******тэй 2015 онд гэрлэлтээ батлуулан 2017 онд өөрийн өмчлөлийн эцэг эхээс өгсөн хуваарьт хөрөнгийг барьцаалан ипотекийн 8 хувийн хүүгээр орон сууц худалдан авах нөхцөл шаардлагыг хангаж, үндсэн зээлдэгчээр *******, хамтран зээлдэгчээр ******* орж 143,460,000 төгрөгийн зээлийг 2042 оны 01 дүгээр сард төлж дуусахаар гэрээ байгуулан авсан.

2022 оны 07 дугаар сард нөхөр *******тэй гэрлэлт цуцлуулах асуудлаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг гэрлэлт цуцлуулах асуудалтай холбоотой эд хөрөнгийн маргаантайгаас гадна уг ипотекийн зээлтэй орон сууцанд ******* амьдарч байгаа. 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр надад банкнаас мэдэгдэл өгч, тэр өдрөө зээлийг төл гэсэн байсан бөгөөд миний хувьд төрийн албан хаагч тэр хэмжээний зээлийг тийм богино хугацаанд төлөх боломжгүй байсан. Ийнхүү мэдэгдэл өгөөд удалгүй шүүхэд хандсан байна.

3.2 Би зээлийн гэрээний зөрчлөө арилгаад хэвийн төлөлтөөр төлөх, үндсэн зээлдэгчээр орох хүсэлт гаргасан боловч банкны зүгээс хүлээн аваагүй. Хэрэв ******* зээлээ төлөхгүй тохиолдолд зээлийн гэрээг шинэчлэн, өмчлөлийн хэлбэрээс ******* хуулийн дагуу хасагдах тохиолдолд уг зээлийг хуваарийн дагуу төлж, өөрийн эзэмшилд орон сууцыг шилжүүлэн авахад татгалзах зүйлгүй гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

4.1 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 225 дугаар зүйлийн 225.4.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч *******, ******* нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэгч -ийн зээлийн гэрээний үүрэгт нийт 132,689,046.53 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 891,595 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1 Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн үүргийг тогтоосон газар, хугацаандаа гүйцэтгэх ёстой бөгөөд хэрэв тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үл биелүүлсэн тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцох ба үүний улмаас зээлдүүлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ. Хариуцагч нар зээлийг төлбөрийн графикийн дагуу төлөөгүй. 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 304 хоногийн хугацаа хэтрэлттэй байна. Хүү тооцооллын хүснэгтийг буруу ойлгож шийдвэрлэсэн байна гэж үзэж байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй, харин шүүх мэдэгдлээс үзвэл үүргийн зөрчилтэй холбоотойгоор үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацааг боломжит хугацаагаар тогтоогоогүй, үр дүн гарах эсэх нь тодорхойгүй байхад урт хугацааны орон сууцны зээлийн гэрээнээс татгалзаж, гэрээний үүргийг шаардаж буй үндэслэл муутай байна гэж дүгнэсэн бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нарт зээл төлөх хугацаа боломжийг удаа дараа олгон төлөх хугацааг олгосон мэдэгдлүүдийг 2025 оны 04 дүгээр сарын 09, мөн оны 04 дүгээр сарын 28-ны өдөр зээл төлөх мэдэгдэл хаягаар хүргүүлэн хариуцагч нар ч уг мэдэгдлийг хүлээн авсан талаар шүүх хуралдааны явцад болон хариу тайлбартаа хүлээн зөвшөөрсөн. Хариуцагч *******тай 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс мөн оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл өдөр бүр утсаар холбогдож зээл төлөхийг мэдэгдсэн боловч хариуцагчаас зээлийн гэрээг шинэчлэн, өмчлөлийн хэлбэрээс ******* хасагдах тохиолдолд хуваарийн дагуу төлнө гэх зэрэг зээлийн төлбөрийг төлөх сонирхолгүй бөгөөд төлөлт хийгээгүй тул 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан.

