| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2024/06395/И |
| Дугаар | 210/МА2026/00251 |
| Огноо | 2026-01-28 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 210/МА2026/00251
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, шүүгч Ч.Батчимэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 191/ШШ2025/10288 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Нэхэмжлэлийн шаардлага: 71,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 ******* 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр дүүргийн намын хүсэлтийн дагуу нэр дэвшигч *******, *******, ******* нарын сонгуулийн сурталчилгааны *******т байрлах *******ийн байрны тохижилтын ажлыг хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. Ажил гүйцэтгэх хугацааг 10 хоногоор тохиролцож, 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн. дүүргийн намын штабын даргаар ажилласан д ажлаа хүлээлгэн өгсөн. Тохижилтын ажлыг урьдчилгаа төлбөргүйгээр хийж гүйцэтгэсэн ба бараа материалын зардал, ажлын хөлс, бусад зардал болох 71,800,000 төгрөгийн нэхэмжлэлийг 06 дугаар сарын 10-ны өдөр хүргүүлсэн. Ингээд ажил гүйцэтгэж дууссанаас хойш 06 дугаар сарын 28-ны сонгуулийн өдөр хүртэл төлнө, өгнө гэсэн хүлээлт үүсгэж, сонгуулийн зардлаа 3 хувааж авсан, танай зардал нэр дэвшигч ******* дээр хуваарилагдсан гэх хариу өгсөн. ******* 07 дугаар сарын 01-ний өдөр төлнө гэсэн гарын үсэгтэй баталгаа бичиж өгсөн боловч сонгууль дууссаны дараагаас утсаа салгаж холбогдохгүй болсон.
1.2 Гэрээнд гарын үсэг зурсан, намыг төлөөлөх эрхтэй этгээд юм. Мөн намын дүрэмд зааснаар аймаг, дүүргийн намын бүх санхүүжилттэй холбоотой тайлан, баланс бүгд төв нам дээр төвлөрдөг.
Иймд *******-аас гэрээний үүрэгт 71,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 нам нь энэхүү ажил гүйцэтгэх гэрээний хариуцлагыг хүлээх субъект биш тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь уг гэрээний зардлыг *******, *******, ******* нар хариуцах ёстой. Энэ хүмүүс олдоогүй гэж тайлбарласан. гэрээ байгуулах үед Монгол Улсад байгаагүй, дараа нь нөхөж гарын үсэг зурсан, гэхдээ гурван нэр дэвшигчийг төлөөлж зурсан гэж мэдүүлсэн.
Иймд намын өөрт хамааралгүй, хийлгээгүй ажлын үр дүнг хариуцахгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч *******-аас нийт 71,800,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 516,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид нийт 516,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 Шүүх тус хэргийн жинхэнэ хариуцагчийг бүрэн тодруулалгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд мэдүүлсэн тайлбартаа 2024 оны Улсын Их хурлын сонгуулийн үеэр хийгдсэн ажлын төлбөрийг хариуцах бодит эзэд нь Улсын Их хурлын ээлжит сонгуульд *******т нэр дэвшигчид болох *******, *******, ******* нар бөгөөд тэр дундаа тус компанид төлбөрийн баталгаа гаргасан ******* байсан гэдгийг тайлбарладаг. Улмаар *******ийн оршин суугаа хаягийг олж чадаагүйн улмаас намд холбогдуулан нэхэмжлэл гаргаснаа дурдаж, шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлгийг сонсож дууссаны дараа нэхэмжлэгч тал *******ийг хамтран хариуцагчаар татах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Гэвч шүүх тус хүсэлтийг хэлэлцэхээс татгалзаж, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн тодруулалгүйгээр шийдвэр гаргасан.
4.2 Шүүх талуудын хооронд үүргийн болон эд хөрөнгийн харилцаа үүсээгүй гэдгийг зөв дүгнэж чадаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 236 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ гэх баримтыг үндэслэдэг. Гэтэл тус гэрээ хүчин төгөлдөр эсэх, тус гэрээний оролцогч тал нь бодитоор ******* мөн эсэх, цаашилбал маргаан бүхий ажлын үр дүнгээр дамжуулан намын хөрөнгө нэмэгдсэн эсэхийг бүрэн шалгаж тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.
Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.5, намын үндсэн дүрмийн 5.17.4.1, 5.19.5-д тус тус заасны дагуу намын дарга нь намыг аливаа улс төрийн үйл ажиллагаанд төлөөлж, төсөв санхүүг захиран зарцуулах эрх нь Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалагддаг. Гэтэл *******-иас нэхэмжлэлийн үндэслэлээ болгосон 236 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний мэдээлэл намын удирдлагуудад ирээгүй. Тус гэрээг байгуулах бүрэн эрхийг бусдад дамжуулан олгоогүй. Энэ асуудлын талаар шүүхэд хариуцагчаар дуудагдах үед анх олж мэдсэн.
