Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 509

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А даргалж,

нарийн бичгийн дарга У,

улсын яллагч О

шүүгдэгч А түүний өмгөөлөгч Э нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокуророос А холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ...... тоот хэргийг ..... оны .... дугаар сарын ....ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн А  ...оны .....дугаар сарын ....ний өдөр Х  аймаг Ө суманд төрсөн, эмэгтэй, 35 настай, дээд боловсролтой, эдийн засаг мэргэжилтэй, Ариг банкинд эдийн засагч ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт Баянзүрх дүүгийн ....дугаар хороо .... дугаар хороолол .....байрны .... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэрэг. /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч А нь ..... оны .... дугаар сарын ....наас ....нд шилжих шөнийн .... цаг 30 минутын үед Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэр Жаст Ойл ШТС-ын зүүн талын зам Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно а/...согтууруулах ундаа ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин 0,46 хувийн согтолттой үедээ Toyota Camry маркийн .... УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон яваад мөн дүрийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөнөөс зорчигч М эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  А мэдүүлэхдээ: ..... оны .... дугаар сарын ....ны өдөр бид Цэргийн баяраа тэмдэглэж явж байсан бөгөөд  би найзынхаа  “Тоёота Каймри” маркийн автомашиныг барьж явах явсан. Барьж явсан машины тоормоз гацаж хоёр машин мөргөж улмаар хашаа мөргөж зогссон”  гэв.

 

Шүүхээс шүүгдэгч А нь .... оны ... дугаар сарын ....наас ....нд шилжих шөнийн .... цаг .... минутын үед Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэр Жаст Ойл ШТС-ын зүүн талын зам Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно а/... согтууруулах ундаа ... хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин 0,46 хувийн согтолттой үедээ Toyota Camry маркийн .... УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон яваад мөн дүрийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөнөөс зорчигч М эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:

 

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургууд. /хэргийн 7-8, 11-23 дугаар хуудас/

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /хэргийн 9-11 дүгээр хуудас/

 

Согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 26-27 дугаар хуудас/

 

Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 32-35 дугаар хуудас/

 

Хохирогч М “Тэр өдөр .... оны .... дугаар сарын ....ны өдөр байсан. Оройн ... цагийн үед манай нөхрийн ажлын газрын найзууд ирсэн. Тэгээд баяр тэмдэглэн жоохон пиво уусан. Тэгээд орой 23 цагийн үед дэлгүүр орохоор Ц, А бид гурав гарсан.Тухайн үед А жолоочийн үнэмлэхтэй гээд машин бариад явсан. Тэгтэл замдаа А нь хэлэхдээ “хайраа хааз гацчихлаа” гэж хэлээд орилсон. Ц “ямар сонин юм бэ” гээд орилж байсан. Тухайн үед Ц жолоочийн хажууд явсан. Ц, А нар хамгаалах бүстэй байсан. Харин би арын суудалд сууж байсан. Аймар удаан машин гацаатай яваад байсан. Эхлээд нэг түс гээд мөргөсөн. Дараагийн мөргөлтөөр ухаан алдсан байсан. Намайг ухаан алдахаас өмнө тэр хоёр орилолдоод яваад байсан.

... Эмчилгээний зардалд Ц, А нар гаргаж байгаа. Одоогийн байдлаар 3.500.000 төгрөг дансаар өгсөн. Хохирлын баримтуудыг авчирч өгнө. Одоогоор бол гомдолгүй л байна. Эмчилгээний зардлаа л аваад байвал болноо. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 37-38 дугаар хуудас/

 