5.2 Мөн Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1 дэх хэсэгт заасныг шүүх хэрэглээгүй байгаа нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтад дүгнэлт хийхдээ тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцээгүй. Зээлдэгч нарын зээлээ төлөөгүй хугацаа хэтрүүлсэн мөнгөн дүн нь ялимгүй зөрчил гэдэг талаар хууль болон гэрээнд тодорхойлогдоогүй бөгөөд гэрээний дагуу зээлээ эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхгүй хугацаа хэтрүүлсэн байх нь зээлийн гэрээний ноцтой зөрчил болох талаар зээлийн гэрээнд талууд тохиролцсон.

5.3 Хариуцагч нар нь нэхэмжлэл гаргах үед зээлийн гэрээний хавсралт 1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу нийт 98 удаагийн төлбөр төлөх ёстой байснаас 11 удаагийн төлбөрийг хугацаа хэтрэлтгүй төлсөн бусад төлбөр болох 87 удаагийн төлбөр хугацаа хэтрүүлж, зарим төлбөрийг төлөөгүй байгаа тул Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.13, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, 174 дүгээр зүйлийн 174.1, мөн зээлийн гэрээний 4.4.1-д заасны дагуу ******* гэрээг хугацаанаас өмнө нь шүүхийн журмаар цуцлуулахаар нэхэмжлэл гаргасан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

6. Хариуцагч ******* давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй.

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч *******гийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

7.1 Хавтаст хэргийн 28-29 дэх талд *******-аас хариуцагч нарт хүргүүлсэн 2 мэдэгдэл авагдсан. Тус мэдэгдэл нь 2025 оны 04 дүгээр сарын байдлаар 1,500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын байдлаар 3,800,000 төгрөгийн зээлийн зөрчилтэй гэх агуулга бүхий мэдэгдэл ба тухай бүрд зээлдэгч нарт мэдэгдлийг хүргүүлсэн байдаг. Үүнээс үзэхэд 2025 оны 02 дугаар сарын байдлаар хуваарьт төлөлтөөс төлөгдөөгүй үлдсэн дүн 0 байсан. 2025 оны 02 дугаар сараас хойших хугацаанд зээлийн төлөлтийг хийгээгүй. Нэхэмжлэгчээс хариуцагч нарт уг хугацаа хүртэлх хугацаанд зээлийн төлөлтийн хугацаа хэтрэлттэй байсан талаар мэдэгдэж байгаагүй буюу энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй.

7.2 Нэхэмжлэгчээс 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар нийт 304 хоногийн хугацаа хэтэрсэн гэж тооцсон хоногийн тооцоолол алдаатай. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ******* нь зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргасан буюу уг шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэл зээлдэгч нарын гэрээний үүргийн зөрчил ялимгүй зөрчилд тооцогдох эсэх талаар шүүхээс дүгнэж, үндэслэлтэй шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон талаар гомдолд дурдагдсан. Гэвч хариуцагч *******д 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 1 удаагийн л мэдэгдэл хүргүүлсэн.

Хавтаст хэрэгт авагдсан утсаар холбогдсон гэх тэмдэглэлүүдэд 1 удаа л хариуцагч *******тай холбогдсон гэх баримт байдаг. 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр мэдэгдэл хүргүүлэхдээ зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн төлөлтүүдийг өнөөдрийн дотор төлөх ёстой гэх агуулга бүхий мэдэгдэл хүргүүлсэн. Уг мэдэгдлийг хүргүүлсэн гэх ажилтан хариуцагч *******тэй холбогдоход 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулна, *******д мэдэгдэх шаардлагагүй гэх тайлбар хэлсэн байдаг. Хавтаст хэрэгт хариуцагч *******тэй утсаар холбогдсон талаарх тэмдэглэл авагдсан.