Хэргийн материалд авагдсан гэрээг хэн байгуулсан нь тодорхойгүй, гарын үсгийн тайлалгүй. дүүргийн намын хороо гэх тэмдэг дарагдсан байдалтай байна. Гэтэл Улс төрийн намын тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу дүүргийн нам гэх тусдаа хуулийн этгээд байхгүй, тус намын хороо нь бие даан үйл ажиллагаа явуулах, хөрөнгө захиран зарцуулах эрхгүй. Гэрээнд дарагдсан тэмдэг нь намын тамга тэмдэг биш болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр дуудагдсан нь тухайн 236 дугаартай гэрээнд гарын үсэг зурсан гэх боловч тус гэрээ байгуулагдсан гэх 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Монгол Улсад байгаагүй талаараа, мөн 06 дугаар сарын 02-ны өдөр ирж гэрээг нэр дэвшигчдээс албадан шаардсаны дагуу нөхөн баталгаажуулснаа, тус гэрээг байгуулах үүргийг нам бус харин гурван нэр дэвшигчид хувиасаа өгсөн болохыг мэдүүлдэг.
4.3 Шүүх намыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж энэ нь ажил хүлээлцэх акт, нэхэмжлэхүүд, фото зураг, гэрчийн мэдүүлгээр нотлогдсон гэх буруу дүгнэлт хийсэн. Гэтэл нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд намд яг ямар ажлыг хийж, хүлээлгэн өгсөн талаараа бүрэн тайлбарлаж чаддаггүй. Хүлээлгэн өгсөн ажлын гэх зургуудын авагдсан огноог харвал 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр буюу гэрээ анх байгуулагдаж, ажил эхлэхээс өмнөх цаг хугацаанд дарагдсан зургууд байдаг.
Мөн хэргийн материалд авагдсан нэхэмжлэх, зарлагын баримтууд нь намд хаяглагдаагүй, зардлын тооцоо яаж гарсан нь тодорхойгүй, ажил хүлээлцэж, тооцоо нийлсэн акт өгсөн гэх боловч тус актыг хэзээ, хаана, хэн үйлдсэн нь мэдэгдэхгүй, хуурамч баримт байна. намын зүгээс захиалга өгөөгүй, бусдаар хийлгээгүй, хүлээж аваагүй ажлын хөлсийг төлөх үндэслэлгүй.
Иймд хэргийн харьяалал зөрчиж, хуулийн шаардлага хангахгүй, хуурамч баримтад үндэслэж, Иргэний хууль, намын дүрэм болон холбогдох бусад хууль тогтоомжийг буруу тайлбарлаж шийдвэр гаргасан анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
5.1 Анх *******-тай гэрээ нөхөж байгуулсан. Хариуцагч нь төв байр тохижуулсан ажлын хөлсийг өгсөн. Дараа нь *******ийн байр тохижуулах ажлыг бидэнд санал болгосон бөгөөд манай компани хариуцагчаас урьдчилгаа төлбөр аваагүй тухайн ажлыг хийж гүйцэтгэсэн. Тухайн үед гэрээ хийгээгүй байсан бөгөөд 06 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэхээ өгөхөд хариуцагч удаа дараа тайлбар хийж төлбөрөө шилжүүлэхгүй олон хоног болсон. Тухайн үед миний бие болон манай компанийн захирал, *******-ын штабын дарга нар ажил хүлээлцэж акт үйлдсэн.
5.2 Бид дүүргийн нам, дүүргийн намын хороотой гэрээ хийж тамга дарагдсан. Тухайн тамга дээр төв намын регистрийн дугаар байсан. Бид нэхэмжлэл гаргахдаа дүүргийн намыг хариуцагчаар татахад дүүргийн нам хариуцахгүй, төв нам хариуцна. Манайх төв намаас санхүүждэг бөгөөд тамга, тэмдэг дээрээ нэг регистрийн дугаартай байдаг гэж хэлж байсан.
Анхан шатны шүүх хуралдааны явцад хариуцагч тал 3 этгээдийг гэрчээр оролцуулсан. Тодруулбал, , тухайн намаас нэр дэвшсэн *******, ******* нар нь гэрчээр оролцсон бөгөөд эдгээр нь бүгд төв намаас санхүүждэг болон манай компанийг *******ийн байрыг тохижуулсан нь үнэн гэх агуулгаар тайлбар өгсөн гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан, 71,800,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. дүүргийн намыг төлөөлж нь *******-тай 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 236 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ гэх гэрээг байгуулсан. Гэрээгээр гүйцэтгэгч ******* нь захиалагчийн даалгаврын дагуу, өөрийн материалаар 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хооронд 10 хоногийн хугацаанд дүүргийн намын хорооны бүх үүрийн 34 байрны тохижилтын ажлыг хийж гүйцэтгэж захиалагчийн өмчлөл буюу эзэмшилд шилжүүлэхээр, захиалагч дүүргийн намын хороо нь гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч, ажлын хөлсөнд 71,800,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. /1хх 4-6/
3.1 Гэрээний дагуу нэхэмжлэгч нь дүүргийн намын хорооны *******ийн байрны тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь ажил хүлээлцэх актаар тогтоогдсон байхаас гадна /1хх 7/ хариуцагч уг үйл баримтыг баримтаар үгүйсгэж чадаагүй.
4. Дээрх гэрээг нэг талаас дүүргийн намын хороо байгуулсан байх боловч намын үндсэн дүрмийн 5.10.1-д зааснаар намын дүүргийн намын хороо нь дунд шатны намын байгууллага байх тул дүүргийн намын хороог Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар бие даасан хуулийн этгээдийн эрхтэй гэж үзэхгүй. Харин үндсэн дүрмийн 5.10.1 болон Улс төрийн намын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт зааснаар намын бүтцийн нэгж гэж үзэхээр байх тул тэрээр иргэний эрх зүйн харилцаанд бие даан хэлцэл байгуулах буюу нэхэмжлэгчтэй дээрх гэрээг байгуулсан гэж үзэхгүй.
5. намын үндсэн дүрмийн 8.5.1-д бүх шатны намын байгууллагын өмчлөлд байгаа эд хөрөнгө намын өмч гэснээс үзвэл дүүргийн намын хорооны *******ийн байр нь *******-ын өмч байна. Иймд гэрээнд заасан нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлыг дүүргийн намын хороо хүлээн авснаар хариуцагч *******-ыг тэр хэмжээгээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн ...******* нь хариуцвал зохих этгээд биш гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
5.1 Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгийг хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд буцаан шаардах эрхтэй.
5.2 Хэрэгт авагдсан гэрч , , ******* нарын мэдүүлэг болон ажил хүлээлцэх акт зэргээр нэхэмжлэгч нь 71,800,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь тогтоогдож байхаас гадна хариуцагч уг хэмжээний зардал гаргасан эсэх нь тодорхойгүй гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байна. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн ...ажил хүлээлцэж, тооцоо нийлсэн акт өгсөн гэх боловч тус актыг хэзээ, хаана, хэн үйлдсэн нь мэдэгдэхгүй, хуурамч баримт байна. намын зүгээс захиалга өгөөгүй, бусдаар хийлгээгүй, хүлээж аваагүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
6. 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ******* нь ******* миний бие *******-д 71,800,000 төгрөг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөх тул баталгаа гаргаж байгаа болно гэх баталгааг /1хх 10/ *******-д гаргасан байх боловч уг баримтаар *******т өр шилжсэн гэж үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, тухайн баримтаар үүрэг шилжсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчөөс ...хэргийг нэг мөр эцэслээд зөв шийдүүлэх үүднээс хамтран хариуцагчаар татаад явбал яасан юм бэ гэсэн санал байна. Тэрийг бас юу гэж харж байгаа талаар нэхэмжлэгчийн байр суурийг нь тодруулмаар байна гэх /2хх 51/ санал гаргасныг шүүх ...нэгэнт санал гэдэг байдлаар хэлсэн. Нэхэмжлэгч талын тайлбарыг сонссон. Тухайлсан хүсэлт гаргаагүй, нэхэмжлэгч тал хамтран хариуцагчаар татах юм уу, хариуцагчийг солих хүсэлт гаргаагүй гэж дурдан шүүх хуралдааныг үргэлжлүүлснийг буруутгахгүй. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн ...*******ийг хамтран хариуцагчаар татах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Гэвч шүүх тус хүсэлтийг хэлэлцэхээс татгалзаж, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн тодруулалгүйгээр шийдвэр гаргасан гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
7.1 Мөн тус шүүхийн шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 191/ШЗ2025/32305 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч гомдол гаргасан. Улмаар тус шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 191/ШТ2025/00722 дугаар тогтоолоор Арбитрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасныг үндэслэн ******* нь 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хариуцагч нам 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд хариу тайлбар ирүүлсэн, хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй талаар дурдсан байх бөгөөд 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр буюу хариу тайлбар ирүүлэхээс өмнө талууд гэрээнд заасны дагуу уг маргааныг арбитрын журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж дүгнэж, 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 191/ШЗ2025/32305 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Иймд хэргийн харьяалал зөрчсөн талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
8. Гэрээний 10-т Тайлбар: Ажил гүйцэтгэх гэрээний 71,800,000 төгрөгийг нэр дэвшигч болох *******, *******, ******* нарын зардлын дундын фондоос гаргаж төлөх нөхцөлтэйгөөр байгуулав гэсэн байгаа нь /1хх 6/ хариуцагчийг мөнгөн төлбөрийг төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй. Учир нь, нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын үр шим буюу үр дүнг хариуцагч хүртсэн байх тул түүнийг бий болоход гарсан зардлыг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн ...шүүх жинхэнэ хариуцагчийг бүрэн тодорхойлоогүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 191/ШШ2025/10288 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 516,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР
ШҮҮГЧИД Ч.БАТЧИМЭГ
М.БАЯСГАЛАН