Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2019/ШЦТ/114

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн

Улсын яллагч Б.Оюунцэцэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болормаа

Шүүгдэгч А.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Оюунцэцэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.М-д холбогдох 1916002420119 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт А-н М.

Шүүгдэгч А.М-н 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Говь-Алтай аймгийн Халиун сумын Яргайтын ам гэх газарт хохирогч П.Г-н өмчлөлийн Мустанг-5 маркийн мотоциклийг хууль бусаар шатааж, хохирогч П.Г-д 1.850.000 төгрөгний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах” гэмт хэрэгт хамаарна. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч А.М-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...А бид хоёр хоорондоо муудалцаад намайг цохиж авахаар нь чи яах гээд байгаа юм болиоч гэсэн. Чамайг алчихад яадаг юм пизда минь гэхээр нь пизда минь чиний унаж яваа мотоциклийг шатаана гэхэд чаддаг юм бол шатаа гэсэн. Тэгэхээр нь шарандаа шатаачихсан ... хийсэн үйлдлээ зөвшөөрч байна ... 1.850.000 төгрөгөөр шинэ мотоцикль авч өгсөн...”  гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч П.Г-н мөрдөн байцаалтад өгсөн “... Миний мотоциклийг миний зээ М шатаасан нь үнэн бөгөөд миний хохирлыг бүрэн барагдуулсан байгаа...” гэсэн мэдүүлэг /ХХ23-25/,

Гэрч Г.Ө-н мөрдөн байцаалтад өгсөн “...А ах М-д чи айл амьтан дамжаад яваад байхгүй нэг айлын малыг тогтож хариул гэж уурлаж нүүр лүү нь 2 удаа алгадаж цохисон байсан. Тэр үед М уур нь хүрч надад энэ А-н унаж яваа мотоциклийг нь шатаачихвал Г ах надад юу хэлдэг юм бэ гэж байсан юм. Тэгээд бид хэд сууж юм ярьж байх үеэр М босоод явсан бөгөөд 10 минут орчмын дараа мотоцикль шатаж байсныг мэдсэн. Тэгсэн М шатаж байсан мотоциклиос гол  руу  гүйж би  ус  аваад  ирье  гэж байсан.  Тэр мотоциклийг  М шатаасан...” гэсэн мэдүүлэг /ХХ30-32/,

Гэрч Д.Г-н мөрдөн байцаалтад өгсөн “... Гэнэт гал гарсан. Тэгээд бид хэд гүйгээд яваад очиход А-н унаж ирсэн мотоцикль шатаж байсан. Тэгээд А нь өөрийн дээлээ тайлж унтраах гээд ороолгож цохисон болов ч дээл нь шатаад байсан. Тэгэхээр нь тэр дээлийг голын усанд норгож ирээд галыг унтраах гэсэн болов ч дээл нь шатаж дууссан бөгөөд шатаж байсан мотоциклийг унтраах боломжгүй болсон ... хэн шатаачихав гэж асуухад манай тэр хэд л М шатаачихлаа, саяхан эндээс гол руу би ус аваад ирье гээд тэр чигтээ алга болчихлоо гэж байсан ...” гэсэн мэдүүлэг /ХХ45-47/,

Гэрч Ц.А-н мөрдөн байцаалтад өгсөн “...Ө мотоцикль шатаж байна гэж хэлж бид нар мотоцикль руу гүйж очиход М шатаж байсан мотоциклийн тэндээс гол руу гүйж би ус аваад ирье гээд явсан. Тэгээд яваад очсон шатаж байсан мотоцикль нь миний унаж ирсэн Г ахын мотоцикль байсан ба би өөрийн өмссөн байсан улаан дээлээ тайлж унтраах гээд ороолгож цохисон болов ч дээл маань шатаад эхэлсэн. Тэгэхээр нь голын усанд норгож ирээд дахиад унтраах гээд оролдсон болов ч дээл юу ч үгүй шатсан. Мотоциклийг унтраахын аргагүй болсон … Мотоцикль шатахаас өмнө 20-30 минутын өмнө би М-д хандаж чи айлын малыг тогтож хариулахгүй, ийш тийш явж алга болоод байхгүй, айлын малыг тогтож хариул гэж хэлээд ахын хувиар нүүр лүү нь 2 удаа алгадсан … Тэгээд гэнэт мотоцикль шатсан ба мотоцикль шатаж байсан газраас М гол руу гүйж би ус аваад ирье гэж хэлээд тэр чигтээ алга болсон ... Г ах өөрийн Мустанг-5 маркын 150 мотортой бор өнгийн мотоциклио 2019 оны 05 дугаар сарын сүүлээр шинээр нь авч байсан ...” гэсэн мэдүүлэг /ХХ48-50/,