7.3 Нэмэлт хугацаа тогтоосон тохиолдолд хариуцагч *******д мөн адил нэмэлт хугацаа тогтоох ёстой байсан. Гэтэл 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр мэдэгдэл хүргүүлсэн атлаа тухайн өдрийн дотор төлөлт хийхийг шаардсан. Уг мэдэгдэл хүргүүлсэн өдрөөс 3 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Иймд хариуцагчийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1 дэх хэсэгт заасан үүргийн ялимгүй зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 129,348,070 төгрөг, хүүгийн төлбөрт 3,205,017 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,979 төгрөг, даатгалын төлбөрт 132,979 төгрөг, нийт 132,689,046 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

3. Талуудын хооронд 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ЗГ3055107750 дугаартай орон сууцны зээлийн гэрээ байгуулагдсан. Гэрээгээр зээлдүүлэгч ******* нь 143,460,000 төгрөгийг, жилийн 8 хувийн хүүтэй, 298 сарын хугацаатай хариуцагч нарт зээлдүүлэх, зээлдэгч *******, ******* нар нь гэрээгээр тохирсон хуваарийн дагуу зээл, хүүгийн хамт буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх 12-18/

3.1 Улмаар ******* болон *******, ******* нар мөн өдөр БГ3055107750, БГ3055107750-А дугаартай ипотекийн гэрээг тус тус байгуулж, БГ3055107750-А дугаар гэрээгээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч *******, ******* нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, *******, *******, *******лол, ын гудамж, , хаягт байршилтай, 54.1 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг, БГ3055107750 дугаар гэрээгээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд *******, ******* нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, *******, *******, ******* хотхон // гудамж, дугаар байр, хаягт байршилтай, 79.7 м.кв талбайтай орон сууцыг тус тус барьцаалсан байна. /хх 19-26/

4. Талууд зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал, мөн нэхэмжлэгчээс гэрээний зүйл болох 143,460,000 төгрөгийг хариуцагч нарт шилжүүлсэн үйл баримтын талаар маргаагүй.

5. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан барьцааны гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

5.1 Хариуцагч нар үндсэн зээлийн төлбөрт 14,111,929 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 63,342,201 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 6,098 төгрөг, даатгалын төлбөрт 1,242,286 төгрөг төлсөн. /хх 10/ Зээлдэгч нар нь сар бүрийн 15-ны өдөр төлбөрийг төлөх ёстой боловч зарим саруудад хугацаа хэтэрч байсан үйл баримтыг шүүх зөв тогтоосон.

5.2 ******* нь 018196507 дугаар мэдэгдлээр хариуцагч нарт үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрч буй талаар /хх 28/, мөн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 18/01/0376 дугаар мэдэгдлээр 3,816,365.18 төгрөгийн үүргийн зөрчил үүссэн талаар тус тус хариуцагч нарт мэдэгдсэн. /хх 29/

5.3 Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.

5.4 Хариуцагч нар нь зээлийн гэрээний хугацаанд зээлийн төлбөрийг хугацаа хэтрүүлэн төлж байсан зөрчил гаргасан боловч хариуцагч нарын гаргасан зөрчил, хэтрүүлсэн хугацаа, зээлийн эргэн төлөлтийн дүн, зээлийн гэрээний нийт хугацаа 298 сартай харьцуулан үзвэл уг зөрчил нь нэхэмжлэгч гэрээг хугацаанаас өмнө цуцлах хэмжээний ноцтой зөрчилд тооцогдохгүй байх тул анхан шатны шүүх хариуцагч нарын тухайн зөрчлийг ялимгүй зөрчилд тооцож, нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзах эрхгүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

6. ******* нь зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүргийг шаардах эрхгүй гэж шүүх дүгнэсэн тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлгүйг давж заалдах шатны шүүхээс нэмж дүгнэв.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ холбогдох хуулийн зохицуулалтыг зөв баримтлаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулан Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт тус тус заасныг баримталсан өөрчлөлт оруулна.

7.1 Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт зохигчийн давж заалдах гомдол гаргах эрхийг дурдаагүй байгааг нэмсэн өөрчлөлт оруулна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 191/ШШ2025/10815 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтын 225 дугаар зүйлийн 225.4.1-д гэснийг 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт гэж өөрчилж,

тогтоох хэсэгт 4 дэх заалт нэмж, уг заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 891,595 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ

ШҮҮГЧИД Н.ГЭРЭЛТУЯА

М.БАЯСГАЛАН