Даваадоржийн Мөнхцэцэг нь “Гэмтэл согог судлалын Үндэсний төв”-д эмчлүүлсэн тухай 03420 дугаартай өвчний түүх. /хэргийн 49-60 дугаар хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч Ж.Уугантуяагийн “Би 2019 оны 03 дугаар сарын 18-ны орой 20 цагийн үед Баянгол дүүрэг 6 дугаар хороо 38А байрны урд талын зогсоолд өөрийн Prius 10 маркийн 11-70 УБИ дугаартай автомашиныг байрлуулаад гэр лүүгээ орсон. Маргааш өглөө нь гараад иртэл миний машины зүүн талыг мөргөсөн байсан. Өөр бас машиныг мөргөсөн. Байшингийн хашаа эвдэрсэн байсан. Миний машин бол урьд нь эвдрэлгүй гэмтэлгүй байсан. Би өөрийн үнэлгээг гаргаж өгсөн. Үнэлгээгээр гарсан хохирлыг авчихвал гомдол саналгүй байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 62 дугаар хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч Т.Батсайханы “Би 2019 оны 03 дугаар сарын 18-ны орой 16 цагийн үед Баянгол дүүргийн 6 дугаар хороо 38А байрны урд талын зогсоолд өөрийн 76-85 УБС дугаартай автомашиныг байрлуулаад гэр лүүгээ орсон. Гэтэл шөнө унтаж байтал газар хөдлөх шиг болсон. Цонхоороо хартал манай машин байхгүй байхаар нь гүйгээд гараад иртэл Toyota Camry маркийн автомашин осол гаргаад арын суудал дээр нь нэг эмэгтэй хүн орилоод байсан. Жолооч, жолоочийн хажуу талын суудал дээр хүн байхгүй байсан. Машинаас эрэгтэй, эмэгтэй согтуу хүн буугаад ирсэн байсан. Би өөрөө 102, 103 дугаарт залгаж мэдэгдсэн. Миний машинд эвдрэл гэмтэл байгаагүй. Би өөрөө машины эврэлийн үнэлгээг гаргаж өгсөн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 64 дүгээр хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч Б.Ямпилын “Баянгол дүүргийн 6 дугаар хороо Доктор авто сүлжээ ХХК-ний хойд талд байх 25 дугаар байрны зүүн талын шинээр барьсан 6 давхар байшин нь миний нэр дээр бичиг баримт гарах юм. Хотын ерөнхий төлөвлөгөөний газарт бичиг баримтаа өгөөд байшингийн дугаараа авахаар өгчихсөн байгаа. ... Үнэлгээгээр гарсан хохирлыг осол гаргасан жолооч өгсөн. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 66 дугаар хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч Ц.Даваахүүгийн “Би 2019 оны 03 дугаар сарын 18-ны орой 20 цагийн үед манай ажлын газрын залуу Өгөдэй нь миний автомашиныг гуйж юманд яваад ирье гээд явсан. Тэгтэл маргааш өглөө нь Өгөдэй нь залгаад таны машиныг машин ирээд мөргөсөн гэж хэлсэн. Уг автомашин нь миний өөрийн автомашин.

... Үнэлгээгээр гаргасан хохирлыг авчихвал гомдол санал байхгүй байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 70 дугаар хуудас/

 

Гэрч В.Цолмонбаатарын “... Би пиво уусан, дээрээс нь жолооны эрхээ хасуулсан байсан учраас Алтанзаяагаар машинаа бариулаад би хажууд нь суугаад арын суудалд Мөнгөнцэцэг суугаад явсан. Бид нар хороолол Модны 2 ороод Мөнгөнцэцэг хүнтэй уулзаад замдаа дэлгүүр ортол хаачихсан байхаар нь буцаад Баасанбатын гэр лүү явж байсан. Тэгтэл 10 дугаар хороололд явж байтал Алтанзаяа нь хэлэхдээ машин зогсохгүй болчихлоо гэж хэлсэн. Тэгээд л хоосон машингүй байсан зам болох хойшоо туслах зам руу Алтанзаяа машиныг эргүүлээд дөнгөж эргэж явж байтал туслах замаас Prius  маркийн автомашин гарч ирээд тэр автомашинтай мөргөлдөөд эрчээрээ цааш зогсохгүй машин яваад байсан. Би Алтанзаяад хөл карданаа дараа гэж хэлсэн. Тэгэхэд Алтанзаяа бас л зогсохгүй байна гэж надад хэлж байсан. Тухайн үед машин улам л хаазлаад байсан. Тэгээд л цааш зогсохгүй явсаар байрны урд талд зогсож байсан хоёр автомашиныг мөргөөд байшин мөргөөд зогссон. Машин байрыг мөргөөд зогссон мөртлөө урд талын дугуй хий эргэж орилсон. Би Алтанзаяагийн хөл доогуур гараа оруулаад тэмтэртэл хааз шалавчин доогуур ороод, тоормосны хэсэг ил байсан. Шалавчийг хальт автал машин хаазлахаа болиод Алтанзаяа машиныг унтраасан. Ийм зүйл болсон. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 76-77 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №3936 дугаартай:

“1. Д.Мөнгөнцэцэгийн биед хүзүүний 4-р нугаламын их бие, арын сэртэн дайрсан хугарал, нугас дарагдалт, сээрний 11, 12, бүсэлхийн 1-р нугалмын арын сэртэн, бүсэлхийн 2,3-р нугалмуудын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэсэн дүгнэлт. /хэргийн 84-85 дугаар хуудас/

 

Вендо ХХК-ны “... Тус барилгын хохирол нь нийт 1.108.521 төгрөгийн үнэлгээ тогтоов” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 100-115 дугаар хуудас/

 

Итгэлт Эстимэйт ХХК-ны “... Toyota Prius маркийн 11-70 УБИ улсын дугаартай автомашиныг үнэлгээгээр тогтоосон дүн 1.023.000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 118-119 дүгээр хуудас/

 

Ашид Билгүүн ХХК-ны “... Toyota Prius 20 маркийн 37-23 УБИ улсын дугаартай автомашиныг үнэлгээгээр тогтоосон дүн 2.716.000 төгрөг” гэсэн хөрөнгө үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 126-129 дүгээр хуудас/

 

Итгэлт Эстимэйт ХХК-ны “...Daewoo Matiz маркийн 76-85 улсын дугаартай автомашиныг үнэлгээгээр тогтоосон дүн 1.333.000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 135-137 дугаар хуудас/

 

Мөрдөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 158 дугаартай “... Toyota Camry маркийн 80-39 УБП дугаартай автомашиныг жолоодож явсан Г.Алтанзаяа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээвийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байх үнэдэслэлтэй байна. ...” гэсэн магадлагаа. /хэргийн 143 дугаар хуудас/

 

Г.Алтанзаяагийн яллагдагчаар өгсөн “ ... Гэм буруугаа хүлээж байгаа. Гэхдээ машины шалавч хаазны хэсэг рүү ороод осол гаргасан. Мөн машин зогсохгүй явсаар зогсож байсан машинуудыг мөргөсөн. Би цэргийн баяр гээд найзууд цуглаад  Баасанбатын гэрт уусан. Би огт уугаагүй байж байгаад гарахынхаа алдад пивоноос жоохон л уусан учраас зүгээр гэж бодоод л явсан. Би хохирогчтой байнга холбоотой байгаа. Би хохирогчид ойролцоогоор эм тариа, эмнэлгийн төлбөрт 3.800.000 төгрөг эмчилгээнд зарцуулсан байгаа. Бусад иргэний нэхэмжлэгч нарын хохирлыг төлж барагдуулсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 152 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн.

 

Шүүгдэгч Г.Алтанзаяагийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас согтуурсан үедээ, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Г.Алтанзаяа нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэн бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлох баримтуудад агуулагдсан мэдээллүүдээр тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Хэргийн материалыг оролцогчид танилцуулсан тэмдэглэлд иргэний нэхэмжлэгч Ж.Уугантуяа, Ц.Даваахүү, Б.Ямпил, Т.Батсайхан нараас “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” тухайгаа /хэргийн171-175 дугаар хуудас/ дурдсан байна.

Мөн хохирогч Д.Мөнгөнцэцэгээс “ ... Уг ослоос хойш Алтанзаяа нь надад 4.500.000 төгрөг зарцуулсан. Одоо миний биеийн байдал сайжирч байгаа тул Алтанзаяад ямар  нэгэн гомдол, санал байхгүй, дахин нэхэмжлэх зүйлгүй“ гэсэн баримтыг шүүхэд ирүүлжээ.

Дээрх баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Алтанзаяагаас гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүйг дурдвал зохино.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийг улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Г.Алтанзаяа болгоомжгүйгээр, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,  хохирогч болоод иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлыг төлж барагдуулсан зэрэг хуульд заасан нөхцөл байдал тогтоогдож байгаа тул шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч Г.Алтанзаяагийн хувийн байдлыг харгалзан ямар нэгэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоох шаардлагагүй гэж үзлээ.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Ганхуягийн Алтанзаяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас согтуурсан үедээ, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.1, 2.3 дахь заалтад зааснаар  Г.Алтанзаяаг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  1 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Г.Алтанзаяагийн жолоочийн 333166  дугаартай түр үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

4.  Г.Алтанзаяа баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Д.Мөнгөнцэцэг нь өөрт учирсан хохирол, хор уршигийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Алтанзаяад авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

              

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