Шүүгдэгч А.М-н мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “... А намайг цохиод авсан. Тэгээд бид 2 барьцалдаж аваад салсан бөгөөд би салахдаа унаж яваа мотоциклийг чинь шатаана гэж хэлэхэд А нь чаддаг юм бол шатаа гэж хэлэхээр нь шарандаа мотоциклийнх нь банкны доор ил харагддаг шланкыг сугалаад бензин нь асгарахад шүдэнз асаагаад шидсэн юм. Тэгээд А-н унаж явсан Г-н мотоцикль шатаад эхэлсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ76-79/,

Гал түймрийн улсын хяналтын байцаагч ахмад Ц.Амарсанаагийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 23 дугаартай “... 1. Халиун сумын Чацран багийн Яргайтын ам гэдэг газарт иргэн П.Г-н Хятад улсад үйлдвэрлэсэн Мустанг-5 маркын мотоцикль 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр шатсан талаарх гомдол мэдээллийг 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, газар дээр нь очиж цагдаагийн дэслэгч Б.Дауиржан ажиллаж, хэргийн газрын үзлэг хийж, тэмдэглэл үйлдэж, гэрчүүдээс мэдүүлэг авсан ба иргэн А.М-с авсан мэдүүлэгт тусгасан /тэр мотоциклийн бензиний карантны шаланкийг нь суга татаж шүдэнз зурсан юм/ -аас үзэхэд санаатайгаар гал түймэр гаргасан байх магадлалтай.

2. Хялбар авалцан асах, шатах шингэнд ил гал өгснөөс гал гарах нөхцөл бүрдэх боломжтой байдаг.

3. Гал түймэр гарч шатсан иргэн П.Г-н мотоциклийн галд өртсөн байдлаас үзэхэд шатахууны банк орчмоос гал түймэр гарч тархсан байна.

4. Хэргийн гзарын үзлэг хийсэн тэмдэглэл, гарчээс мэдүүлэг авсан тэмдэглэлээс үзэхэд гал гарахад гадны хүчин зүйл нөлөөлсөн буюу иргэн А.М гал түймрийг санаатай гаргасан байх магадлалтай.

5. Мотоциклийн бензиний карантны шаланкыг нь сугалж шүдэнз зурахад шатахууны савны битүүмжлэлээс хамааран дэлбэрэхгүйгээр гал авалцан асаж, шатах боломжтой гэж дүгнэв...” гэсэн дүгнэлт /ХХ64-65/,

Ашид билгүүн ХХК-ний 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн ТХҮ/961/962 дугаартай үнэлгээний дүгнэлт /ХХ57-59/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ3-4/, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ5-9/, хэрэгт ирсэн эд мөрийн баримтууд  зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.М-н 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Говь-Алтай аймгийн Халиун сумын Яргайтын ам гэх газарт хохирогч П.Г-н өмчлөлийн Мустанг-5 маркийн мотоциклийг санаатайгаар галдан шатаан дахин ашиглах боломжгүй болгон устгаж хохирогчид 1.850.000 төгрөгний хохирол учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусын эд хөрөнгийг хууль бусаар устгах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.

  2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх

Шүүхээс шүүгдэгч А.М-д торгох ял  оногдуулах тухай прокурорын санал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон дээрх хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 /дөрвөн зуун жар/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 / дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгийн хэмжээ, орлого олох боломжоос нь хамааран шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч А.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 03-2141014-19-100124R гэсэн дугаартай гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн хуулбар, 1907083 гэсэн дугаартай баримт, техник импорт хувьцаат компанийн албан бичгийг  хэрэгт хавсаргаж, шатсан улаан өнгийн даавууны хэсгүүд, мотоциклийн эд ангийн хэсгүүдийг устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шилжүүлж, хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт А-н М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-г 460 /дөрвөн зуун жар/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.М-д шүүхээс оногдуулсан 460 /дөрвөн зуун жар/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 / дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш  3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/  хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.М-д сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 03-2141014-19-100124R гэсэн дугаартай гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн хуулбар, 1907083 гэсэн дугаартай баримт, Техник импорт хувьцаат компанийн албан бичгийг  хэрэгт хавсаргаж, шатсан улаан өнгийн даавууны хэсгүүд, мотоциклийн эд ангийн хэсгүүдийг устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шилжүүлсүгэй.

6. Хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч А.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА